Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2021/ШЦТ/326

 

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  П.Золбаяр хөтлөн

улсын яллагч Г.Эрдэмбаатар

шүүгдэгч Д.З-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.З-холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105006200512 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,  оны  дүгээр сарын -нд Дархан-Уул аймагт төрсөн,  настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эх охины хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын  дугаар баг Баяндаваа  дугаар гудамж  тоотод бүртгэлтэй боловч одоо Сүхбаатар дүүргийн  дугаар хороо  дугаар гудамжны  тоотод түр оршин суудаг,

урьд нь 2007 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 414.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн,

2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 111 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 272 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялаас үлдсэн 1 жил 3 сар 07 хоногийг хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 07 хоногийн хугацаагаар тогтоож, 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан, /РД:/, Д.З-.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Д.З-нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хар хорин худалдааны тов дотор хохирогч Д.О- эзэмшлийн iphone-7 plus  маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Д.З-“ Би хүний гар утас хулгайлж авсан нь үнэн. Утсыг нь буцааж өгсөн. Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Гэмшиж байна.” гэв. 

Xавтаст хэргээс хохирогч Д.О-мөрдөн байцаалтанд “Би 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 17цагийн үед Хархорин худалдааны төвийн мах зардаг цэг дотор явж байхдаа IPhone 7 plus маркийн гар утсыг хулгайд алдсан. Би энэ гар утсыг 4 жилийн өмнө Мобикомоос 2.500.000 төгрөгөөр авч байсан. Одоо утасны үнэлгээ маань 700.000 гаран мянган төгрөг байх шиг байна.  Би одоогийн зах зээлийн үнэлгээгээр үнэлнэ. Миний хажууд 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн худалдагчаас юм асуугаад зэрэгцэж юм асуугаад байсан. Тэгээд тэндээс гараад машиндаа суугаад халаасандаа гар утсаа үзсэн чинь байхгүй байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06/,

Яллагдагчаар Д.З-мөрдөн байцаалтанд“...2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 15 цагийн үед Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хархорин худалдааны төв дотор явж байхдаа 40-50 орчим насны эмэгтэй хүний гадуур хувцасны халааснаас IPhone 7 plus маркийн гар утсыг хулгайлан авсан. Надад хулгай хийх ямар нэгэн зорилго байгаагүй. Надад өөр хэлтэс газар шалгагдаж байгаа асуудал байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “...Дулмаа овогтой Д.З- хар өнгийн IPhone 7 plus маркийн имэй 353815081068201 дугаар бүхий гар утас 1 ширхгийг тус бүр хураан авсан...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 14/

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд “2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 353815081068201 имэй кодтой, 1 ширхэг гар утсыг хүлээн авч хохирогч Д.Оюунчимэгт хүлээлгэн өгсөн”  гэсэн тэмдэглэл /хх-ийн 15/

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...IPhone 7 plus маркийн гар утас 1 ширхэг 550.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн тайлан /хх-ийн 17-18/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 33/, ял шалгах хуудас /хх-ийн 21/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 24-32/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.  

Шүүгдэгч Д.З-нь 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хар хорин худалдааны төв дотор хохирогч Д.О- эзэмшлийн iphone-7 plus  маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Д.З- “Хархорин худалдааны төв дотор явж байхдаа 40-50 орчим насны эмэгтэй хүний гадуур хувцасны халааснаас IPhone 7 plus маркийн гар утсыг хулгайлан авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57/, хохирогч Д.О- “...Хархорин худалдааны төвийн мах зардаг цэг дотор явж байхдаа IPhone 7 plus маркийн гар утсыг хулгайд алдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 15/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 17-18/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.

 Шүүгдэгч Д.З-бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүй, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзнэ.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас Д.З-“Бусдын эд хөрөнгийг  хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

Улсын яллагчийн гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч Д.З-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар  улсын яллагчаас Д.З-холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулах санал дүгнэлт гаргалаа.

Шүүгдэгч Д.З-эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо биет байдлаар буцаан өгсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 Шүүхээс, шүүгдэгч Д.З- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдсан, урьд нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байсан хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, хор уршгийн шинж чанар, үйлдсэн гэмт хэргээ шударгаар мэдүүлж байгаа  зэргийг тус тус  харгалзан эрүүгийн хуулийн  шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт долоон зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.           

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авсан болно.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Д.З-цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.З-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Д.З-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг  мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Д.З-цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.З-авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ц.ДАЙРИЙЖАВ