Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн

2023 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2023/0154

 

 

 

                                                        С.Нын нэхэмжлэлтэй

                                                   захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл,

Илтгэгч: Шүүгч Н.Долгорсүрэн,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч С.Н,

Нэхэмжлэгч: С.Н,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Гуравдагч этгээд: Ө.Ц,

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн 3 дахь хэсгийн С.Нод холбогдох хэсгийг болон уг захирамжийн хавсралтын 47-д заасан С.Н болон 48-д заасан Ө.Ц нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 958 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.М, гуравдагч этгээд Ө.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.О нар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна,

Хэргийн индекс: 128/2019/0081/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Н нь Нийслэлийн Засаг даргад холбогдууланНийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн 3 дахь хэсгийн С.Нод холбогдох хэсгийг болон уг захирамжийн хавсралтын 47-д заасан С.Н болон 48-д заасан Ө.Ц нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 958 дугаар шийдвэрийн: 1 дэх заалтаар: “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн Захирамжлах хэсгийн 3 дахь заалтын С.Нод холбогдох хэсэг, мөн уг захирамжийн хавсралтын 47-д заасан С.Н болон 48-д заасан Ө.Ц нарт холбогдох хэсгийг дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж”,

2 дахь заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан хариуцагчаас шинжээчийн зардалд 1391185 төгрөгийг гаргуулан шинжээч Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газар /РД:***, төрийн сангийн *** данс/-т төлүүлж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ. 

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч С.Н дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд: “...

            3.1. Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... нэхэмжлэгч С.Н нь маргаан бүхий газар дээр байрлах үл хөдлөх хөрөнгөө бүхлээр нь Р.Эд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Хэдийгээр шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр тус үл хөдлөх эд хөрөнгө нь суурийн хэмжээгээр 254 м.кв талбайтай гэж тогтоогдсон боловч талбайн хэмжээ өөрчлөгдөх нь гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй” гэсэн зөрчилтэй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Учир нь дээрх барилгын суурь нь 254 м.кв хэмжээтэй ба зоорийн давхар бүхий, газраас дээш 2 давхар дутуу баригдсан барилга бөгөөд нийт талбай нь багадаа 500 м.кв-аас илүү (нэхэмжлэгч тал барилгыг нийт 596 м.кв хэмжээтэй гэж баримт, тайлбар гаргадаг) байна. Өөрөөр хэлбэл, хожим гуравдагч этгээд Ө.Цгийн нэр дээр бүртгэгдсэн гэх 212 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн барилгын дотор байрлах багахан хэсэг нь болно. Тиймээс “С.Н нь үл хөдлөх хөрөнгөө бүхлээр нь Р.Эд шилжүүлсэн” гэдэг нь үндэслэлгүй бөгөөд бодит байдал дээр С.Н нь өөрийн барьсан барилга дотор байх зарим талбайг л бусдад бэлэглэсэн болно. Түүнчлэн Ө.Цгийн үл хөдлөх өмчлөх эрхийг одоогоор хэн ч үгүйсгээгүй, гагцхүү барилгын доторх зарим хэсгийг өмчлөх эрхтэй этгээдийг шүүхээс барилгыг бүхэлд нь өмчлөх эрхтэй мэтээр дүгнэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн бөгөөд түүн дээр үндэслэж дараагийн алдаатай дүгнэлтүүдийг хийсэн гэж үзэхээр байна.

3.2. Мөн Үндэслэх хэсэгт “... хариуцагч Нийслэлийн Засаг даргаас 2008 оны 181 дүгээр захирамжаар бусдын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газарт давхцуулан нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон” гэж нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, өмнө хийсэн худал үнэлэлт дээр үндэслэн, талуудын маргаагүй, өөр захиргааны актад дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийх, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг ноцтой зөрчсөн.

3.3. Түүнчлэн Үндэслэх хэсгийн “... Ийнхүү хариуцагчаас Газрын тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгоогүй тул маргаан бүхий захирамж нь хууль бус болох нь тогтоогдож байна ... маргаан бүхий газар дээр нэгэнт бусдын өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байгаа энэ тохиолдолд гуравдагч этгээдэд үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлснийг буруутгах боломжгүй” гэсэн нь зөрчилтэй. Учир нь маргаан бүхий акт хууль бус бол түүнийг хүчингүй болгох үндэслэлтэй атал “зөрчилтэй актыг буруутгах боломжгүй” гэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий, ойлгомжтой, салаа утгагүй, биелэх боломжтой байх нөхцөлийг хангаагүй байна.

3.4. Мөн Үндэслэх хэсгийн “... Засаг даргаас 2008 онд С.Б, Ө.Б нарын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрлаж байсан газарт давхцуулан нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон байх тул нэгэнт хууль ёсоор үүсээгүй нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шүүхээс хамгаалах боломжгүй” гэснийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгчид газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн эсэхийг захиргааны байгууллага эхлээд өөрөө тогтоох бөгөөд харин маргаан үүссэн тохиолдолд шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэх ёстой атал анхан шатны шүүх урьдчилсан байдлаар дээрх дүгнэлтийг хийсэн нь хууль бус.

3.5. Үндэслэх хэсгийн “... Ийнхүү гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй байх боловч үл хөдлөх эд хөрөнгийн орчны газар хэмээн нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас 150.2 м.кв газрыг хасаж, гуравдагч этгээдэд эзэмшүүлэхдээ орц, гарцыг хэрхэн, хаагуур төлөвлөсний үндсэн дээр шийдвэр гаргасан үндэслэл тодорхойгүй, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй, хариуцагч хээрийн болон суурин судалгаа хийгээгүйн улмаас ... 363 м.кв газар бодит байдалд нийцэх эсэх нөхцөл байдлыг шүүхээс тогтоох боломжгүй” гэсэн нь өмнөх дүгнэлтүүдтэйгээ зөрчилтэй. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэгчийг газар эзэмших эрхтэй эсэх, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд нэгдсэн дүгнэлт хийж чадаагүй.

3.6.Хариуцагч нь гуравдагч этгээдэд газар эзэмших эрхийг олгохдоо олгож байгаа газрын болон түүн дээр байгаа үл хөдлөх хөрөнгийн ямар ч кадастрын зураггүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус бөгөөд энэ үндэслэлийг нэхэмжлэгч тал тайлбарлан маргадаг бөгөөд анхан шатны шүүх уг асуудал дээр ямар нэгэн эрх зүйн дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна.

3.7. Дээрх байдлаар анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй байна.

            4.1. С.Н нь Газрын харилцаа, зураг зүйн газрын Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт өргөдөл гарган 1 дүгээр давхар нь 126.8 м.кв талбай, 2 дугаар давхар нь 86 м.кв талбайтай нийт 212.8 м.кв, С.Н надаас өөр өмчлөгч байхгүй гэсэн баримтын дагуу анх 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2206005402 дугаарт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж *** тоот хаягт байрлах 212.8 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг бүртгэн өмчлөх эрхийн гэрчилгээг С.Нод олгосон. С.Нын уг үл хөдлөх хөрөнгө 2006 оны 03 дугаар сарын 29-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр Р.Эд, 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр Р.Эээс Р.Эд, 2006 оны 06 дугаар сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Р.Эгаас Р.Эд, 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Р.Эээс “Б К” ББСБ-д, 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр “Б К ББСБ”-иас Ө.Б, С.Б нарт, 2008 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хамтран өмчлөгч өөрчлөгдөх Ө.Б өмчлөгчөөр үлдсэн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Ө.Бгээс Ө.Цгийн өмчлөлд тус тус шилжин бүртгэгдсэн. Энэ хугацаанд эрхийн улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээ өөрчлөгдсөн бүртгэл огт бүртгэгдээгүй болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6/10367 дугаартай “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариу хүргүүлэх тухай” албан бичигт тодорхой дурдсан.

4.2. С.Н нь гомдолдоо маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 594 м.кв талбайтай байсан мэтээр илтэд үндэслэлгүй худал тайлбар гаргаж байсан төдийгүй иргэн С.Нын зоорийн давхрын хамт 3 давхар 594 м.кв үйлчилгээний зориулалттай барилгад хийсэн үнэлгээний тайлан “И Б” ХХК 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нийт 361,039.712 төгрөг гэх 1 хуудас хавсаргасан байдгаа нотлох баримт мэтээр тайлбарлан дурджээ. Гэтэл уг үнэлгээний тайланд үнэлгээ хийсэн талаар өөр ямар нэг баримт байхгүй байдаг тул нотлох баримт гэж үнэлэх боломжгүй учраас шүүх үнэлж дүгнээгүй.

4.3. Нэхэмжлэгч С.Н, түүний эхнэр У.О нар 594 м.кв үйлчилгээний барилгын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ байхгүй гэдгээ шүүх хуралд тайлбарладаг. Мөн уг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг давхардуулан авахаар удаа дараа Улсын бүртгэлийн албанд хандаж байсан нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын дарга бөгөөд эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2007 оны 05 дугаар сарын 15-ны дөрийн 60 дугаартай “Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206004737 дугаарыг хүчингүй болгон, хувийн хэрэг, бүртгэлийг хааж, нотлох баримтыг эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005402 дугаарт авах тухай” гэх тушаалд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны *** тоот хаягт байрлах 126.8 мкв талбайтай хэсэг нь улсын бүртгэлийн Ү-2206004737 дугаарт иргэн Н.Нын 212.8 м.кв талбайтай буюу бүхлээрээ эрхийн улсын бүртгэлийн Ү-2206005402 дугаарт иргэн Р.Эийн өмчлөлд давхар бүртгэлтэй байна. Иргэн Р.Эийн бүхлээр нь өмчлөх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн иргэн Н.Н, Р.Э, С.Н нарын өргөдлөөр нотлогдож байх тул улсын бүртгэлийн Ү-2206004737 дугаарыг хүчингүй болгон Н.Нд олгосон өмчлөх эрхийн 000214385 тоот гэрчилгээг хүчингүй болгосон байдгийг баримт нотолно.

Түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 03 дугаар сарын 16-ны 1/2601 дугаартай “Иргэн С.Н танаа” гэх албан бичигт “Иргэн С.Н, Н.Нт, Р.Э нар нь эрхийн улсын бүртгэлийн Y-2206004737 дугаарт бүртгэгдсэн 126.8 м.кв талбайтай 1 давхар барилга нь Ү-2206005402 дугаарт бүртгэлтэй 212.8 м.кв 2 давхрын барилгатай давхардан бүртгэл хийгдсэн гэдгийг мэдэж байсан байна. Цахим мэдээллийн сангаас шүүхэд иргэн Н.Н нь 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүчингүй болсон өмчлөх эрхийн 000214385 тоот гэрчилгээг үрэгдүүлсэн гэсэн баримт бүрдүүлэн, мэдүүлэг гарган гэрчилгээ дахин авах оролдлого хийж байсан байна. Иймд дээр дурдсан баримтуудаар С.Нод 594 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө огт байгаагүй нь батлагдан тогтоогддог бөгөөд 212.8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг салгаж, тасалж өгсөн гэдэг гомдол нь илтэд худал болох нь тогтоогдож байгааг анхаарч үзнэ үү.

4.4. Гомдолд “Шүүх зөрчилтэй дүгнэлтүүд хийж, хэргийг түдгэлзүүлсэнд гомдолтой байгааг дурдсаныг зөвшөөрөхгүй. Учир нь шүүх маргаан бүхий акт хууль бус болох нь тогтоогдсон ч, өөр бусад үндэслэлээр хууль ёсны байж болохуйц (маргаан бүхий газар дээр бусдын өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгө байрлаж байгаа) нөхцөл байдал бий болсон гэж үзэхээр байх тул “Шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” заалтын дагуу маргаан бүхий актын холбогдох хэсгийг дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдсэн нь хууль зөрчөөгүй.

4.5. Мөн хариуцагчаас шийдвэр гаргахдаа гуравдагч этгээдийн өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгө нийт хэдэн м.кв газарт байрлаж байгаа, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн орц, гарцыг шийдвэрлэхэд нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газраас зайлшгүй олгох ямар шаардлага үүсэхийг нарийвчлан тогтоож шийдвэр гаргах нь зүйтэй хэмээн дүгнэн Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны А/1111 дугаартай захирамжийн захирамжлах хэсгийн 3 дахь заалтын С.Нод холбогдох хэсэг, мөн захирамжийн Хавсралтын 47-д заасан С.Н болон 4-д заасан Ө.Ц нарт холбогдох хэсгийг дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гарсан.

4.6. С.Н нь маргаан бүхий газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг анх 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр авахдаа материалыг дутуу бүрдүүлэн газрын болон үл хөдлөх эд хөрөнгө байрлах газрын кадастрын зургийг огт хийлгүйгээр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан нь өнөөдрийг хүртэл үргэлжилж буй маргааны эх үүсвэр болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

4.7. С.Н нь газар эзэмших эрхийн гэрчилгээг аваад 2008 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулан газрын төлбөрт улирал тутам 133,100 төгрөг төлөхөөр тогтсон байдаг атал 15 жилийн хугацаанд газрын төлбөр төлөөгүй, газар эзэмшигчийн хувьд хүлээсэн үүргээ биелүүлээгүй хууль зөрчсөн. Гэтэл эзэмшил газраасаа иргэн С.Дт 90 сая төгрөгөөр, “Т Ө” ХХК-ийн захирал н.Б-Өд газар өгөхөөр урьдчилгаа 50 сая төгрөг авч нийт 140 сая төгрөгийн ашиг олсон нь тогтоогддог боловч өнөөгийн байдлаар өөрийгөө хохирч яваа хэмээн гомдоллодог. Хэргийн баримтаас бүрэн баригдаж ашиглагдаж байсан 212.8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө балгас болсныг дутуу баригдсан барилга гэж дүгнэхэд хүргэсэн байдаг. Бид 2007 онд 55 сая төгрөгт авсан энэ үл хөдлөх эд хөрөнгөө 15 жил ашиглаж чадахгүй балгас буюу дутуу баригдсан барилга гэж дүгнэх хүртэл хохирч явна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж 958 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх Газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хуулийн зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэргийн шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхилоо. Үүнд:

            3.1. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн нэр шилжүүлэх тухай” 181 дүгээр захирамжаар “... “О Т” ХХК-ийн эзэмшил бүхий 3010 м.кв газраас 1210 м.кв газрын эзэмших эрхийг С.Нод шилжүүлсэн”, Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжаар “... нэхэмжлэгч С.Нын Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах 1210 м.кв газраас 846 м.кв газрыг С.Нод үлдээж, 363 м.кв газрыг гуравдагч этгээд Ө.Цд эзэмшүүлэхээр шийдвэрлэж, 181 дүгээр захирамжийг хүчингүй болгосон” байна.

            3.2. Нэхэмжлэгч С.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн 3 дахь хэсгийн С.Нод холбогдох хэсгийг болон уг захирамжийн хавсралтын 47-д заасан С.Н болон 48-д заасан Ө.Ц нарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байгаа, анхан шатны шүүх “... маргаан бүхий газрыг шилжүүлсэн ямар нэг шүүхийн шийдвэр байхгүй атал хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тодруулга авч, түүнд үндэслэн шийдвэр гаргасан нь буруу, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй, маргаан бүхий актад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг заагаагүй, энэ үндэслэл бүрдсэн эсэхийг тогтоогоогүй, нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газраас хасаж, гуравдагч этгээдэд эзэмшүүлэхдээ орц, гарцыг хэрхэн, хаагуур төлөвлөж шийдвэр гаргасан нь тодорхойгүй, хээрийн болон суурин судалгаа хийгээгүй, үл хөдлөх эд хөрөнгө 254 м.кв газарт байрлаж байгаа энэ тохиолдолд 363 м.кв газар бодит байдалд нийцэх эсэх нөхцөл байдлыг шүүхээс тогтоох боломжгүй, эдгээр нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэх зэргээр дүгнээд маргаан бүхий актын холбогдох хэсгийг дахин шинээр захиргааны акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь холбогдох хуулийг зөрчөөгүй байна.

            3.3. Тодруулбал, С.Н Нийслэлийн Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 181 дүгээр захирамжаар 1210 м.кв талбай бүхий газрыг эзэмшихээс өмнө тус газар дээр 212,8 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө барьж, 2003 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 2206005402 дугаарт бүртгүүлж, 000092136 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээ авсан, үүнээс хойш тус үл хөдлөх эд хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, өөрчлөөгүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 6/10367 дугаартай лавлагаа, хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдож байна.

3.4. С.Н тус үл хөдлөх эд хөрөнгөө 2006 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр Р.Эд шилжүүлсэн, улмаар Р.Эээс “Б” ХХК-д, “Б” ХХК-иас С.Б, Ө.Б нарт, Б.Бгээс Ө.Цд тус тус шилжүүлсэн, Ө.Ц нь эцсийн байдлаар уг үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдсэн байх бөгөөд эдгээр үйл баримтыг талууд үгүйсгэж маргаагүй.

3.5. Харин нэхэмжлэгч “... Ө.Цгийн үл хөдлөх өмчлөх эрхийг одоогоор хэн ч үгүйсгээгүй, харин үл хөдлөх хөрөнгийг бүхлээр нь бус өөрийн барьсан барилга дотор байх зарим талбайг л Р.Эд бэлэглэсэн, Ө.Цгийн нэр дээр бүртгэсэн гэх 212 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө нь барьсан барилга доторх багахан хэсэг” гэж тайлбарлах боловч дээрх байдлаар уг үл хөдлөх хөрөнгө нь 500 м.кв-аас илүү талбайтай болох нь баримтаар тогтоогдохгүй, тодруулбал, нэхэмжлэгч холбогдох хууль, журмын дагуу үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг өөрчлөн нэмэгдүүлж эрх бүхий байгууллагад бүртгүүлж 212 м.кв талбайгаас илүү талбайтай үл хөдлөх хөрөнгө эзэмшиж, өмчилдөг болохоо нотолж чадахгүй байна.

3.6. Нэхэмжлэгч 2006 онд буюу 2008 онд тухайн газрыг 181 дүгээр захирамжаар эзэмшихээс өмнө үл хөдлөх хөрөнгөө Р.Эд /Ө.Цд/ шилжүүлсэн, Ө.Цгийн “тус үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмших” хүсэлтийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга шийдвэрлэхдээ Нийслэлийн шүүхийн шийдвэрт гүйцэтгэх газрын 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1/8656 дугаар “... төлбөр төлөгч С.Нын эзэмшлийн газрын захиран зарцуулах эрхийг сэргээх хууль зүйн үндэслэлгүй тул иргэн Ө.Цд түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн суурийн хэмжээгээр газрыг олгох нь зүйтэй” гэх албан бичгийг үндэслээд холбогдох асуудлуудыг бүрэн тодруулалгүй шууд С.Нын эзэмшиж байсан газраас хасч Ө.Цд газар эзэмших эрхийг олгосноос уг маргаан үүсжээ.

3.7. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хэрхэн шилжүүлэх талаар нарийвчлан заасан, С.Н, Ө.Ц нараас газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлт, холбогдох баримтыг гаргаагүй байна. Мөн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдлуудыг тодорхой заасан бөгөөд хариуцагч маргаан бүхий А/1111 дүгээр захирамжаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон 181 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцож, Ө.Цд газар эзэмшүүлэхдээ чухам ямар хуулийн зохицуулалтын дагуу газар эзэмшүүлсэн нь тодорхойгүй, маргаан бүхий актад энэ талаар тодорхой тусгаагүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэв С.Нын эзэмшлийн тодорхой хэмжээний газрыг Ө.Цд шилжүүлэхээр бол Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан ажиллагааг хийх, харин С.Нын тодорхой хэсгийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохоор бол хуульд заасан ямар үндэслэлээр хүчингүй болгох талаар захирамжид тодорхой тусгах ёстой.

3.8. Хэргийн оролцогчдоос нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн 181 дүгээр захирамжтай холбогдуулж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж маргаагүй, нэхэмжлэгчийн “... нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж, маргаагүй, өөр актад дүгнэлт хийсэн” гэх гомдлыг шууд үгүйсгэх боломжгүй ч уг маргааны хувьд нэн түрүүнд үл хөдлөх хөрөнгийн доорх газар эзэмших эрх эхэлж хэнд хэрхэн үүссэнийг шалгах зайлшгүй шаардлагатай, түүнчлэн шүүх 181 дүгээр захирамжийг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй тул энэ үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

3.9. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ө.Цд газар эзэмшүүлэхдээ С.Ноос Ө.Цд шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгийн доорх газрын бодит талбай хэд болох, С.Н, Ө.Ц нар нь чухам ямар байршилд, ямар хэмжээгээр газар эзэмших эрхтэй болох, хэн нь түрүүлж, ямар хэмжээгээр газар эзэмших эрхтэй болсныг нягталж тогтоогоогүй, С.Нын газраас тасалж Ө.Цд эзэмшүүлснээр С.Нын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг тодруулж, түүнээс холбогдох тайлбарыг аваагүй,  Захиргааны ерөнхий хуульд заасан нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй байна.

3.10. Дээр дурдсан ажиллагааг шүүх зөвтгөж, хариуцагчийн дутуу хийсэн ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд эдгээр нь захиргааны байгууллагын өөрийн чиг үүрэг, эрх хэмжээнд хамаарахаар байх тул маргаан бүхий актын холбогдох хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зөв.

Түүнчлэн шүүх Ө.Цгийн өмчлөлийн 212 м.кв үл хөдлөх хөрөнгө болон түүнд эзэмшүүлсэн 363 м.кв нь С.Нын эзэмшиж байсан 1210 м.кв газрын аль хэсэгт, хэчнээн м.кв талбай газарт байрлаж байгаа, Ө.Цд нэмж олгосон гэх 150 м.кв талбай бүхий гаар нь үл хөдлөх хөрөнгийн орц, гарцад холбоотой эсэх, чухам аль хэсгээр газрын хэмжээг нэмэгдүүлсэн, орц, гарцыг хаана байхаар төлөвлөсөн зэргийг тодруулахаар шинжээч томилсон боловч шинжээчээс “... Ө.Цгийн 363 м.кв газар нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй, кадастрын зураг байхгүй тул давхцуулж дүгнэлт гаргах боломжгүй” гэх байдлаар тодорхой дүгнэлт ирүүлээгүй бөгөөд хэрэгт авагдсан баримтууд, талуудын тайлбараар хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Иймд  хариуцагч дахин шинэ акт гаргах ажиллагаа явуулах үед талууд хэн алин нь байр сууриа илэрхийлж, холбогдох баримтыг гаргаж өгөх эрхтэй бөгөөд асуудлыг ийнхүү шийдвэрлэснээр уг маргааныг даамжруулахгүй, нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой байна.

3.11. Анхан шатны шүүх энэ талаар хангалттай дүгнэж, хэргийг шийдвэрлэсэн, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх шаардлага бий болоогүй байх тул гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

3.12. Харин шүүхийн шийдвэрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн 3 дахь хэсгийн С.Нод холбогдох хэсэг, уг захирамжийн хавсралтын 47-д заасан С.Н болон 48-д заасан Ө.Ц нарт холбогдох хэсэг тус тус хүчингүй болох талаар тусгаагүй байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нгаас “чөлөөтэй байгаа шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтээ илэрхийлж, холбогдох баримтыг хавсаргасан боловч хариуцагчаас давж заалдах гомдол гаргаагүй, мөн бусад итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд оролцох боломжтой байсныг харгалзан үзээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.2-т “Энэ хуулийн 117.1-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд ирээгүй нь давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно. Мөн хүсэлтэд “... итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И нь хурал давхацсан тул оролцох боломжгүй” гэсэн боловч энэ талаарх баримтыг ирүүлээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 958 дугаар шийдвэрийн Тогтоох хэсэгт “2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 6 сарын хугацаанд хариуцагч Нийслэлийн Засаг дарга дахин шинэ акт гаргаагүй бол Нийслэлийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн А/1111 дүгээр захирамжийн 3 дахь хэсгийн С.Нод холбогдох хэсэг, уг захирамжийн хавсралтын 47-д заасан С.Н болон 48-д заасан Ө.Ц нарт холбогдох хэсэг тус тус хүчингүй болохыг дурдсугай.” гэж нэмж, 2 дахь заалтын дугаарыг “3.” гэж өөрчилж, Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Нын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                                                                                          

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                        Б.ТУНГАЛАГСАЙХАН                              

ШҮҮГЧ                                                                    А.САРАНГЭРЭЛ

           ШҮҮГЧ                                                                    Н.ДОЛГОРСҮРЭН