| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2017/0153/И |
| Дугаар | 267 |
| Огноо | 2017-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 267
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл би
Нэхэмжлэгч: Баянхонгор аймаг Баянхонгор сум 6-3-11 тоотод оршин суух, ВП76091317 регистрийн дугаартай, Хөвхөн овогт Очирын Хүрэлхуягийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сум 1-83-10 тоотод оршин суух, ВГ87040517 регистрийн дугаартай, Боржигон овогт Содномын Нямсүрэнд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүрэг 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 02 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Хүрэлхуяг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ.
Миний бие О.Хүрэлхуяг нь С.Нямсүрэнд 2015 оны 07 сард БНА 1441 дугаартай тээврийн хэрэгслийг 15.000.000 төгрөгөөр тохиролцон 13.000.000 төгрөгийг бэлэн өгөөд үлдсэн 2.000.000 төгрөгийг 2015 оны 10 сард өгнө гэж тохиролцоод одоо болтол өгөхгүй байх тул энэ маргааныг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч О.Хүрэлхуяг шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:
Миний бие О.Хүрэлхуяг иргэн С.Нямсүрэнгээс 2.000.000 төгрөг нэхэмжилсэн. Отгонжаргалд хуваарь /хүн тээвэр/ 2 удаа хийж өгөхөөр тохиролцож хуваарь хийсний дараа 1.000.000 төгрөгийг авахаар тохиролцлоо.. гэжээ.
Хариуцагч С.Нямсүрэн шүүхэд гаргасан тайлбар, эвлэрлийн гэрээндээ:
С.Нямсүрэн миний бие О.Хүрэлхуягт 2.000.000 төгрөгийн 1.000.000 төгрөгийг Отгонжаргалд хуваарь 2 удаа хийж өгсний дараа төлөхөөр эвлэрэв.. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Хүрэлхуяг нь С.Нямсүрэнгээс худалдах худалдан авах гэрээний үүрэг 2.000.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаарджээ.
О.Хүрэлхуяг нь 15.000.000 төгрөгөөр автомашин зарж, 2.000.000 төгрөгийг хариуцагч С.Нямсүрэнгээс аваагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Улмаар хариуцагч С.Нямсүрэн нь үүргээ бүрэн биелүүлээгүй гэж маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид харилцан тохиролцож нэхэмжлэгч О.Хүрэлхуяг нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 1.000.000 төгрөгөөс татгалзаж, 1.000.000 төгрөг гаргуулахаар, хариуцагч С.Нямсүрэн нь 1.000.000 төгрөгийг төлөхөөр эвлэрэн хэлэлцэж, О.Хүрэлхуяг нь 1.000.000 төгрөгийг авахдаа н.Отгонжаргал гэгчид 2 удаа хүн тээвэр хийж өгөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн байна.
Зохигчдын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, үлдэх хэсгийг нь хариуцагч хүлээн зөршөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь :
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар нэхэмжлэгч О.Хүрэлхуяг нь “Худалдах худалдан авах гэрээний үүрэг 2.000.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1.000.000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч С.Нямсүрэн нь 1.000.000 төгрөгийг төлөхөөр харилцан эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч О.Хүрэлхуяг нь 1.000.000 төгрөгийг авахдаа н.Отгонжаргалд 2 удаа хүн тээвэр хийж өгөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар төрийн сангаас 24.750 төгрөг, хариуцагч С.Нямсүрэнгээс 14275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч О.Хүрэлхуягт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг зохигчид сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ