Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/310

 

 

                                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга П.Золбаяр хөтлөн,

улсын яллагч Г.Эрдэмбаатар,

шүүгдэгч-хохирогч Б.З-, түүний өмгөөлөгч О.Санчирбал,

шүүгдэгч-хохирогч Д.Г-, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.З-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Д.Г-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005022490139 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Улаанбаатар хотод төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, засал чимэглэгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эх, дүү, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн Хангайн  дугаар хорооны  дүгээр гудамжны  тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД:/ Б.З-.  

2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дугаар сарын -нд Архангай аймгийн Тариат суманд төрсөн,  настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, “” ХХК-д  менежер ажилтай, ам бүл , эх, 5-7 насны 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн  дүгээр хороо, Алтайн  дүгээр гудамжны   тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй /РД:/ Д.Г-.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б.З- 2020 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 00хохирогч Д.Г-гийн үснээс нь зулгааж, гараараа болон хайруулын тавгаар толгой, нуруу, гуяан тус газар цохиж, биед нь зүүн хацрын нумын хугарал, дагзанд шарх, хүзүү, хоёр мөр, зүүн хацар, хоёр гуя, зүүн шилбэ, нуруу, баруун сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

 шүүгдэгч Д.Г- нь хохирогч Б.З-гийн толгой тус газарт  хайруулын тавгаар цохиж, баруун гуяан тус газарт хазаж, үснээс нь гараараа зулгааж түүний биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд шарх, нуруунд цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгчээр Б.З- шүүхийн хэлэлцүүлэгт:  “2020 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө хэрэг болсон. Өмнөх өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Д.Г- над руу залгаад миний төрсөн өдөр болж байна гэж яриад байсан. Д.Г- миний төрсөн өдрөөр ирээгүй, одоо хүрээд ирээч гээд яалт ч үгүй залгаад байсан учраас очсон юм. Өдөр нь Д.Г- бид хоёр уулзаад Бөмбөгөр ороод үсээ угаалгасан. Тэгээд 10 дугаар хороололд Д.Г-гийн гэрт нь очсон. Гэрт нь очоод Д.Г- хувцасаа солиод бид хоёр гарсан. Хувцасаа солих үед нь Д.Г-гийн биед хөхрөлт, хөлийн булчинд хөхрөлт байхыг би харсан. Хөл чинь яагаад хөхөрсөн юм бэ гэж асуухад найз залуутайгаа хэд хоногийн өмнө ууж байгаад ийм болгосон гэж хэлсэн. Тэгээд Өргөө кино театрын хажуугийн пабад Д.Г-гийн найз залуу бас нэг эрэгтэй найзтай нь дөрвүүлээ суусан. Тухайн пабад пиво ууж сууж байгаад орой караокед орсон. Тэр үед нэг найз нь ирсэн. Караокед 2 шил архи уугаад тэндээсээ шөнийн 02 цагийн үед Д.Г-гийн гэрт нь очсон. Очихдоо бас 1 шил архи аваад очсон. Тэрийгээ ууж шалиагүй байж байхад хэрүүл маргаан үүссэн. Караокед байхад Д.Г-гийн найз залуу над руу дөхөж суугаад надтай харьцаа үүсгэх гээд байсан. Тэгэхэд Д.Г- хардах маягтай байсан юм. Би  найз залууд нь хүртэл надаас жоохон хол бай, найз охин чинь надтай хардаад байна гэж хэлсэн. Миний бодлоор хардалттай холбоотой хэрүүл маргаан болсон гэж бодож байгаа. Д.Г-гийн найз залуу нь бас Д.Г-тай хэрүүл хийсэн. Тэр үед би найзыгаа аваад миний найзын гэрээс яв гэж хэлсэн. Найз залуу нь гарч яваад хаалга хаагдахад Д.Г- хүрч ирээд үгийн зөрүүгүй намайг үсдээд дарсан. Чи миний найз залууг миний гэрээс хөөдөг хэн бэ гээд орилоод дайрсан. Тэгээд үсдэлцэж явж байгаад гал тогоо том өрөөний голд очсон. Адилхан бие биеэ үсдээд сөхөрч суусан. Д.Г-г үсдэж байхад миний хоёр хумс хугарсан. Тэгээд би ямар ч барьцгүй, өөрийгөө хамгаалах чадваргүй болоод толгойгоо дараад суусан. Тэгэхэд миний баруун гуянаас хазсан. Тавиулах гээд чадаагүй бөгөөд миний гуя цайраад аймаар болсон байсан. Арай гэж би хазалтыг нь тавиулаад гуяа дараад сууж байсан чинь толгой тархи руу цохиод байсан. Толгойгоо барьсан чинь цус гарсан байсан. Гарсан цусаа хараад би Д.Г-г түлхээд утсаа хайсан. Утас маань буйдангийн завсар орсон байсан, утсаа аваад би цагдаа дуудсан. Ийм л үйл явдал болсон. Цагдаа дуудаагүй байсан бол намайг яах байсан юм билээ, би айгаад шууд цагдаа дуудсан.” гэв.

 Шүүгдэгчээр  Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт: “2020 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнийн 02 цаг 30 минутад хэрэг болсон. Бид хоёрыг зодолдож байхад  ямар ч гэрч байгаагүй. Өглөөний 05 цагт цагдаа ирэх хүртэл бид хоёр л байсан. Хүмүүс явахад бид хоёр бие биедээ ямар ч шархгүй байсан. Цагдаа өглөө ирээд бид хоёрыг авч явахад гэр нил цус болсон байсан. Цагдаа хэний цус гэдгийг шинжлүүлнэ гэсэн. Манай гэрийн хамаг юмыг эвдэж хэмхэлсэн. Тэр хохирлыг би нэхэмжлээгүй. Б.З- намайг цохиогүй, зодоогүй гээд байх юм. Ер нь бол Б.З-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан, харилцан зодолдсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэрт бид хоёр л байж байгаад тийм гэмтэл учруулсан. Бид хоёрын хэн хэн нь гэрээс гараагүй байж байхад цагдаа ирээд бид хоёрыг аваад явсан. Байнга хамт байсан байж хэн гаднаас орж ирээд надад гэмтэл учруулах юм бэ. Бид хоёр хоорондоо зодолдож байгаад л хэн хэндээ гэмтэл учруулсан. Тэрийг цагдаа ирээд тодорхойлсон. Эмнэлэг ирж бид хоёрыг авч явсан. Гэхдээ Б.З-г зүгээр байна, намайг болохоор хүнд гэмтэлтэй байна гээд түргэний тэрэг авч явсан. Гэтэл одоо зодоогүй гэж ярихаар надад гомдолтой сонсогдож байна. Өөр хэлэх юм байхгүй.” гэв.

Хохирогчоор Б.З- шүүхийн хэлэлцүүлэгт:  “Тухайн үед эмнэлгээр явсан зардал 780.000 төгрөгийг би нэхэмжилж байгаа. Өөр илүү, дутуу юм нэхэмжлээгүй. Тухайн үед авсан эм тариа, эмнэлгээр явсан мөнгө байгаа. Энэ талаарх баримтуудыг би байцаагчид тэр үедээ өгсөн. Гэтэл тухайн баримт хавтаст хэрэгт байхгүй байгааг би гайхаж байна. Би Н.Ч- гэж мөрдөн байцаагчид хохиролтой холбоотой баримтаа өгсөн. Тухайн  үеэс хойш миний толгой байнга өвддөг болсон. Цаашид миний тархи толгой ямар болохыг, ямар шинж тэмдэг илрэхийг би мэдэхгүй. Гуянаас хазсан хазалт буглаатай байгаа. Эмч нар намайг ингэж удаан явах юм бол хөлөө тайруулах эрсдэлтэй гэж хэлсэн. Бусдаар өөр нэхэмжлэх юм байхгүй” гэв.

Хохирогчоор  Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт: Би 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр тархины зураг авахуулсан. Ар дагз хэсэг цус хуралттай байсан юм. Цус хуралтаа харуулах гээд имрайд харуулсан чинь ар дагз хэсэгт хаван үүссэн байна гэсэн. Шингэрүүлэх тариа хийлгэсэн. Хоёр удаа эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэн баримтаа авах гэсэн чинь тэр эмнэлэгт коронавирустай өвчтөн байгаа гээд тухайн баримтыг надад гаргаж өгөөгүй. 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манайх хэвийн ажиллаж эхэлнэ гэж хэлсэн. Тэр үед баримтаа авч болох юм гэсэн. Бүрдүүлж авч ирсэн баримтаа сая хурал дээр өгсөн. Би хохиролд 3.000.000 төгрөг нэхэмжилж байгаа. Бүрдүүлж ирсэн баримтаар 1.550.000 төгрөг байгаа. Эмнэлгийн баримт, зарим баримтыг авч чадаагүй. Яг баримттай 1.550.000 төгрөг байгаа. Цаашид ямар эмчилгээ хийлгэхийг мэдэхгүй байна. Шинжээчийн дүгнэлтээр хамрын зүүн талын сартанги мурийлттай гэж гарч ирсэн. Амьсгаа авч чадахгүй болохоор толгой хэсэг рүү өвддөг юм. Хамрын эмчилгээ, хагалгаа хийлгэхэд бас 1.000.000 төгрөг болно гэсэн. Зүүн хацрын нумын хугаралыг тухайн үед нь эмчлүүлэх ёстой байсан боловч оройтож үзүүлсэн чинь наадмын дараа эмчилнэ гээд явуулсан юм. Одоо болохоор бороолсон байна гэж хэлсэн. Би биеэ сайн эмчлүүлмээр байна. Эмэгтэй хүний гоо сайхан ямар чухал билээ. Гэтэл хамар, нүүр маань сонин болчихсон байна шүү дээ. Б.З- надаас нэг ч удаа яаж байна гэж асууж яриагүй. Манай эгч хүртэл Б.З- руу залгаад эмэгтэй хүмүүс байж хамт эмнэлгээр яв гэсэн чинь үгүй гэж хэлсэн байсан.” гэв.

Хавтаст хэргээс хохирогч Д.Г- мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед Өргөөгийн арын English клабад найз залуу Эрхэмжаргал, Золзаяа, Зоригоо, Нямаа бид тав уулзсан. Тэнд хоол идээд надаас бусад нь 3 литрийн цамхагтай пиво хувааж уусан. Найз залуу Эрхэмжаргал бид хоёр Золзаяа, Зоригоо, Нямаа гурвыг үлдээгээд эгчийн төрсөн өдөр рүү явчихаад цаг болоод 23 цаг 20 минут хавьцаа буцаж ирэх үед Золзаяа, Зоригоо, Нямаа гурав нэлээн халсан байдалтай байсан. Тэгээд бид тав гараад тарах гэхэд найз Б.З-дуулмаар байна гэж хэлээд бид нар 00 цагийн үед номын сангийн тэнд байдаг шөнө ажилладаг караокед орсон. Тэнд ороод 4 лааз heineken /хэйникен/ пиво, 2 шил Эдэн нэртэй 0.7 литрийн хэмжээ бүхий архи авч 5-уулаа тэндээ хувааж уугаад 2020 оны 7 дугаар сарын 03-ны шөнийн 02 цаг 30 минут орчимд Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 10 дугаар хороолол ******* тоотод манайд бид тав очсон. Манайд 1 литрийн эдэн нэртэй архи задлаад бид 5 нэг, нэг удаа татсан. Золоо нэлээн халаад  чанга хөгжим тавиад бүжиглээд байсан. Тэгсэнээ Б.З-та дөрөв намайг тоохгүй байна гэж хэлээд манай найз Зоригоо, Нямаа 2 руу миний бүжиглэх таалагдахгүй байна уу яаж бүжиглэвэл таалагдах юм гэж хэлээд тэр 2 руу агсан тавиад дайраад байсан. Тэгээд дайраад байхаар нь манай найз залуу боль гэж хэлээд Золзаяад хандан хэлэх үед чамд хамаагүй таалагдахгүй байгаа бол зайл гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр согтуу эмэгтэй хүнийг гадаа гаргаад яах юм бэ бид гурав явлаа гэж хэлээд манай найз залуу Эрхэмжаргал, Зоригоо, Нямаа гурав гараад явсан.  Гэрт Б.З-бид хоёр үлдсэн. Би ширээн дээр байх юмаа цэгцлээд гал тогооны угаалтуурын тэнд юм цэвэрлэж байгаад Золзаяад хандан миний найз одоо болио гэсэн. Тэгтэл Б.З-битгий шаа гэж хэлээд араас юм шидээд миний дагз хэсэгт оносон. Би эргэж хараад Золзаяаг үсдээд доош дарах үед миний толгойноос их хэмжээний цус урсаад миний толгой битүү цус болсон байсан. Дарж байх үед Б.З-за хөгшөөн болилоо тавьчих гэж хэлэхээр нь би тавьсан. Б.З-тэндээс босоод нойлын өрөөнд орж нэг хүн рүү залгаад хайраа намайг хүмүүс хүчиндэх гээд байна гэж яриад утсаа салгаад нойлын өрөөнөөс гарч ирээд ёо пизда гэж хэлээд ширээн дээр байсан зүйлүүдийг газраар хөглөрүүлж хайруулын таваг авч  миний зүүн шанаа хэсэг рүү цохин гинжээр миний хоолойг боосон. Би хайруулын тавгийг нь түүнээс салган авч хана руу шидсэн. Тэгээд найз залуу Эрхэмжаргал руу залгаж дуудсан...Харсан гэрч байхгүй. Б.З-бид хоёроос өөр хүний байгаагүй. Манай гэр камергүй...Аяга авч миний араас шидэж дагз хэсэг рүү онох үед цус гарсан. Би эмнэлэгт очиж толгой хэсэгт оёдол тавиулсан. Миний зүүн шанаа хэсэг рүү хайруулын тавгаар,  мөн баруун мөр хэсэг рүү хайруулын тавгаар цохисон. Зүүсэн байсан гинжнээс татаж намайг боосон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54-55/

Хохирогч Б.З- мөрдөн байцаалтанд “Би 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 22 цагийн үед Өргөөгийн арын English клабад найз Д.Г-, түүний найз гэх хоёр залуутай 5-уулаа тус газар хоол идэж 3 литрийн цамхагтай пиво хувааж уусан. Тэндээс 23 цаг 30 минутын үед бид 5 тэндээс гарахад Д.Г- бид нарт хандан шөнө ажилдаг караоке байгаа гэж хэлсэн тэгээд тэндээс бид тав багшийн дээдийн орчим байсан байх тэнд нэг газар ороод дуулж нэг шил Эдэн нэртэй 0.75 литрийн хэмжээ бүхий архи авч бүгд хувааж уусан тэндээ 2-3 цаг дуулаад ойролцоогоор 04 цагийн үед байх Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 хороололд байх Д.Г-гийн гэрт очсон. Гэртээ орох үед Д.Г- найз залуутайгаа муудаад байх шиг байсан. Гэрт нь орсон хойноо би найз Д.Г-г өмөөрч найз залуутай нь маргалдаад чи манай найзын гэрээс зайл гэсэн. Тэгж хэлсэн чинь Д.Г-гийн найз залуу болон найз залуугийн найз нь гэх хоёр залуу тэр гурав гэрээс нь гараад явсан. Найз залуу нь гарсаны дараа Д.Г- надад хандан чи миний найз залууг хөөдөг хэн юм бэ гээд миний үснээс зулгаагаад намайг доош нь дарах үед би газар сөхрөөд харилцан өөрийг нь зөрүүлж үсдээд дарсан. Тэгээд бид хоёр газар сөхөрч унаад хоёулаа үснээсээ зулгаалцаж байх үед Д.Г- миний баруун гуяны дотор хэсгээс хазсан. Би салгаад гуяа хараад сууж байх үед Д.Г- дахин үсдэх үед би нүүрээ гар хэсгээрээ хамгаалан доошоо хараад сууж байх үед Д.Г- хатуу зүйлээр миний толгойн баруун, зүүн хэсэг болон нуруу бөөр рүү цохисон. Цохисон зүйлийг нь сүүлд харахад дунд зэргийн хэмжээтэй бор хүрэн өнгийн хайруулын таваг байсан. Д.Г- миний дээрээс хатуу зүйлээр цохиод байхаар нь би Д.Г-г хойш нь түлхсэн. Түлхэх үед Д.Г- дагзаараа савж унасан юун дээр унасан болохыг би хараагүй. Тэгээд унах үед нь би цагдаа дуудах гээд утсаа авахаар гүйх үед барьж байсан хайруулын тавгаа над руу шидсэн, шидэх үед нь би бултсан. Хайруулын таваг нь хананд савагдаад газар унасан. Би цагдаа дуудах үед Д.Г- гайгүй намдсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн...Хайруулын тавгаар миний толгойн баруун болон зүүн, нуруу, бөөр хэсэгт цохисон, бас миний баруун гуяны дотор талаас хазсан. Д.Г- үснээс зулгаах үед би хариу үсэдсэн. Хатуу зүйлээр зодоод байхаар нь би түлхсэн чинь Д.Г- дагз хэсгээрээ саваад унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/

Гэрч Э.Э-мөрдөн байцаалтанд “Баянгол дүүргийн 6 дугаар хороо 10 дугаар хорооллын 53 дугаар байрны 4 тоотод ирсэн. Ирээд бид 5 архи ууж байгаад Золоотой маргалдаад Зоригтбаатар, Нямбаяр бид 3 Зоригтбаатарын 10-р хороололд байрлах гэр рүү алхаад явсан. 05 цаг 25 минутын үед манай найз охин Д.Г- над руу залгаад Золоо намайг зодоод гэрээр дүүрэн цус болгочихлоо хүрээд ир гэсэн. Орж ирэхэд 2-лаа цус болчихсон, Д.Г- согтолт нь гайгүй, Золоо нь согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх13-16/,

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хэргийн газраас хурааж авсан иш хэсэг хугархай 1 ширхэг хайруулын таваг нь гаднах өнгө нь шар, дотор өнгө нь хар, иш хэсэг нь хугарсан, тавагны ерөнхий байдал зуйван болсон байна...” /хх-ийн 18-19/

Мөрдөгчийн 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр “...Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн, эрүүгийн мөрдөгч цагдаагийн дэслэгч Н.Чимэд-очир би 2020 оны 07 дугаар сарын 03-ны 06 цагийн орчимд Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 10-р хорооллын 53-р байрны 04 тоотод хүмүүс хоорондоо зодолдоод гэмтэл учруулсан байна гэх дуудлагын дагуу биечилсэн сурвалжилга хийж ажиллахад Дамдинбазар овогтой Д.Г- нь Болд овогтой Золзаяатай согтууруулах ундаа хэрэглэн согтуурсан үедээ маргалдан зодолдсон байсан ба хоёул толгой хэсэгтээ бэртэл авсан. Д.Г- нь Золзаяаг хайруулын тавгаар цохиж гэмтээсэн. 04 тоот орон сууц нь 1 өрөө гэрийн голд ширээн дээр архи уусан байдалтай уугаад үлдээсэн 1 литрийн “Эдэн” архины үлдэгдэл компьютерын ширээн дээр байсан. Зэвсгийн чанартай ашигласан хайруулын таваг үүдний хэсэгт хураасан өрөөний голд их хэмжээний цусны толботой. Ахуйн хүрээнд архидан согтуурч хоорондоо маргалдаж зодолдсон шинжтэй. Тус байрны 3 болон 5 тоотод оршин суудаг иргэдээс асуухад шөнөжингөө архи ууж согтуурахсан хэрэлдэж маргалдаж байсан нь тогтоогдсон. Маргалдаж зодолдсон иргэн Д.Г-, Б.З-нарыг яаралтай түргэн тусламжийн 103 ирж авч явсан ба ГССҮТөвд хүргэсэн байсан ба Б.З-нь мэдүүлэг өгөх чадвартай мэдүүлэг өгсөн. Д.Г- нь мэдүүлэг өгөх чадваргүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 7885 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэг болон дүгнэлт хэсэгт “Толгойн зүүн тал зулайн хуйхны урд дээд хэсэгт босоодуу 2.0х0.1 см хэмжээтэй мэс заслын оёдол бүхий шархтай, шархны эргэн тойрон 2.0х2.0 см хэмжээтэй хавдсан, тэмтрэхэд зөөлөн эмзэглэлтэй. Зулайн хуйхны урд хэсэгт 2.0х2.0 см хэмжээтэй дугираг хэлбэртэй хүрэн улаан өнгийн зулгаралттай. Баруун гуяны дотор дээд хэсэгт дугуйрсан  2.0х2.0 см хэмжээтэй хүрэн улаан өнгийн шархтай, шархны эргэн тойрон 6.0х7.0 см хэмжээтэй захаараа хүрэн ягаан голоороо хөхөлбөр өнгийн цус хуралттай. Нурууны баруун доод хэсэгт 7.0х7.0 см хэмжээтэй хүрэн хөхөлбөр өнгийн цус хуралттай. Мөнгөнгүүр эмнэлгийн 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн толгойн КТГ: тархины эдэд голомтод болон эзлэхүүнд эмгэг өөрчлөлтгүй, тархины эдийн бор цагаан эдийн ялгарал хэвийн, ясанд эмгэг өөрчлөлтгүй, зүүн зулайн орчмын хуйхан дор бага хэмжээний хавантай.” “...Б.З-гийн биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх,  зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд шарх, зөөлөн эдийн няцрал, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэгээс дээш удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 64-65/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 7850 дугаартай дүгнэлтийн хэсэг газрын үзлэг болон дүгнэлт хэсэгт “Дагзны дээд хэсэгт 6.12 цагийн байрлалд мэс заслын оёдол бүхий 1.5 см урт шархтай. Зүүн мөрөнд 3х12см, зүүн хацрын төвгөрт 6х4см, зүүн гуяны гадна дунд хэсэгт 2х2см гадна доод хэсэгт 8х3см, 2х2см зүүн шилбэний урд дээд хэсэгт 4х4см, баруун гуяны гадна доор 7х3см шар өнгийн хүзүүний баруун талд 2х1см, 1х1см баруун мөрөнд 8х6см захаасаа шарлаж шимэгдэж буй хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Хоёр далны дунд 0.5х0.4см барууны сарвууны эрхий хурууны ард 0.5х0.4см улаан хүрэн өнгийн зулгаралттай. 2020 оын 7 дугар сарын 04-ий өдрийн Толгойн КТГ: Дагзны хэсгийн хуйхан доор 7х0.6см хэмжээтэй цус хуралттай, зүүн талын хацар хэсгээр зөөлөн эдийн хавантай. Зүүн талын хацрын хацар ясны нум зөрөөгүй хугаралттай. Тархины эдийн бор ба цагаан эдийн ялгарал хэвийн хамрын таславч зүүн тийш үл ялиг мурийсан.” “Д.Г-гийн биед зүүн хацрын нумын хугарал, дагзанд шарх, хүзүү, хоёр мөр, зүүн хацар, хоёр гуя, зүүн шилбэ, нуруу, баруун сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт  /хх-ийн 70-71/

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотойгоор Д.Г-гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 159/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 103/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 119/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.З-, Д.Г- нарын холбогдсон хэрэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд;

Шүүгдэгч Б.З-, Д.Г- нар согтуугаар 2020 оны 7 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хороололын 54 дүгээр байрны 04 тоот Д.Г-гийнд  маргалдан харилцан зодолдож, шүүгдэгч Б.З- нь хохирогч Д.Г-гийн биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг, шүүгдэгч Д.Г- нь хохирогч Б.З-гийн биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэмт хэргийн талаархи гомдол /хх-ийн 11-12/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20/, Б.З-гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 49-50/, Д.Г-гийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-56/, гэрч Э.Эрхэмжаргалын мэдүүлэг /хх-ийн 57-58/, Д.Г-, Б.З- нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 59-62/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 25-44/,  шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 7850 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-71/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 7885 дугаартай дүгнэлт /хх-ийн 64-65/ хохиролын баримтууд зэрэг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Шүүгдэгч Б.З- хохирогч Д.Г-гийн биед зүүн хацрын нумын хугарал, дагзанд шарх, хүзүү, хоёр мөр, зүүн хацар, хоёр гуя, зүүн шилбэ, нуруу, баруун сарвуунд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан нь  гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.  

Шүүгдэгч Д.Г-  хохирогч Б.З-гийн биед тархи доргилт, зулайн хуйханд няцарсан шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд шарх, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.  

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Г-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч Д.Г- болон түүний өмгөөлөгч хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүгдэгч Б.З-гийн өмгөөлөгч О.Санчирбал “2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд мөрдөн байцаалт явуулах хугацааг сунгаагүй ажиллагаа явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн байна. Б.З-д холбогдуулан прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа прокурор тогтоолдоо “...хохирогч Д.Г-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэлт өгчихөөд тогтоолынхоо тогтоох хэсэгтээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай гэсэн байдаг. Иймд эдгээр нотлох баримтуудыг хасуулах мөн Б.З-, Д.Г- нар яг юунаас болж маргасныг тогтоогоогүй тул хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн агуулга бүхий санал дүгнэлт гаргаж мэтгэлцэж оролцлоо. 

Хавтас хэргээс хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01/-талаас эхлэн 2021 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл сар бүр хэрэг бүртгэлийн хугацааг сунгажээ. Хэрэг бүртгэлийн хугацаанд шүүгдэгч Д.Г-, Б.З- нар нь короновирустэй холбоотойгоор мөн ажил явдал гарсан, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө, очих завгүй байна, ажил явдал гарсан гэх зэргээр мөрдөгчийн дуудсан цагт хүрэлцэн ирээгүй нь хэрэгт авагдсан мөрдөгчийн тэмдэглэлд тусгагджээ.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Г-гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 7850 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд цугларсан нотлох баримтуудыг дурдаж нөхцөл байдлыг тодорхойлж Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна.      

Эдгээр нь шүүгдэгч Б.З-гийн эрх зүйн байдлыг дордуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ноцтой зөрчилд хамаарахгүй бөгөөд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй.  Хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзэн шүүгдэгч О.Санчирбал өмгөөлөгчийн гаргасан нотлох баримт хасуулах, хэргийг прокурорт буцаах тухай хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно. 

 Гэм буруугийн талаар гаргасан улсын яллагчийн санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, шүүгдэгч Д.Г-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцов. 

Хохирол хор уршгийн тухайд шүүхийн хэлэлцүүлэгт Б.З- мөрдөн байцаалтанд 780.000 төгрөгийн хохиролын баримт гаргасаныг  мөрдөгч хэрэгт хавсаргаагүй байна гэж мэдүүлдэг боловч энэ талаар шүүгчийн туслах хэрэгт хяналт тавьсан прокурор болон мөрдөн байцаагчаас утсаар асууж тодруулахад “мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад хохиролын баримт Б.З-гаргаагүй” гэсэн талаар шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэнийг тэмдэглэх нь зүйтэй. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан дээр гаргасан хохирогч Д.Г-гийн  хохиролтой холбогдуулан 3.000.000 төгрөг нэхэмжилсэнээс энэ хэрэгт хамааралтай нотлох баримтын шаардлага хангасан нийт 1.367.600 төгрөгийн баримтуудыг шүүх үнэлж шүүгдэгч Б.З-гаас гаргуулж хохирогч Д.Г-д олгохоор шийдвэрлэв.  

Хохирогч Д.Г-гийн нэхэмжлэлийн хангагдаагүй буюу цаашид гарах зардалтай холбоотой хэсэг болон хохирогч Б.З-гийн нэхэмжилж буй 780.000 төгрөгийн гэх баримтгүй нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхив. 

Харин  хохирогч Б.З-, Д.Г- нар өөрт учирсан хохиролын болон цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн харилцан бие биенээсээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус бүрт нь оногдуулах тайлбар санал дүгнэлт,

шүүгдэгч Д.Г-гийн өмгөөлөгч Н.Одонтуяа “бага насны хоёр хүүхэдтэй, ажил хөдөлмөр эрхэлдэг, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн санал,

шүүгдэгч Б.З-гийн өмгөөлөгч О.Санчирбал “Гэм буруугийн талаар гаргасан шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана.  Б.З- тохиолдын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тодорхой нөхцөл байдлын улмаас өөрийн биеийг хамгаалсан гэх зэргээр зүй бус харилцаанаас үүссэн тул 450 нэгтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг тус тус гаргалаа.     

Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.З-г, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Д.Г-г  гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан  хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч Б.З-, Д.Г- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл  байдлууд тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.З-, Д.Г- нарын архидан согтуурч маргалдсаны улмаас харилцан зодолдож Б.З- нь Д.Г-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан, Д.Г- нь Б.З-гийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, бие биедээ учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж байгаа шүүгдэгч Д.Г-гийн хувийн байдал  зэргийг тус тус  харгалзан шүүгдэгч Б.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан иш хэсэг хугархай гаднах өнгө нь шар, дотор өнгө нь хар, иш хэсэг нь хугарсан, ерөнхий байдал нь зууван хэлбэртэй хайруулын таваг нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

 ТОГТООХ нь:

1. Б.З-“хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт,

Д.Г-“хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянга хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч  нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Б.З-, Д.Г- нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Б.З-гаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар 1.367.600 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Г-д олгосугай.

6. Хохирогч нар эмчилгээтэй холбогдох болон цаашид гарах бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн иш хэсэг хугархай гаднах өнгө нь шар, дотор өнгө нь хар, иш хэсэг нь хугарсан, ерөнхий байдал нь зууван хэлбэртэй хайруулын таваг нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.З-, Д.Г- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй.

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ