Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/331

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн,

Улсын яллагч Г.Эрдэмбаатар,

Хэлмэрч П.Сайнбаяр /үнэмлэхийн дугаар ,,,,,,,,,,/,

Шүүгдэгч З.Э, түүний өмгөөлөгч Б.Адалбек /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1503/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З.Э холбогдох эрүүгийн 2005012340238 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ………оны ........ дугаар сарын ….-ны өдөр …хотод төрсөн, …… настай, ......, ………..боловсролтой, .........., ………, ам бүл …, ….. хамт ….. дүүргийн ….дугаар хороо, ..дугаар бичил хороолол, … гудамж, … дүгээр байрны … тоотод оршин суух /РД:************* /, урьд ял шийтгэлгүй, Б овогт З.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч З.Э нь 2020 оны 3 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах .... тоотод гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр Ц.Б маргааны улмаас гараар цохиж зодож тархи доргилт, зулайн хуйх нүүр, зүүн сарвуу, нуруу, цээж, хоёр мөр, бугалга, зүүн өгзөг, баруун гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, уруулын дотор салстад цус хуралт, язрал баруун шуу, сарвуунд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч З.Э нь 2020 оны 3 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоот өөрийн амьдардаг гэртээ эхнэр Ц.Б зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн тархи доргилт, зулайн хуйх нүүр, зүүн сарвуу, нуруу, цээж, хоёр мөр, бугалга, зүүн өгзөг, баруун гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, уруулын дотор салстад цус хуралт, язрал баруун шуу, сарвуунд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 29-ний оройн 23 цагийн орчимд нөхөр Э гаднаас орж ирээд Солонгост хараар ажиллаж байсан Б гээд дүү баригдаж чиний наад бөгс бөөрний хэрүүлээс боллоо гэсэн. Би чиний гадуур хонож тэнэдгээс болж байгаа гээд хэлсэн. Тэгтэл Э надад чи Солонгост байгаа охиндоо хэлчих гэсэн би тэгэхээр нь одоо шөнө болсон байна тэд нар очиж чадахгүй өглөө хэлье гэж хэлсэн. Тэгтэл намайг чи амиа бодсон хувиа хичээсэн миний дүү баригдчихаад байхад чи яриулсангүй чи охиныхоо дугаарыг өгчих гэхээр нь би фэйсбүүкийн чатаар харьцдаг дугаарыг нь мэдэхгүй гэхэд чи муу санаалж хүүхдийнхээ дугаарыг нууцаллаа хүүхэдтэйгээ яриулсангүй гээд над руу уурлаад дайраад миний нүүр толгой руу цохисон. Би толгойгоо хамгаалах гээд толгойгоо барихад миний гар луу цохисон. Миний толгой нүүр рүү маш олон удаа цохисон. Шөнийн 2 цагаас 7 цаг болтол намайг зодсон. Миний гар утаснуудыг булааж аваад өгөхгүй байсан. ... Дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй. Миний биед учирсан гэмтлийг зөв тодорхойлсон байна. ...Гомдолтой байна, эмчилгээ хийлгэсэн болон эмнэлгээр явсан бүх зардлаа нэхэмжилнэ. ...Би З.Э 2019 оны 1 сард гэрлэлтээ батлуулж байсан. Албан ёсны эхнэр нөхөр. Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25, 27-28, 29-30 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4192 дугаартай “...Ц.Б биед тархи доргилт, зулайн хуйх, нүүр, зүүн сарвуу, нуруу, цээж, хоёр мөр, бугалга, зүүн өгзөг, баруун гуя, шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний салстад цус харвалт, уруулын дотор салстад цус хуралт, язрал баруун шуу, сарвуунд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь мохоо мохоо зүйлийн үйлчлэлээр удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-39, 40-42 тал/, 

 

Шинжээч  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тархи доргилт дангаараа, нүүр зүүн сарвууны няцрал цус хуралт, баруун нүдний цус хуралт гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цохигдох үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 43 тал/,

 

Гэрлэлт бүртгэлийн “...2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гэр бүл болсныг бүртгэж гэрчилгээ олгов...” гэх лавлагаа /хх-ийн 66, 67 тал/,

 

Аюулгүй зэргийн үнэлгээ /хх-ийн 73-74 тал/,

 

Хохирол төлбөрийн талаарх баримтууд /хх-ийн 80-82 тал/,

 

Хохирол 373.000 төгрөг хохирогч Ц.Б төлсөн талаарх баримт /хх-ийн 93 тал/,

 

Хохирогч Ц.Б Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан “...Эмчилгээний төлбөр 373.000 төгрөг барагдуулсан. Одоо эмчилгээний хохирол байхгүй. 2 ширхэг гар утсыг Э бид хоёр дундаа хэрэглэдэг байсан тул тус утаснуудыг Э эзэмших, ашиглах эрхтэй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд суухгүй болно...” гэх бичгээр гаргасан тодорхойлолт /хх-ийн 94 тал/,

 

Шүүгдэгч З.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гадуур ганцаараа явж байгаад орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 4 дүгээр хороо ... тоотод гэртээ ганцаараа ирсэн. Намайг гэртээ ирэхэд Ц.Б ганцаараа байсан. Эхнэр Ц.Б нь намайг 20 цагаас хойш гэртээ орохоор гэрээс хөөгөөд байдаг болохоор тухайн өдөр 20 цагт гэртээ орсон. Намайг гэртээ ирэхэд Ц.Б 0.75 граммын Ивок архи уугаад сууж байсан. Бид хоёр хувааж уусан. Намайг архи уугаад сууж байтал БНСУ хараар ажилладаг төрсөн дүү Э баригдсаныг мэдээд эхнэртээ хандаж танай охин чинь БНСУ ажилладаг биз  дээ. Холбогдоод юу болсон талаар тодруулж зөвлөгөө өгөөч гэтэл Ц.Б чадахгүй гэж хэлсэн. Үүнээс болж маргалдсан. ...Би өөрийгөө хамгаалж Б эсрэг цохиж нүүрэн тус газар хэд хэдэн удаа өөрөөсөө түлхэх маягаар хэд хэдэн удаа цохисон. Намайг явуулахгүй гээд хоёр хөлөөс зууралдаад байхаар нь цааш хөл рүү өшиглөсөн. Тэгээд би гэрээс гарч явсан. Би Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй байна. Ойлголоо тогтоолын хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 тал/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Намайг орой 8 цагийн үед ороход эхнэр архи уусан, ууртай байсан. Бид хоёр хамтдаа архи уусан. Над руу уурлаад гэрээс хөөгөөд байхаар нь би хувцсаа өмсөөд гарах гэтэл зуураад байхаар нь би түлхчхээд гараад явсан. Би нийт 373.000 төгрөг хохирогчид өгсөн. Би сард группын мөнгө 350.000 авдаг, барилгын ажил хийхдээ өдөрт 30.000 төгрөг авдаг...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт тогтоогджээ.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 63 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 64 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 68-72 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

 

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч З.Э-с гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 31-33 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.   

 

Шүүхийн дүгнэлт:

                                                               

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч, хохирогч нар 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд шөнийн цагаар БНСУ-д байдаг охинтойгоо холбоо тогтоож өгсөнгүй гэж үл ялих зүйлээр шалтгаалан 2020 оны 3 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 202 дугаар байрны 4 тоотод буюу гэртээ хохирогч буюу эхнэр Ц.Б зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан байна.

 

Энэ нь хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгч З.Э хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Б мэдүүлэг, шинжээч эмчийн мэдүүлэг, аюулгүй зэргийн үнэлгээ, гэрлэлт бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан.

 

Иймд хохирогч Ц.Б эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэсэн шинжээч эмчийн 4192 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хохирогч Ц.Б эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч З.Э 2020 оны 3 дугаар сарын 29-30-ны шөнө хохирогчийг цохиж, зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Ц.Б шүүгдэгч З.Э нар нь эхнэр, нөхөр тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т заасан “...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн...” гэж заасан үйлчлэлд хамаарч байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч З.Э эхнэр буюу хохирогч Ц.Б бие махбодод удаа дараа халдсан хууль бус үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэнэ.

 

Шүүгдэгч З.Э нь хохирогчийг цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

 

Иймд прокуророос ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч З.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 41** дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Тэрээр хавтас хэргийн 80-82 дахь талд 372.500 төгрөгийн баримтыг гарган өгсөн байх ба хэргийн 93 дахь талд авагдсан баримт, хохирогч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан тодорхойлолт зэргээр шүүгдэгч З.******* нь хохирогч Ц.Б 373.000 төгрөг нөхөн төлсөн болох нь тогтоогдож байна.

 

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч З.Э гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч З.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Гэм буруугийн болон Шударга ёсны зарчимд нийцнэ. 

 

Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор хуульчилсан.

 

Шүүгдэгч З.Э нь 2020 оны 3 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө өөрийн эхнэр Ц.Б зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байх ба түүнийг 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 2005012340238 дугаартай прокурорын тогтоолоор яллагдагчаар татсан байна.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хугацаанд  хамаарч байх тул хуулинд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Шүүгдэгч З.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэн үзэх нөхцөлд хамаарна. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал болон үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг төлсөн зэргийг тус тус харгалзаж, шүүгдэгч З.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой, түүний үйлдэл холбогдолд нийцнэ гэж дүгнэн, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт "шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно. Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч З.Э хувийн байдлыг харгалзаж түүнд оногдуулсан торгох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож, тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч З.Э мэдэгдэж байна.

 

            Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт З.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Э оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч З.*******д сануулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч З.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА