Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/303

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч Г.Ганхөлөг,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** холбогдох эрүүгийн 2105004000260 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ..... оны .. дүгээр сарын ..-ны өдөр ................. төрсөн, .. настай, ......., ............... боловсролтой,............, ам бүл .., ........... хамтаар .............. дүүргийн .. дүгээр хороо................ дугаар гудамжны ..... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .............дүүргийн .. дүгээр хороо,....... дүгээр байрны ....тоотод түр оршин суудаг гэх, /РД:********** / урьд

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 761 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 capын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, Б овогт Э.Б.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***-ын I Phone 12 Pro Max загварын 2 ширхэг гар утсыг “...хямдхан худалдаж аваад мөнгө нэмж зарах тул утсыг чинь үзүүлчхээд өгье...” гэж зохиомол байдлыг зориуд бий болгон хуурч, залилан авч 8.428.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч ***-ийн I Phone 12 Pro Max загварын 2 ширхэг гар утсыг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон залилсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 тал/,

Эд зүйл хураан авсан “...Ай фоне 12 Про макс маркийн сериал дугаартай хар саарал өнгийн, гадуураа хар хөх өнгийн хайрцагтай гар утас. ...дүүргийн *** дугаар хороо *** төвийн *** тоотод байрлах *** нэртэй ломбардаас Ай фоне 12 Про макс загварын 321 гэсэн дугаартай гадуураа гялгар зүйлээр ороож скочдсон гар утас...” хураан авсан тэмдэглэл /хх-ийн 3, 5 тал/,

“***” Ломбардын барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 4 тал/,

Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт болох ширхэг гар утсыг хохирогч *** хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 6 тал/,

Хохирогч *** цахим орчинд тавьсан зар /хх-ийн 10-13 тал/,

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 26-ны өдөр фэйсбүүкийн гар утасны зарын группт ай фоне 12 про макс загварын 256г, ай фоне 12 про макс загварын 128г 2 ширхэг гар утас зарна гэж зар тавиад 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн үед **** гэсэн дугаараас залгаад гар утасны үнэ асууж залгаад гар утас авбал хүргээд өгч чадах уу гэж хэлэхээр нь хаана юм гэж асуухад их дэлгүүрт би ажилладаг гэж эрэгтэй хүн утсаар ярьсан. Би ай фоне 12 про макс загварын 256г гар утсыг 3.900.000 төгрөгт ай фоне 12 про макс загварын 128г 3.700.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгээд утсаар яриад 10 орчим минутын дараа нөгөө хүн залгаад очоод авахаар боллоо гэрийн хаягаа хэлчих гэхээр нь мессежээр явуулъя гэж хэлээд явуулсан, удаагүй манай гэрийн гадаа ирчихлээ гэж хэлэхээр нь гэрийн гадаа гараад сувдан цагаан өнгийн ланд-200 маркийн машинтай, 20-25 орчим насны эрэгтэй туранхай 170 см орчим өндөртэй, ногоон хавар намрын куртиктай залуу машинд сууж байхаар нь машинд нь суугаад 2 ширхэг гар утсаа үзүүлсэн, тэгээд тэр залуу та гар утсаа хямд зарж байгаа юм байна. Манай найз Тэди төв дээр гар утас авдаг юм би дундаас нь тавь тавин мянган төгрөг нэмж зараад мөнгө унагах гэсэн юм гэж хэлхээр нь би тэгүүл чимээгүй энд сууж байя оруулж ирээд гар утсаа өгчих гэж хэлэхэд, үгүй ээ ард машинтай дагаад ирсэн байгаа үзүүлээд ирье гэхээр нь за гэж хэлээд буусан. Нөгөө залууг хайгаад байхгүй болохоор нь тухайн машин дээр байсан дугаар луу залгаад саяын утас авч явсан залуу мөн үү гэж асуухад юу яриад байгаа гээд хаалга онгойлгоод 40-50 орчим насны эрэгтэй хүн орж ирээд энэ миний машин гэхээр нь юу яриад байгаа юм. Сая энэ машинд сууж байсан хүн гар утас аваад явсан гэж хэлсэн чинь энэ түрээсийн машин байгаа юм. Саяын залуу түрээсэлсэн гэж хэлхээр нь, гэрээ хийсэн юм уу гэж асуухад гэрээ хийгээгүй уулзаад шууд энд ирсэн, тэр залуу намайг бууж бай найз охинтойгоо уулзах гэсэн юм гэж хэлсэн надад хамаагүй гээд байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. ...2021 оны 2 дугаар сард  хоёр өөр хүнээс гар утсаа худалдан авсан мөнгөө цувуулж төлж байж гар утсаа худалдан авсан, ай-фон 12 про макс загварын 128г гар утсыг 4.750.000 төгрөг, ай-фон 12 про макс загварын 256г гар утсыг 4.800.000 төгрөгөөр авсан цувуулж мөнгийг нь төлж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Машин захиалсан хүн рүү залгаад уулзаад 1 дүгээр хорооллын Эрин хороолол явъя тэндээс тооцооны мөнгө 300.000 төгрөгийг өгье гэж хэлсэн. ...Эрин хороололд ирээд нэг хүн рүү ирчихлээ гэж залгасан. Утсаа тасалсны дараа та 5 минут гадаа байж бай, би найз охинтойгоо уулзъя гэж хэлсэн. Би машинаас буугаад гадаа байж байтал нэг охин ирээд машинд суусан. Төд удалгүй нөгөө залуу буугаад явсан. Тэгэхэд би мөнгө төгрөг авах гээд явж байна гэж бодоод байж байтал миний утас дуугарсан. Би жолооч байна гэж хэлээд машиндаа орсон. Тэгэхэд нэг охин та хэн бэ гэж асуусан. Бид хоёр ярилцаад тэр охины утас бас өөрийгөө залилуулсан гэдгээ ойлгосон.   ...Туранхай 170-175 см өндөртэй, 25 орчим насны эрэгтэй хүн байсан. Ногоон ноосон малгайтай, хоёр талдаа том хармаатай өмдтэй, бараан өнгийн куртиктэй эрэгтэй хүн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/,

Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...**** гэсэн дугаар миний нэр дээр байдаг. ...Нисдэг машины өөдөөс харсан автобусны буудал дээр уулзахад 25-30 орчим насны эрэгтэй цагаан өнгийн марк барьсан залуу байсан. Уг залуу надаас *** гэсэн дугаарыг 20.000 төгрөгөөр авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22 тал/,

Гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн дугаарыг бол мэднэ манай С гэдэг найз фэйсбүүкээр 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр над руу хандаад нэр хаяг байхгүй дугаар байхгүй биз гэхээр нь би өмнө нь мэддэг байсан, нисдэг машины эсрэг талд байдаг модон дэлгүүрээс очиж утасны дугаар зарж байна уу гэж хэлэхэд зарахгүй байгаа больсон гэж хэлсэн, тэгээд би О гэдэг найзаасаа нэр хаяггүй дугаар зардаг хүн байна уу гэж асуухад би дугаар зардаг хүнээс асуугаад өгий гэж хэлээд *** гэсэн дугаар өгөхөөр нь тухайн дугаар луу залгаад дугаар зардаг хүн мөн үү гэж асуухад мөн гэсэн, тэгээд би дугаар авах гэсэн юм гэж хэлэхэд модон дэлгүүрийн тэнд манай гэр байдаг хүлээж бай гэж хэлсэн, тэгээд би нисдэг машины эсрэг талын автобусны зогсоод дээр 99-** унд улсын дугаартай гранд марк-2 машинтай зогсож байхад дугаар зардаг хүн ирсэн. Би тэгээд дугаар чинь хэд юм гэхэд 20.000 төгрөг гэсэн, тэгээд би тухайн хүнээс **** гэсэн дугаарыг 20.000 төгрөгөөр аваад, нөгөө хүнийг багшийн дээдийн тэнд буулгаад, найз С фэйсбүүкээр холбогдоход өөр хүнд наад дугаарыг чинь өгнө манай найз байгаа юм гэж хэлсэн, тэгээд би хорооллоос хойш гэр хороололд байдаг Баянгол дэлгүүр дээр найзыгаа ирүүлчих гэж хэлсэн, тэгээд Баянгол дэлгүүр дээр очиход приус-20 маркийн саарал өнгөтэй машинд 2 залуу сууж байсан, тэгээд би хаалгыг нь онгойлгоод С гуйгаад байхаар нь би уг дугаарыг олж өглөө шүү гэж хэлээд юнителийн дугаар симтэй өгөөд яваад өгсөн....” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр гэртээ амарч байхад Б гэдэг залуу манайд ирсэн. Б өмнө нь шоронд орж байсан тэрнээс хойш уулзалдаагүй байж байгаад тэр өдөр манай гэрт ирж уулзсан, тэгээд манай гэрт ирээд Б надаас таньд барьчихаар дугаар байна уу гэж асуусан тэгэхээр нь би дугаар байхгүй гэж хэлээд С гэдэг эмэгтэйгээс юнителын дугаар олоод өгчих гэж хэлсэн, тэгээд бид 2 манай гэрээс гараад явж байсан чинь Схаан банкны дансны дугаар өгөөд 40.000 төгрөг хийчих дугаар олоод өгье гэж хэлэхээр нь тухайн дансанд 40.000 төгрөг хийсэн, тэгээд С 1 цагийн дараа хорооллын Э замаар өгсөөд Баянгол дэлгүүрийн гадаа зогсож бай машиныхаа дугаар хэлчих гэж хэлсэн тэгээд тэнд очоод зогсож байхад 1 залуу ирээд Б юнителын дугаар өгөөд яваад өгсөн. Тухайн үед би дэнжийн 1000 орох ажилтай байсан учир Б-г Хүнсний дэлгүүрийн ойролцоо буулгасан Б буухдаа каргонаас юм авах гэж байна гээд буугаад үлдсэн, би тэгээд 7-н буудалд очоод байж байхад 21 цагийн үед Б гар утас авах хүн байна уу гэж ярихаар нь ямар гар утас гэж асуухад ай-фон 12 гэж хэлхээр нь таньдаг хүнээс асуугаад өгье гэхэд таньдаг хүнд зараад яахын би эхнэрт хаясан гэж хэлсэн гэж ярьж байгаад миний байгаа газрыг асуугаад хүрээд ирсэн, ирэхдээ ай-фон 12 загварын хөх цэнхэр өнгийн хайрцагтай гар утас гаргаж ирээд энийг та ломбардад тавиад өгчих надад бичиг баримт байхгүй гэж хэлээд надаар тухайн гар утсыг Сансарын тэнд байдаг ломбардад 2.850.000 төгрөгөөр миний нэр дээр тавиулсан тэгээд Б наад мөнгөөрөө юу хийх гэж байгаа юм гэхэд өрөндөө өгнө гэж хэлсэн. Тэгээд би мөнгө зээлээч гээд 500.000 төгрөг зээлж авсан. Тэгээд Б надаас салаад явсан. Би ломбардын бичгийг Б хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/,

Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** овогтой *** гэдэг хүн 21 цаг 58 минутад орж ирээд I phone 12 pro max загварын rap утас тавьсан тухайн залуу хэлэхдээ машин зарсан. Уг гар утсыг зөрүүнд нь авсан юм. 14 хоногийн хугацаатай ломбардад тавина гээд хар хөх өнгийн хайрцагтай шинэ дагалдах зүйлтэй ашиглаагүй гар утас байхаар нь 2.850.000 төгрөг барьцаанд авсан. Тухайн хүн манай ломбардад орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. Би ломбардад тавьсан гар утасны 2.850.000 төгрөгийг нэхэмжилж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 тал/,

Баян хүдэр арвижих ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 39 тал/,

2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Д ХХК-ийн № БГ2-21-196 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 8.428.000 төгрөгөөр үнэлэв...” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 48-49 тал/,

Хохирогч *** Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан“...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр I Phone 12 Pro Max маркийн гар утас 2 ширхэгийг алдсан гэх өргөдөл гаргасан. Алдсан эд зүйлээ эргүүлж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-ийн 92 тал/,

Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр би танил ах *** 11 цагийн үед Төмөр замд уулзсан. Ингээд ойрд уулзаагүй гээд юм ярьж суусан. Архи согтууруулах ундаа огт хэрэглээгүй. Миний бодолд хуурамч дугаар олоод залилан хийх сэдэл төрөөд л байсан бөгөөд Г  ахаас “танд бүртгэлгүй дугаар байна уу” гэж асуусан. Тэгтэл Гэрэл төр ах яаж гэж байгаа юм бэ? гэхээр нь хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд хүнээс асуугаад өгье гээд 1 хүнээс асуусан. Нөгөө хүн нь 40.000 төгрөгийн дугаар байна гэж хэллээ гэхээр нь авахаар болоод Баянгол дэлгүүрийн гаднаас очиж авсан. Ингээд Г ахаар хүнсний 4 дүгээр дэлгүүр хүргүүлээд машинаас буугаад утсаар фэйсбүүк орж машин түрээсэлнэ гэсэн зарын дагуу залгаад Ланд круйзер 200 маркийн машин жолоочтой нь түрээсэлж авсан. Ингээд фэйсбүүкээс зар харж байгаад Ай Фоне 12 про макс зарна гэсэн зар байхаар нь утсаар нь залгаад БГД-ийн 20-р хороо Эрин хорооллын байрны гадаа уулзсан. Энэ үед 16 цаг өнгөрч байсан. Тэгээд А гэх эмэгтэйг машинд орж ирэхээс нь өмнө жолоочийг бууж бай найз охинтойгоо уулзах гэсэн юм гэж худлаа хэлээд буулгасан. Ингээд удалгүй А гэх эмэгтэйг машинд суулгаад гар утсыг нь асуутал 2 ширхэг Ай Фоне 12 про макс загварын гар утас үзүүлсэн. Би уг гар утсыг нь Тэди дээр байдаг найздаа мөнгө нэмж зарах гэж байгаа юм. Намайг дагаад ирчихсэн байгаа. Би бууж үзүүлчхээд ирье гэж хэлээд гар утсыг нь аваад машинаас буугаад зугтаасан. Ингээд уг 2 гар утсыг аваад Г ахыг төмөр замд хүрээд ирээ гэж хэлээд дуудсан. Ингээд Төмөр замын вокзалын ойролцоо уулзаад хамт Сансарын Тунел дээр очсон. Г ахад хандан “надад каргогоор 2 ширхэг гар утас ирсэн. Бичиг баримт байхгүй тул таны нэрээр тавьчих уу” гэсэн чинь тэг гэсэн. Ингээд Гэрэлтөр ахад 128 гегабайтын багтаамжтай гар утсыг нь өгөөд ломбард 2.800.000 төгрөгийн барьцаанд тавиулаад мөнгийг нь өөрөө авсан. Г надаас ахдаа 500.000 төгрөг зээлчих гэхээр нь би уг мөнгөнөөс нь 500.000 төгрөгийг нь өгсөн. Миний залилангийн хэрэгт энэ хүн бол ямар ч хамаарал байхгүй. Үлдсэн 2.300.000 төгрөгийг нь хэрэглээд дуусгасан. 1 гар утсыг нь зарж амжаагүй байж байгаад цагдаад баригдсан. ...Миний ломбардад тавьсан гар утсыг цагдаагийн байгууллагаас хурааж аваад эзэнд нь өгчихсөн байсан. Одоо А бол надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би Ломбардын эзэн Баяндуламд 2.800.000 төгрөгийг төлж барагдуулах болно. ...Би өөрөө санааг нь гаргаад өөрөө ганцаараа хийсэн. Миний түрээсэлсэн автомашин төлбөр нэхэмжлээгүй. Надад өөр хийсэн үйлдэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58-60 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Хохирогчтой фэйсбүүкээр холбогдсон. Би ***тус дугаарыг авсан бөгөөд барих дугаар байхгүй гэж хэлж авсан. Ланд круйзер автомашиныг түрээсэлсэн. Би одоо эхнэрийн хамт амьдардаг. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Иргэний нэхэмжлэгчийн хохирол төлбөрийг төлөх болно...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогдон тогтоогджээ.                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан эдгээр нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Б гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 33-35 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.   

Шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дүгээр зүйлийн 1-д заасан Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн байдаг онцлогтой.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтооход: Шүүгдэгч *** нь 2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр нэр хаяггүй дугаар болох 8876****дугаарыг 40.000 төгрөгөөр олж авч, мөн Ланд круйзер 200 маркийн автомашиныг түрээслэн Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.А I Phone 12 Pro Max загварын 2 ширхэг гар утсыг “...хямдхан худалдаж аваад мөнгө нэмж зарна, манай найз ард машинтай дагаад ирсэн байгаа үзүүлээд ирье...” гэж хэлж хохирогч Б.А тухайн 2 ширхэг гар утсыг бүрэн төлөх боломжтой мэт итгэл төрүүлж, гар утсыг худалдан авах санаа зорилгогүйгээр өөрийн эзэмшил, өмчлөлд зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч авсан болох нь тогтоогджээ.

Тодруулбал, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл,  Эд зүйл хураан авсан авсан тэмдэглэл, “***” Ломбардын барьцаат зээлийн гэрээ, Эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт болох ширхэг гар утсыг хохирогч Б.А хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч Б.А цахим орчинд тавьсан зар, хохирогч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Х.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Э.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Н.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Д  ХХК-ийн № БГ2-21-196 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгч Э.Б хэргээ хүлээн мэдүүлж байгаа агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Б хохирогч Б.А хуурч, зохиомол байдлыг бий болгон залилсан гэж үзнэ.

Шүүгдэгч *** дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Э.Б  “Залилах гэмт хэргийг буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.А 8.428.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид 2 ширхэг гар утсыг буцаан өгсөн болох нь  эд зүйл хураан авсан авсан тэмдэглэлүүд, эд зүйл баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримт болох 2 ширхэг гар утсыг хохирогч *** хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч *** Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан“...2021 оны 2 дугаар сарын 28-ны өдөр I Phone 12 Pro Max маркийн гар утас 2 ширхэгийг алдсан гэх өргөдөл гаргасан. Алдсан эд зүйлээ эргүүлж авсан тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Харин иргэний нэхэмжлэгч Н.Б 2.850.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “***” Ломбардын барьцаат зээлийн гэрээ, *** арвижих ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон түүний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б 2.850.000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч *** ХХК /захирал ***/-д олгохоор шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Э.Б нэр өөрчилсөн тухай лавлагаа /хх-ийн 66 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 67 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 69 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 70 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 71-75 тал/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 76 тал/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 761 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 78-86 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, хохирогч Б.А 2 ширхэг гар утсыг буцаан өгсөн иргэний нэхэмжлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамаарна. Харин урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 761 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 5 capын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн...” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Иймд шүүгдэгчийн хувийн зан байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хуулинд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй байдлыг тус тус харгалзаж, шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас хорих ялаар шийтгэх нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж,  шүүгдэгч *** улсын яллагчийн санал болгосон 8 /найм/-н сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна. 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *** өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч *** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** 8 /найм/-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** оногдуулсан 8 /найм/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** гэмт хэргийн хохирол хор уршигт тооцож 2.850.000 /хоёр сая найман зуун тавин мянга/-н төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “***” ХХК /захирал ***/-д олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч *** гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчлөн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА