Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 001/ХТ2019/00379

 

Сүхбаатар аймаг дахь төрийн Аудитын газрын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 14782/ШШ2018/00457 дугаар шийдвэртэй,

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалтай,

Сүхбаатар аймаг дахь төрийн Аудитын газрын нэхэмжлэлтэй

Д.Д-т холбогдох, 

Аудитын актаар тогтоосон төлбөр 11.156.840 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Хайлааст голомт ОНӨААТҮГ-ын 2014 оны зарим үйл ажиллагааг 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02 тоот албан бичигт дурдсан асуудлаар шалгахад дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд орон сууцны 8 айлын барилгын шугам сүлжээний ажилд бэлнээр 28.000.000 төгрөг зарцуулсан боловч 3.093.200 төгрөгийн зарцуулалт нь анхан шатны баримтгүй, юунд зарцуулсан нь тодорхойгүй. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.7 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Гэрээт ажлыг гүйцэтгэсэн инженер техникийн ажилчдад цалинг бэлнээр олгохдоо нийгмийн даатгалын шимтгэл 1.194.400 төгрөг, хувь хүний орлогын албан татвар 1.074.900 төгрөгийг суутгаагүй, ажил олгогчоос төлөх нийгмийн даатгалын шимтгэл 1.433.300 төгрөгийг тооцож тайлагнаагүй. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 26.1.2 дахь заалтуудыг тус тус зөрчсөн. Байгууллагын тохижилтод зориулж БНХАУ-аас бэлтгэсэн 4.651.000 төгрөгийн тавилга, эд хогшилын худалдан авалтыг үнийн харьцуулалтын аргаар шалгахад тэдгээр тавилга эд хогшилыг зах зээлийн үнээс 1.511.000 төгрөгөөр илүү үнээр олж бэлтгэсэн. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг зөрчсөн. Дулааны шугам сүлжээ тавих ажилд зарцуулсан 1500 ширхэг блокны үнийг тус байгууллагын харилцах данснаас бэлэн бусаар шилжүүлсэн боловч, уг материалын худалдан авалттай холбоотой 1.800.000 төгрөгийн анхан шатны баримтаар бэлэн мөнгөний зарцуулалтыг давхар гаргасан, мөн дулааны шугамын ажлын гүйцэтгэлд 1.050.000 төгрөгийн паар /100 ширхэг/ худалдан авсан баримт хавсаргасан зэрэг зөрчлүүд илэрсэн. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, 7.7 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Дээрх алдаа зөрчлүүдэд нөхөн төлүүлэх 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн СБР-2015/04-СГ 1/12, 2/13, 3/14, 4/15 тоот актуудыг тавьсан боловч хариуцагч Д.Д- нь төлбөрийн актуудыг хүлээн зөвшөөрөөгүй. Иймд тухайн актуудаар тогтоогдсон төлбөр нийт 11.156.840 төгрөгийг Хайлааст голомт ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байсан Д.Д-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Д- шүүхэд гаргасан тайлбарт: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Сүхбаатар сумын 8-н айлын орон сууцны гадна дулааны ажил гүйцэтгэх гэрээ №СБ/2014-21, төсөвт тусгасан материалаар сумын Засаг даргын гэрээний үнийн дүнд үндэслэн ажлыг хийж гүйцэтгэсэн. Халаалт хэвийн, ямар нэгэн зөрчил гаралгүй 5 жил болж байна. Халаалтын сувгийн хавтанд зориулж хэрэглэхээр 1:50 хавтанг хувь хүнээс 1 ширхэгийг нь 70.000 төгрөгөөр бодож 100 ширхэг хавтанг 7.000.000 төгрөгөөр худалдан авч, сумын хогны машинаар тээвэрлэж ирсэн. Унааны зардалд 93.000 төгрөг төлсөн. Хавтанг тайланд тусгахдаа нэг бүрийг нь 40.000 төгрөг, 100 ширхэг нь 40.00.000 төгрөг гэж алдаа гаргасан байна. Үүний улмаас 3.000.000 төгрөгийн зөрүү гарсан. Захиалагч гэрээнд тусгасан 30.000.000 төгрөгийг дансанд байршуулсан. Би ажлаасаа халагдсан тул тамга, санхүүтэй харьцах эрхгүй болсон. Улмаар нийгмийн даатгалд төлөх 2.000.000 төгрөг суутгагдсан болно. Байгууллагын тохижилтонд зориулж БНХАУ-ын Улиастай хотоос авчирсан эд хогшил үнийн зөрүүгүй. Тухайн үед 1 юань нь 350 төгрөгтэй тэнцэж байсан. Сүхбаатар сумын 2 дугаар багийн иргэн Ц.Батзоригоос траншейны шал, хананд өрлөг хийх зорилгоор 1 ширхэг блокийг 1200 төгрөгөөр бодож нийт 3000 ширхэг блок авсан. Нэхэмжлэлд тусгасан төлбөрийн актыг жагсаан нэмж үзэхэд 11.156.840 төгрөг гарахгүй байна. 10.081.900 төгрөг буюу 1.074.940 төгрөгний зөрүүтэй байна. Паар 100 ширхэг гэдэг нь буруу. Д.Баттулгаас цэвэр усны турба, шилэн хөвөн авсан. Үүнийг тусгах байсан. Би энэ ажлыг хийж гүйцэтгэж байх хугацаандаа ажлаа хүлээлгэж өгсөн. Гүйцэтгэлийн тайлангаа хувь хүн гуйж хийлгэсэн. Ингэхэд анхан шатны баримт байхгүй байсан учраас будлих асуудал гарсан. Намайг ажлаа өгснөөс хойш жил гаруйн дараа аудитын шалгалт орсон. Би сүүлд нь анхан шатны баримтаа гаргаж өгсөн. Ажлаа хүлээлгэж өгөхдөө анхан шатны баримтуудыг өгөөгүй байснаас болсон. Нэхэмжлэлийн үнийн дүнг багасгах эсэх асуудлыг нэхэмжлэгч тал шийдвэрлэх байх гэжээ.

Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 457 дугаарт шийдвэрт Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Д-аас Үндэсний Аудитын газрын харъяа Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газрын 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн СБР-2015/04-СГ 1/12, СБР-2015/04-СГ 2/13, СБР-2015/04-СГ 4/15 дугаартай актаар тавигдсан төлбөр 9645840 /есөн сая зургаан зуун дөчин таван мянга найман зуун дөч/ төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн 120000952 тоот дансанд оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн СБР-2015/04-СГ 3/14 дугаартай актаар тогтоогдсон 1511000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Д-аас улсын тэмдэгтийн хураамж 169283 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулахаар тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалаар Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 457 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Сүхбаатар аймаг дахь Төрийн Аудитын газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Нарантуяа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газар нь аудитаар акт тогтоосон төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан нь энэхүү чиг үүрэгт хамааралгүй, тухайн байгууллагын эрх ашиг зөрчигдсөн гэж үзэхээргүй байна.” гэснийг хуулийг буруу тайлбарласан гэж үзсэн. Учир нь Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө,” гэж заасан. Төрийн аудитын байгууллага дээрх чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг бөгөөд Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хуулийн этгээдийн удирдлагатай холбоотой зөрчлийг арилгуулах акт, албан шаардлага хүргүүлж, тэдгээрийн хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэгтэй. Мөн давж заалдах шатны шүүхээс “Сүхбаатар аймаг дахь Төрийн аудитын газар нь аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих бүрэн эрхтэй боловч, актаар тогтоогдсон төлбөрийг нэхэмжлэх эрхийг хуулиар олгосон гэж үзэх боломжгүй юм.” гэснийг хуулийг буруу тайлбарласан байна гэж үзсэн. Учир нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-т “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих” гэж заасан бөгөөд төрийн аудитын байгууллага акт тавих, актын хэрэгжилтийг хангуулах, маргаантай, хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх, нэхэмжлэл гаргах эрх зүйн орчинд үйл ажиллагаагаа явуулж байна. Давж заалдах шатны шүүх Төсвийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д төрийн сан нь “төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих” нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан байхад энэхүү эрх ашгийн үүднээс төрийн аудитын байгууллага нэхэмжлэл гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгтэй нийцэхгүй байна гэснийг хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна гэж үзсэн. Учир нь төрийн сан бол зөвхөн төсөвт байгууллагын төсвийн хэрэгжилтийг зохион байгуулж, дотоод хяналт тавих чиг үүрэгтэй бөгөөд шалгалт хийх, зөрчил арилгуулах шийдвэр гаргах эрхгүй субьект юм. Хариуцагч Д.Д- нь Хайлааст голомт ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллаж байх хугацаандаа 11.156.840 төгрөгийн зөрчил гаргасан бөгөөд тус орон нутгийн өмчит үйлдвэрийн газар нь орон нутгийн өмчит хуулийн этгээд буюу өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажилладаг. Өөрөөр хэлбэл Хайлааст голомт ОНӨААТҮГ бол төсвийн байгууллага биш бөгөөд Төсвийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д заасан чиг үүрэгт хамааралгүй байгууллага юм. Ийм байтал хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Манай байгууллагаас гаргасан гомдол, тайлбарт дүн шинжилгээ хийж, шударга шийдвэр гаргана гэдэгт итгэж байна гэжээ.

ХЯНАВАЛ:

            Сүхбаатар аймаг дахь төрийн Аудитын газар, Д.Д-аас 11.156.840 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ, “хариуцагч нь “Хайлаастын голомт” ОНӨААТҮГ-ын захирлаар ажиллахдаа гаргасан зөрчилд 2015 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр СБР-2015/04-СГ 1/12 тоот, СБР-2015/04-СГ2/13 тоот, СБР-2015/04-СГ3/14 тоот, СБР-2015/04-СГ4/15 тоот акт тавигдсан” гэжээ.

            Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, акт хууль бус гэж маргасан байна.

          Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

         Давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааныг Төрийн аудитын тухай хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.

          Төрийн аудитын тухай 5 дугаар зүйлийн 5.4, 15 дугаар зүйлийн 15.1.12,  28 дугаар зүйлийн 28.2-т зааснаар Үндэсний аудитын газар нь нийцлийн аудитаар дүгнэлт, зөвлөмж, гаргах, аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, түүнчлэн актыг цаг хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд албан тушаалтанд арга хэмжээ авах саналыг эрх бүхий этгээдэд хүргүүлэх бүрэн эрхтэй байна.

         Харин Үндэсний аудитын газар нь өөрийн тогтоосон актын биелэлтийг хангах, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах талаар Төрийн аудитын тухай хуульд зохицуулагдаагүй  байна.

           Дээрх хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаас үзвэл Монгол улсын Төрийн аудитын хууль тогтоомж нь Үндсэн хууль, энэ хууль, Төсвийн тухай хууль, хууль тогтоомжийн бусад актаас бүрдэх бөгөөд Төсвийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д төрийн сан нь төсвийн хэрэгжилтийг зохион байгуулах, түүнд хяналт тавих нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ гэжээ.

          Дээр дурдсанаар нэхэмжлэгч Сүхбаатар аймаг дахь төрийн Аудитын газар нь өөрийн тогтоосон актын биелэлтийг шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэх боломжгүй, энэ талаархи давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй юм.

           Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Харин шүүхээс нэхэмжлэлийн үндэслэл болгож буй актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөөгүйгээс гадна тухайн актын талаар хариуцагч эрх бүхий этгээдэд гомдол гаргахад энэ тогтоол саад болохгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 13 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.УНДРАХ

        ШҮҮГЧ                                                         Г.АЛТАНЧИМЭГ