Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 561

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Гт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Энхбат,

шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Ч.Отгонбаатар,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Ч.Отгонбаатарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Гт холбогдох 1708008800120 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Дүйнхэр тэргүүн овогт Б-н Г, 1978 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Архангай аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, /Архангай аймгийн ........................ оршин суух бүртгэлтэй/, Сонгинохайрхан дүүргийн ........................ тоотод оршин суух хаягтай, /регистрийн дугаар: ......................../,

- Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2000 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- мөн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 149 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 13.303.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар өршөөн хэлтрүүлсэн,

- мөн шүүхийн 2011 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар  хорих ял шийтгүүлж, 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдаж байсан.

Б.Г нь 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их нарангийн 1-7 тоотод оршин суух иргэн С.Аын монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч “Эм Эм Би Си” олон сувгийн антен, “Самсунг” загварын гар утас, зэс аяга, эмэгтэй савхин хүрэм, хонины мах, монгол гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Дүйнхэр тэргүүн овогт Б-н Гыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Гын 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Гт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гын урьдчилан хоригдсон 2 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Гын өмгөөлөгч Ч.Отгонбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Г 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Амаржаргалын бусад нэхээд байгаа зүйлсийг би аваагүй, намайг очиход тэдний гэрийн хаалга онгорхой байсан. Надаас өмнө хулгай орсон гэж бодож байна” гэжээ. Хавтаст хэрэгт байгаа 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хэргийн газрын үзлэгт “...гэрийн урд хэсэгт 95 см урт төмөр байсан, хураан авсан” талаар бичигдсэн. Гэтэл энэ төмөр хэрэгт ач холбогдолтой гэж хураан авсан боловч тухайн төмрөөс хурууны хээний дээж авалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлийн 3.8 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчсөн. Хохирогч С.Аын гэрээс алдагдсан “Самсунг” загварын гар утас, савхин хүрэм, хонины мах, гутал зэрэг эд зүйлсийг яллагдагч Б.Г аваагүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсээр байтал энэ талаар шалгаж тогтоовол зохих ажиллагааг хийгээгүй. 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн шар шуудайтай эд зүйлд нэгжлэг хийсэн тэмдэглэлд “Эм Эм Би Си” сансарын хүлээн авагч, антен, удирдлага, зэс аяга байв” гэжээ. Гэтэл шүүх шүүгдэгч Б.Гыг “Самсунг” загварын гар утас, савхин хүрэм, гутал зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэм буруутайд тооцсон үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Г зэс аяга миний өөрийн аяга гэж мэдүүлсэн байхад тухайн аяганд үзлэг хийж, содон шинжийг нь тодруулаагүй, энэ талаар хохирогчоос мэдүүлэг аваагүй. Шүүгдэгч Б.Г тархины үлдэц, тархины судасны хатуурал, тархины үйл ажиллагааны алдагдал гэсэн оноштой сэтгэл мэдрэлийн эмчийн хяналтад байх шаардлагатай гэсэн оноштой ба сэтгэц эмгэг, эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хэрэг хариуцах чадвартай, чадваргүй эсэх нь эргэлзээтэй байхад мөрдөн байцаалтын үед уг өвчин, зан байдлын шинж, явц ямар байсныг тогтоон сэтгэц эмгэг судлалын шинжилгээг хийлгээгүй. Шүүгдэгчийн сэтгэцийн байдлыг тодруулаагүй байхад ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны дагуу, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Өмгөөлөгчийн хэлж байгаагаар шүүгдэгч Б.Гыг гэрт ороход унь доошоо унасан байсан, хаалга онгорхой байсан гэж хэлж байна. “Б.Г бид 2 хамт гэрт нь орсон. Гэрийн хаалга цоожтой байсан. Би явлаа гэж хэлээд гархад шүүгдэгч Б.Г 00-д суугаад үлдсэн” гэж хэлсэн гэрч Идэртуяагийн өгсөн мэдүүлэг байдаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Г нь “Гэрийн хаалгыг эвдэж ороогүй, хаалга нь онгорхой байхаар нь өөрийнхөө аяганд ус уух гэж орсон,... ороод нэг зэс аяга, зурагтын “Ди Ди Иш” төхөөрөмж, антен зэргийг хулгайлж авсан, ...С.Аын бусад нэхээд байгаа зүйлүүдийг бол би аваагүй” гэж, /хавтаст хэргийн 70-71 дүгээр хуудас/,

түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар: “...Хохирогч С.Аын гэрээс алдагдсан “Самсунг” загварын гар утас, савхин хүрэм, хонины мах, гутал зэрэг эд зүйлсийг яллагдагч Б.Г аваагүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсээр байтал энэ талаар шалгаж тогтоовол зохих ажиллагааг хийгээгүй. ...шүүх түүнийг гэм буруутайд тооцсон үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж тус тус гэм буруугийн асуудлаар анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд мэтгэлцэж, энэ асуудлаар ч мөн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд мөн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай асуудлыг хуульчилжээ. Өөрөөр хэлбэл, “Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” гэх ойлголтод гэмт хэргийн үйл баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоосныг хүлээн зөвшөөрөх, гэм буруутай этгээдийн үйлдэлд прокурор, шүүхээс хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг зүйлчилснийг хүлээн зөвшөөрөх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол хор уршгийг хүлээн зөвшөөрч, төлөх гэсэн хууль зүйн ойлголтуудыг бүгдийг хамруулан ойлгож тайлбарлахаар байна.

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн үйл баримтыг хүлээн зөвшөөрөхгүй “Гэрийн хаалга онгорхой байсан, намайг орохоос өмнө өөр хүн эд зүйл хулгайлсан, ...хохирогчоос алдагдсан эд зүйлсийн заримыг аваагүй” гэх байдлаар гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй маргаж мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдаанд мэдүүлэг өгсөн байхад анхан шатны шүүхээс түүнийг “иргэн С.Аын хүн байнга амьдрах орон байр болох монгол гэрийн хаалгыг эвдэн нэвтэрч “Эм Эм Би Си” олон сувгийн антен, “Самсунг” загварын гар утас, зэс аяга, эмэгтэй савхин хүрэм, хонины мах, монгол гутал зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан” гэж дүгнэн, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 325 дугаар шийтгэх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 325 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Гт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол Б.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД                                                       Д.МЯГМАРЖАВ

                                                                                       Ц. ОЧ