Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/325

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн

улсын яллагч Т.Мөнх-Амгалан

шүүгдэгч Б.Х-, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2006039232702 дугаартай 2 хавтаст хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эмээ, авга ах нарын хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Улиастайн  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

урьд нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн, 

2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 930 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийт 02 жил 60 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэнийг 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 246 дугаартай магадлалаар оногдуулсан хорих ялыг 2 дахин багасган 1 жил 30 хоног болгон өөрчлөлт оруулж ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад бүрэн эдэлж суллагдсан /РД:/, Б.Х-.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

Б.Х- нь 2020 оны 9 дүгээр  сарын 22-ны өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 64 дүгээр байрны 51 тоотод Б.Х, Г.З, М.Пнарыг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, утасны залгуураар ороолгох зэргээр хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж гар утас, үүргэвч, сейко бугуйн цаг, чихэвч, цэнэглэгч залгуур, түрийвч, бэлэн 52.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар, илээр авч бусдад 820.680 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 21-ний оройн 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 97 дугаар сургуулийн орчим бага насны хүүхэд Х.Э-хүч хэрэглэхээр заналхийлж, түүний эзэмшлийн LGX-4 загварын гар утсыг илээр, хууль бусаар авч, бусдад 140.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 71 дүгээр байрны 201 тоотод хохирогч А.С-эзэмшлийн Huawei-6 загварын гар утас, хохирогч М.А-эзэмшлийн   Huawei pi 30 загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч бусдад 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 14-ний  өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк” зочид буудлын хажууд бага насны хүүхэд Д.Б-гар утсаар чинь яриадахъя, чи дэлгүүр ороод ир гэж хуурч, түүний эзэмшлийн Samsung on-7 загварын гар утсыг авч залилан бусдад 120.000 төгрөгийн хохирол учруулсан,

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 85а байрны орчим бага насны хүүхэд Э.М-“утсанд чинь нэгж хийгээд хэрэглээд өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, iphone-7 загварын гар утсыг нь авч залилан бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:      

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Х- “Яллах дүгнэлтийг би бүрэн хүлээн зөвшөөрч байгаа. Энэ гэмт хэргүүдийг би ганцаараа үйлдсэн нь үнэн. Би интернет тоглоом тоглодог болохоор мөнгөний хэрэг болоод гэмт хэрэг үйлдсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэгт,  мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан  “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан”  гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Х-гийн үйлдэл тус бүр шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар нотлогдсон байдлыг авч үзвэл;    

Нэг. Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн талаар

Шүүгдэгч Б.Х-  2020 оны 9 дүгээр  сарын 22-ны өдрийн 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 64 дүгээр байрны 51 тоотод Б.Х, Г.З, М.Пнарыг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, утасны залгуураар ороолгох зэргээр хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж гар утас, үүргэвч, сейко бугуйн цаг, чихэвч, цэнэглэгч залгуур, түрийвч, бэлэн 52.000 төгрөг зэрэг эд зүйлсийг хууль бусаар, илээр авч бусдад 820.680 төгрөгийн хохирол,

2020 оны 10 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 97 дугаар сургуулийн орчим бага насны хүүхэд Х.Э-хүч хэрэглэхээр заналхийлж, түүний эзэмшлийн LG X-4 загварын гар утсыг илээр, хууль бусаар авч, бусдад 140.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:     

Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан “...2020 оны 9 дүгээр  сарын 22-ны өдөр 12 цагийн үед БЗД-ийн 6-р хороо 64-р байрны 51 тоот болох манай гэрт хүү М.П-түүний найзуудтай нь хамт дээрэмдсэн...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 30/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 35-38/

Насанд хүрээгүй хохирогч М.П-мөрдөн байцаалтанд “2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ буюу Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо ******* тоотод найз болох Хабултай хамт байж байхад 12 цагийн үед манай найз З- манайд ирээд бид гурав хамт хичээлдээ явах гээд гарсан. Тэр үед би гэртээ номоо мартсан байсан тул эргээд Хабул бид хоёр түрүүлээд манай гэрт орох гэж байхад хаалганаас нэг хүн татахаар нь эргээд хартал үл таних цэнхэр үстэй 25 орчим насны туранхай 170 см орчим өндөртэй үл таних эрэгтэй танайд ороод ус уух гэсэн юм гэхээр нь би оруулаад ус уулгаад байж байтал удалгүй манай найз З- хаалга тогшоод гэрт орж ирсэн. Тэгээд байж байхад миний гар утсаар нэг хүнтэй 2-3 минут ярьж байгаад бид гурав гэрээсээ гарах гэхэд байж бай гэж уурлаад намайг нэг удаа алгадаад, хөл рүү өшиглөөд, цэнэглэгчийн залгуураар гуя хэсэгт гуядсан. Дараа нь та нар надад миний хүссэн юмыг маань өг эсвэл та гурвыг би зодно гэхэд нь бид гурав хүссэн юмаа ав гээд миний Iphone-7 гар утас, З- Samsung S6 гар утас, мөн 52.000 төгрөг, Хабулын дэлгэгддэг Nokia, манай гэрээс миний конверс гэсэн үүргэвчтэй цүнх, аавын сейко брэндийн бугуйн цаг, чихэвч, мөн цэнэглэгчийн залгуур, миний марвелын улаан өнгийн түрийвчийг аваад миний конверсын цүнхэнд хийгээд гэрийн түлхүүр аваад хаалга гаднаас түгжээд авч явсан. Миний нүүрэн хэсэгт алгадаад хөл рүү өшиглөөд цэнэглэгчний залгуураар гуя хэсэгт ороолгосон. Манай хоёр найзыг хүссэн юм өгөхгүй бол зодно гээд сүрдүүлээд байсан...миний нүүрэн хэсэгт нэг удаа алгадсан мөн хөл рүү өшиглөхөд хөл бага зэрэг хөхөрсөн өөр надад гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 41-42/

 Насанд хүрээгүй хохирогч Г.З-мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагийн үед найз болох П- гэрт очсон. Тэдний гэрт ороход манай найзууд болох П-, Хабул мөн үл таних 25 орчим насны эрэгтэй хүнтэй хамт байсан. П- нэг удаа алгадаж өшиглөсөн мөн гар утасны залгуураар ороолгоод мөнгөө гарга гээд сүрдүүлээд байсан. Тэгээд надад байсан Samsung S6 загварын гар утас мөн хар өнгийн түрийвч түүн дотор 52.000 төгрөг байсан. Тэр үед манай найз болох П-, Хабул 2-оос Iphone-7 загварын гар утас, сейко брэндийн цаг зэргийг П- цүнхэнд хийгээд гэрийн түлхүүрийг нь авч гараад гаднаас түгжээд явсан...Тухайн хүн цэнхэр өнгийн богино тачирхан үстэй, зүүн хөмсгөө 2 удаа сэтэлсэн, туранхай царайтай, 170 см орчим өндөртэй, гадуураа хар улаан өнгийн цамцтай, доогуураа цэнхэр өнгийн жийнсэн өмдтэй, цагаан пүүзтэй, зүүн гарын сарвуу хэсэгтээ нүдний зураг бүхий шивээстэй байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 44-45/

Насанд хүрээгүй хохирогч Б.Х-мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 11 цагийн үед найз болох П-төмөр гүүрэн дээр 11 цагийн орчимд уулзаад П- гэр рүү явсан. П- байрны гадаа зүс таних 25 орчим насны эрэгтэй утсаараа ганц яриулчих гэсэн. Уг эрэгтэй манай найз П- утсаар 2 удаа залгасан боловч уг хүн утсаа аваагүй, тэгээд мессеж бичсэн. Уг эрэгтэй хариу иртэл түр хүлээчих гээд 30 минут хүлээх зуур уг эрэгтэй ганц ус аваад өгчих гээд манай найз П-дэлгүүр орж уг эрэгтэйд ус авч өгсөн. Уг эрэгтэй П- байрны 3 давхарт манай найз иртэл түр хүлээж байгаач  гээд байсан. Тэгээд тэр  эрэгтэй ахынх нь ам цангаад байна ганц аяга ус өгөөч гэсэн тэгээд уг эрэгтэйтэй цуг лифтэнд сууж 9 давхарт гарч П- гэрт орсон. Тэгээд тэнд 01 цаг орчим болоход П- нэг удаа алгадаж, өшиглөсөн. Мөн гар утасны залгуураар ороолгоод мөнгөө гарга гээд сүрдүүлээд байсан. Тэр үед манай найз болох П-, З- хоёроос Iphone-7 загварын гар утас, Samsung эс-6 загварын гар утас, 52.000 төгрөг, хар өнгийн түрийвч авсан. Намайг тэр үл таних эрэгтэй зодно шүү гэж сүрдүүлээд байсан. П- алгадаад хөл хүү нь өшиглөсөн...намайг цохиж зодоогүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 47-48/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 02/907 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1-6 гэж дугаарласан нийт 6 ширхэг гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд тэнцсэн 1 болон 6 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөр нь павилон санд М1Ч004310006671 дугаараар бүртгэгдсэн Батцэнгэлийн Б.Х-баруун гарын эрхий хуруу болон зүүн гарын долоовор хурууны хээний дардастай ерөнхий болон хувийн онцлог шинжүүдээрээ тус тус тохирч байна.” гэсэн дүгнэлт, /1хх-ийн 97-99/

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар “Iphone-7 маркийн гар утас 440.000 төгрөг, Samsung s6 маркийн гар утас 120.000 төгрөг, convers 2 үүргэвч 89.940 төгрөг, Seiko бугуйн цаг 81.600 төгрөг, алдагдсан чихэвч 12.000 төгрөг, цэнэглэгч 15.000 төгрөг, marvel хэтэвч 10.140 төгрөг нийт 768.680 төгрөгөөр үнэлэгдэнэ” гэжээ. /1хх-ийн 107-108/

Яллагдагчаар Б.Х- мөрдөн байцаалтанд: Би 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 64 дүгээр байрны ойролцоо найз охин *******тэй уулзах гээд явж байгаад ******* рүү залгаж хаана уулзах талаар асуух гэж утсаар ярих хэрэгтэй болоод байж байхад миний өөдөөс үл таних хоёр хүүхэд явж байсан. Би тэр хоёр хүүхдээс гар утсыг нь гуйгаад найз охин руугаа залгахад манай найз охины утас холбогдохгүй байсан. Тэгээд би тэр хоёр хүүхдээс гар утсыг нь авах сэдэл надад төрөөд гар утсыг нь авахаар болоод гэрт нь орох санал тавьж ах нь гэрт нь орж уух шингэн зүйл байвал ах нь ууя ам цангаад байна гэж хэлээд гэрт нь орсон. Тэгээд тэр хоёр хүүхдийг дагуулахад гэрт нь орсон тухайн үед үл таних 2 хүүхдийн гэрт нь ороход гэрт нь хүн байхгүй байсан. Гэрт нь ороод ус уучихаад гар утсаар нь оролдоод гэрт нь сууж байхад тэр хоёр хүүхдийн найз гээд дахиад өөр 2 хүүхэд гаднаас орж ирсэн. Мөн надад тэр хүүхдүүдийн утсыг авах сэдэл төрөөд тэр хүүхдийг утсаар ярья гэж бодоод тэр хүүхдүүдэд хандаж ахдаа утсаа зүгээр өгөөд явуулчих гэж хэлээд байж байхад тэр хүүхдүүд надад ахаа утас битгий авч яваач та бэлэн мөнгө аваад явчих гэхээр нь ах нь мөнгө утсыг чинь зүгээр аваад явья гэж хэлээд тэр хүүхдүүдийг гар утсаа мөнгөө өг гэж хэлээд гар утсыг нь цэнэглэгчээр тэр хүүхдүүдийн гар хэсэг рүү нь ороолгосон. Тэд нар айсандаа надад цүнх гаргаж өгөөд тэгээд би Iphone-7 маркийн гар утас 1 ширхэг, Samsung s6 маркийн гар утас 1 ширхэг, convers 2 үүргэвч 1 ширхэг Seiko бугуйн цаг 1 ширхэг, чихэвч 1 ширхэг, цэнэглэгч 1 ширхэг, marvel хэтэвч 1 ширхэг, бэлэн 45.000 төгрөг зэргийг аваад гэрт нь түгжээд гараад явсан. Би дээрх зүйлсийг зарж мөнгөтэй болох гэж авсан. Одоо би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 148-149/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай “...2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 17-18 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 97 дугаар сургуулийн гадна манай хүүхэд Х.Э-нь бусдад гар утсаа дээрэмдүүлсэн...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 157/,

хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 159-161/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын цагдаагийн хэлтэс 2 дуудлагын лавлагааны хуудас /1хх-ийн 158/

Насанд хүрээгүй хохирогч Х.Э-мөрдөн байцаалтанд “Би 97 дугаар сургуулийн 4-р ангид сурдаг. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2020 оны 10 дугаар сарын 21-ний орой 17 цагт хичээл тараад сургууль дотор жоохон найзуудтайгаа тоглож байгаад 18 цагийн үед сургуулийн хашааны зүүн талын хаалгаар гарсан. Хаалгаар гараад явган хүний замаар дээшээ яваад алхаж байсан чинь 2 үл таних 18-20 орчим настай байх аймаар өндөр 2 ах зогсож байсан. Нэг нь хар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй, хар куртик, саравчтай малгайтай, уруулан дээрээ сахалтай ах байсан. Тэгээд тэр хоёрын цагаан пүүзтэй ах нь намайг хөөе чи утсаа өгдөө гэхээр нь би үгүй гэсэн чинь зодуулмааргүй байвал утсаа өгөөрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь айгаад цүнхнээсээ гар утсаа гаргаж ирээд цагаан пүүзтэй ахад өгсөн. Тэр үед нөгөө ах нь утсаар яриад байсан бөгөөд *******гийн дүүг нь авах гээд явж байна гэж хүнтэй ярьж байсан. Нөгөө ах нь намайг айлгаж элдэв зүйл яриагүй ганцхан цагаан гуталтай ах нь намайг зодно шүү зодуулмааргүй байвал утсаа өг гэж хэлсэн. Тэгээд намайг цагаан пүүзтэй ах нь ээж аавдаа хэлээд үзээрэй, одоо чи яв гэж хэлсэн. Намайг зодоогүй. Миний утсыг булааж аваагүй. Зодно шүү гээд байхаар нь би айсандаа утсаа гаргаад өгчихсөн.  2020 оны 9 сарын сүүлээр Теди худалдааны төвөөс 195.000 төгрөгөөр авч байсан LG X4 маркийн хар өнгийн гар утас, өнгөгүй резинен кейстэй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 166-167/

“Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...LG X4 маркийн гар утас 1 ширхэг 140.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.”  гэжээ. /1хх-ийн 171-172/

Яллагдагчаар Б.Х- мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр суллагдсанаасаа хойш үйлдлүүдээ үнэн зөвөөр яримаар байна. 2020 оны 9 дүгээр сарын эхээр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 13 дугаар хорооллын автобусны буудлын хойно байрлах байрны гадаах саравчинд таньдаг бага насны эрэгтэй хүүхдүүдтэйгээ юм ярьж сууж байсан. Тэгээд бид хэд сагс тоглохоор болоод сууж байсан саадны ард талд байрлах сагсны талбайд сагс тоглоцгоосон. Сагс тоглож байхдаа тэр дунд байсан нэг хүүхдийн хар өнгөтэй Iphone-6 маркийн гар утсыг нь аваад ах нь нэг утсаар ярьчхаад дэлгүүр орчихоод ирье гэж хэлээд гар утсыг нь аваад явсан. Тэр өдрөөс хэд хоногийн дараа Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо Бөхийн өргөөний зүүн талд байрлах цагаан байрны гадаа явж байхдаа бага насны эрэгтэй хүүхдээс шаргал өнгийн Samsung S6 plus маркийн гар утсыг нь залилж авсан. Дараа нь 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Баянзүрх захын баруун талын 64 дүгээр байрны үүдэнд явж байгаад бага насны эрэгтэй 3 хүүхэдтэй таарсан.Тэгээд нэг хүүхдийнх нь гар утсыг мессеж бичье гэж авсан. Тэгээд худлаа дугаар зохиож мессеж бичээд тэгээд гар утсыг нь буцаагаад өгсөн. Тэр үед тэр хүүхдүүд хоорондоо манай гэрт хүн байхгүй гэж ярьцгааж байсан. Би тэр яриаг нь сонсоод ах нь танай гэрт ороод ус уучхаад гарж болох уу гэж хэлэхэд тэр хүүхдүүд зөвшөөрсөн. Тэгээд гэр лүү нь дагаж ороод ус уучхаад тэр хүүхдүүдийг би айлгаж байгаад IPhone 7, Samsung S6 plus, нугастай хар өнгийн Nokia гар утас, бугуйн цаг, үүрдэг цүнх зэрэг эд зүйлсийг нь аваад гарсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 168-169/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон  гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж өөрөөр хэлбэл хохирогчид бие махбодийн болон сэтгэл санааны ямар нэгэн хүч хэрэглэж,  хэрэглэхээр заналхийлж зөвхөн ил аргаар эд хөрөнгийг  салган авч буй  шинжтэй үйлдэл хамаарна. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр хууль бусаар үнэ төлбөргүйгээр өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, хууль ёсны өмчлөгчид хохирол учруулж байгаа үйлдлийг ойлгоно.

Шүүгдэгч Б.Х- насанд хүрээгүй хохирогч Б.Х, Г.З, М.Пнарын эд зүйлийг дээрэмдэж  768.680 төгрөгийн эд зүйл бэлэн 52000 төгрөг болон нийт 820.680 төгрөгийн хохирол, мөн насанд хүрээгүй хохирогч Х.Эрдэнэшагайн гар утсыг дээрэмдэж 140.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүд нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Хоёр. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар

Шүүгдэгч Б.Х- 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 71 дүгээр байр 201 тоотод хохирогч А.С-эзэмшлийн Huawei-Y6  загварын гар утас, хохирогч М.А-эзэмшлийн   Huawei pi 30 загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар  авч бусдад нийт 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Гэмт хэргийн шинжтэй гомдол хүлээн авсан тухай “...2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 71-201 тоот гэртээ байхад зүс таних хүн гар утас аваад явчихлаа...” гэсэн тэмдэглэл, /1хх-ийн 187/

Хохирогч Б.Сайнбуян мөрдөн байцаалтанд “2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 22 цагийн үед манай найз Б.Х-хонох газар байхгүй байна танайд хоноод өглөө явъя гэхээр нь цуг гэртээ ирсэн. Ирээд утсаар тоглож байгаад унтацгаасан. Өглөө 04 цагийн үед утасны гэрэл асаад Б.Х-миний утас болон ахын утсыг аваад гэрээс гараад явсан. Huawei-Y6 маркийн гар утас байсан. 2019 онд мобикомоос лизингээр 580000 төгрөгөөр авч байсан. Одоо 300.000 төгрөгөөр үнэлж байна. Гомдолтой байна. Хохиролоо барагдуулж авмаар байна. ” гэсэн  мэдүүлэг /1хх-ийн190/

Хохирогч М.А-мөрдөн байцаалтанд “2020 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 10 цагийн үед манай дүү Сайнбуян найзтайгаа ирсэн. Тэгээд удалгүй унтацгаасан. Өглөө 04 цагийн үед намайг сэрэхэд манай дүүтэй цуг ирсэн найз нь явах гээд хувцсаа өмссөн байсан. Тэгээд нойлын өрөө орчихоод гараад ирсэн чинь миний гар утас болон дүүгийн гар утсыг аваад гэрээс гараад явсан байсан. Huawei pi 30 маркийн гар утас 2019 онд хувь хүнээс 800.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо 800.000 төгрөгөөр үнэлж байна.”  ” гэсэн мэдүүлэг /1хх-ийн193/

 “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Huawei-Y6 маркийн гар утас 1 ширхэг 270.000 төгрөг, Huawei pi 30 маркийн гар утас 1 ширхэг 750.000 төгрөг...” гэжээ. /1хх-ийн 200-201/

Яллагдагчаар Б.Х- мөрдөн байцаалтанд “...Б.С- андаа өнөөдөр хонох газар байна уу гэж асуухад Сайнбуян өөрөө андаа өнөөдөр манайд очоод хоночих гэж хэлсэн. Тэгээд Б.С-гэрт очоод ойр зуурын зүйл ярьж байгаад унтсан. Б.С-хамаатны ах нь байсан бөгөөд би шөнө сэрээд Б.С-Huawei-Y6 маркийн гар утас, түүний хамаатны ахын Huawei pi 30 маркийн гар утсыг хамт аваад шөнө нууцаар аваад гараад явсан. Би дээрх гар утаснуудыг зарж мөнгөтэй болох зорилгоор авсан. Би тус гар утаснуудыг үл таних хүнд зарсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 205-206/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Х-  нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, хохирогч А.С-гэрт нь түүний зөвшөөрлөөр орж хонохдоо А.С-өмчлөлийн 270.000 төгрөгийн үнэлгээ бүхий Huawei-Y6  загварын гар утас, түүний ах М.А-өмчлөлийн 750.000 төгрөгийн үнэлгээ бүхий   Huawei pi 30 загварын гар утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдсэн байна.

Гурав. Бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэг үйлдсэн талаар

Шүүгдэгч Б.Х- 2020 оны 10 дугаар сарын 14-ний  өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парк” зочид буудлын хажууд бага насны хүүхэд Д.Б-гар утсаар чинь яриадахъя, чи дэлгүүр ороод ир гэж хуурч, түүний эзэмшлийн Samsung on-7 загварын гар утсыг авч залилан бусдад 120.000 төгрөгийн хохирол,

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 85а байрны орчим бага насны хүүхэд Э.М-“утсанд чинь нэгж хийгээд хэрэглээд өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, iphone-7 загварын гар утсыг нь залилан авч 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 Гэмт хэргийн шинжтэй гомдол хүлээн авсан тухай “...2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Парк зочид буудлын арын 9 давхар улаан хүрэн байшингийн гадна манай дүү Батцэнгэл 13 настай, үл таних хүнд  Samsung on-7 маркийн хар өнгийн гар утсаа залилуулсан...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 215/

Насанд хүрээгүй хохирогч Д.Б-мөрдөн байцаалтанд “...Би 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Парк зочид буудлын арын байрны хойно цэнхэр өнгийн үстэй, зүүн гарын ар дээрээ барны дүрс бүхий шивээстэй 20-25 орчим насны эрэгтэй надад Хаан банкны карт үлдээгээд нэгж аваад ир гээд миний гар утсыг аваад үлдсэн юм. Би тэр ахын картыг аваад дэлгүүр ороод пин кодыг хийх гэсэн боловч буруу байсан. Ингээд би тэр ах дээр буцаж очсон алга болсон байсан. Тэр ах миний гар утсыг аваад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 219/

 “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний  тайланд “...Samsung on-7 маркийн гар утас 1 ширхэг 120.000 төгрөгөөр үнэлэгдэнэ...” гэжээ. /1хх-ийн 222-223/

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Насанд хүрээгүй хохирогч Д.Б- 1, 2, 3, 4 дугаар бүхий 4 ширхэг зургийг үзүүлж 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Парк зочид буудлын арын 9 давхар улаан хүрэн өнгийн байрны гадна Samsung on-7 маркийн гар утсыг нь авч явсан этгээдийг уг 4 хүний зураг дундаас авна уу гэж асуухад 2 дугаартай зургыг зааж, энэ эрэгтэй миний гар утсыг авч явсан хүн мөн байна. Та энэ хүний ямар шинж байдлаар нь таньж байна вэ гэхэд би энэ хүний нүд, хамар, царайны өнгө гээд нүүрний ерөнхий төрх байдлаар нь таньж байна. Уг эрэгтэй нь тухайн үед яг энэ зурган дээр байгаа шигээ хувцастайгаа явж байсан...” тэмдэглэл /1хх-ийн 229-230/

Яллагдагчаар Б.Х- мөрдөн байцаалтанд “...Парк зочид буудлын ойролцоо тэр хүүхдэд би банкны виза картаа өгөөд дэлгүүр ороод нэгж аваад ир гээд явуулсан. Тэр хүүхдийг дэлгүүр явахад надад гар утас нь үлдсэн бөгөөд удалгүй тэр хүүхэд буцаж над дээр ирээд миний виза картыг өгөөд тэр хүүхэд буцаад дэлгүүр ороод ирье гээд дэлгүүр явсан. Тэгээд би тэр хүүхдийг дэлгүүр орсон хойгуур гар утсыг нь аваад явсан. Би тэр хүүхдээс авсан гар утсыг Монтел худалдааны төв дээр 80.000 төгрөгөөр нэг гар утас авч байсан хүнд 80.000 төгрөгөөр зарсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 237-238/

Гэмт хэргийн шинжтэй гомдол хүлээн авсан тухай “...2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13-14 цагийн орчимд үл таних нэг хүн iphone-7 загварын гар тусыг аваад зугатаасан...” гэсэн тэмдэглэл /1хх-ийн 246/

Насанд хүрээгүй хохирогч Э.М- мөрдөн байцаалтанд “...Би 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн  13-14 цагийн орчимд сургуулиасаа гараад баруун талын зүгт байрлах сагсан бөмбөгийн талбай дээр найз Тэмүүлэн болон манай сургуулийн 6г ангийн хүүхдүүдтэй хамт тоглож байсан. Тэгээд сагс тоглож дуусаад 13 цаг 30 минутын үед дэлгүүр орж ундаа авч уучихаад сагсан бөмбөгийн талбай руу очоод найз Тэлмүүнтэй уулзахад нэг танихгүй ах Т-гар утсаар Facebook орж байсан. Тэлмүүн хичээлээсээ хоцрох гээд явах гэтэл тэр танихгүй ах утсыг нь өгөхгүй байсан. Манай найз тэгж байгаад гар утсаа аваад явахдаа намайг гар утсаа өгчих гэж хэлээд утсаа аваад яваад өгсөн. Тэгээд тэр хүн миний гар утсыг аваад би 5 минут Facebook ороодохьё гээд миний гар утсыг өгөхгүй байсан. Тэгээд миний дугааранд дата эрх байхгүй болохоор нь дэлгүүр орж нэгж авна гээд тэнд ойролцоо байдаг 5-н дэлгүүр ороод 2500 нэгж худалдаж авсан. Тэгээд тэр ах нэгжээ дата эрх болгоод Facebook ороод байсан. Тэгээд намайг дагуулж яваад 85а байрны гадна талд 2 давхарын тоотыг тогшоод хүн дуудаад өг гэж хэлээд орц руу хамт орсон. 51 тоот хаалгыг тогшиход хүн гарч ирээд айл андуурсан байна гэж хэлэхээр нь эргээд хартал нөгөө үл таних хүн байхгүй болсон байсан. Би ардаас нь гүйгээд гартал байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 248-249/

Таньж олуулах ажиллагаа явуулсан “...Эдгээр хүмүүсийн зурагнаас миний гар утсыг айлгаж байгаад миний гар утсыг авч зугтаасан үл таних этгээд нь 3 гэсэн дугаарын зурагтай этгээд байна гэж хэлж байх ба бусад хүмүүсийг би урьд өмнө харж байгаагүй юм байна гэж хариулснаар таньж олуулах ажиллагааг дуусгав...” гэсэн тэмдэглэл /2хх-ийн 15-16/

Камерын бичлэгт үзлэг хийсэн “...хохирогч Э.М-гийн гар утсыг авсан гэх үл таних эрэгтэй хар куртиктэй мэлхийний зурагтай саравчтай малгайтай үл таних эрэгтэй нь Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тулгат дэлгүүрт Мөнхжингийн хамт нэгж авахаар үйлчлүүлсэн дүрсийг харуулав...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 20-22/

 “Кости-Эстимэйт” ХХК-ийн эд зүйлд үнэлгээ хийсэн “...IPhone 7 маркийн гар утас 1 ширхэг 350.000 төгрөг...” гэсэн тайлан /2хх-ийн 24-25/

Яллагдагчаар Б.Х- мөрдөн байцаалтанд “...бага насны хүүхдээс утсаараа фейсбүүк оруулаач гэсэн. Тэгсэн тухайн үл таних эрэгтэй хүүхэд нэгжгүй гэж хариулсан. Тэгэхээр нь би утсанд чинь нэгж хийж өгөөд чат оръё гэхэд тэр хүүхэд тэг тэг гэсэн. Тэр хүүхдийг дагуулаад нэгж авах гээд дэлгүүр орсон. Дэлгүүрээс нэгж аваад би утсаар нь фейсбүүк орсон. Тэгээд би тэр хүүхдийг нэг байр руу дагуулж яваад нэг орц руу ороод 2 давхар руу авч гараад тухайн хүүхдэд нэг хаалга зааж өгөөд хаалгыг нь тогшоод хүүхэд гарч ирвэл доошоо буулгаад ирээч гэж хэлж хуурч тэр хүүхэд айлын хаалга тогших хооронд би утсыг нь авч зугатаасан. Айфоне 7 хар өнгөтэй утас байсан. Гар утсыг нь монтел гар утас худалдааны төв дээр утас зардаг хүнд зарсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 34-35/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба залилан мэхлэх гэмт хэргийн арга нь хуурах, баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар үйлдэгддэг.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Х-  нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, насанд хүрээгүй хохирогч Д.Б-эзэмшил өмчлөлийн 120.000 төгрөгийн үнэлгээ бүхий Samsung on-7 загварын гар утсыг “гар утсаар чинь яриадахъя, чи дэлгүүр ороод ир” гэж хэлж, насанд хүрээгүй хохирогч Э.М-гийн эзэмшил өмчлөлийн 350.000 төгрөгийн үнэлгээ бүхий iphone-7 загварын  гар утсыг  “утсанд чинь нэгж хийгээд хэрэглээд өгнө, айлын хаалга тогшуулж хүүхэд гараад ирвэл дагуулаад ир” гэж худал хэлж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан,  гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдэгдсэн байна.

Хяналтын прокуророос Б.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж шүүх дүгнээд;

шүүгдэгч Б.Х-г  Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан”  гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов.

Шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Б.Х-д эрүүгийн хуулийн гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх  хуулийн үндэслэлтэй.

Б.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Х- хэд хэдэн буюу нийлмэл гэмт хэрэг үйлдэж, насанд хүрээгүй хохирогч нарт хүч хэрэглэн дээрэмдсэн, залилан мэхэлсэн нөхцөл байдал болон гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь шүүхээр ял шийтгэгдэж байсан атлаа засрал хүмүүжлийг олоогүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд  Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулав.

Шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг  3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

Түүний эдлэх ялыг үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч Б.Х- хоёр удаагийн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч нарыг хүч хэрэглэн гар утас болон бусад эд зүйлс дээрэмдэж Г.З-т 172.000 төгрөгийн, М.П-ад 648680 төгрөгийн, Х.Э-140.000 төгрөгийн, хоёр удаагийн үйлдлээр насанд хүрээгүй хохирогч нарыг хуурч гар утсыг нь залилан мэхэлж Д.Б- 120.000 төгрөгийн,  Э.М-гийн 350.000 төгрөгийн, нэг удаагийн үйлдлээр гар утас хулгайлж хохирогч А.С-д 270.000 төгрөгийн, хохирогч М.А-750.000 төгрөгийн буюу бусдад нийт 2.450.680 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хохиролыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Б.Х- өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэж, залилан мэхлэх, хулгайлах гэмт хэрэг тус тус үйлдэж бусдад нийт 2.450.680 төгрөгийн хохирол учруулсанаас насанд хүрээгүй хохирогч Г.З-т 140.000 төгрөгийн, Д.Б- 120.000 төгрөгийн,  Э.М-д 350.000 төгрөгийн хохирол төлсөн байна.

Бусдад учруулсан хохиролоос төлөгдөөгүй үлдсэн нийт 1.840.680 төгрөгийн хохиролыг шүүгдэгч Б.Х-гээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гаргуулж насанд хүрээгүй хохирогч Г.З-т 32000 төгрөг, М.П-ад 648.680 төгрөг, Х.Э-140.000 төгрөг, хохирогч А.С-д 270.000 төгрөг, М.А-750.000 төгрөг олгох нь зүйтэй.      

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт  цагдан хоригдсон Б.Х-гийн цагдан хоригдсон 215 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт ирүүлсэн сиди 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х овогт  Б.Х- “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж хууль бусаар авч довтолсон” гэмт хэрэгт,

“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан”  гэмт хэрэгт,

“Бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бусдыг төөрөгдөлд оруулж залилсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.        

3. Шүүгдэгч Б.Х-д Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийт ялыг 3 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.  Б.Х-гийн эдлэх ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Х-гээс нийт 1.840.680 төгрөгийн хохирол гаргуулж  насанд хүрээгүй хохирогч Г.З-т 32000 төгрөг, М.П-ад 648.680 төгрөг, Х.Э-140.000 төгрөг, хохирогч А.С-д 270.000 төгрөг, М.А-750.000 төгрөг олгосугай.

6. Хэргийн хамт ирүүлсэн сиди 2 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Х-гийн цагдан хоригдсон 215 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Х-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ц.ДАЙРИЙЖАВ