Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/347

 

                            

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн

улсын яллагч М.Анхбаяр

хохирогч *******

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2105003780409 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 11-нд Увс  аймгийн Улаангом суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын материалын үйлдвэрлэлийн инженер мэргэжилтэй, ******* ХХК-нд барилгын инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн 19-р хороо 60-56 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ОЛ*******/ ******* овогт *******гийн *******.

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

******* нь 2021 оны 02 дугаар сарын 13-наас 21-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* тоотод хүүхдийн хичээл хийлгэсэнгүй гэх шалтгааны улмаас эхнэр *******тэй маргалдан 8 сартай жирэмсэн болохыг нь мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, зүүн бугуй, баруун гуя, баруун зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн хөлийн тавхайнд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Одоо би 4 хүүхэд нөхөр ******* нарын хамт амьдарч байгаа. Миний хувьд нөхөртөө гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэв

Хавтаст хэргээс хохирогч ******* мөрдөн байцаалтанд “2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нөхөр гурван хүүхдийн хамтаар гэртээ байж байсан бөгөөд би нөхөр Болд-Эрдэнийг охин Маралын гэрийн даалгаврыг хийлгэ гэхэд ******* чи өөрөө хийлгээч гичий минь гэж намайг хэлсэн. Тухайн үед ******* гар утсаараа, тоглоом тоглож байсан бөгөөд би Болд-Эрдэнийг чи гар утсаараа тоглоом тоглож байхаар охиныхоо хичээлийг хийлгэчихээч гэж хэлтэл зөрүүлээд намайг чи ч гэсэн гар утсаараа тоглодог биз дээ гээд бид хоёрын дунд хэрүүл маргаан болсон. Би тухайн үед 8 сартай жирэмсэн байсан бөгөөд нөхөртөө хандаж би чиний дөрөв дэх хүүхдийг гаргах гэж байна гэж хэлээд нуруу руу нь гараараа зөөлөн цохитол босож ирээд миний хоёр гарын дээд булчин хэсэг рүү гараараа ээлжилж 2-3 удаа цохиод, хөлөөрөө хавирч газар унагаагаад баруун гараараа миний толгойн дагз хэсэг рүү нэг удаа цохиод цаад өрөө рүү яваад өгсөн. Би газраас босоод араас нь очиход нөхөр маань хувцсаа өмсөөд явлаа гэхээр нь би чиний дансанд байгаа миний мөнгийг өг гэхэд миний мөнгийг өгөхгүй, надад чиний юм байхгүй гээд явах гээд байхаар нь би нөхрийнхөө нотебүүкийг мөнгөнийхөө оронд авч үлдэнэ гэхэд миний хоёр гарыг мушгиад газар өвдгөөр маань өвдөглүүлсэн. Тэгсэнээ том хүүг өөрийнхөө нотебүүкийг далд хий гэж хэлээд, далд хийлгээд 5 орчим минут гарыг маань ард мушгиж байлгасан. Тэгэх явцдаа миний толгойн ард дагз хэсэг рүү гараараа нэг удаа цохиод хэсэг байж байгаад намайг тавьсан. Тэгээд тухайн өдрөөс хойш 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бид нар гэртээ байж байсан бөгөөд миний бие том өрөөндөө байж байтал жижиг өрөөнд ******* охиныгоо загнаад байхаар нь би босоод жижиг өрөөнд ороход охин маань уйлчихсан байхаар нь Болд-Эрдэнийг яагаад хүүхэд уйлуулаад байгаа юм бэ гэхэд өөрийгөө би яагаа ч үгүй гээд уурлаж босож ирээд миний хоёр гарын булчин руу гараараа 2-3 удаа цохихоор нь би тэсэлгүй цагдаад дуудлага өгсөн удалгүй хоёр цагдаа ирээд надаас мэдүүлэг авсан. Нөхрийг маань цагдаагийн газар руу авч явсан. Тухайн үйл явдал болж өнгөрснөөс хойш хэсэг хугацаанд манай нөхөр бид хоёр тус тусдаа амьдарч байгаад миний бие 2021 оны 3 дугаар сарын 02-ны 1 дүгээр төрөхөд амаржиж 4 дэх хүүхдээ эсэн мэнд төрүүлсэн. Хүүхэд маань төрсний дараа нөхөр бид хоёр эвлэрч одоо нэг гэртээ хамт амьдарч байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29/,     

Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд “2021 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цагаан сарын шинийн нэгний өдөр хотын хэмжээнд хөл хорио тогтоосон байсан бөгөөд манай хадам аавын гэр нь бичил хороололд байдаг харин манай аавынх Баянзүрх дүүрэгт байдаг юм. Тэгтэл манай эхнэр ******* манай аав ээжийн гэр нь хол учир очиж золгохгүй, харин өөрийнхөө аав ээжийнхэн гэр нь бичил хороололд ойрхон учир очоод золгоно гэхээр нь би дургүйцээд бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгээд маргалдсаар эхнэр маань гурван хүүхдээ аваад аав, ээжийнхээ гэр лүү явсан. Тэгээд оройн 21 цагийн үед эхнэр маань хүүхдүүдтэйгээ хамт гэртээ ирээд хоол унд хийлгүй өрөө, өрөөндөө орцгоосон. Би тухайн үед том хүүгийнхээ өрөөнд компьютер тоглож байсан. Эхнэр маань өөрийнхөө өрөөнд гар утсаараа тоглоом тоглож байгаад хожигдоод нэлээн ууртай өрөөнөөсөө гарч ирээд гэр орон муухай байна, охин Маралын хичээлийг хийлгэсэнгүй  гэж над руу уурлаж, орилоод байхаар нь би чи өөрөө хүүхдийнхээ хичээлийг хийлгэж болдоггүй юм уу цагаан сарын шинийн нэгний өдөр гэр оронд хэрүүл хийдэггүй байхгүй юу гэж хэлтэл улам уурлаад намайг пизда гэж хараагаад миний толгойн дагз руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би сандлаасаа босоод яаж байна чи гэтэл миний зүүн болон баруун гарын тохойны дээд, доод хэсэгт 3 удаа маажсан. Тэгэхээр нь би эхнэрийнхээ хоёр гарых нь бугуйнаас барьж байгаад хүүхдийн ор руу өөрөөсөө холдуулах гэж түлхээд, гараа тавьсан. Тэгтэл эхнэр маань хүүхдийн орон дээрээс нэг зүйл авахаар нь тухайн гартаа барьсан зүйлээрээ намайг цохих гэж байна гэж бодоод хүүхдийнхээ өрөө рүү зугтааж ороод хаалгаа дараад зогстол эхнэр хаалга түлхэж байгаад гар, хөл хоёроо завсараар нь оруулаад би гэдсээрээ түлхэж байгаа шүү, хүүхэд шахаж гаргалаа гэхээр нь би хаалгаа онгойлгосон. Тэгээд хаалгаар орж ирэхдээ эхнэр гартаа гар утасны цэнэглэгч барьчихсан байсан бөгөөд тухайн гар утасны цэнэглэгчээр миний нуруу руу 4 удаа ороолгохоор нь би тухайн цэнэглэгчийг нь гарнаас нь булаатал хүүхдийн ширээн дээр байсан миний ажлын нотебүүкийг хагална гээд нотебүүкийг бариад авахаар нь би хоёр гарынх нь бугуйнаас нь барьж аваад хүүгээ дуудаад эхнэрийнхээ гарт байсан нотебүүкийг авч өгөөд нуулгачихаад хоёр гарыг нь тавьсан. Тэгтэл хүүхдийн өрөөнд байсан ширээ хийж байгаад үлдсэн модны өөдсөөр миний зүүн хөлийн шуу руу эхнэр маань нэг удаа цохихоор нь би зугтаагаад хүүхдийнхээ өрөө рүү ороод хаалгыг хаатал дахиад жирэмсэн том гэдсээрээ хаалга онгойлгох гэж түлхээд байхаар нь би хаалгаа онгойлгоход намайг маажих гээд байхаар нь би зугтаасаар байгаад хэсэг хугацааны дараа намайг хөөж гүйхээ больсон. Тэгсэнээ миний дансанд байгаа мөнгийг өөртөө өг гээд уурлаад байсан. Тухайн өдөр ийм зүйл болсон. Түүний дараа 2021 оны 02 дугаар сарын 21-ний орой хүүхдийн өрөөнд миний бие охин, хүү хоёрын хамтаар кино үзэж байтал охин маань миний хавирга руу гараараа гижигдэхээр нь би охиндоо уурлаад чи битгий хүн хатгаад бай, наад үйлдэл чинь хүн өвтгөдөг юм гээд хэлтэл, удалгүй охин маань дахиад хүүгийн маань хавирга руу гараараа хатгачихаар нь би охиндоо уурлаад чамайг өөрийг чинь гижигдэнэ гэж хэлээд дөхөөд очтол охин маань ээжээ гээд орилсон чинь манай эхнэр өрөөнд аймаар ууртай орж ирээд шууд намайг цохих гэж оролдохоор нь би бултсан. Би байсан өрөөнөөсөө гараад өөр өрөөнд ортол, эхнэр маань цагдаад дуудлага өгчихсөн.Удалгүй гаднаас хоёр цагдаа орж ирээд намайг цагдаагийн газар руу авч явсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/      

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 1659 дугаартай “*******ийн биед баруун зүүн бугалга, зүүн бугуй, баруун гуя, баруун зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн хөлийн тавхайнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-ийн 33-34/

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/  зэргийг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

Шүүгдэгч ******* нь 2021 оны 02 дугаар сарын 13, 21-ний өдрүүдэд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* тоот гэртээ хүүхдийн хичээл хийлгэсэнгүй гэх шалтгааны улмаас хамтран амьдрагч *******тэй маргалдан 8 сартай жирэмсэн болохыг нь мэдсээр байж зодож эрүүл мэндэд нь баруун бугалга, зүүн бугуй, баруун гуя, баруун зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн хөлийн тавхайнд зулгаралт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Ц.Болд-Эрдэнийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...би эхнэрийнхээ хоёр гарых нь бугуйнаас барьж байгаад хүүхдийн ор руу өөрөөсөө холдуулах гэж түлхээд, гараа тавьсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/, хохирогч *******ийн “...миний хоёр гарыг мушгиад газар өвдгөөр маань өвдөглүүлсэн. Тэгснээ том хүүг өөрийнхөө нотебүүкийг далд хий гэж хэлээд, далд хийлгээд 5 орчим минут гарыг маань ард мушгиж байлгасан. Тэгэх явцдаа миний толгойн ард дагз хэсэг рүү гараараа нэг удаа цохиод хэсэг байж байгаад намайг тавьсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-29/, гэмт хэргийн талаарх гомдол /хх-ийн 06-07/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******  нь эхнэр *******тэй үл ойлголцох маргааны улмаас жирэмсэн болохыг нь мэдсээр байж түүнийг гараараа мушгих, өвдөглүүлэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч ******* шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Ц.Болд-Эрдэнийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй бөгөөд, гэр бүлийн хүрээнд эхнэр *******ийг 8 сартай жирэмсэн болохыг мэдсээр байж түүний биед баруун бугалга, зүүн бугуй, баруун гуя, баруун зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, зүүн хөлийн тавхайнд зулгаралт, тархи доргилт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж” гэх гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн байх тул шүүгдэгч Ц.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.           

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *******д эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Ц.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тайлбар санал дүгнэлт гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5-д заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

Энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч *******, хохирогч ******* нарын хоорондын гэр бүлийн харилцан маргаанаас үүдэлтэй байх бөгөөд ******* эхнэр *******ийг жирэмсэн болохыг нь мэдсээр байж бие махбодид нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал  зэргийг нь харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог. Мөрдөн байцаалтад ******* хохирол төлбөртэй холбоотой баримт хавсаргагдаагүй бөгөөд хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч Ц.Болд-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, ******* энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                           ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн Болд-Эрдэнийг “хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ц.Болд-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.        

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ