Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/339

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

Хохирогч М.У- ,

Шүүгдэгч Э.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Э-н Н-т холбогдох эрүүгийн 2105004150448 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Э.Н- нь согтуугаар шунахайн сэдэлтээр 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бурхант” гэх зочид буудлын 304 тоот өрөөгөөр үйлчлүүлэх үедээ тухайн өрөөнд хамт үйлчлүүлж байсан хохирогч М.У- ийн 1.395.000 төгрөгийн монетон хос гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Н- ийн “Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтыг хавтаст хэргээс шинжлэн судлав. Үүнд: 

          Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан  “...Баянгол дүүргийн 22 дугаар хороо “Бурхант” төвийн зочид буудлын 3 давхарт иргэн М.У-  2 ширхэг монетон гинж алга болгосон...” гэх тэмдэглэл /хх-ийн 3 тал/ ,

          Мөрдөгчийн “...М.У-н согтолтын зэргийг шалгахад 0.046 %-н согтолтын зэрэгтэй гарсан. …Д.Б-н согтолтын зэргийг шалгахаар драгер үлээлгэхэд 0.096 % согтолтын зэрэгтэй гарсан...” гэх тэмдэглэлүүд /хх-ийн 4, 5 тал/,

            Тасарсан гинж болон кулоны зургаар бэхжүүлсэн гэрэл зураг, зочид буудлын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-ийн 12-13, 15 тал/,

            Эд зүйл баримт бичиг тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн “...Улбар шар өнгийн нарийн 45 см урттай түгжээтэй гогцоо цоож нь байхгүй метал гинж, мөн улбар шар ангийн 43 см урттай гогцоо түгжээгүй кулонтой гинж байна...” гэх тэмдэглэл /хх-ийн 18 тал/,

            Хохирогч М.У- ийн гарган өгсөн алт мөнгөн эдлэл худалдсан тухай зар бичиг /хх-ийн 21 тал/,

Хохирогч М.У- ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр найзууд болох Х, Н, Б ах бид нар уулзахаар болж Баянгол дүүргийн Өргөө кино театрын арын “Бурхант” гэх нэртэй зочид буудлын 304 тоот өрөөнд Б- ах мөнгийг нь өгч бид нар орсон. Тухайн буудалд орохдоо 1 шил 0.75 граммын Хараа нэртэй архи авч орж уусан. Тэгээд юм ярьж сууж байхад Н-  учир зүггүй зодоод эхэлсэн. Тэгсэн хамт байсан Х, Н, Б ах бид хоёрыг салгаад Н-  00 яваад орсон. Тэгээд би өөрийн хүзүүнд байсан гинжээ үзэхэд байхгүй байсан болохоор нь Б- ахыг цагдаа дуудчих миний гинж алга болсон байна гэж хэлсэн. ...Миний алдсан нэг гинж нь 7.6 граммтай байсан, яг сайн дүрсэлж мэдэхгүй байна. нөгөөх нь энгийн 1.9 граммтай гинж байсан. Би 7.6 граммтай гинжээ 1.256.000 төгрөгөөр 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр худалдаж авсан. Мөн нэг монетон 3.2 граммтай кулон хамт байгаа. Энэ зүүж байгаа ээмэг зүүлттэй хамт авч байсан. Нөгөө нарийн гинжийг нь хэдэн жилийн өмнө 280.000 төгрөгөөр авч байсан. ...Би тухайн өдөр 2 ширхэг монетон гинж зүүгээд явж байсан. Манай найз Э мэдэж байгаа тэр өдөр Эрдэнэ-Уултай уулзсан. ...Хажууд сууж байгаад миний хүзүүний гинжийг шууд тасалж аваад 00 гүйгээд орсон. Миний биед учирсан гэмтэл байхгүй, тухайн таслуулсан 2 гинжээ хурдан төлүүлж авмаар байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29, 30-32 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр буудал ороод 2 шил архи уусан. Намайг зодож цохисон зүйл бол байхгүй. Миний 2 ширхэг гинжийг Н-  шууд тасалж аваад өгөөгүй. Өөрийн хөхний даруулгадаа нуусан байсан. Миний хохирол төлбөрийг барагдуулсан. Би одоо кулоноо авахыг хүсэж байна...” гэв.

Гэрч Д.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би тухайн өдөр дүү нар болох Х, У- нарын хамт Баянгол дүүргийн Өргөө кино театрын арын нэрийг нь сайн мэдэхгүй байна нэг буудалд орсон. Тэнд ороход 0.75 граммын архи аваад орсон. Тэгээд тэндээ хувааж уугаад байж байхад дүү Н, У- хоёр хоорондоо маргалдаж байсан. Тухайн үед би согтоод унтаад өгсөн байсан. цагдаа орж ирэхэд л сэрсэн. Өөр зүйл бол мэдэхгүй байна. У- бол хүзүүндээ гинжтэй байсан нь бол үнэн..” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 тал/,

Гэрч Ц.Э-нмөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би тус өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хороо 30-164 тоотод гэртээ байж байсан. Манайд найз У- , Х нар байж байгаад орой 21 цагийн үед манай нэг найз гарч яваад Х хамт үлдсэн. ...Манай найз У-  хүзүүндээ 2 гинж зүүсэн байсан ба нэг нарийн, нөгөө нь өргөн гинж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48 тал/,

Гэрч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…би 2021 оны 3 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө ээлжтэй байсан бөгөөд 2021 оны 03 дугаар сарын 03-ны 01 цаг 45 минутын үед гаднаас 3 эмэгтэй, 1 эрэгтэй орж ирж өрөө асуугаад манай буудлын 2 ортой өрөө буюу 304 тоот өрөөнд би бүртгэж оруулсан. Ороод цаг орчмын дараа тухайн өрөөнд орсон хүмүүс муудалцаад байх шиг байсан. Удалгүй эрэгтэй нь доошоо бууж ирээд манай нэг найзын монетон гинж нь алга болчихлоо, нэг эмэгтэй нь аваад өгөхгүй байна та нэг ороод аваад өгөөч гэж хэлсэн. Би хамт хонож байсан үйлчлэгч эгчтэй хамт ороход юмаа алдсан эмэгтэй болон хажууд нь байсан эмэгтэйтэй хамт юмыг нь авсан гэх хүүхэн рүү чи авсан биз дээ гээд дайраад байсан. Тэгэхээр нь би тухайн эд зүйлийг нь авсан гэх хүүхэнд хандан авсан бол гаргаж өгөө гэхэд би аваагүй, худлаа гэвэл нэгжээд үз гэж хэлсэн. Тэгээд гаргаж өгөхгүй байхаар нь цагдаа дуудсан ба цагдаа ирэх хооронд манай үйлчлэгч эгч нэгжихэд хөхний даруулгаас нь нөгөө гинж гараад ирсэн. Нөгөө хүүхэн гарч ирсэн гинжнүүдийг шууд 00 руу шидсэн гэж байсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 69-71 тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-921/94 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...эмэгтэй монетон гинж 1.140.000 төгрөг, эмэгтэй монетон гинж 255.000 төгрөг нийт 1.395.000 төгрөг...” гэх дүгнэлт мэдүүлэг /хх-ийн 56-59 тал/,

Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад О.Оч-н 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн тэмдэглэл /хх-ийн 66 тал/,

Шүүгдэгч Э.Н- ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр ...Хишгээ У-  рүү залгахад У-  Б-тай хамт өргөө дээр хүрээд ир гээд бид хоёр 00 цаг өнгөрч байхад Өргөө дээр очоод бид дөрөв ууцгааж суухаар болсон. Тэгээд Бурхант нэртэй зочид буудлын 304 тоот өрөөнд орцгоосон. Бид нар утасны ая тавиад бүжиглэж байтал У-  орны хажуу талаас нарийн гинж аваад хүзүүндээ зүүсэн. ...У-  би буудлаас гинж олоогүй гээд намайг түлхсэн. Би хойшоо унахгүйн тулд урдаас нь татахад У- ийн хүзүүнд байсан гинжийг тасалчихсан. У-  намайг 00 руу урсгачихлаа гээд байсан. Тэр зуур болсон зүйлийг би сайн санахгүй байна. ...Согтуу байсан учраас гинжийг олчихлоо гэж бодсон. Тэрнээс биш би хүний зүйлийг авах бодол байгаагүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 79 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугийн тал дээр маргалдаж мэтгэлцэх зүйл байхгүй. Хохирол төлбөр 1.300.000 төгрөг нөхөн төлсөн...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт буюу шүүгдэгч бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь тогтоогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                     

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Н- ээс  гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 35, 38-40 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтаар шүүгдэгч Э.Н- нь согтуугаар шунахайн сэдэлтээр 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнийн 02 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бурхант” гэх зочид буудлын 304 тоот өрөөнд хамт үйлчлүүлж байсан хохирогч М.У- ийн монетон 2 ширхэг гинжийг хүзүүнээс тасалж авсан, буцаан өгөхгүйгээр өөрийн дотуур хувцас хөхний даруулгадаа нуусан үйл баримт нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгчийн энэ үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдсан хууль бус бөгөөд бусдын эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж амар хялбар аргаар эд хөрөнгө олж авах гэсэн шууд санаатай, шунахай сэдэлтэй байна.

Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд заасан “дээрэмдэх” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгодог тул шүүгдэгч Э.Н- хохирогч хохирогч М.У- ийн 1.395.000 төгрөгийн үнэ бүхий монетон 2 ширхэг гинжийг илээр, хүч хэрэглэхгүйгээр булаан авч буцаан өгөхгүй байгаа дээрх үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Иймд шүүгдэгч Э.Н- ийг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу Дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Н- нь өөрөө өөрийгөө өмгөөлж оролцохдоо “хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргах мэтгэлцэх зүйл байхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан” гэж мэдүүлж оролцсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн талаар:

Хэргийн 56-59 дэх талд авагдсан “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-921/94 дугаартай хөрөнгийн үнэлгээний “...эмэгтэй монетон гинж 1.140.000 төгрөг, эмэгтэй монетон гинж 255.000 төгрөг нийт 1.395.000 төгрөг...” гэх тайлангаар хохирогч М.У- т энэ гэмт хэргийн улмаас нийт 1.395.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан байна.

Хохирогч М.У- , шүүгдэгч Э.Н- нар шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг шинжээчийн дүгнэлтэд тусгасан мөнгөн дүнгээр төлж барагдуулсан болохыг мэдүүлсэн тул хохирол нөхөн төлөгдсөн гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Э.Н- нь дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч Г.Нэргүйбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “...Э.Н- нь 1988 онд төрсөн. 4-15 насны 4 хүүхэдтэй. Ганцаараа ажиллаж амьдралын төлөө хичээж яваа, хүнд тусархуу, ар гэр хамаатан садны дунд нэр хүндтэй, хүнд хар буруу санадаггүй, сайхан сэтгэлтэй, элдэв муу зуршилгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 90, 114 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 91 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт / гэрлэлт бүртгэлгүй талаарх лавлагаа /хх-ийн 94 тал/, жолоочийн лавлагаа, хх-ийн 92 тал/, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 93 тал/, мэдээлэл /хх-ийн 95 тал/, асап сангийн лавлагаа /хх-ийн 96-98 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99 тал/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 365 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 102-108 тал/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ /хх-ийн 115-118 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан. 

 

Шүүгдэгчид ял шийтгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлсөн” гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Э.Н- ийн бага насны 4 хүүхэдтэй хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн ангилалд хамаарч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн хөнгөрүүлэн үзэх байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Н- т тэнссэн хугацаанд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах” үүргийг хүлээлгэх зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна” гэж заасан тул шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарлаж байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн хуулийн 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.

Тодруулбал, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн монетон өргөн гинж 1 ширхэг, улбар шар өнгийн монетон нарийн гинж 1 ширхэг эд зүйлс нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогод хамаарах ба энэ 2 гинжний үнийг хохирогч М.У- т нөхөн төлж барагдуулсан нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заасны дагуу улсын орлогод оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 Харин эд мөрийн баримтын хамт улбар шар өнгийн зүүлтний кулон 1 ширхэг хураагдан ирснийг хохирогч М.У- т буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Э.Н- т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт Э-н Н- ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дээрэмдэх буюу Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Н- ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Н- тэнссэн хугацаанд зан үйлээ засах үүрэг хүлээлгэж, биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Э.Н- нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт үйлдсэн тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн монетон өргөн гинж 1 ширхэг, улбар шар өнгийн монетон нарийн гинж 1 ширхэгийг тус тус улсын орлого болгосугай.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн улбар шар өнгийн зүүлтний кулон 1 ширхэгийг хохирогч М.У- т олгож, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.У- т 1.300.000 /нэг сая гурван зуу мянга/-н төгрөг хохирол, хор уршигт тооцож нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н- т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор acэсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА