| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2021/0250/Э |
| Дугаар | 2021/ШЦТ/313 |
| Огноо | 2021-05-19 |
| Зүйл хэсэг | 20.17.1., |
| Улсын яллагч | Г.Нандин-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 2021/ШЦТ/313
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн
улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ
шүүгдэгч П.Г-нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Г- холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105001470198 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оны 0 дугаар сарын -нд Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн дугаар хороо Зүүн-Ард аюушийн дүгээр гудамжны тоотод амьдарч байгаа, урьд ял шийтгэлгүй, /РД:/, П.Г-.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:
П.Г-нь 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 23 дугаар хороо 0мэдээллийн технологи ашиглан “Ayato Kayo” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсаар лайв /Live/ буюу шууд дамжуулалт хийж ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 000 дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 838.600 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Г-шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хавтаст хэргээс гэрч Б.З-мөрдөн байцаалтанд “ 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 цагийн үед өөрийн үеэл дүү болох П.Г- уулзах гээд Баянгол дүүргийн 23 дугаар хороо 00тоотод очсон. Намайг очсоны дараа 18 цагийн орчимд П.Г- нь Texas poker гэх тоглоомыг хөзөр, тоо зурсан ватум цаас, бал дэвтэр мөн live хийж байгаад утас ашиглан тоглуулж байсан. Би П.Г- ингэж тоглуулж болдог юм уу гэж асуухад надаас өөр зөндөө хүмүүс тоглуулж байсан тэгэхээр болдог байхаа гэсэн. Тэгээд би 20 цагийн орчимд гэр лүүгээ явсан...П.Г- нь манай ээжийн эгчийн хүүхэд байгаа юм...П.Г- 11 сартай хүүтэйгээ хоёулхнаа байсан. Гэрт нь өөр хүн байгаагүй. Тухайн тоглоомыг ганцаараа тоглуулж байсан. Тэгээд гар утсыг унинд өлгөөд тогтоочихсон байсан бөгөөд хажуу талдаа нэг илүү утсаа тавьчихсан хөзрөө өөрөө холиод тоглуулж, хожсон хүмүүст нь тоглолтын дараа yondoo гэж дансаар шилжүүлж байсныг би харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/
Гэрч Б.А-мөрдөн байцаалтанд “2021 оны 01 дүгээр сарын эхээр ажил дээрээ байж байх үед фейсбүүк хаяг руу мессенжерээр шууд тоглоом тоглуулж бичлэг хийж байгаа хаягийн линк явуулсан. Тэгэхээр нь би ороод харсан чинь миний таньдаг П.Г- цаасан дээр покерын ширээ мэт 6 хүний суудал зураад хөзөр холиод фейсбүүкээрээ хүн дуудаад Хаан банкныхаа 000 тоот дансыг пост хэлбэрээр тавиад тухайн дансаараа мөрийний мөнгийг шилжүүлэн авч тоглуулж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө ******* тоот данснаас 5000 төгрөг шилжүүлж 1 гэсэн тоо бичээд шилжүүлсэн. Тэгтэл П.Г- гүйлгээ нь орсон байна Хаан банкныхаа дансыг нэг утаснаас харж шалгаж хэлээд хариуг нь шууд бичлэг болох live хийж дамжуулан хэлж байсан. Тэгээд хүн бүрдмэгц суудал тус бүрд 2, 2 хөзөр тараагаад газар 5 мод дэлгэж техас покер тоглоомын дүрмээр мөрий тавьж тоглуулсан. Тэгээд би тухайн өдөр 24.000 төгрөгийг хожиж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/
Яллагдагчаар П.Г-мөрдөн байцаалтанд “Би тухайн өдөр “тэхас” покер гэх хөзрөөр тоглодог тоглоомыг эгчийнхээ ашигладаггүй Ayato Kayo гэх цахим хаягаас шууд бичлэг буюу live хийж тоглуулсан. Тухайн тоглоомыг би ганцаараа тоглуулсан. Нийтдээ 2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 06-ны хооронд 2-3 удаа тоглуулсан. Энэ тоглоомыг нэг тоглохдоо 6 хүн тоглодог нэг хүний 10.000 төгрөгийг миний өөрийн Хаан банкны 000 гэх тоот данс руу шилжүүлэн авч тоглуулсан. 10.000 төгрөгийг шилжүүлээд нэг хүн 5 удаа тоглох боломжтой. 5 удаа тоглоод нэг гарвал 10.000 төгрөг, 2 гарвал 20.000 төгрөг гэх жишээний тоглох боломжтой байдаг. Би тоглоомд ашиглагдах бүх материалаар өөрийн гараар бэлтгэж Ayato kayo гэх эгчийнхээ ашигладаггүй хаягаар live хийн тухайн тоглоомыг тоглуулсан. Тоглоомоо тоглож дуусаад хожсон хүндээ yondoo гэсэн утгаар мөнгөө шилжүүлдэг...Би хүмүүс хийгээд байхаар нь гэртээ мөнгөний хэрэг байсан учир мөнгө олохын тулд хийсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05/
Ayato Kayo гэх нэртэй фэйсбүүк хаяганд үзлэгээр “...П.Г-тухайн хаягийн нууц кодыг мартсан гэх тул мөрдөгчийн цахим хаягаас орохоор тогтож үзлэг хийхээр мөрдөгч өөрийн фэйсбүүкт нэвтэр хайлт хэсэгт Ayato Kayo гэдэг үсгийг цуглуулан хайх товчийг дарахад Ayato Kayo гэсэн бичиглэлтэй хөзөр, хясааны зураг бүхий хаяг гарч ирж байх ба уг хаяг нь 877 найзтай, 37 дагагчтай, гэр бүлийн байдал нууцлалтай, зураг нууцлалтай хаяг байгааг харуулав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн бусдад цацагдсан нийтлэлүүдийг үзэхэд 2020 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр оруулсан пост зургийг харуулав. 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр тухайн хаягаас хөзөр, хясааны зураг оруулсан байх бөгөөд 2 хүн сэтгэгдэл бичсэн байлаа. Уг хаяг нь ямар нэгэн, зураг бичлэг хадгалагдаагүй байгааг үзлэгт тэмдэглэл болгов...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 10-14/
Эд зүйлд үзлэг хийсэн “...Уг гар утас нь самсунг гэсэн бичигтэй цагаан өнгийн, хавтгай ухаалаг, андройд үйлдлийн системтэй, 14см урттай, 6.5см өргөнтэй, дэлгэцийн доод хэсгийн голд товчлуур байрлах ба дэлгэцийн нуруун дээд өнцөг хагарсан, цуурсан гар утас байв. Уг гар утсыг нээхэд “0000” бүхий кодтой байсан бөгөөд тухайн утасны Apps-г нээхэд гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан гэх фейсбүүк апплейкшн болон фейсбүүк хаяг байсангүй. Мөн гар утсанд мессеж, цахим шуудан, ирсэн гарсан дуудлага зэрэг бүгд хоосон байлаа...” гэсэн тэмдэглэл /хх-ийн 14-16/
П.П.Г- нэг ширхэг цагаан өнгийн самсунг жи-5 маркийн гар утсыг эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол /хх-ийн 08/ П.П.Г-ын Хаан банкны дансны хуулга /хх-ийн 30-55/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн дүгнэлт
Шүүгдэгч П.Г- 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд Баянгол дүүргийн 23 дугаар хороо 0мэдээллийн технологи ашиглан “Ayato Kayo” гэх нэртэй фэйсбүүк цахим хуудсаар лайв /Live/ буюу шууд дамжуулалт хийж ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог покер нэртэй мөрийтэй тоглоом зохион байгуулж, өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 000 дугаарын харилцах дансаар тоглогч нарын мөнгийг шилжүүлэн авч нийт 838.600 төгрөгийн ашиг олсон гэмт хэрэг үйлдсэн болох нь:
үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн П.П.Г-ын“...2020 оны 01 дүгээр сарын 04-нөөс 06-ны хооронд 2-3 удаа тоглуулсан. Энэ тоглоомыг нэг тоглохдоо 6 хүн тоглодог нэг хүний 10.000 төгрөгийг би өөрийн Хаан банкны 000 тоот данс руу шилжүүлэн авч тоглуулсан. 10.000 төгрөгийг шилжүүлээд нэг хүн 5 удаа тоглох боломжтой. 5 удаа тоглоод нэг гарвал 10.000 төгрөг, 2 гарвал 20.000 төгрөг гэх жишээний тоглох боломжтой байдаг. Би тоглоомд ашиглагдах бүх материалаар өөрийн гараар бэлтгэж Ayato kayo гэх эгчийнхээ ашигладаггүй хаягаар live хийн тухайн тоглоомыг тоглуулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05/, гэрч Б.А- “...миний таньдаг П.Г- цаасан дээр покерын ширээ мэт 6 хүний суудал зураад хөзөр холиод фейсбүүкээрээ хүн дуудаад Хаан банкныхаа 000 тоот дансыг пост хэлбэрээр тавиад тухайн дансаараа мөрийний мөнгийг шилжүүлэн авч тоглуулж байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө ******* тоот данснаас 5000 төгрөг шилжүүлж 1 гэсэн тоо бичээд шилжүүлсэн. Тэгтэл П.Г- гүйлгээ нь орсон байна Хаан банкныхаа дансыг нэг утаснаас харж шалгаж хэлээд хариуг нь шууд бичлэг болох live хийж дамжуулан хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62/, гэрч Б.З-: “...П.Г- нь Texas poker гэх тоглоомыг хөзөр, тоо зурсан ватум цаас, бал дэвтэр мөн live хийж байгаад утас ашиглан тоглуулж байсан. Би П.Г- ингэж тоглуулж болдог юм уу гэж асуухад надаас өөр зөндөө хүмүүс тоглуулж байсан тэгэхээр болдог байхаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-58/, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-ийн 7-8/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 14-16/, Ayato Kayo гэх нэртэй фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-14/, Хаан банкны дансны хуулга /хх-ийн 30-55/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Тухайн хэргийн хувьд шүүгдэгч П.Г-нь тус гэмт хэргийг амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэм буруугийн хэлбэрийн хувьд шууд санаатай үйлдлээр, шунахай сэдэлттэй үйлдсэн байна.
Хяналтын прокуророос П.П.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч П.П.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцов.
Улсын яллагчийн санал дүгнэлт хуулийн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авч шүүгдэгч П.П.Г-ыг “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч П.П.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тайлбар санал дүгнэлт гаргалаа.
Хавтаст хэрэгт шүүгдэгч П.П.Г-ын хөрөнгө, цалин хөлс, орлогын байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх бөгөөд шүүгдэгч өөрөө ямар нэгэн орлого олох боломжгүй байгаа талаараа тайлбарлаж байна. Иймд улсын яллагчаас гаргасан торгох ялын саналыг шүүх хүлээн аваагүй болно.
Шүүгдэгч П.Г- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч П.П.Г-ын “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдэж шүүх шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, бага насны хүүхэдтэй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад “..тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч П.Г- Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэв.
Эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгод нийцүүлэн Шүүх, шүүгдэгч П.Г- хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нэмж хэрэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.
“Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан ...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.
Иймд П.П.Г-ын гэмт хэрэг үйлдэж олсон хууль бус орлого 838.600 төгрөг болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Самсунг гэсэн бичигтэй цагаан өнгийн, хавтгай ухаалаг, андройд үйлдлийн системтэй, 14см урттай, 6.5см өргөнтэй, дэлгэцийн доод хэсгийн голд товчлуур байрлах ба дэлгэцийн нуруун дээд өнцөг хагарсан, цуурсан эд зүйлийн үнэлгээгээр 80000 төгрөгөөр үнэлэгдсэн нэг ширхэг гар утсыг улсын орлогод шилжүүлэхээр шүүх шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Г-энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. П.Г-ыг “Мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.П.Г-ыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. П.Г- тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалт зөрчсөн, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж мэдэгдсүгэй.
5. П.Г- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулсугай.
6. П.Г-энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.П.Г- хууль бус орлого 838.600 төгрөг болон эд мөрийн баримтаар хураагдсан самсунг гэсэн бичигтэй цагаан өнгийн, хавтгай ухаалаг, андройд үйлдлийн системтэй, 14см урттай, 6.5см өргөнтэй, дэлгэцийн доод хэсгийн голд товчлуур байрлах ба дэлгэцийн нуруун дээд өнцөг хагарсан, цуурсан нэг ширхэг гар утсыг улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа хийхийг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Г- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ