Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/341

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн,

Улсын яллагч С.Цэрэндорж,

Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Д.Г холбогдох эрүүгийн 1805005240343 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, ……оны .. дүгээр сарын ..-ны өдөр …….хотод төрсөн, … настай, ....., …. боловсролтой, ....., ………. ажил хийдэг гэх, ам бүл… ….. хамт …… дүүргийн ….дүгээр хороо ……….. дугаар гудамжны … тоотод оршин суух /РД:***********/, хэрэг хариуцах чадвартай, урьд нь Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр, 2 жил сарын 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж тус хорих ялыг тэнсэж 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан,

 Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 775 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт тус тус зааснаар 50.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 1 capын хугацаагаар хорих ялаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 28 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр, 3 cap 5 хоногийн хугацаагаар баривчлах ялаар,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 501 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялын хугацааг 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Г оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн хорих ялыг нэг хоногоор тооцож 40 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жил 8 сар 10 хоногийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 4 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар тогтоосон, одоо 2 жил 5 сар 09 хоногийн хорих ял эдлээгүй үлдсэн, А овогт Д.Г.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч *** нь 2018 оны 1 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө *** дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн *** гэсэн нэртэй оффисын *** тоотыг түрээслэн ажиллуулдаг хохирогч *** үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч тошиба брэндийн 17 инчийн ай-5 загварын зөөврийн компьютер 1 ширхэг, тошиба брэндийн 17 инчийн ай-3 загварын зөөврийн компьютер 1 ширхэг, Asus брэндийн 15 инчийн ай-5 загварын зөөврийн компьютер 1 ширхэг буюу нийт 3 ширхэг зөөврийн компьютеруудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

2018 оны 1 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн *** гэсэн нэртэй оффисын *** тоотоос хохирогч *** тошиба брэндийн 17 инчийн ай-5 загварын зөөврийн компьютер 1 ширхэг, тошиба брэндийн 17 инчийн ай-3 загварын зөөврийн компьютер 1 ширхэг, Asus брэндийн 15 инчийн ай-5 загварын зөөврийн компьютер 1 ширхэг тус тус алга болсон байна.

Энэ үйл баримтад шүүгдэгч Д.Г гэм буруутай болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан “...Ц.Э Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** ХХК-д хулгай орж 206 тоот өрөөнөөс зөөврийн компьютерууд алдагдсан...” гэх тэмдэглэл, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-ийн 23, 24 тал/,

Хэргийн газар үзлэг хийсэн “...Хэрэг болсон гэх газар нь Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ны ертөнцийн зүгээр баруун талд ногоон өнгийн гурван давхар баруунаас, зүүн чиглэлтэй баруун урд буландаа *** гэсэн хаягтай байгууллагын газар байх ба байгууллагын баруун урд буланд урд зүгт харсан бор өнгийн хүрээтэй шилэн хаалга, түүний баруун талаар автомашин орох зориулалттай төмөр хаалга нээлттэй байдалтай байх ба уг хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хаалгаар дотогш ороход дахин хүрэн өнгийн хүрээтэй шилэн хаалга хаалттай байдалтай, хаалга цоожтой байх бөгөөд хаалганд эвдрэл гэмтэлгүй, хаалгыг дотор талаас хамгаалагч онгойлгож өгөх бөгөөд хаалгаар дотогш ороход үүдний хэсэгт хүлээлгийн бүхий заалтай, заалаар нэвт чигээрээ яваад шатаар давхарт гараад зүүн гар тийш эргэхэд баруун зүүн тийш салсан хоёр хэсэг коридор байх бөгөөд баруун талын коридороор яваад 6 дахь хүрэн өнгийн хаалга буюу 206 гэсэн тоотой өрөө байв.

Өрөөний хаалга цоожтой байх ба хохирогч *** нь хаалганд түлхүүр тааруулсан байна гэснийг тэмдэглэлд тусгаж хаалганы цоож бусад хэсэгт үзлэг хийхэд хаалганд ямар нэгэн гэмтэлгүй байх ба хаалгыг түлхүүрээр онгойлгож дотогш ороход ...өрөөнд нийт 6 ширхэг ширээг эмх цэгцтэй байрлуулж тавьсан байх бөгөөд буйдангийн хажуу талд шаргал өнгийн модон ширээ, түүн дээр “Epson” загварын өнгөт принтер, “Dell” загварын суурин компьютер байрлуулж тавьсан байх бөгөөд уг ширээн дээр байсан зөөврийн компьютер алдагдсан гэсний дагуу уг хэсэгт “0” тоотод тавьж гэрэл зургаар бэхжүүлэн авч, үзлэгийн цааш үргэлжлүүлэхэд ...өрөөний зүүн булан хэсэгт шар өнгийн ширээн дээр “Dell” загварын иж бүрэн суурин компьютер байрлуулж тавьсан, “Samsung” загварын принтер байх бөгөөд, түүний хажуу талд шаргал өнгийн ширээ байх бөгөөд түүнд дээр саарал өнгийн Скайнерийн төхөөрөмж, бичиг цааснууд байх бөгөөд уг ширээн дээр 2 ширхэг нөүтбүүк залгаатай байсан гэснийг тэмдэглэлд тусгаж “1” гэсэн тоо тавьж гэрэл зургаар бэхжүүлэн авав. ...Үзлэгийг цааш үргэлжлүүлэх хэрэгт ач холбогдолтой ул мөр илрүүлэх зорилгоор хар өнгийн нунтаг бодис ашиглан 1 гэж дугаарласан ширээний хажуу талд байсан улаан өнгийн урт залгуурын гадаргуун дээрээс 4 ширхэг гарын мөрийг наалдамхай туузанд бэхжүүлэн авч, криминалистикийн мэргэжилтнээр NIKON D 3100 маркийн гэрэл зургийн аппаратаар хэргийн газраас ерөнхий болон хэсэгчилсэн байдлаар 6 кадр гэрэл зургаар бэхжүүлэн, үзлэгийг дуусгав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25, 26-27 тал/,

Ажил горилогчийн анкет, камерын бичлэгээс авсан гэрэл зураг /хх-ийн 31, 32-33 тал/,

Хохирогч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 1 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө манай байгууллагаас миний утас руу **** гэсэн дугаараас залгаад байгууллага дээр сангийн асуудал гарлаа хүрээд ир гэсэн. Би өглөөний 09 цагт байгууллага дээрээ ирсэн. ...Манаач 4 цагийн үед жоохон унтах зуур дагалдан гэх нөхөр өрөөний түлхүүр аваад миний өрөөнөөс 3 ширхэг нөүтбүүк аваад явсан байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандсан. ...*** ХХК нь геологи хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ба тухайн үед *** ХХК-ний Баянгол *** дүгээр хороонд байрлах *** нэртэй оффисын барилгын *** тоот өрөөг түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг байсан. 2018 оны 1 дүгээр сарын 12-13-ны шилжих шөнө манай ажил ихтэй байж байгаад шөнийн 02-03 цагийн үед ажлаа дуусгаад гарч явахдаа манаач дээрээ оффисынхоо түлхүүрийг үлдээгээд явсан. Намайг түлхүүрээ үлдээхэд манаач нь бас нэг залуутай сууж байсан юм. Тэгээд маргааш нь буюу 13-ны өглөө 10 цаг өнгөрч байхад оффисын менежер А над руу залгаад яаралтай ажил дээрээ хүрээд ир, ирэхээр чинь юу болсон талаар хэлье гэхээр нь би ус алдчихсан юм байхдаа гэж бодоод ажил дээрээ яваад очтол. А урд шөнө ээлжид шинээр дагалдан хийж хоносон манаач ажлын байраа хаяад алга болчихсон байна, 2 өрөөний түлхүүр алга болчихсон байна нэг нь танай түлхүүр байна гэж хэлсэн. Би өөртөө байсан нэг хувь түлхүүрээрээ хаалгаа онгойлгож үзэхэд манай өрөөнөөс Asus брэндийн 1, Toshiba брэндийн 2 ширхэг нийт 3 ширхэг зөөврийн компьютер алдагдсан байсан юм. Хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37, 78 тал/,

Гэрч У.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Баянгол дүүргийн *** дүгээр хороо *** ХХК-д манаачаар 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа ба манайх 3 ээлжээр явдаг. Манай нэг манаач ажлаас гараад манаач ажилд авах болоод өөрийгөө Г гэж танилцуулсан, 24 настай, эрэгтэй хүн манай байгууллагын оффисын ажилтантай зарын дагуу ирж уулзаад ажилд орохоор болоод, оффисын ажилтан А нь намайг дагуулаад байгууллагын танилцуулж, үйл ажиллагаагаа зааварчилж дагалдуулаад хонуулчих гэж хэлсэн. Үүний дагуу би 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 17:00 цагаас 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 09:00 цаг хүртэл дагалдуулж хонуулахаар болсон. Ингээд байгууллага дотор үйл ажиллагаа явуулдаг байгууллагын сүүлийн хүмүүс буюу 206 тоот өрөөний түрээслэгчид шөнийн 02 цаг 40 минут үед гарч яваад харуулын байрны нөөц түлхүүрийн саванд байдаг өрөөнд хийлгэхээр өгөхөөр нь надтай хамт гарч Г түлхүүрийг компанийн ажилтнаас аваад нөөц түлхүүрийн өлгүүрт өлгөсөн. Ингээд би гарч байх хугацаандаа хоорондоо танилцаж ярилцахад би бүтэн өнчин, ахындаа 25 эмийн сангийн орчимд амьдардаг, Говь-Алтай аймагт 2 жилийн хугацаанд харуул хамгаалалтын талаар ажил хийж байсан гэж өөрийгөө хэлж байсан. Би энэ хугацаанд ажлын байрныхаа талаар танилцуулж, зааварчилж байсан. Шөнийн 05 цагийн орчимд би хашаан дотор байрлах объектуудаа эргэх гээд гарч явсан ба Г дотор харуулын байран дээр өөрөө үлдье гээд байхаар нь үлдээсэн. Би гадуур шалгалт хийж яваад 10 орчим минутын дараа эргээд иртэл Г хаана байгаа нь мэдэгдэхгүй, харуул байранд хүн байхгүй, байгууллага эзэнгүй байхаар нь ойр орчмоор хайтал харагдахгүй байсан. Тэгэхээр нь би шантраад явчихаж байгаа юм байх гэж бодоод нээх тоогоогүй ба өглөө 08 цагийн алдад дараагийн ээлждээ ээлж хүлээлцэх болоод нөөц түлхүүрүүдийг шалгаж үзтэл 206 тоот өрөөний түлхүүр байхгүй болчихсон байсан. Ингээд оффисын менежертээ хэлээд *** тоот өрөөг түрээслэгчдийг дуудуулж өрөөний илүү түлхүүрийг авчруулж өрөөг үзэхэд өрөөнд байсан эд зүйлс алга болсон байна гэж хэлсэн. Тухайн үед намайг гаднаас орж ирэхэд нөөц түлхүүрийн хэсэг байнгын онгорхой байдаг ба би өрөөнүүдийн түлхүүрүүд байгаа эсэхийг анзаарч хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай “***” ХХК нь Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах “***” нэртэй оффисын зориулалттай объектыг эзэмшдэг юм. Уг объектын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд гурван ээлжийн манаач ажиллуулдаг байсан. Тухай үед нэг манаач маань нь ажлаасаа гарсан учраас дахин нэг манаач ажилд авахаар болоод манай хүний нөөцийн албанаас ажилд авна гэсэн зар тавьсан. Зарын дагуу 2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Д.Г гэх залуу ирж ажлын ярилцлагад ороод, ажил горилогчийн анкет бөглөж өгсөн. Уг залууг эхний ээлжид 3 өдөр дагалдан хийлгэхээр болоод, тэр өдөр манаачаар ажиллаж байсан Д дагалдуулан үлдээсэн юм. Маргааш өглөө нь буюу 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өглөө ажил дээрээ иртэл манаач Д нөгөө дагалдан хийсэн залуу чинь алга болчихлоо, мөн 206 тоотын нөөцийн түлхүүр алга болчихсон байна гэж хэлсэн. Тэгээд уг 206 тоотыг түрээслэн үйл ажиллагаагаа явуулж байсан компани хүнийг дуудан ирүүлж хаалгыг онгойлгуулахад 3 ширхэг зөөврийн компьютер нь алга болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 80 тал/,

Дамно ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №БГ2-18-527 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нийт 1.530.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 45-46 тал/,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, хийх ажлын төлөвлөгөө, хоригдол шилжүүлэх тухай прокурорын зөвшөөрөл, шилжүүлэх хуудас /хх-ийн 118-120, 123, 124-125, 126-127 тал/,

Хоригдогч хүлээлцсэн акт, ялын тооцооны лавлагаа /хх-ийн 127, 128 тал/,

Шүүгдэгч *** сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн “...2018 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Үнэгүй.мн сайтаас хамгаалагч ажилд авна гэсэн зар хараад зарын дагуу вокзалын зүүн хойно байх *** ХХК-ний оффис дээр нь очиж хүний нөөцтэй нь уулзан ажил горилогчийн анкетыг өөрийн гараар бөгж өгөөд, ярилцлагад ороод тэнцсэн. Тэр өдөртөө *** ХХК-ний гурвалжингийн гүүрний зүүн урд байх *** гэх хаягтай 2 давхар оффисын байранд дагалдан харуулаар хонохоор болсон. Надтай нэг 40 гаран насны хамгаалагч цуг хонохоор болсон ба оффисын хүмүүс явсны дараа нөгөө надтай хамт гарсан хамгаалагч ах урд шөнө нойргүй хоносон ах нь жаахан унтаадахъя гээд унтаад өгсөн. Би зурагт үзэж сууж байгаад 206 тоотын хүмүүс яваагүй байж байгаад шөнө дунд гарч явахдаа өрөөнийхөө түлхүүрийг түлхүүр хийдэг хайрцагтаа хийчих гээд надад өгчхөөд явсан. Тухайн үед би түлхүүр хийх саванд нь хийлгүй өмднийхөө халаасанд хийчихсэн байж байгаад объектоо шалгаж явахдаа 206 тоот өрөөг түлхүүрээр нь онгойлгон орж үзэхэд уг өрөөнд 3 ширхэг нөүтбүүк ширээн дээр нь тавиастай байхаар нь бүгдийг нь аваад гараад явчихсан юм. Хулгайлан авсан нөүтбүүкнүүдээ 5 дугаар сургуулийн ойролцоо байх ломбардад нийлүүлээд гурвууланг нь 900.000 төгрөгөөр өөрийн бичиг баримтаараа барьцаанд тавьсан. Тэгээд мөнгөөр нь гудамжинд сууж байсан 2 хүүхдэд хоол авч өгөөд мөн мөнгө өгөөд 100 орчим мянган төгрөгийг зарцуулсан. Үлдсэн 800.000 төгрөгийг нь халааснаасаа хулгайд алдчихсан. Энэ талаараа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43, 114 тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 3 ширхэг нөүтбүүк аваад 5 дугаар сургуулийн ойролцоо ломбардад тавьсан. Дараа нь ломбардаас эд зүйл чөлөөлдөг хүмүүсээр авхуулаад зөрүү мөнгийг нь авсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг бүхий нотлох баримтуудаар хэргийн дээрх үйл баримт нотлогджээ.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 53 тал/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66 тал/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 61-65, 85-87, 89-94, 97-102 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.          

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, прокуророос ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Мөн шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, хохирогч, гэрч нарын мэдүүлэгтэй нийцэж байх тул үнэн зөв гэж үзлээ.  

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн тэмдэглэл, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Ц.Э, гэрч У.Д, Э.А нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Дамно ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №БГ2-18-527 дугаартай тайлан, шүүгдэгч Д.Г хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр шүүгдэгч Д.Г нь 2018 оны 1 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн *** гэсэн нэртэй оффисын байранд манаачийн дагалдан хийж хонохдоо тус байрны *** тоот өрөөг түлхүүрээр нь онгойлгон орж, хохирогч Ц.Э эзэмшлийн тошиба брэндийн 17 инчийн ай-5 загварын зөөврийн компьютер 1 ширхэг, тошиба брэндийн 17 инчийн ай-3 загварын зөөврийн компьютер 1 ширхэг, Asus брэндийн 15 инчийн ай-5 загварын зөөврийн компьютер 1 ширхэг буюу нийт 3 ширхэг зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогчид 1.530.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Учир нь хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмч, эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч буй шууд санаатай, шунахай сэдэлтэй бөгөөд энэ гэмт хэргийн улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-д заасан бага хэмжээний хохирлоос дээш хохирол учирсан байхыг шаарддаг.

Хохирогч Ц.Э 1.530.000 төгрөгийн хохирол хор уршиг учирсан болох нь “Д” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №БГ2-18-527 дугаартай тайлангаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан “бага хэмжээний хохирол”-оос дээш хохирол учирсан гэж үзнэ.  

Мөн энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн бол хүндрүүлэх шинжид тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хуульчилсан. 

Шүүгдэгч *** Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн *** гэсэн нэртэй оффисын байранд манаачийн дагалдан хийж байсан нь тус оффисын байрны *** тоотод буюу хохирогч Ц.Э түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байранд зөвшөөрөлгүй нэвтрэн орох эрхийг олгохгүй тул уг 206 тоот объектод хууль бусаар орж бусдын 1.530.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлан авсан түүний үйлдэл нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэл болно.

Иймд шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э 1.530.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийн хохирол учирсан нь Д ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №БГ2-18-527 дугаартай “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн шууд харьцуулалтын аргаар 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар нийт 1.530.000 төгрөг...” гэх тайлангаар нотлогдсон.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар шүүгдэгч Д.Г 1.530.000 төгрөг гаргуулж, хохирогч Ц.Э олгох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч *** ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл тогтоогдлоо.

Хэрэгт авагдсан Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор 4 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар шүүгдэгч Д.Г биечлэн эдлэх ялыг тогтоосон байх ба уг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, тэрээр 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 2 жил 4 сар 11 хоногийн хорих ялыг биечлэн эдэлж байна.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол хор уршгийн хэр хэмжээ зэргийг тус тус харгалзаж, шүүгдэгч Д.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад  зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан ялын тооцооны тодорхойлолт /хх-ийн 128 тал/-оор шүүгдэгч Д.Г нь  2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар биеэр 2 жил, 3 сар 25 хоног, шагналд 16 хоног, бүгд 2 жил 4 сар 11 хоногийн хорих ялыг биечлэн эдэлсэн, 2 жил 5 сар 09 хоногийн үлдэгдэл ялтай байна.

Мөн энэ хэрэгт тэрээр 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр цагдан хоригдсон байх ба Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 425 дугаар нээлттэй хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 461 дүгээр хорих ангид шилжүүлэн ирүүлэх хугацааг түүний яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаанд оруулан тооцохоор заасан /хх-ийн 118-120 тал/ байх боловч хоригдогч хүлээлцсэн бүртгэл, ялын тооцоо зэргээр 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 5 сар 09 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч ***-ийн биечлэн эдлэх хорих ялыг 4 жил 5 сар 09 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтлоо.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *** шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *** 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 /дөрөв/ жил 9 /ес/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялын эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 5 /тав/ сар 09 /ес/ хоногийн хорих ял дээр, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Д.Г биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 5 /тав/ сар 09 /ес/ хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г оногдуулсан 4 /дөрөв/ жил 5 /тав/ сар 09 /ес/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Г нь 2021 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 45 /дөчин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ***-ээс 1.530.000 /нэг сая таван зуун гучин мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч ***-д олгосугай.щ

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1, 1.3 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  С.БОЛОРТУЯА