Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/306

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч Н.Энхболд /томилолтоор/,

Хохирогч Т.Г,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Б.Б холбогдох эрүүгийн 2105003650402 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, .....оны ...дугаар сарын ...-ны өдөр ............хотод төрсөн, .. настай, .........., ......... боловсролтой, .......................мэргэжилтэй, “Р.Р” ХХК-д.............. ажилтай, ам бүл .., .... хамт .......... дүүргийн .. дугаар хороо .. дугаар хороолол.... гудамжны..... дугаар байрны..... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ........... дүүргийн ... дугаар хороо.... дугаар байрны ... тоотод түр оршин суудаг  /РД:**********/, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 259 дугаартай магадлалаар оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял болгосон, Ц овогт Б.Б.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Цагаан туг овогт Б.Б нь 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Этүгэн зочид буудлын гадна хохирогч Т.Г маргалдаж, улмаар толгой тус газарт гараараа цохиж түүний биед зүүн нүдний зовхи, алимны салст, зүүн хацрын шонтонгийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 2 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Этүгэн зочид буудлын гадна хохирогч Т.Г маргалдаж, улмаар биед халдан зодож, түүний биед зүүн нүдний зовхи, алимны салст, зүүн хацрын шонтонгийн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр найз Б түүний найз Б нартай уулзаад гадуур ганц нэг газраар сууж пиво ууж байгаад шөнийн 2 цагийн үед Этүгэн зочид буудалд өрөө аваад ганц шил юм уух гээд орцгоосон. Яг хэдэн тоот өрөө гэдгийг сайн санахгүй байна. Ямар ч байсан хоёр давхарт 2 өрөөтэй өрөө байсан. ...Ууж сууж байхад найз Б согтсон байсан. Нойл орж ирээд над руу дайраад уурлаад байхаар нь би согтсон байна гэж хэлээд тоохгүй байж байсан чинь намайг ална пизда минь гээд над руу дайраад байсан. Тэр үед Б голоор орж ирээд тайвшруулаад салгаж байсан. Б намайг ална гээд л дайраад байсан. ...Зочид буудлын урд зогсоолын талбай дээр Б бид хоёр өөд өөдөөсөө хараад зогсож байсан чинь Б миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Бас мөргөж байсан. Би тухайн үед манараад арагшаа унасан. Нэг харсан чинь Б голоор орж ирээд салгаад Б тэвэрсэн зогсож байсан. Би бултаад яагаад байгаа юм бэ гэж хэлсэн тэр үед Б Б араас зуурсан байсан. ...Б тэгтэл наад муу чинь надад хэдэн цаас зээлснээ юу гэж бодоод байгаа юм. Наад сэхчихсэн пиздаг чинь одоо алаадхъя гээд Б салах гээд зууралдаад салсан. Улмаар шууд хүрч ирээд намайг цохиод байсан. ...Би Б гэх хүнтэй багийн найз нөхөд юм. Намайг франц улсад байхад Б нь 2016 оны 1 дүгээр сард байх надаас 3250 доллар зээлж байсан. Тэр мөнгө нь одоо хүртэл өгөөгүй. Би сүртэй ч нэхээгүй. Би боломжтой болохоороо өгчих байх гэж боддог. ...Би зодуулж эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн байгаа. Би эмчилгээний зардал одоогоор 400.000 төгрөг гарсан байна. Цаашид нүдэндээ эмчилгээ хийлгэнэ. Тэр мөнгийг баримтаар нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7-9 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би найзууд дундаасаа эргээд харахад энэ хүнийг мөнгөтэй хүн дагаж явдаг хүн юм байна л гэж бодож байна. Бүгдээс нь мөнгө авдаг. Миний хувьд их мөнгө зарцуулж байсан. Намайг гадаадад байхад ээж нь чи л найзыгаа авар гээд 11.000.000 төгрөг нэхээд өдөр шөнөгүй залгаж байгаад авсан. Найзуудаараа уулзаад амралт зугаалгад явахад нэг ч төгрөггүй ирнэ. Найз охинтойгоо уулзах гэж байна гэхэд би даадаг. Нэг ч ажил хийдэггүй байсан үед нь би туслаад явдаг байсан. Ямар ч шалтгаангүй сууж байхад над руу дайрсан. Би явъя гэхэд намайг зуураад явуулахгүй зуураад байсан. Намайг чи муу юу бэ далдганасан пизда байжээ гэсэн. Хэрвээ гадаа Б байгаагүй бол намайг бүр их зодох байсан. Зүүн талын нүд хацар хавдаад хөхрөөд одоо нүдний хараа муу байна. Би ямар ч төлбөр мөнгө нэхэмжлээгүй хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Гомдолтой байна..” гэв.

 

Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одоо санахад 202 тоотод байсан залуучууд муудалцаад манай хамгаалагч ах Б нь тарааж явуулсан талаар рапортын дэвтэр дээр бичсэн байсан. Маргаан болох үед би байгаагүй ...Манай хяналтын камер 22 хоног хадгалдаг. Тухайн үед тог тасраад 2 хоногийн бичлэг нь байхгүй болчихсон байсан байхаар нь би янзалсан. 2021 оны 2 дугаар сарын 03-5-ны хоорондох бичлэг нь байхгүй болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/,

 

Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Этүгэн зочид буудлын хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 1 цаг 40 минутын үед гурван залуу орж ирсэн. 202 тоот өрөөнд орсон. 04 цагаас 05 цагийн хооронд өрөөнөөсөө гараад гадагшаа гарсан. Тэгээд буудлын шатны доор зогсоод нэг нэгнээ зуураад заамдалцаад маргалдаж байсан. Нэг залуу нь нэгнээ толгой нүүр хэсэг рүү нь ганц нэг цохиж байхаар нь би гараад та нар болиоч цагдаа дуудлаа шүү тараад явцгаа гэж хэлэхэд зүгээр болцгоосон....” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 тал/,

 

Буудлын өрөөний бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 16-20 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1486 дугаартай “...Т.Г биед зүүн нүдний зовхи, алимны салст, зүүн хацрын шонтонгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой.

Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Учирсан гэмтэл нь 2021.02.04-05-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 194 дугаартай нэмэлтээр хийсэн шинжээчийн “...Т.Г ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтаар шинээр үүссэн гэмтэл тогтоогдсонгүй.

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1486 тоот дүгнэлтийг гэмтлийн зэрэг өөрчлөгдөхгүй.

Т.Г зүүн нүдний болрын цэгэн цайлт хэдийд юунаас үүссэнийг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 36-37 тал/, 

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө вокзалын хойно Этүгэн нэртэй зочид буудалд найз Баянмөнх, Ганзориг нарын хамтаар буудал орсон. Яг хэдэн тоот гэдгийг санахгүй байна. ...Миний тэвчээрийг алдтал үгээр идээд хэл амаар доромжлоод би чамайг хачин болгоно мууг чинь үзнэ харж байгаарай гээд байхаар нь тэвчээр алдаад нүүрэн тус газар нь нэг мөргөсөн. Намайг мөргөхийг Б болон хамт байсан хоёр охин харсан. Түүнээс өөрөөр ямар ч үйлдэл хийгээгүй. ...Хоёр эмэгтэйг би огт танихгүй. Б л дуудсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Бид гадуур ууж явж байгаад зочид буудалд орсон. Тэгээд буудалд ууж байж байгаад 00-ын өрөө орсон Б юм ярьсан чинь Г хаалганы завсраар шагайж хараад өөртэй нь хамааралгүй юм ярьж байхад нууцаар сонслоо гээд дургүйцсэн юм. Би чи ямар муухай харагддаг юм бэ гэсэн. Тэгээд бид хоёр үгээр маргалдаж байгаад би буудлын өрөөн дотор мөргөсөн. Тэгээд Г уурлаад гараад явах гэж байсан би ч гэсэн араас нь уучлалт гуйгаад цуг гарсан. Тэгээд гадаа маргалдаад зогссон би нэг цохисон гадаа намайг бас нэг цохисон, над руу төмсөг рүү өшиглөсөн. ...Би шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Т.Г учруулсан гэмтлийг би учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 40 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 42 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 43 тал/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 44 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 45 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 46 тал/, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх-ийн 47 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 48-53 тал/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-71 тал/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны магадлалын хуулбар /хх-ийн 72-74 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Б.Б нь 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Этүгэн зочид буудлын гадна хохирогч Т.Г зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, алимны салст, зүүн хацрын шонтонгийн цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан хохирогч Т.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Зочид буудлын урд зогсоолын талбай дээр Б бид хоёр өөд өөдөөсөө хараад зогсож байсан чинь Б миний нүүр рүү 2-3 удаа цохисон. Бас мөргөж байсан. Би тухайн үед манараад арагшаа унасан...” гэх мэдүүлэг, гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Этүгэн зочид буудлын хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж байхад шөнийн 1 цаг 40 минутын үед гурван залуу орж ирсэн. 202 тоот өрөөнд орсон. 04 цагаас 05 цагийн хооронд өрөөнөөсөө гараад гадагшаа гарсан. Тэгээд буудлын шатны доор зогсоод нэг нэгнээ зуураад заамдалцаад маргалдаж байсан. Нэг залуу нь нэгнээ толгой нүүр хэсэг рүү нь ганц нэг цохиж байхаар нь би гараад та нар болиоч цагдаа дуудлаа шүү тараад явцгаа гэж хэлэхэд зүгээр болцгоосон....” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 1486 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 194 дугаартай нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлт, Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө вокзалын хойно Этүгэн нэртэй зочид буудалд найз Б, Г нарын хамтаар буудал орсон. ...Миний тэвчээрийг алдтал үгээр идээд хэл амаар доромжлоод би чамайг хачин болгоно мууг чинь үзнэ харж байгаарай гээд байхаар нь тэвчээр алдаад нүүрэн тус газар нь нэг мөргөсөн...”, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....Г учруулсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан. Иймд хохирогч Т.Г эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэсэн шинжээч эмчийн 1486, 194 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл, хохирогч Т.Г эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч Б.Б 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Этүгэн зочид буудлын гадна хохирогчийг цохиж, зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Б нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Мөн шүүгдэгч Б.Б, хохирогч Т.Г нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тодорхой хэмжээгээр биеэ хянах чадвараа алдсан байдал нь энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Б Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Г эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1486, 194  дугаартай дүгнэлтүүдээр тогтоогдсон. Тэрээр хавтас хэрэгт хохирол төлбөрийн талаарх нотлох баримтаа ирүүлээгүй, мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж мэдүүлж байна.

 

Иймд хохирогч Т.Г гэмт хэргийн улмаас өөрийн мэндэд учирсан болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нээлттэй болохыг тайлбарлаж байна.     

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршиг, улсын яллагч, хохирогч нарын саналыг тус тус харгалзаж, шүүгдэгч Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх үүрэгтэйг сануулж, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Цагаан туг овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Б мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Т.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА