Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2021/ШЦТ/346

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн

улсын яллагч В.Батдэлгэр

хохирогч *******

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******ад холбогдох эрүүгийн 2105001140430 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1968 оны 02 дугаар сарын 28-нд Дорнод  аймгийн Баяндун суманд төрсөн, 53 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа караоке ажилуулдаг,  ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Баянгол дүүргийн ******* ******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:ЖА*******/, ******* овогт *******ын *******.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

******* нь 2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны БАА-1 дүгээр байрны 11 тоот гэртээ эхнэр *******тэй хардалт, гэр бүлийн маргааны улмаас хэрэлдэж, маргалдан улмаар гар хөлийг нь базаж хөдөлгөөнийг нь хорих, гарыг нь үеэр нь мушгих, цохих зэрэг үйлдлээр *******ийн биед хоёр бугалга, шуу, баруун тохой сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би гараа зүсээд эмнэлэг явж боолт хийлгэчихээд эмчийн бичиж өгсөн эмийг 37.000 төгрөгөөр аваад гэртээ ирсэн. Дараа өдөр 1 дүгээр сарын 02-ны өдөр манай эхнэр энэ эм ийм үнэтэй байдаггүй юм. 20000 төгрөгийг нь хэнд өгчихөөд ирэв гээд намайг огт хамааралгүй хүнтэй хардаад байсан.  Үүнээс маргаан эхэлсэн тул би эмийн сангийн баримт болон эмчийн жорыг хар гэж хэлсэн. Хишигийн биед би гэмтэл учруулсан нь үнэн, хариуцлагаа хүлээхэд ч бэлэн байна. Гэхдээ би санаатай үйлдлээр зодож цохиогүй, өөрийгөө хамгаалсан. Би дахиж Хишигт гар хүрэхгүй. Ийм байдалд орсондоо маш их харамсаж байна.” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Би нөхөртэйгөө 30 жил хамт амьдарч байна. Бид 2 дөрвөн хүүхэдтэй, бизнесийн салбарт 25 жил тасралтгүй ажиллаж байна. Манай нөхөр караоке ажиллуулдаг. Түүний ааш араншин эвдэрч, шөнө 4 цагийн үед гэртээ ирж, буруу хүмүүстэй нөхөрлөж, сүүлийн 3 жилийн хугацаанд манай гэр бүлийн асуудал хурцдаж, маргалдаж намайг 3 жилийн хугацаанд зодож байна. Яагаад шөнө орой ирж байгаа талаар асуухад намайг шууд цохиж зоддог. Би 3 жилийн хугацаанд тэсэж, тэвчиж явсан. Сүүлдээ 7 хоногт нэг удаа намайг зоддог болсон, би зодуурыг нь даахаа больсон. Энэ талаар би цагдаагийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж байгаагүй.  2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр аргагүй эрхэнд би цагдаа дуудаж, амь аврагдсан. Намайг хөх няц болтол зодсон. Сэтгэл зүй, бие махбод маш их өвдөж байна. Би 4 хүүхдийн барьцаанд аз жаргалгүй амьдарч байна. 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр цагдаад  өгснөөөс хойш ******* намайг зодоогүй. Тухайн өдөр зодуулсандаа би  гомдолтой байна. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх  зүйл байхгүй” гэв.

Хавтаст хэргээс хохирогч ******* мөрдөн байцаалтад “Би 1991 онд нөхөр *******тай танилцаж хамт амьдраад 30 жил болж байна. ******* бид 2 хамт амьдрах хугацаандаа 4 хүүхэдтэй болсон. Манай том хүүхэд Жавхлан 1993 онд төрсөн 28 настай, 2019 онд тусдаа гарсан, ЧД-ийн 1-р хороо М100-231 тоотод ганцаараа амьдардаг. Харин дараагийн хүү Жаргалсайхан 1999 онд төрсөн 21 настай, түүний дүү Болормаа 2000 онд төрсөн 20 настай, хамгийн бага хүү Оргил 2008 онд төрсөн 13 настай. Би 3 хүүхэд нөхөр *******ын хамт Баянгол дүүргийн ******* БАА 1-11 тоотод 1999 оноос хойш амьдарч байна. Манай нөхөр ******* сүүлийн 3 жилийн турш намайг бие сэтгэл зүйгээр дарамталж, хэл үгээр доромжлон, зодож тамлаж байгаа юм. Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр манай нөхөр *******ын дансанд 5,000,000 төгрөг орж ирэхээр нь би том хүү Жавхлангаас зээлсэн мөнгөө төлье гэтэл ******* “...би мөнгөтэй баймаар байна, өгч чадахгүй...” гээд бид хоёр маргалдаад эхэлсэн. Тэгээд маргалдсаар байгаад 2021 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнөжингөө хэрэлдэж, миний дөрвөн мөчийг тэлээд гарын шуу, хөлийн булчин, гарын алга, ар тал хэсэг рүү өвдөг тохойгоороо цохиж, гарыг минь нугалж базаад үе үеэр нь дараад, цээжин дээр өвдгөөрөө цохиод, толгойны орой хэсэг, духны хэсэг рүү гараа зангидаж байгаад олон дахин цохисон. Тэгээд орон дээр хоёр гар, хоёр хөлийг минь дэлгэж дарж байгаад толгойг минь орноос доош унжуулаад хоёр гараас бариад толгойгоор минь газарт мөргүүлэх гэж байхад нь би орилоод дунд охин Болормааг дуудахад ******* намайг татаж босгосон. Тэгээд охин Болормаа орж ирээд болиоч дээ гээд салгасан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Өмнө нь 2018 онд 2 сард 1,2 удаа *******ыг оройтоод гэртээ ирэхгүй байхаар нь би “...чи яагаад шөнө ирээд байгаа юм..” гэж хэлснээс болоод намайг шөнө орж ирчихээд зоддог байсан. Дараа нь 2019 онд намайг 7 хоногт дор хаяж нэг удаа тамлан зовоож тархи, толгой руу гараа атгаж байгаад цохиод, нүүр нүд рүү хөх няц болтол цохиж, салтаа руу өшиглөж, гарыг үе үеэр нь нугалаад мушгиж, хөл гарын шуун дээр өвдөглөж тохоолдож тамлан зовоодог байсан. Ихэнхдээ манай нөхөр ******* намайг “....хөгширсөн байна, зовхи чинь унжаад хөгшрөөд муухай болчихсон байна..., гэхээр нь би “...чи яагаад ингээд байгаа юм... гээд тэгээд л маргалдаад намайг шууд цохиж, зодоод эхэлдэг байсан. ******* “...Би 4 хүүхдийн барьцаанд аз жаргалгүй амьдраад байна..." гээд намайг 7 хоног болгон зодож тамладаг байсан. Би өглөө эрт босоод хоол цайг нь бэлтгээд өгөхөөр би өглөө хоол иддэггүй гээд л намайг зодож цохиод эхэлдэг байсан. Тэгээд 2020 онд ******* ах дүү нараасаа мөнгө зээлээд өр тавиад яваад байхаар нь гайхаад мөнгөн дээр нь хяналт тавиад чи мөнгөө юунд зарцуулсан бэ? гэснээс болоод намайг сард нэгээс хоёр удаа зоддог болсон. Зодохдоо мөн адил тархи толгой руу гараа зангидаж байгаад цохиод, гар, хөлийн шуу руу өвдөглөж тохойдоод, гарыг үе үеэр нь нугалаад базаж цохиж тамлан зовоогоод хэл үгээр дайрч доромжилдог байсан. Би тэр болгонд нь тэсээд, тэвчээд цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан. Манай нөхөр ******* нь 2017 оны 9 сараас эхлээд л зан ааш нь эвдрээд гадуур яваад шөнийн 3,4 цагийн үед гэртээ ирдэг байсан. Манайх Баянгол дүүргийн 5-р хороо 10-р хорооллын замын урд талдаа Соронз нэртэй караоке ажиллуулдаг байсан юм. Тэгээд кораоекед ажиллаж байгаад ирлээ гэдэг боловч караоекед очиж ажилдаггүй байсан юм. Тэгээд л хүнтэй нийлээд гадуур яваад эхэлснээс болоод намайг  тамлаж зовоогоод хөгширсөн авгай гэж хэл үгээр доромжлоод зодоод эхэлсэн юм. Намайг ******* 2018.01 сараас эхлэн тамлан зовоож, цохиж зодож эхэлсэн. Тэгээд би 3 жилийн турш *******ад зодуулан дарамтанд нь амьдарч байгаа юм. Би нөхрийгөө засарчих байх гэж бодоод тухайн үедээ цагдаагийн байгууллагад ханддаггүй байсан. Гэтэл намайг зодож цохиж тамлан зовоох нь ихсээд эхэлсэн Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 05-нд намайг зодож цохисны дараа би ГССҮТ-д очиж эмчилгээ хийлгэж байхдаа цагдаад дуудлага өгсөн юм. Би 4 хүүхдээ, босгосон амьдралаа бодоод 3 жилийн турш тэсэж тэвчиж явсан юм. Тэгээд *******ыг цагдаад мэдэгдэж байгаагүй юм. Одоо нас ахих тусам би *******ын гарын аяыг дааж чадахааргүй болоод байна. Би одоо энэ хүнээс салж байж л цаашид амьдрах юм байна. Манай гэрт хяналтын камер байдаг болохоор бүгд бичигдсэн байх. Манай нөхөр ******* 2016 онд анх байшингаа бариад орж байхад зочны өрөөндөө хяналтын камер байршуулж байсан. Ямар шалтгааны улмаас хяналтын камер байршуулсныг нь би мэдэхгүй байна. *******аас асууж ч байгаагүй. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цагдаад дуудлага өгсний дараа ******* “...би яах гэж гэртээ камер байршуулваа, би өөрийгөө хэрэгт бариад өгчихлөө...” гээд намайг харааж зүхээд байсан. Манай хүүхдүүд зөндөө харсан, 3 жилийн турш намайг зодож цохиж байхыг харж байсан. Том хүү Жавхлан 2019 онд мэдсэн бусад 3 хүүхэд маань намайг 3 жилийн турш зодож байгааг мэднэ. ******* харин хүүхдүүддээ нэг ч удаа гар хүрч байгаагүй. ******* нь ширүүн догшин зантай, дандаа өөрийнхөө зөв болгож байж салдаг, архи уудаггүй ч гэсэн ааш зан нь ширүүн, омголон зантай, түргэн ууртай, юм л бол гараа атгаад л дайраад эхэлдэг, уур бухимдлаа удирдаж чаддаггүй. 2021 оны 01 дүгээр сарын 05-нд манай нөхөр ******* намайг гэртээ зодож тамлан хоёр гарын бугалга, шуу, баруун тохой, сарвуунд цус хуралт гэмтлүүдийг үүсгэсэн. Өмнө нь олон удаа зодож тамлан зовоодог байсан. Би 3 жилийн турш чимээгүй явж хөх няц болтлоо зодуулж амьдарч байсан. 2021 оны 01 дүгээр сарын 05-наас хойш намайг ******* хэл үгээр айлгаж дарамталсан, зодож цохиогүй. Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гээд намайг хэл үгээр дарамталсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-35/,     

Гэрч ******* мөрдөн байцаалтанд “Би аав ******* ээж Хишиг ах Жаргалсайхан дүү Оргилын хамт 5-уулаа Баянгол дүүргийн ******* БАА 1-11 тоотод амьдардаг юм. 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ээж Хишиг 20.000 төгрөг асуугаад аав *******тай юм ярьж байгаад маргаад эхэлсэн. Яг маргаан болж байхад нь би өрөөндөө байсан. Аав ээж хоёр гал тогооны өрөөнд байсан юм. Тэгээд удалгүй унтлагын өрөө рүүгээ ороод хоорондоо хэрэлдээд байсан. Тэгээд шөнөжингөө маргалдаж байгаа нь сонсогдоод байсан. Мөнгө төгрөгийн асуудлаас болоод л маргалдаад байсан. Өрөөндөө байсан болохоор унтлагын өрөөнд яг юу болсоныг мэдэхгүй байна. Тэгээд ээж намайг хүрээд ир гээд дуудахаар нь би очоогүй юм. Намайг очвол ээж, аав хоёр улам илүү орилж хашхираад байдаг болохоор ах, дүү, бид гурав дундуур нь ордоггүй чимээгүй өрөөндөө байж байдаг юм. Манай аав, ээж хоёр 2018 оноос хойш бага зэрэг хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэгээд жил ирэх тусам хэрэлдэж, маргалдах нь ихэссэн. Тэгээд ээж, аав хоёр маргалдаж хэрэлдэхээр ээж гэрийн эд хогшлоос авч шидлээд байдаг юм. Тэгэхээр нь аав ээжийн гарыг хоёр гараараа бариад юм шидүүлэхгүйн тулд хорьдог байсан. Ихэнхдээ мөнгө болон хардалтаас болж хоорондоо маргалдаад байдаг юм. 2019 оноос 2020 он хүртэл 7 хоногт дор хаяж нэг удаа хоорондоо маргалдаж хэрэлддэг байсан. Маргалдах үедээ аав ээжийн гараас нь хүчтэй базаад хөдөлгөөн хийхийг нь хориглоод байдаг юм. Маргалдсаныхаа дараа ихэвчлэн ээжийн хоёр гар, бугуй, шуу нь хөхөрчихсөн байдаг байсан. 2021 оны 01 дүгээр сарын 05-нд ээж орон дээр хэвтчихсэн тэгээд хажууд нь аав суугаад хоёр гарынх нь бугалгаас бариад дарчихсан маргалдаад байж байхыг нь харсан. Би өөр зүйл хараагүй. Аав ээжийн гарнаас барьж, хөдөлгөөнийг нь хорьж байхдаа эдгээр гэмтлүүдийг учруулсан байх.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/           

Гэрч мөрдөн байцаалтанд “ 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр аав, ээж хоёр сургалтын төлбөрийн мөнгө ярьж байгаад хэд хоногийн өмнө эмийн сангаас аавын авсан эмийн мөнгөнөөс мөнгө дутлаа интернэт банкаа шалгуул гээд маргаад эхэлсэн. Тэгээд ээж аавыг жоохон охинтой явалдсан гээд эхэлсэн.  Тэгээд аав өмнөөс нь тайлбар тавиад хоорондоо маргаад эхэлсэн. Тэгээд ээж юм авч шидлэх гээд байхаар нь аав хоёр гарыг нь бариад хөдөлгөөнийг нь хориод байсан. Ээж ер нь уурласан үедээ гэрийн эд хогшил, аяга тавгаас авч шидлээд байдаг болохоор нь аав юм шидүүлэхгүйн тулд хоёр гарыг нь бариад хөдөлгөөн хийлгэдэггүй юм. Тухайн үед манай хоёр дүү бид 3 өрөө өрөөндөө байсан. Аав ээж хоёрын маргаан дундуур оролцохоор маргаан нь улам ширүүсээд орилж хашхираад байдаг болохоор нь маргаанд нь оролцолгүй орхидог байсан юм. Аав ээж хоёр эхлээд гал тогооны өрөөнд маргалдаж байгаад унтлагын өрөөндөө орж шөнөжингөө маргаад аав ээжийн гарыг баздагаараа бариад хөдөлгөөнийг нь хориглоод байх шиг байсан. Яг хажууд нь байгаагүй болохоор сайн мэдэхгүй байна. 2017 оноос хойш аав ээж хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд 2019 оны 04 сараас эхлээд сард нэг удаа маргадаг байж байгаад 2019 оны 7 сараас 7 хоногт нэгээс хоёр удаа маргалддаг болсон. Заримдаа бүр 3, 4 хоноод маргалддаг байсан. Ер нь маргалддаг шалтгаан нь аав оройтож ирэхээр ээж хардаад маргаан үүсдэг байсан. Маргааныг нь сайн сонсдоггүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-46/           

Яллагдагчаар ******* мөрдөн байцаалтанд “ 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр надад хүнээс авах ёстой 5.000.000 төгрөг миний дансанд орж ирсэн юм. Тэгтэл эхнэр Хишиг том хүү Жавхлангийн данс руу хийчих гэхээр нь би хүүхдүүдийн сургалтын төлбөр төлөх хугацаа болчихсон юм чинь төлбөрийг нь төлчихье гэтэл Хишиг миний данс руу хийчих ээ гээд байсан юм. Тэгэхээр нь чиний дансанд байх миний дансанд байх хоёр ялгаагүй адилхан гэдгийг нь хэлсэн юм. Тэгээд маргааш нь миний гар гэмтчихээр нь би эмнэлэг яваад гараа үзүүлээд 40.000 төгрөгийн  эм авчихаад ирсэн юм. Тэгтэл маргааш нь дахин 5.000.000 төгрөгнөөс болоод дахин хэрүүл маргаан үүсээд миний дансны хуулгийг шалгаж үзнэ гээд хэрэлдээд эхэлсэн.  Тэгээд 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Хишиг нь эмийн сангаас эм авсан мөнгө чинь зөрөөд байна гээд над руу уурлаад эхэлсэн юм. Тэгтэл намайг өөр хүүхнүүдтэй хардаад эхэлсэн юм. Тэгээд Хишиг хашхираад байхаар нь би өмнөөс нь хашхираад ор үндэсгүй юм битгий яриад бай гээд намайг өөр хүүхнүүдтэй хардаад орилоод байхаар нь гарыг нь үеэр мушгиад, хөл гарных нь шуун дээр дараад хөдөлгөөнийг нь хязгаарласан. Тэгтэл Хишиг орилж хашхираад байхаар нь би хөл гарыг нь дарж тайвшруулж байсан. Хишиг бид хоёр ноцолдож байхад зөндөө юм болсон. Яг хаанаа хэн нь цохисноо мэдэхгүй байна. Би ямар нэгэн зүйлээр бол Хишигийг цохиогүй. Гар хөлийг нь базаж атгаж хөдөлгөөнийг нь хориглох л үйлдэл хийж байсан. 2016 онд би байшингаа барихдаа хяналтын камер суулгуулж байсан юм. Тэгээд хяналтын камерт бүх зүйл бичигдсэн байгаа. Тухайн үед бага насны хүүхэдтэй байсан тэгээд байшин дотроо засвар хийж байхдаа аюулгүй байдлаа бодоод хяналтын камер суурилуулж байсан юм.  2018 оны 01 сард ажил дээрээ оройтоод гэртээ харихад намайг гадуур яваад ирлээ гээд хүнтэй хардаад хэрүүл үүсгэсэн. Тухайн үед би гар хүрч зодож цохиж байгаагүй. 2019 оны 4 сараас хойш Хишиг бид хоёр маргалдаж хэрэлдэж эхэлсэн. Хишиг орилж хашхираад эхлэхээр нь би гарыг нь бариад хөдөлгөөнийг нь хорих үйлдэл хийж байсан. Айхтар зодож цохиж байгаагүй. 2020 оны 10 дугаар сард бас Хишиг бид хоёр хоорондоо зодолдоод Хишигийн толгой, хөл гар, нуруу нь хөхөрч хавдсан байсан. Хишиг мөн намайг цохиж байсан. Тухайн үед би эмнэлэг, цагдаа дуудъя гэхээр “...чи намайг буруутгалаа...” гээд орилж хашхираад байхаар нь дууддаггүй байсан. Би Хишигтэй ноцолдох үедээ хөл гарных нь шуунаас бариад булчин дээр нь тохойгоороо дараад хөдөлгөөнийг нь хорьдог байсан. 2021 оны 01 дүгээр сарын 05-нд Хишиг бид хоёр гэртээ ноцолдож, зодолдож байхад л үүссэн байх. Тухайн үед Хишиг бас намайг цохиж зодоод орилж хашхираад байсан. Хишиг надаас өөр хүнтэй ноцолдож зодолдсон зүйл байхгүй. 2019 оны 11 дүгээр сарын 25-ны хяналтын камерын бичлэгийг би өргөдөл өгөхдөө өгсөн байгаа юм. Яагаад өгсөн бэ гэвэл би тухайн өдөр Хишигийн ажил дээр очоод гал тогоонд засах зүйлийг нь засчихаад ариун цэврийн өрөөнд ороод сууж байтал манай 10 жилийн найз мессенжерээр чат бичсэн юм. Тэгээд 00-с гараад иртэл Хишиг чи хаашаа яваад ирэв гээд асуухаар нь би 00- д сууж байлаа гэтэл яагаад мессенжерт байж байгаа юм гээд миний утсыг шалгаад буцаагаад надад өгсөн. Тэгээд бид хоёр маргалдаж байтал Хишигийн дүү нь бид хоёрын дундуур орж ирээд та болиочээ гэж байтал Хишиг над руу шил шаазан аваад шидлээд эхэлсэн. Тэгээд дүү нь цагдаа дуудах гэтэл дуудуулаагүй юм. Ер нь бол байнга тэгж орилж хашхирч байдаг юм. Ер нь уурлаад гэрээсээ гараад явчихдаг юм. Тэгээд өөр бусад гэмгүй хүмүүсийг надтай хардаад гэмтээчих вий, өөрөө аваар осолд орчих вий гэж бодоод байдаг юм. 2019 оны 4 сараас 2020 оны 5 сар хүртэл чи өөр бөө хүүхэнтэй болсон байна, тэр чинь хараал жатга хийгээд миний зүүдэнд ороод байна гээд хэрүүл маргаан үүсгээд байдаг байсан юм. Тэгээд 2020 оны 5 сараас эхлээд байрны маргаантай байгаа Хүдэрийн эхнэр Отгонтой хардаж эхлээд 2020 оны 7 сараас манайд зөөгч хийж байсан Дөлгөөн гэх охинтой хардаж эхэлсэн. Тэгээд фейсбүүк мессенжерээр холбогдсон хүмүүстэй хардаж эхэлсэн юм. Тэгээд шөнө болохоор тэр эмэгтэй рүүгээ яв гээд хөөгөөд байдаг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40/      

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 555 дугаартай “*******ийн биед хоёр бугалга, шуу, баруун тохой, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 50-51/

Камерийн бичлэгт үзлэг хийсэн “...2021.01.04, 2021.01.05 гэсэн 2 фолдер байх бөгөөд 2021.01.04 гэсэн бичлэг рүү орж үзэхэд 2, 4, 12 гэсэн 3 хэсэг фолдер байна. Уг бичлэгийг эхлүүлэхэд эрэгтэй, эмэгтэй 2 хүн хоорондоо маргалдсан байдалтай гал тогооны шүүгээний урд зогсож байв. Уг бичлэгийн 15:08:54 секундэд ягаан өнгийн фудволктой, нүдний шилтэй эмэгтэй, хар өнгийн цамцтай саарал өнгийн өмдтэй эрэгтэй хүн баруун гараа далайлгаад хоорондоо хэрэлдэж байх бөгөөд 15:13:33 секундэд хар цамцтай эрэгтэй ягаан фудволктой эмэгтэйн баруун гарыг нь нугалаад доош дарж буй харагдаж байна. Бичлэгийн 15:30:33 секундэд мөн эмэгтэйн баруун гарыг мушгиж байх бөгөөд 15:33:58 секунд хүртэл хоорондоо маргалдсаар байна. 15.36.08 секундэд эрэгтэй эмэгтэй хоёр сандал дээрээс босож камерын доор ирж хоорондоо маргалдсан эрэгтэй нь эмэгтэйгийнхээ зүүн гарыг нь татаж ар шилэн дээр баруун гараараа бариад доош нь дарж байна. 15:38:16 секундэд эрэгтэй нь эмэгтэйгийнхээ зүүн гарыг нь татаад хоорондоо маргалдаж байгаад 15.39.08 секундэд эмэгтэйгийнхээ баруун гарыг нь хойш нь нугалаад эргүүлж, гарынх нь бугалгаар нугалж татаад сандал дээр сууж байна. Бичлэгийн 15:42:03 секундэд мөн камерын доор ирээд эрэгтэй нь эмэгтэйгийнхээ баруун гарыг тохойгоор нь нугалаад хойно нь мушгиж байх бөгөөд 15:44:08 секундэд мөн баруун гарыг нь бугалгаар нь нугалж хоорондоо маргалдаж байгаа нь бичлэгээс харагдаж байна...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/

Хохирогч *******ийн шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 54-55/, Шүүгдэгч *******ын шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх-ийн 57-58/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 74/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85/  зэргийг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.                                                                                    

2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороо БАА-1 дүгээр байрны 11 тоот гэртээ *******, ******* нар гэр бүлийн таарамжгүй харьцаанаас харилцан маргалдаж улмаар шүүгдэгч ******* эхнэр *******ийн бие махбодид хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

мөрдөн байцаалтанд *******ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн“...гарыг нь үеэр мушгиад, хөл гарных нь шуун дээр дараад хөдөлгөөнийг нь хязгаарласан. Тэгтэл Хишиг орилж хашхираад байхаар нь би хөл гарыг дарж тайвшруулж байсан. Хишиг бид хоёр ноцолдож байхад зөндөө юм болсон. Яг хаанаа хэн нь цохисноо мэдэхгүй байна. Би ямар нэгэн зүйлээр бол Хишигийг цохиогүй. Гар хөлийг нь базаж атгаж хөдөлгөөнийг нь хориглох л үйлдэл хийж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-40/, хохирогч *******ийн“...шөнөжингөө хэрэлдэж, миний дөрвөн мөчийг тэлээд гарын шуу, хөлийн булчин, гарын алга, ар тал хэсэг рүү өвдөг тохойгоороо цохиж, гарыг минь нугалж базаад үе үеэр нь дараад, цээжин дээр өвдгөөрөө цохиод, толгойны орой хэсэг, духны хэсэг рүү гараа зангидаж байгаад олон дахин удаа цохисон. Тэгээд орон дээр хоёр гар, хоёр хөлийг минь дэлгэж дарж байгаад толгойг минь орноос доош унжуулаад хоёр гараас бариад толгойгоор минь газарт мөргүүлэх гэж байхад нь би орилоод дунд охин Болормааг дуудахад ******* намайг татаж босгосон. Тэгээд охин Болормаа орж ирээд болиоч дээ гээд салгасан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-35/, гэрч *******гийн “...2021 оны 01 дүгээр сарын 05-нд ээж орон дээр хэвтчихсэн тэгээд хажууд нь аав суугаад хоёр гарынх нь бугалгаас бариад дарчихсан маргалдаад байж байхыг нь харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43/, шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50-51/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Гэм буруугийн талаар хяналтын прокуророос шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч *******ыг  “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч *******ад эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тайлбар санал дүгнэлт гаргалаа.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5-д заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй болно.

Энэхүү гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийн тухайд шүүгдэгч *******, хохирогч ******* нарын гэр бүлийн таарамжгүй харилцаа хандлага, хардалтаас үүдэлтэй байх бөгөөд ******* эхнэр *******ийн  бие махбодид нь халдаж хөнгөн гэмтэл учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал  зэргийг нь харгалзан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог. Мөрдөн байцаалтанд хохирол төлбөртэй холбоотой баримт хавсаргагдаагүй бөгөөд хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хэргийн хамт ирүүлсэн 3 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                                  ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.  Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

5. Хэргийн хамт ирүүлсэн  сиди 3 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

                                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ