Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/340

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Солонго /томилолтоор/,

Хохирогч Б.Д,

Шүүгдэгч А.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт А.Э холбогдох эрүүгийн 2105003450337 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ……оны .. дүгээр сарын ..-ны өдөр …….хотод төрсөн, … настай, ....., …. боловсролтой, ....., ………. ажил хийдэг гэх, ам бүл… ….. хамт …… дүүргийн ….дүгээр хороо ……….. дугаар гудамжны … тоотод оршин суух /РД:***********/, хэрэг хариуцах чадвартай, Т овогт А.Э.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч  А.Э нь 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” дэлгүүрийн урд талын зам дээр иргэн Б.Д гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

 

Шүүгдэгч А.Э нь 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” дэлгүүрийн урд талын зам дээр хохирогч Б.Д гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд өнгөц шарх” бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

Хохирогч Б.Д мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2021 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр 16 цагийн орчим хүнсээ цуглуулаад Баянгол дүүргийн 15 дугаар хороо Т дэлгүүрийн харалдаа явган хүний гарцаар гарах гэж байтал 29-** УНЗ улсын дугаартай хар хөх өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн талаас баруун тал руу чиглээд маш хурдтай ирж байсан. Тэгэхээр нь би айгаад зогсоход тухайн тээврийн хэрэгсэл тулж ирээд зогссон. Би жолооч талын цонхны хажууд очоод цонхыг нь тогшоод “Миний хүү юу болж байна" гэж асуутал махлагдуу 30 орчим насны ноосон цамцтай залуу эхлээд дунд хуруугаа гаргаж байснаа машинаасаа бууж ирээд “писда минь ямар удаан гардаг юм бэ" гэж хэлээд баруун гараараа миний нүүрний зүүн тал руу 3-4 удаа цохиод шууд машиндаа суугаад яваад өгсөн. Миний толгой эргээд замын хашлага дээр суугаад үлдсэн. ...Миний нүүрний зүүн хэсэг рүү гараараа 3-4 удаа цохисноос үүдэн миний хацар, шанааны зөөлөн эдийн няцарсан. Одоо миний толгой ойр ойрхон өвддөг болсон. Би зүгээр гэрийнхээ хүнсийг цуглуулж яваад замын хөдөлгөөний дүрэмд заасныхаа дагуу явган хүний гарцаар гарч явах үедээ хурдан гарсангүй гэж зодуулсан. Маш их гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21, 66-67 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2 гартаа тортой юм бариад Т дэлгүүрийн урд талаар замын гарцаар гарах гээд явж байх үед энэ залуутай зам дээр таарсан. Би хуучны зангаараа чи яаж байгаа юм бэ гэж хэлэхэд замын хашлага дээр зогсоод 3, 4 удаа намайг цохисон. Би миний хүү чи юу болж байна гэсэн. Тэгээд машинд байсан охин болиоч гэж хэлсэн. Уг нь одоо залуучууд их соёлтой болсон. Нөгөө охин намайг цохисон залуугийн машиных нь зургийг аваад хэлсэн. Би хүүхэд рүүгээ утасдаад намайг аваад гэрт ирсэн. Би их сэтгэлээр унасан хүнд буруу санаж явдаггүй хүн тул сэтгэлээр унасан. Тэгээд хүүхдүүд эмчид үзүүлнэ миний аав ингэж явах хүн биш гэж хэлээд үзүүлсэн. Миний өрөөсөн тал хавдсан байсан 3 дугаар эмнэлэг дээр очоод үзүүлсэн. Тэгээд толгойны зураг авхуулсан одоо толгой өвддөг болсон. Би гомдолтой байгаа 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,

 

Гэрч С.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед би нөхөр А.Э, төрсөн дүү А.М, А.А нарын хамт үрчилж авахаар төлөвлөж байгаа хүүхдээ аваад хүүхдийнхээ эцэг, эхтэй уулзчихаад гэр рүүгээ харих гээд өөрсдийн эзэмшлийн 29-** УНЗ улсын дугаартай хар хөх өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ 3, 4 дүгээр хорооллын замаар Гандан руу чиглээд явж байтал гэнэт явган хүний гарцаар 60 орчим насны гартаа нэг юм барьчихсан хөгшин эрэгтэй хүн гараад ирсэн. Тэгээд манай нөхөр хараад шууд тоормосоо гишгээд гулгасаар байгаад тэр хүнээс 1 метр орчим зайтай зогсоод сигналаа дарахад тэр ах манай машины баруун талаар буюу жолооч талын хаалганы хажууд ирээд гараа атгаж байгаад цонх руу цохиод авсан. Манай нөхөр А.Э машинаасаа буугаад “Та яагаад байгаа юм бэ” зам халтиргаатай машин гулгаад байна шүү дээ. Яагаад цонх руу цохиж байгаа юм бэ гэж хэлээд тэр ахыг заамдаад баруун гараа атгаж байгаад 1 удаа нүүрний хэсэг рүү нь цохиод авахаар нь би дүү А “Буугаад ахыгаа салга” гэж хэлээд салгуулаад машинд суугаад хөдлөөд яваад өгсөн. ...Бид хоёр тухайн өдөр маргалдаад явж байсан. Яг одоо юунаас болж маргалдаж байснаа санахгүй байна. ...Хохирогчийн зүүн шанаа орчим баруун гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Би цохиж байхыг нь харсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/,

2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1141 дугаартай “...Б.Д биед зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 тал/,

 

Хохирогч Б.Д Лазер Мед эмнэлэгт үзүүлсэн компьютер томографын шинжилгээ, зураг /хх-ийн 34, 35 тал/,

 

“И ББСБ” 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 295 дугаартай “Инвескор ББСБ” ХК-ийн нэр дээр бүртгэлтэй 29-** УНЗ улсын дугаартай приус 30 маркийн автомашины автомашины эзэмшигч А.Э нь манай байгууллагатай 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ болон фидуцын гэрээ байгуулж зээл авсан нь үнэн бөгөөд тус зээлдэгчийн мэдээллийг хүргүүлж байна” гэх албан бичиг” /хх-ийн 42 тал/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 44-46, 47-52 тал/,

 

Шүүгдэгч А.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд ялагдагчаар мэдүүлсэн: “...Би 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр 16 цагийн үед эхнэр А.А, дүү А.М нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 1-р хороололд очоод, өргөж авах гэж байгаа охиныхоо эцэг эхтэй нь уулзчихаад хорооллын замаар гандан руу чиглээд өөрийн 29-** УНЗ улсын дугаартай Приүс-30 маркийн тээврийн хэрэгслээр явж байсан юм. Тэгээд Тунбааш дэлгүүрийн орчимд 3-р эгнээнд явж байхад гэнэт настай ах гараад ирсэн бөгөөд би арай гэж машинаа 3-4 удаа тормосоо гишгэж байж зогссон, учир нь тухайн өдөр гулгаатай, байсан учраас хурд багатай явж байсан болохоор 1 метр орчмын зайтай зогсоод сигналаа дарахад тэр ах машины жолооч талын хаалганы хажууд ирээд машины цонх руу цохиод байхаар нь би буугаад нэг удаа цохисон юм, тэгэхэд манай дүү гарч ирээд би машинаа бариад цаашаа явсан. Ямар нэгэн байдлаар хэрүүл маргаан хийсэн асуудал байхгүй. Надад өөр цагдаагийн газар хэлтэст шалгагдаж байгаа асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 59-61 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний буруутай үйлдлийн улмаас энэ ахад гэмтэл учирсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн нэхэмжилж байгаа 1.000.000 төгрөгийг төлнө...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт нотлогдон тогтоогджээ.  

 

Мөн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон А.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68 тал/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 69 тал/, гэрлэлт бүртгэлийн талаарх лавлагаа /хх-ийн 70 тал/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 71 тал/, хуулийн этгээдийн бүртгэлгүй талаах лавлагаа /хх-ийн 72 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 73 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                    

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч А.Э гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хэргийн 24-26 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч А.Э нь хохирогч Б.Д цохиж зодсон гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотойгоор хохирогч Б.Даваачулууны биед “зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд өнгөц шарх” гэмтэл учирсан, энэ гэмтэл нь хэргийн 32-33 дахь талд авагдсан шинжээч эмчийн 1141 дугаартай дүгнэлтээр хөнгөн гэмтэл болох нь нотлогдсон байна.

 

Мөн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан тул шинжээч эмчийн 1141 дугаар дүгнэлт үндэслэлтэй, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

 

Шүүгдэгч А.Э нь хохирогч Б.Д цохиход түүнд хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсч үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч А.Э нь 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Т” дэлгүүрийн урд талын зам дээр хохирогч Б.Д гарцаар удаан гарлаа гэх шалтгаанаар гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Д эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь 2021 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 1141 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

 

Хавтас хэргийн 34-35 дахь талд хохирогч Б.Д Лазер Мед эмнэлэгт үзүүлсэн компьютер томографын шинжилгээ, зураг авагдсан байх боловч хохирогчоос нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт 1 сая төгрөг нэхэмжилж оролцсон ба шүүгдэгч нь 1 сая төгрөгийг 3 хуваан төлөхөөр тохиролцож байгаагаа илэрхийлсэн болно.

 

Иймд хохирогч Б.Д нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол нөхөн төлөгдөөгүй тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

 

Шүүгдэгч А.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна.

 

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

 

Иймд шүүгдэгч А.Э нь оногдуулсан торгох ялыг хуулинд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэх ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.Э өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Төмөржин овогт А.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Э мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг Компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч А.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Даваачулууны нэхэмжилсэн 1.000.000 төгрөгийг 3 хувааж төлөхөө илэрхийлсэн болохыг тус тус дурдсугай.

 

5. Хохирогч Б.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Э авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА