Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 131

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А” ХХК

Хариуцагч: АМГТГКХД 

Нэхэмжлэлийн шаардлага: “АМГТГКХД ын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “А” ХХК нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Алтангадас нэртэй газарт 368.53 гектар талбай бүхий XV-01дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Манай компани нэг гишүүнтэй бөгөөд захирал Б.Т миний бие тусгай зөвшөөрлийнхөө жилийн төлбөрийг хуулийн дагуу 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч мөн оны 05 дугаар сарын 22-ны гадаад улс руу ажлаар явж 05 дугаар сарын 25-ны өдөр Монгол Улсад ирсэн боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл ажлаа хийж гүйцэтгэх бүрэн боломжгүй болсон. Бие дээрдсэн даруйд банк орж хуулийн дагуу ээлжит жилийн үндсэн төлбөр болон алдангийн хамт бүрэн төлсөн бөгөөд энэ тухайгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст албан бичгээр 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүсэлт гарган холбогдох баримтуудыг хавсарган хүргүүлсэн боловч 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 7/8667 дугаар албан бичгээр манай компанийн тусгай зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрээр цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3-д заасантай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь бид өөрсдийн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтын хамт хуульд заасан хугацаанд багтааж төлбөрөө хийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хадгалахыг хүсч хүсэлтээ гаргасаар байтал ийнхүү 2 сар гаруй хугацааны дараа нөхцөл байдал өөрчлөгдсөн /төлбөрөө алдангийн хамт төлсөн/ байхад уг үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь хуулийг илт буруугаар хэрэгжүүлсэн гэж үзэж байна. Өрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрсэн бол мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж зааснаас үзэхэд эдгээр хугацааг ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд дээрх заалтуудын дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, харин хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хугацааг хэтрүүлсэн тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасан заалтаас маш тодорхой харагдаж байна. Энэхүү хуулийн дагуу манай компанийн зүгээс хугацаа хэтрүүлэх болсон шалтгаанаа тодорхойлж нотлох баримтуудаа хавсарган ээлжит жилийн төлбөрөө төлсөн байхад түүнийг анхаарч үзэлгүйгээр дээрх шийдвэрийг шууд гаргасан нь үндэслэлгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн. Уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсан боловч хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн хариу өгсөн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иймд АМГТГКХД ын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч АМГТГКХД  Д.Дашзэвэг шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Алтангадас нэртэй 368.53 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын XV-01дугаар тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1128 дугаар шийдвэрээр “Алтай тур” ХХК-д олгосон. Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 779 дүгээр шийдвэрээр хайгуулын XV-01дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг 2011 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгаж, тусгай зөвшөөрлийн бүртгэл болон хавсралтад тэмдэглэгээ хийсэн. Нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд хугацаа сунгуулах өргөдөл гаргаагүй тул 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ашигт малтмалын хайгуулын XV-01дугаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон. Гэвч “А” ХХК эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 703 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-01дугаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.17, 11.1.18 дахь заалт, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсгийг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 191 дүгээр шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-01дугаар тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийг хүчингүй болгож, уг тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсгийг үндэслэн хайгуулын XV-01дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 496 дугаар шийдвэрээр хайгуулын XV-01дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг Кадастрын хэлтсийн даргын 25-ны өдрөөс тооцож 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал хугацаагаар сунгахаар шийдвэрлэж 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 7/6061 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч компанид мэдэгдсэн. Уг мэдэгдлийг компанийн ажилтан Т.Гүнжинлхамд биечлэн гардуулсан. Дээрх хоёр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн бүртгэлд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэнтэй холбогдуулан тусгай зөвшөөрлийн анх олгосон огноо өөрчлөгдөж жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны өдрийн дотор ээлжит жилийн төлбөрийг төлж байхыг мэдэгдсэн. Нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ашигт малтмалын хайгуулын XV-01дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрт 890000 төгрөг тушаасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 64.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэсэн заалтыг зөрчсөн болно. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасны төлбөр төлөх мэдэгдлийг 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7/3261 дүгээр албан бичгээр нэхэмжлэгчид хүргүүлсэн. Мэдэгдлийг хүлээн авсан дариуд мөн хуулийн 56.3-д “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэсэн заалтын хүрээнд хандаагүй. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 577 дугаар шийдвэрээр хайгуулын XV-01дугаар тусгай зөвшөөрлийг цуцалж 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 7/5667 дугаар албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Тус хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын XV-01дугаар тусгай зөвшөөрлийн талбай нь төрийн мэдлийн талбай тул “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “А” ХХК-иас АМГТГКХД д холбогдуулан гаргасан “АМГТГКХД ын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын (хуучин нэрээр) 2008 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 1128 дугаар шийдвэрээр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг Алтангадас нэртэй 368.53 гектар бүхий талбайд ашигт малтмалын хайгуулын XV-01дугаар тусгай зөвшөөрлийг “Алтай тур” ХХК-д  олгосон байна. 

Үүний дараа Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 703 дугаар шийдвэрийг үндэслэн АМГТГКХД ын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 191 дүгээр шийдвэрээр “А” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-01дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, мөн хэлтсийн даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 496 дугаар шийдвэрээр  дээрх тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн тооцож, 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.” гэж зааснаар “А” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс өмнө төлөх үүрэгтэй байжээ. 

Нэхэмжлэгч дээрх хугацааны дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй учир Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана.” гэж зааснаар АМГТГКХД ын 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 7/3261 дүгээр албан бичгээр “... ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдах нөхцөл байдал бүрдсэн тухай” мэдэгдлийг “А” ХХК-д хүргүүлсэн байна.

 Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.” гэж тус тус заажээ. 

Гэтэл “А” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлж  хуулийн дээрх заалтад заасан хугацаа хэтэрсэн хоног тутамд алданги төлөх 30 хоногийг хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

АМГТГКХД ын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрээр  “А” ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-01дугаар тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална:”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй;” гэж тус тус заасантай нийцжээ. 

Хэдийгээр нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Б.Т нь эрүүл мэндийн шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хугацаагаа хэтрүүлсэн, гадаад улсад зорчсон гэж маргадаг боловч үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй байна.

Учир нь тусгай зөвшөөрөл эзэмшигч ээлжит жилийн төлбөрөө Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд багтаан бүрэн төлөх үүрэгтэй юм. Хэрэгт авагдсан гадаад паспортын хуулбар болон эмнэлгийн магадлагаа  зэргээс үзвэл “А” ХХК-ийн захирал  Б.Т нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс мөн сарын 25-ны өдрүүдэд гадаад улсад зорчсон, 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс мөн сарын 31-ний өдрүүдэд өвчтэй байсан талаар дурдсан байх боловч нэхэмжлэгч  нь дээрх хугацаанаас өмнө төлбөрөө төлөх бүрэн боломжтой байжээ. 

Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн “АМГТГКХД ын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Захиргааны   хэрэг   шүүхэд   хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  106  дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “А” ХХК-иас АМГТГКХД д холбогдуулан гаргасан “АМГТГКХД ын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 577 дугаар шийдвэрийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Н.ДАМДИНСҮРЭН