Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/305

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч Г.Билгүүжин,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** холбогдох эрүүгийн 1905043140284 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............оны .. дугаар сарын ..-ны өдөр .......аймгийн ...........суманд төрсөн, ..настай, ....., ....боловсролтой, .................. мэргэжилтэй, ам бүл ..........хамт..............дүүргийн ...... дүгээр хороо, ....................гудамжны ..... дүгээр байрны ... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .............. дүүргийн .... дүгээр хороо 48-** тоотод түр оршин суудаг гэх /РД:***************/, хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулж байсан, урьд ял шийтгэлгүй, Ш овогт Э.А.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.А нь “Нийслэлийн ерөнхий боловсролын 24 дүгээр бүрэн дунд сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн 1, 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан хохирогч А.Ж. 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Хаан банкны 551302**** дугаарын дансаар 200.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны 502734**** дугаарын дансаар 200.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкны 505947**** дугаарын дансаар 100.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хаан банкны 551302**** дугаарын дансаар 200.000 төгрөг авч нийт 4 удаагийн үйлдлээр 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *** залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүгдэгч *** нь “Нийслэлийн ерөнхий боловсролын *** дүгээр бүрэн дунд сургуульд хүүхэд оруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч *** 4 удаагийн гүйлгээгээр нийт 700.000 төгрөг шилжүүлэн авч залилсан болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10 тал/,

Хохирогч *** Голомт банкны “...2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 200.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 200.000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 100.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 200.000 төгрөг шилжүүлсэн...” депозит дансны хуулга /хх-ийн 13-24 тал/,

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өөрийн танил *** гэх хүнтэй 2019 оны 4 дүгээр сарын эхээр хуучилж сууж байхдаа хүүхдээ ажилдаа ойрхон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буюу Бөмбөгөр худалдааны төвийн урд байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын *** дүгээр бүрэн дунд сургуульд оруулчихмаар байна. Хүүхдээ уг сургуульд оруулчихвал ажилд ойр хүргэж өгөх, авахад амар гэсэн. *** миний таньдаг хүн байгаа, чи тэр хүнтэй уулз, би асуугаад өгье гээд Д.Б нь нэг хүнтэй утсаар ярьж *** дүгээр сургуульд хүүхэд оруулж чадах уу гэсэн цаад хүн нь чадна гэсэн бөгөөд сургуульд оруулж өгвөл 1.500.000 төгрөг өг гэсэн. Ингээд би 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Д.Б холбож өгсөн эмэгтэй хүнтэй Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** хорооллын хойд талд уулзалдсан бөгөөд уг хүнтэй анх уулзалдаж танилцсан чинь Э.А гэсэн. Э.А хүүхдээ 24 дүгээр сургуульд оруулах гэж байгаа талаараа хэлсэн чинь 1.500.000 төгрөг болно. Чи урьдчилгаагаа өгчих мөн хүүхдийнхээ болон өөрийнхөө бичиг баримтын хуулбарыг өгчих гэхээр нь өөрийн иргэний үнэмлэх, хүүхдийнхээ төрсний

гэрчилгээний хуулбар зэргийг өгөөд одоо надад бэлэн 200.000 төгрөг байна гээд Голомт банкны **** тоот данснаас **** тоот данс руу интернет банк ашиглаж шилжүүлсэн. 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр А над руу залгаад дахин мөнгө хэрэгтэй байна гээд М гэх хүний Хаан банкны **** дугаарын данс өгсөн учир Худалдаа хөгжлийн **** тоот данснаас М* гэх хүний Хаан банкны **** дугаарын данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн юм. 2019 оны 7 дугаар сарын 09-ний орой 21 цагийн үед Э.А нь над руу утсаар залгаж яриад эгч нь танай хүүхдийг сургуульд оруулах хүнтэй уулзаад хоол идээд явж байна. Харин тооцоо дутчихлаа гээд манай хүүхдийн талаар яриад байсан учраас түүний өгсөн **** тоот данс руу 100.000 төгрөгийг интернет банк ашиглаж шилжүүлсэн. 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Э.А нь нэг утаснаас над руу залгаж яриад танай хүүхдийг оруулах сургууль чинь 3.500.000 төгрөгөөр оруулдаг сургууль байна. Чамд маш бага үнэ хэлсэн байна одоо 500.000 төгрөг хэрэгтэй байна гэхээр нь надад мөнгө байхгүй, 200.000 төгрөг байна. Үлдсэн мөнгийг чинь хүүхдийг минь сургуульд оруулж өгснийхөө дараа аваарай гэсэн чинь за тэгвэл байгаа 200.000 төгрөгөө өгчих гэхээр нь Худалдаа хөгжлийн банк ашиглаж шилжүүлсэн. Ингээд би нийтдээ 4 удаагийн үйлдлээр 700.000 төгрөгийг шилжүүлсэн юм. 2019 оны 8 дугаар сарын 21-ний орчим утсаар А залгаж яриад 24 дүгээр сургуулийн хүүхдүүд ямар форм өмсдөг талаар асуусан чинь өөрөө судлаад хүүхдийн формыг авчих гэхээр нь охиндоо формыг нь авч бэлдээд 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 24 дүгээр сургууль дээр очиж 1 дүгээр ангид орсон хүүхдийн нэрсийг жагсаалт гарчихсан самбарт өлгөөтэй байсан учир шүүж үзсэн чинь манай хүүхдийн нэр байхгүй байхаар нь А руу залгаж ярьсан чинь **** дугаарын утас нь холбогдохгүй болчихсон байсан. ...Гомдолтой байна. Цаашид бусад хүмүүсийг энэ байдлаар залилж хохирол учруулсан байж болзошгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/,

Хохирогч *** Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “...Э.А 700.000 төгрөг залилуулсан гэх асуудалд миний хохирол бүрэн барагдсан тул ямар нэгэн гомдол саналгүй. Хоорондоо сайн дураар эвлэрсэн болно...” гэх хүсэлт /хх-ийн 41 тал/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 4 дүгээр сарын эхээр хүүхдээ 24 дүгээр сургуульд оруулмаар байна гэж хэлсэн. Би А хэлж үзэхэд оруулж өгч чадна, оруулж өгвөл 1.500.000 төгрөг гэж хэлж байсан. Би тэр хоёрыг хооронд холбож өгсөн. Цаашдаа юу болсон гэдгийг би сайн хэлж мэдэхгүй байна. Сүүлд сонсоход сургуульд оруулж өгч чадаагүй гэж байсан. Би Ж, А нарыг хоорондоо яаж харилцаж, мөнгөө солилцсон гэдгийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 тал/,

Нийслэлийн Ерөнхий боловсролын ***дүгээр сургуулийн “...Э овогтой А нь тус сургуульд ажилладаггүй болох нь үнэн болно...” гэх тодорхойлолт /хх-ийн 47 тал/,

Нийслэлийн Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн “...Ж овогтой Н нь тус сургуульд суралцдаггүй болох үнэн болно...” гэх тодорхойлолт /хх-ийн 48 тал/,

Шүүгдэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 5 дугаар сард над руу залгаад миний танил эмэгтэйн хүүхдийг 1 дүгээр ангид оруулах гэсэн юм гэхээр нь за тэгье гээд Ж надтай холбогдсон. Хүүхдээ Нийслэлийн Ерөнхий боловсролын *** дүгээр сургуульд оруулмаар байна гэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед *** иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрийг авч уулзаад, өөрийн болон бусдын дансаар нийт 4 удаагийн үйлдлээр 700.000 төгрөг авсан нь үнэн. Би тухайн үедээ хүүхдийг нь сургуульд оруулж өгөхөөр хөөцөлдөж, сургуулийн захиралтай нь уулзах гэсэн боловч амжихгүй явсаар байгаад оруулж өгч чадаагүй. *** над руу утсаар болон фэйсбүүкээр бухимдаж, хэрүүл хийгээд хэл амаар доромжлоод байсан болохоор би блоклосон. Би тухайн мөнгийг өөртөө зарцуулаад дууссан...” гэх мэдүүлэг /хх-ийн 55-57 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...700.000 төгрөгийг авсан. Би ажилгүй байсан тул хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх үнэлэн, хэргийн үйл баримтуудыг тогтоож шийдвэрлэлээ.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.А гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 33-34 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.   

Шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтооход: Шүүгдэгч *** нь Нийслэлийн ерөнхий боловсролын *** дүгээр бүрэн дунд сургуульд ажилладаггүй, хүүхэд оруулах бүрэн эрхгүй атал тус сургуульд хохирогч *** хүүхэд болох ***-г оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчоос 4 удаагийн гүйлгээгээр нийт 700.000 төгрөгийг дансаар шилжүүлэн авсан байна.

Тодруулбал, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч *** Голомт банкны дансны хуулга, хохирогч ***-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Нийслэлийн Ерөнхий боловсролын ***дүгээр сургуулийн “...Э овогтой А нь тус сургуульд ажилладаггүй болох нь үнэн болно...” гэх тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын *** дүгээр сургуулийн “...Ж овогтой Н нь тус сургуульд суралцдаггүй болох үнэн болно...” гэх тодорхойлолт болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлж байгаа агуулгын хувьд харилцан зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *** дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг ...шилжүүлэн авсан” гэмт хэргийн шинжийг хангасан, шууд санаатай, шунахай сэдэлттэй байна.

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Э.А  “Залилах гэмт хэргийг буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.   

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *** 700.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байх ба шүүгдэгч Э.А нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогч *** Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргасан “...Э.А 700.000 төгрөг залилуулсан гэх асуудалд миний хохирол бүрэн барагдсан тул ямар нэгэн гомдол саналгүй. Хоорондоо сайн дураар эвлэрсэн болно...” гэх хүсэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.А гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн зарчимд нийцнэ. 

Шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор Э.А асап сангийн лавлагаа /хх-ийн 35-38 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 39 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 тал/, оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 62 тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 66 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 67 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан.

Шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамаарна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийн хувийн зан байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хуулинд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь одоо ажил хөдөлмөр эрхэлдэггүй, тогтсон орлогогүй, энэ шалтгаанаар гэмт хэрэг үйлдсэн байгааг тус тус харгалзаж, шүүгдэгч Э.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь түүний үйлдэлд тохирно гэж дүгнэж, түүнийг 480 /дөрвөн зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Э.А шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                                  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***-д 480 /дөрвөн зуун ная/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.А мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч А.Ж хохиролд тооцож 700.000 /долоон зуун мянга/-н төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА