Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/371

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул  хөтлөн

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ

хохирогч *******

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн  2105004020429 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 1974 оны 4 дүгээр сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт  Баянгол дүүргийн ******* ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:Ц3*******/ ******* овогт *******гийн *******.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

******* нь Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр замын хөдөлгөөнд оролцож байхдаа иргэн *******тай маргалдан түүний толгой хэсэгт гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би халтуур хийх санаатай модны 2-ын замд машинаа жолоодоод явж байхдаа *******тай маргалдсан. ******* миний хоолойг боогоод байхаар нь би түүнийг 2 удаа хүчтэй түлхэхэд ******* газар унасан. Би хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй. Зөвшөөрч байна.” гэв.  

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Шүүгдэгч ******* болсон үйл явдлын талаар худлаа ярьж байна. Намайг машинаа жолоодоод явж байхад хажуугаар нэг машин маш хурдтай орж ирээд миний машины толийг шүргэхэд толь хойшоо эвхэгдсэн.  Тэгэхээр нь би араас нь машинтайгаа очоод чи яаж яваад байгаа юм бэ гэхэд энэ ******* над руу хэлэх хэлэхгүй үгээр дайрч миний нүүр хэсэгт гараараа цохиж миний биед хөнгөн гэмтэл учруулсан. Миний зүгээс гомдол санал, баримтаар нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв. 

Хавтаст хэргээс хохирогч ******* мөрдөн байцаалтад “2020 оны 12 дугаар сарын 16-ны 12 цагийн үед өөрийн эзэмшлийн 75-51 УБР улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй модны 2-ын автобусны буудлаас уруудаад баруун 4 зам руу явж байсан юм. Миний машины ард талд цагаан өнгийн филдер маркийн машин явж байсан би тухайн үед 1 дүгээр эгнээнд явж байх үед миний машины урдуур дайраад зүүн гар талын толийг шүргээд хумиад өнгөрөхөөр нь уулзвар гараад араас нь зогссон чинь тухайн машин хүн аваад зогсож байсан. Тэгэхээр би машиных нь урдуур нь хааж зогсоод машинаасаа буугаад чи яаж яваад байгаа юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд хараал хэлээд байсан тэгээд машинаасаа бууж ирээд чи яах гээд байгаа юм гээд миний хоолойноос боосон тэгэхээр нь би түлхсэн чинь эргүүлэн миний хоолойноос боогоод намайг гараараа түлхтэл би газар унасан тэгэхээр нь буцаж босоод ирээд чи яаж байгаа юм гээд тухайн залуугийн хоолойноос мөн боосон чинь яадаг юм гээд миний баруун талын нүүр хэсэг рүү 1 удаа цохисон мөн газар 1, 2 удаа түлхэж унагаасан. Тэгэхээр нь энэ хүнтэй ерөөсөө хэл амаа олохгүй юм байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06/,

Гэрч мөрдөн байцаалтад “12 цаг өнгөрч байсан байх Модны 2-ын зам дагуу маргаан болоод байна гэсэн дуудлага ирсэний дагуу дуудлагаар очиход иргэн ******* гэх хүн цагаан өнгийн филдер маркийн машинтай түүний наагуур хашаанд зогсчихсон приус-20 маркийн машинтай иргэн ******* нар зогсож байсан тэгээд юу болсон талаар асуухад ******* нь ******* гэх хүн миний машиныг шүргэх шахам замын хөдөлгөөнд оролцсон тэгээд бууж ирээд бид 2 маргалдсан гэж хэлсэн тэгээд уг хүний биеийн байдлыг харахад баруун чихний дотор талаас нь цус гарсан байхаар нь таны чихнээс чинь цус гарсан байна яасан гэсэн чинь ******* руу заагаад энэ хүн намайг цохисон гэж хэлсэн тэгээд уг 2 хүнийг аваад хэлтэс рүү явцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 12 дугаар сарын 21- ний өдрийн 223 дугаартай “*******ын биед баруун чихэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 13-14/,

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

Шүүгдэгч *******  2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн тоёота филдер автомашиныг жолоодон  замын хөдөлгөөнд оролцож явахдаа тухайн үед өөрийн эзэмшлийн 75-51 УБР улсын дугаартай приус-20 маркийн автомашиныг жолоодон явсан хохирогч

*******тай маргалдан түүний толгой хэсэгт гараараа цохиж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ын “...саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч гарч ирээд хаалга тогшихоор нь би яасан гэсэн чинь хэрүүлийн чанартай үг хэлэхээр нь машины толио тэгшлэх гээд машинаасаа буутал миний хоолой хэсгээс боогоод авсан тэгэхээр нь би тухайн хүнийг 2 гараараа цээж хэсэг рүү нь түлхэн бид хоёр маргаан хийсэн...би тухайн хүнийг дахин түлхтэл газар бүсэлхийнээс доод хэсгээр унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 59/, хохирогч *******ын “...би машиных нь урдуур нь хааж зогсоод машинаасаа буугаад чи яаж яваад байгаа юм бэ гэсэн чинь чамд ямар хамаатай юм гээд хараал хэлээд байсан тэгээд машинаасаа бууж ирээд чи яах гээд байгаа юм гээд миний хоолойноос боосон тэгэхээр нь би түлхсэн чинь эргүүлэн миний хоолойноос боогоод намайг гараараа түлхтэл би газар унасан тэгэхээр нь буцаж босоод ирээд чи яаж байгаа юм гээд тухайн залуугийн хоолойноос мөн боосон чинь яадаг юм гээд миний баруун талын нүүр хэсэг рүү 1 удаа цохисон мөн газар 1, 2 удаа түлхэж унагаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06/, гэрч ын “...******* гэх хүн миний машиныг шүргэх шахам замын хөдөлгөөнд оролцсон тэгээд бууж ирээд бид 2 маргалдсан гэж хэлсэн тэгээд уг хүний биеийн байдлыг харахад баруун чихний дотор талаас нь цус гарсан байхаар нь таны чихнээс чинь цус гарсан байна яасан гэсэн чинь ******* луу заагаад энэ хүн намайг цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14/, хохиролд 230.000 төгрөг төлсөн баримт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.

Шүүгдэгч ******* нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, хохирогч *******ын бие махбодод халдаж “баруун чихэнд шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгчийг  санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.       

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын биед хөнгөн гэмтэл учирсан байх ба Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаар “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах тул хохирогчийн биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ын үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Гэм буруугийн талаар хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *******т шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тайлбар санал дүгнэлт гаргалаа.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан заасан хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна. 

Шүүгдэгч ******* замын хөдөлгөөнд соёлгүй оролцсоноос үүдэлтэйгээр хохирогч ******* нар харилцан маргалдаж улмаар шүүгдэгч ******* хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ял оногдуулав.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Миний зүүн талын чихний хэнгэрэг цоорсон, би ганц баруун чихээрээ сонсдог гэмтэл уг хүнээс болж дахин баруун чихээ гэмтээлээ. Тухайн үед баруун чихэндээ 230.000 төгрөгийн эмчилгээ хийлгэж томографид үзүүлсэн. 1 сар гаран баруун чих хөндүүрлэсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05-07/, мөн эмчилгээний зардалтай холбоотой нөатын СТ чих гэх утгатай  140.000 төгрөг, чих хамар хоолойн цагийн үзлэг гэх утгатай 35.000 төгрөг, чихний дусаалга 13.800 төгрөг, клавомид 15.000 төгрөг гэсэн баримтууд /хх-ийн 35/,   сонсголын бичлэг гэх утгатай 20.000 төгрөг гэсэн баримт /хх-ийн 36/, эмнэлэгт үзүүлсэн гэх баримтууд /хх-ийн 37-41/ зэрэг хохиролтой холбоотой баримтуудыг дүгнэхэд нийт 223.800 төгрөгийн баримт хавтаст хэрэгт хавсаргагджээ.

Шүүгдэгч ******* хохирогч *******д 230.000 төгрөг төлсөн нь банкны хуулгаар тогтоогдож байх бөгөөд хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.         

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ