Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/324

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Энхжин хөтлөн,

улсын яллагч А.Оюунгэрэл,

шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч С.Болдбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1874/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт *** холбогдох эрүүгийн 2103000420071 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ......оны .... дугаар сарын....-ний өдөр ........ хотод төрсөн, ... настай, ......., ..........., ......., ...................., ам бүл ..,.......... хамт .......... дүүрэг, 9 дүгээр хороо, Уул 3 дугаар гудамжны 15 тоотод оршин суудаг /РД***********/, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 19 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн *** дугаар хороо, Ард Аюушийн гудамж, *** төвийн хойд талын замд “***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 10.15-т заасан “уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс явган зорчигч ***-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн *** инь авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ.

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэг аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлж уг газартаа буцаж ирэх,

г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтанд/ яаралтай мэдэгдэж, ослын гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осол холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” үүрэгтэй гэсэн заалтуудыг зөрчсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***-г “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”, “Авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 19 цаг 30 минутын орчим Баянгол дүүргийн *** дугаар хороо, Ард Аюушийн гудамж, *** төвийн хойд талын замд “***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа явган зорчигч ***-г мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж, ослын газрыг орхиж явсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Тодруулбал,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/,

ТЦА, ТЦА, Мөрдөн шалгах газар, ТЦА, МШГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын хуудас /хх-ийн 4 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол, үзлэг хийсэн тэмдэглэл, бүдүүвч зураг /хх-ийн 5-6, 7-8, 10-11 тал/,

Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан “...0.00 % тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 19 цаг 30 минут орчим хорооллын *** худалдааны төвөөс өөрийн ээж А.А хамт гараад хойд талын явган хүний гарц дээр ирэхэд явганы гэрэл дохио улаан асчихсан болохоор нь гэрлэн дохио хүлээгээд зогсож байхад миний баруун талаас юм мөргөсөн. Багажийг нь цохиод хүн мөргөчихлөө шүү дээ гээд орилсон. Тухайн машины жолооч машин гарах гэхээр нь хойшоо ухарлаа гэж хэлсэн. Тэгээд шууд манай ээж А.А цагдаа дуудаад дараа нь түргэн тусламж дуудсан. Би машинд мөргүүлэх үедээ явган хүний гарцын тэмдэглэлийн эхлэл дээр зогсож байсан. Гэрэлтүүлэг ассан, явганы гэрэл дохио хэвийн ажиллаж байсан. Эрүүл мэндээрээ хохирсон тул эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авмаар байна. ...Цагдаа дуудчихсан, цагдаагаараа шийдүүлнэ гэж хэлчхээд зам хөндлөн гарч Оргил худалдааны төв орох гээд явж байгаад эргээд хартал хөдлөөд явчихсан. Цагдаа руу манай ээж залгаад нөгөө мөргөсөн машин яваад өглөө гэж хэлсэн. ...Нөгөө жолооч 20-30 минутын дараа цагдаагаар дуудуулж байж ирсэн. Тухайн үед намайг дэлгүүрээс гарч ирчихсэн байхад цагдаа нөгөө жолооч руу залгаад чанга яригч дээр нь ярихад цаад талаас нь нөгөө жолооч наад хүмүүс чинь юу ч хэлээгүй яваад өгөхөөр нь би явсан гэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13, 18 тал/,

Гэрч В.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 19 цаг 30 минутын үед *** худалдааны төвийн хойд талын явган хүний гарцын гэрлэн дохио дээр охин С.И хамт зогсож байтал ертөнцийн зүгээр зүүн талаас дохио өгөлгүй нэг цагаан өнгийн машин ухарч ирээд охиныг баруун талаас нь мөргөсөн. ...Би цагдаад өөрийн утсаар дуудлага өгөөд дараа нь түргэн тусламж дуудсан. Цаг агаар тогтуун хүйтэн байсан, зам хөдөлгөөн чөлөөтэй байсан. Бид хоёрыг явган хүний гарц дээр ирэхэд явган хүний гэрлэн дохио улаан асчихсан байсан болохоор бид 2 гэрэл хүлээгээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

Иргэний хариуцагч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О.Г нь ажилгүй гэртээ байдаг. ...Хөл хорионоос өмнө халтуур хийдэг байсан тул амьдралдаа нэмэр болог гэж бодоод өөрийн эзэмшлийн *** маркийн *** улсын дугаартай автомашинаа түр өгсөн. 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр над руу замын цагдаагаас залгаад өөрөө Б мөн үү, *** маркийн *** улсын дугаартай автомашиныг хэн жолоодож явсан гэж асуухаар нь өөрийн ах Г жолоодож явж байгаа гээд дугаарыг нь өгсөн. Тэр үед цагдаа осол гаргасан тухай хэлсэн. Хохирогч С.И болон ээжтэй нь уулзахад 360.000 төгрөгийн эм тарианы мөнгө зарцуулсан гэхээр нь 200.000 төгрөг өгсөн. Цаашид гарах төлбөрийг чадах чинээгээрээ барагдуулах бодолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1331 дугаартай “...*** биед бүсэлхийн нурууны 1, 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дээрх гэмтэл нь хэрэг болсон хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт /хх-ийн 30-31 тал/,

Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “...Урд шил голоороо цуурсан, хойд гупер зүүн талдаа 10 см цуурсан зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 28.8 см стандартын шаардлага хангахгүй байна.

Урд шил голоороо цуурсан, хойд гупер зүүн талдаа 10 см орчим цуурсан зэрэг нь стандартын шаардлага хангахгүй байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 28.8 мм стандартын шаардлага хангахгүй байна.

Дээрх гэмтэл нь эвдрэл гэмтлүүд нь ослоос өмнө ашиглалтын явцад үүссэн гэмтэл гэж үзэж байна.

Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгат ABS тоормосын системтэй ба авто тээврийн хэрэгслийн хурд замын нөхцөл байдал, цаг агаар зэргээс хамаараад авто тээврийн хэрэгслийг тоормосны мөр зам дээр үүснэ...” дүгнэлт /хх-ийн 37-41 тал/,

Мөрдөгчийн “***" маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч О овогтой Г нь тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, “10.15. Уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах хөдөлгөөнийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Явган зоригч С овогтой И нь Монгол Улсын Замын хөдөлгөөнийг дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоохгүй байна...” гэх магадлагаа /хх-ийн 46-47 тал/,

Хохирлын талаарх баримтууд /хх-ийн 80-87 тал/,

Хохирол төлбөр төлсөн талаарх дансны хуулга /хх-ийн 89-92 тал/,

Шүүгдэгч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Төрсөн дүү эмнэлэгт хэвтэж байгаа тул эм тариаг нь дөхүүлж өгөх санаатай 2021 оны 2 дугаар сарын 04-ний өдөр 10-11 цагийн үед төрсөн дүү О.Б *** маркийн *** улсын дугаартай машиныг нь аваад Сансар орж дүү дээрээ оччихоод тэндээсээ 5-р баазын “***” эмийн сангийн хажууд хүн дээр очиж машины дугуй янзалж өгөлцөөд, *** орж хүнтэй уулзах гэсэн боловч уулзах хүн маань байгаагүй болохоор 19 цаг өнгөрч байхад хороолол руу өгсөөд эмийн сан хайж явж байгаад “***” төвийн зогсоолд машинаа тавих гээд зогсоолд байсан машинуудыг гарахыг хүлээгээд зогсож байтал урд талд байсан Prius- 30 маркийн машины жолооч гарах гээд багтахгүй байна ах та жоохон ухарчих гэхээр нь уг нь толиндоо хараад ухарсан чинь нэг эгч хойноос орилоод цонхон дээр ирээд хүүхэд мөргөөд хаячихлаа энэ тэр гээд уурласан, тэгэхээр нь урд талын машин гараадахъя гэхээр нь хойш ухарчихлаа уучлаарай гэж хэлсэн чинь хүүхэд дайрчихлаа чи юугаа хардаг юм энэ тэр гэхээр нь би юм дуугараагүй юм. Тэгээд цагдаа дуудлаа гээд утсаа ярьсан. Тэгснээ гэрлэн дохиогоор хойшоогоо зам хөндлөн гараад яваад өгсөн тэгээд машинаа байрлуулах гэсэн боловч Prius-30 гарсан зогсоол руу өөр машин орчихоор нь нөгөө хүмүүсийг харж байгаад байхгүй болохоор нь гайгүй юм байлгүй гэж бодоод яваад өгсөн. Тэгээд гэртээ харихаар явж байтал утас дуугараад цагдаагаас залгаж байна осол болсон газраа хурдан хүрээд ир гэж хэлээд би шууд буцаж очоод ослын газарт хэмжилт хийхэд оролцсон. ...1992 онд Улаанбаатар хотод жолооч болж байсан. В, С, D ангиллын үнэмлэхтэй. Нийт 690.000 төгрөг төлсөн байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56, 101-102 тал/,

Түүний шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Би 28 жил тээврийн хэрэгсэл жолоодож байна. Зам тээврийн осол гаргасан гэм буруугаа ойлгож байна. Жолооч хэргийн газрыг орхиж явж болохгүй гэдгийг мэднэ. Гэхдээ хохирогч өөрөө зам хөндлөн гараад явчихсан...” гэх мэдүүлэг, зэрэг нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт хангалттай тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурорын шатанд шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх дүгнэн үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоож шийдвэрлэлээ. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч О.Г гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхийг зөрчих тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 28, 58 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинж нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг.

Хэрэг учрал болсон өдөр жолооч О.Г нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д заасан “Замын хөдөлгөөний дүрмийг сахих” үүргээ биелүүлээгүй байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж үзнэ.

Энэ нь хэрэгт авагдсан мөрдөгчийн магадалгаа болон хэргийн үйл баримтыг тогтоосон бусад нотлох баримтуудаар нотлогдсон. Шүүгдэгч О.Г нь хэрэг учрал болсон өдөр өөрийн дүүгийн эзэмшлийн “***” маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 10.14-т заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, мөн дүрмийн 10.15-т заасан “уулзвар дээр болон энэ дүрмийн 10.13-т заасан буцаж эргэхийг хориглосон бүх газарт ухрах хөдөлгөөнийг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн нь тухайн зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч *** тээврийн осол гаргасан дээрх үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч С.И биед нь “бүсэлхийн нурууны 1, 2 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан болох нь хэргийн 30-31 дэх талуудад авагдсан шинжээч эмчийн 1331 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.   

Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж шүүгдэгчид ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь зөв байна.

Түүнчлэн шүүгдэгч О.Г нь хохирогч буюу явган зорчигч С.И мөргөж, зам тээврийн осол гаргасан атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ.

а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх,

б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэг аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог, нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлж уг газартаа буцаж ирэх,

г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтанд/ яаралтай мэдэгдэж, ослын гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осол холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг биелүүлэх үүргээ зөрчин хэргийн газрыг орхиж явсан болох нь тогтоогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох   хохирогч С.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч В.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгч О.Г мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг зэргээр шүүгдэгч О.Г нь осол гаргаснаа мэдсэн байх бөгөөд тэрээр осол гаргасан даруйдаа тээврийн хэрэгслээ зогсоож, холбогдох арга хэмжээг авах үүрэгтэй атал энэхүү буруутай үйл ажиллагаагаа мэдсээр байж холбогдох арга хэмжээг авалгүйгээр ослын газрыг зориуд орхин явсан нь хариуцлагаас зайлсхийх санаа зорилготой идэвхтэй үйлдлээр илэрсэн байна.

Шүүгдэгч О.Г нь жолоочийн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ зөрчиж хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй боловч мэдэлгүй үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр, харин зам тээврийн ослын газрыг зориуд орхиж зугтаасан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлдсэн гэж үзнэ.

Дээрх дурдсан үндэслэлүүдээр шүүгдэгч О.Г гэмт үйлдэлд прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэрэгт шалгавал зохих ажиллагааг бүрэн хийсэн, хэргийн бодит байдал тогтоогдсон байна гэж шүүх дүгнэж, шүүгдэгч О.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлд заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хэргийн 80-87 дахь талд 1.990.060 төгрөгийн баримт гарган өгсөн байх бөгөөд шүүгдэгч О.Г нь хохирогч С.И эмчилгээний зардалд 2.160.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирогч С.И бичгийн хүсэлтээр тогтоогдож байна.

Иймд гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэж, шүүгдэгч О.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч О.Г нь “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж үйлдсэн, энэ гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

Иймд шүүгдэгч О.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай ээж 470.000 төгрөгийн цалинтай Эрдмийн ундраа цогцолбор сургуульд үйлчлэгч ажил хийдэг. Аав хувиараа хааяа таксинд явдаг. Зүүн Баянд цэргийн алба хааж байсан тухайгаа аав хэлж байсан. Манай аав сайхан сэтгэлтэй, хүнд тусархуу, ер нь их хөдөлмөрч хүн. Муу зуршил гэвэл тамхи татдаг, баяр ёслолын үеэр бага зэрэг архи ууна бусад үед архи хэрэглээд байдаггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 61 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 63 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 тал/, цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 65 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 66 тал/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 67 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 68 тал/, хуулийн этгээд бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69 тал/, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-ийн 71 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.Г нь ...... онд Улаанбаатар хотод төрсөн, .. настай, ам бүл ...,........ хүүхдүүдийн хамт ..............дүүрэг, .. дүгээр хороо, ........ дугаар гудамжны ....тоотод оршин суудаг ба урьд ял шийтгүүлж байгаагүй байна. 

Иймээс шүүгдэгч О.Г тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулсан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх хэд хэдэн гэмт хэрэгт үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно” гэж зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч О.Гантөмөрийн биечлэн эдлэх торгох ялыг 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялаар тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт "шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч О.Г хувийн байдлыг харгалзаж түүнд оногдуулсан торгох 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч О.Г мэдэгдэж байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт иргэний баримт бичиг, жолооны үнэмлэх шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Гантөмөрт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан”, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *** овогт ***-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч О.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч О.Г биечлэн эдлэх торгох ялын хэмжээг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч О.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Г мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, иргэний баримт бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч О.Г нь нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.И 2.160.000 /хоёр сая нэг зуун жаран мянга/-н төгрөг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА