| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0757/З |
| Дугаар | 041 |
| Огноо | 2019-01-15 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 041
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Г” ХХК
Хариуцагч: АМГТГКХ
Хариуцагч: УУХҮЯ ЭБМЗ
Нэхэмжлэлийн шаардлага: “Г” ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, ******* нэртэй талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланг хэлэлцэхгүй байгаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Г” ХХК-ин хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлан, холбогдох бусад материалуудыг хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргахыг УУХҮЯ ЭБМЗд даалгуулах,
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, ******* нэртэй талбайд олгогдсон “Г” ХХК-ийн эзэмшлийн XV-01 дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дууссанаар бүртгэсэн АМГТГКХ ийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, З.С, хариуцагч Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярдулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... “Г” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, ******* нэртэй талбайд XV-01 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу 2006 оноос хайгуулын үйл ажиллагаа явуулж, асар их хөрөнгө зарсны үндсэн дээр ашигт малтмалын нөөц илрүүлж, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэж зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шинжээч томилуулах тухай хүсэлтээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд, 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хайгуулын ажлын тайланг хянуулахаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ХХ20 дугаар шийдвэрээр ******* нэртэй чулуун нүүрсний ордод 2006-2017 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын тайланд 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шинжээч томилсон хэдий ч өнөөдрийг хүртэл манай компанийн хайгуулын ажлын тайланг хэлэлцэхгүй байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж заасантай нийцээгүй. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь манай тайланг хуульд заасан хугацаанд хэлэлцэж, дүгнэлт гаргаагүй учраас манай компани хайгуулын ажлын үр дүнд тогтоогдсон нөөцөө улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авах эрх ноцтой зөрчигдөхөд хүрч, манай компанид сөрөг үр дагавар үүсгээд байна. Бидний зүгээс өнөөдрийг хүртэл төрийн захиргааны байгууллагаас томилогдсон шинжээч дүгнэлтээ гаргаж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл манай хайгуулын ажлын тайланг хэлэлцэн дүгнэлт гаргаж, нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх талаар төрийн захиргааны байгууллагаас шийдвэр гаргах үйл ажиллагаа явагдаж байгаа гэж итгэн хүлээсээр ирсэн. Гэтэл Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс манай тайланг хэлэлцэхгүй 10 сар болсны эцэст АМГТГКХ ээс манай эзэмшлийн XV-01 дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дууссанаар бүртгэсэн тул Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл тайланг хэлэлцэх боломжгүй гэх агуулгатай тайлбар хэлсэн тул бид шүүхэд хандаж байна. Иймд хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор хуулийн хугацаанд гүйцэтгэхгүй байгаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Г” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлан, холбогдох бусад материалуудыг хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргахыг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгаж өгнө үү. Хайгуулын XV-01 дугаар тусгай зөвшөөрлийн 12 дахь жилийн хугацаа 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болох байсан. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэж зааснаар манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хайгуулын ажлын тайлангаа бэлэн болгож 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нөөцийн тайланд шинжээч томилуулах хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргасан, өнөөдрийг хүртэл манай хайгуулын ажлын тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргаагүй нь биднээс хамаарахгүй. Гэтэл АМГТГКХ хайгуулын ажлын тайланг хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулахаар “Г” ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлээгүй атлаа шийдвэр гаргахыг хүлээж байх хугацаанд манай эзэмшлийн тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дуусгавар болгож бүртгэсэн нь хууль бус. Хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг баталгаажуулах, цаашлаад ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой захиргааны шийдвэр гаргах ажиллагаа дуусаагүй тул “Г” ХХК-ийн “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх” дуусгавар болох үндэслэлгүй гэж бидний зүгээс үзэж байна. Иймд “Г” ХХК-ийн эзэмшлийн XV-01 дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дууссанаар бүртгэсэн АМГТГКХ ийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, Н.О нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... “Г” ХХК нь Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг ******* нэртэй 151.22 гектар бүхий талбайд хайгуулын XV-01 дугаар тусгай зөвшөөрлийг 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн эзэмшиж байгаад 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон. “Г” ХХК нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 60/64 дүгээр албан бичгээр XV-01 XV-01 дүгээр тусгай зөвшөөрлүүдийн талбай дахь ******* нэртэй чулуун нүүрсний ордод 2006-2017 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах хүсэлтийг ирүүлжээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд нь Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.9-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хийсэн геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтнээс бүрдсэн гишүүдтэй Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл байгуулах, түүний дүрэм, шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг батлах” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тус зөвлөлийн ажиллах дүрэм, журмыг шинэчлэх ажлыг хийсэн. Улмаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/46 дугаар Дүрэм аргачлал батлах тухай тушаалын нэгдүгээр хавсралтаар Зөвлөлийн дүрмийг, хоёрдугаар хавсралтаар шинжээчийн ажлын хөлс тооцох аргачлалыг тус тус баталсан. 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн А/46 дугаар тушаал гартал зөвлөлөөс ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд зөвлөлийн дүрэм, журмыг шинэчилсэн. Дээрх дүрмийн 2.1.2-т “дүрмийн 2.1.2-т заасан салбар хуралдаанаар ашигт малтмалын ордын хайгуулын ажил, түүний үр дүнгийн болон газрын тосны нөөцийн тооцооны тайланг холбогдох заавар, журам, нөөцийн ангилалд нийцүүлэн гүйцэтгэж боловсруулсан эсэхэд шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр хэлэлцэн нөөцийг хүлээн авч ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэх асуудлаар хуралдааны тэмдэглэл хөтөлж, дүгнэлт зөвлөмж гаргах” гэж зааснаар тус тайланд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр шинжээчдийг томилсон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ бид хуулийн 48.3-т заасан хугацаа дуусахаас өмнө хүсэлтээ гаргасан байхад тус байгууллагаас уг хуулийн 48.4-т заасныг зөрчиж шинжээчийг 30 хоногийн дотор томилж өгөөгүйгээс шалтгаалан холбогдох тайланг батлуулах ажил удааширсан учир Ашигт малтмал, газрын тосны газраас хугацаа дуусгавар болсон гэсэн шалтгаанаар манай хүсэлт, материалыг хүлээн авахгүй байгаа нь хууль бус гэж үзэж байна хэмээн бичжээ. Энэ нь дор дурдсан хууль болон журмыг зөрчсөн. Учир нь ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордыг нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журамж, ашигт малтмалын баялаг, ордыг нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө” гэж зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар тайланг амжилттай хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсан байх ёстой. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу Иргэний хуулийн 72 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлд зааснаар 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр буюу түүнээс өмнө тайланд шинжээч томилуулах хүсэлтийг гаргах, улмаар 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах үүргээ зөрчиж 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр шинжээч томилуулах хүсэлт гаргасан нь баримтаар тогтоогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан хугацаанд ирүүлсэн тайланг хэлэлцээгүй тохиолдолд хууль бус эс үйлдэхүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХХК-иас 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр АМГТГКХ , УУХҮЯ ЭБМЗд холбогдуулан ”Г” ХХК-ийн XV-01 дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан гэж бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, “Г” ХХК-иас гаргасан XV-01 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалт болгох талаар бэлтгэсэн нөөцийн тайланг хэлэлцэхгүй байгаа Эрдэс баялгийн Мэргэжлийн зөвлөлийн хууль бус эс үйлдэхүйг тогтоолгох, “Г” ХХК-иас гаргасан XV-01 дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглалт болох тухай өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газар бүртгэн хүлээн авч хянан шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр “Г” ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, ******* нэртэй талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланг хэлэлцэхгүй байгаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, “Г” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлан, холбогдох бусад материалуудыг хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргахыг УУХҮЯ ЭБМЗд даалгуулах, Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, ******* нэртэй талбайд олгогдсон “Г” ХХК-ийн эзэмшлийн XV-01 дугаар тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дууссанаар бүртгэсэн АМГТГКХ ийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэв.
Баянхонгор аймгийн Шинэжинст сумын ******* нэртэй газарт байрлах 151.22 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-01 дугаартай тусгай зөвшөөрлийг 2006 оны 02 дугаар сарын 13-ны өдөр олгосон бөгөөд нэхэмжлэгч “Г” ХХК 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлэн авч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Геологийн хэлтэст хандан “Баянхонгор аймгийн Шинэжинст сумын “*******” нэртэй чулуун нүүрсний ордод 2006-2017 онуудад гүйцэтгэсэн геологи эрэл, хайгуулын ажлын үр дүнгээр геологич Х.Х*******, Л.Г*******, М.Ж******* нарын боловсруулсан тайланд шинжээч томилуулах” тухай хүсэлт гаргасан байна.
Ийнхүү тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хайгуулын ажлын тайланг хуульд заасан журмын дагуу төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгсөнөөр Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасан хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзнэ.
Хэдийгээр УУХҮЯ ЭБМЗийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ХХ-201 дугаар шийдвэрээр шинжээч томилсон боловч мөн сайдын 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/46 дугаар тушаалаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүрмийг, мөн өдрийн А/48 дугаар тушаалаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг тус тус баталсны дараа Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дахь XV-01 дугаартай тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2006-2017 онуудад гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд хийсэн шинжээчийн дүгнэлтийг 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр үйлджээ.
Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс гаргасан ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг хүлээн авсан төрийн захиргааны байгууллага 30 хоногт шинжээч томилж, шинжээчийн дүгнэлт гаргуулан уг дүгнэлтийг үндэслэн 90 хоногт багтаан нөөцийг ашигт малтмалын нэгдсэн бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргах нь төрийн захиргааны байгууллагын үүрэг бөгөөд энэхүү үүргээ биелээгүй захиргааны байгууллагын эс үйлдэхүйд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй юм.
Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.5 дахь хэсэгт зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээж авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэргүйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах боломжгүй бөгөөд хариуцагч Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөл нь тайланд дурдсан ашигт малтмалын ордын нөөцийн талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай шийдвэр гаргах үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байна.
Иймд Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, ******* нэртэй талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланг хэлэлцэхгүй байгаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Г” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлан, холбогдох бусад материалуудыг хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргахыг УУХҮЯ ЭБМЗд даалгаж шийдвэрлэв.
Харин Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, ******* нэртэй талбайд олгогдсон “Г” ХХК-ийн эзэмшлийн XV-01 дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг дууссанаар бүртгэсэн АМГТГКХ ийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох боломжгүй юм.
Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;” гэж зааснаар XV-01 дүгээр хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хуульд заасан 12 жилийн хугацаа 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсноор хайгуулын тусгай зөвшөөрөл цаашид хүчин төгөлдөр байх хуульд заасан хугацаа байхгүй байна.
Гэвч “Г” ХХК хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн, хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаагүйд нэхэмжлэгчийн буруутай үйлдэл байхгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь эрх эдэлнэ:”, 21.1.3-т “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах;”, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй.” гэж тус тус зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн онцгой эрх болох ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхийг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуульд зааснаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрх зөвхөн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хадгалагддаг. Энэ тохиолдолд “Г” ХХК Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэргүйгээр өргөдөл гаргах боломжгүй буюу хариуцагч Эрдэс баялгийн зөвлөлийн хуульд заасан үүргээ биелүүлээгүй буруутай үйлдлээс болж ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхээ нэхэмжлэгч эдэлж чадаагүй байна.
Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч гаргасан өргөдлийг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;” гэж зааснаар XV-01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг дууссанаар бүртгэсэн АМГТГКХ ийн бүртгэлийг дахин шинэ акт гаргах хүртэл буюу УУХҮЯ ЭБМЗ “Г” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлан, холбогдох бусад материалуудыг хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргасны дараа нэхэмжлэгч компани ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түдгэлзүүлсэн хугацаа дуусахаас өмнө буюу нэхэмжлэгч компанийг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрыг Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулах боломжид хугацаанд багтааж УУХҮЯ ЭБМЗ “Г” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлан, холбогдох бусад материалуудыг хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1, 48 дугаар зүйлийн 48.3, 48.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Г” ХХК-ийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг, ******* нэртэй талбайд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайланг хэлэлцэхгүй байгаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Г” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тайлан, холбогдох бусад материалуудыг хуралдаанаар хэлэлцэж, дүгнэлт гаргахыг УУХҮЯ ЭБМЗд даалгаж, хариуцагч АМГТГКХ ээс дахин шинэ акт гарах хүртэл “Г” ХХК-ийн XV-01 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг дууссанаар бүртгэсэн АМГТГКХ ийн бүртгэлийг зургаан сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН