Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2021/ШЦТ/302

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго хөтлөн

улсын яллагч Н.Уранбайгаль

бага насны хохирогч 6 настай *******ын хууль ёсны төлөөлөгч эх Г.Оюунсүрэн, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Баасансүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2003000000407 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, “Золуба” ХХК-д онлайн борлуулагч ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянгол дүүргийн *******, ******* ******* тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сонгинохайрхан дүүргийн ******* ******* тоотод оршин сууж байгаа, улсаас авсан шагналгүй, урьд ял шийтгэлгүй /РД:УЧ*******/ ******* овогт гийн .

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:                            

******* нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 38 дугаар дунд сургуулийн урд замд Д.Хүүбаярын эзэмшлийн тоёота приус маркийн УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан 6 настай, эрэгтэй *******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Маргах зүйлгүй. 2010 онд жолооч болсон. Хохирогчийн эмчилгээний зардалд 1.100.000 төгрөг өгсөн. Шүүхийн шийдвэрийн дагуу хохирогчийн хохирлыг төлж барагдуулна.” гэв.

Бага насны хохирогч 6 настай *******ын эх хууль ёсны төлөөлөгч Г.Оюунсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Эмчилгээтэй холбоотой 7.699.915 төгрөг, хүүхдэд хичээл заалгасан багшид 3.036.000 төгрөг, түлшинд 482.300 төгрөг, хувцасны үнэ 227.000 төгрөг нэхэмжилнэ.  Нийт 11.240.915 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс *******ын төлсөн 1.100.000 төгрөгийг хасаж 10.140.915 төгрөгийг нэхэмжилнэ. Хүүхэд маань цаашид хагалгаанд орж хөлийнхөө хадаасыг авхуулна.  Гомдолтой байна.“ гэв.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч  *******ыг “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.     

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *******  2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 17 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 38 дугаар дунд сургуулийн урд замд Д.Хүүбаярын эзэмшлийн тоёота приус маркийн УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа гарцаар зам хөндлөн гарч явсан 6 настай, эрэгтэй *******ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.     

Эдгээр байдал нь  хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан энэ хэрэгт хамаарал бүхий шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан;

зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “Тоёота приус маркийн УНХ улсын дугаартай автомашин нь ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлд явган зорчигч Оджаргал нь ертөнцийн зүгээр зүүнээс урагшаа зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарахаар явж байсан нь тогтоогдсон..уг автомашины гадна хэсэгт үзлэг хийхэд баруун талын урд крыло хэсэг хонхойсон байсан...”  гэсэн тэмдэглэл /1 хх-ийн 3-10/

Бага насны хохирогч 6 настай *******ын хууль ёсны төлөөлөгч эх Г.Оюунсүрэн мөрдөн байцаалтанд: Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг 50 минутын үед Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  38 дугаар сургуулиас 2 хүүхдээ авчихаад урд талын явган хүний гарцаар зам хөндлөн гарахын өмнө хүүхдүүдээ хөтлөөд явж байхдаа үүрсэн цүнхээ дээш нь татахдаа хүү Оджаргалыг гараасаа тавихад зам руу 1 алхам орчим урагшаа явахад нь зүүн талаас ирж байсан цагаан өнгийн тоёота приус маркийн машин баруун урд крыло хэсгээр мөргөх үед арагшаа 1-2 метр орчим газар савж унахдаа зүүн шанаа хэсгээрээ газар мөргөж унасан. Тэр үед жолооч бууж ирэхээр нь хажууд явж байсан хүмүүс ирээд нэг ах манай хүүхдийг өргөж машинд суулгаж өгөөд шууд эмнэлэг яв гэхээр нь хамт суугаад гэмтлийн эмнэлэгт хүргүүлсэн. Хүүхдээ үзүүлэхэд зүүн хөл, хацар, шанаа, гар хэсгүүд халцарч хөхөрсөн, зүүн хөлийн шилбэний яс 2-3 газраараа хугарч үйрсэн байна гээд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа. 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр яс хадаж эвлүүлэх хагалгаанд орж байгаа. Би уг нь байнга л хөтөлж авч гардаг байсан. Тэр үед яг замаар гарч явахад хажуу талдаа үүрч явсан цүнх унахаар нь цүнхээ дээшлүүлэх гээд гараа тавих хооронд осол болсон...Одоогоор эмчилгээ асаргаа болон 1 дүгээр ангийн хүүхдийн хичээлийн хоцрогдол арилгах цагийн багш хөлсөлсөн, зардлыг нэхэмжлэх хүсэлтэй байна. Одоогоор яг хэдэн төгрөг гэдгийг тооцоогүй байна. Би өмгөөлөгч авахаасаа өмнө бүх баримтаа гаргаж өгсөн бөгөөд өмгөөлөгч баримтууд дотроос ялгаж нийт тооцоог гаргах байх. Би өмнө нь баримттай болон баримтгүй 3.300.000 төгрөгийн тооцоо гаргаж өгсөн. Эмчилгээнд 1.750.000 төгрөгийн  тооцоо өгсөн...Жолооч огт уучлалт гуйгаагүй. Нөхөр нь сэхээнд орчихсон биш юун сүртэй юм бэ гээд байсан. Маш их гомдолтой байна. Хүүхэд гэмтээчхээд санаа тавихгүй, яаж байна гэж асуухгүй байгаад нь гомдолтой байна. Ясны хугарал гайгүй, хурдан эдгэдэг гээд тоохгүй байсан.”  гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 14-15, 141/

Өвчний түүх: Өвчний түүх нээсэн 2020 оны 10 дугаар сарын 12-ны  17 цаг 20 минут Отгонбаяр овогтой Оджаргал...Зүүн хөлийн шилбэ хэсгээр хаван хавдар ихтэй, эмгэг хөдөлгөөнтэй, ясны хавиралдах чимээтэй гипс тавив. /1 хх-ийн 19-20/

 Мэс заслын тэмдэглэл: 2020.10.14-ны өдөр судасны унтуулгатай өвчтөнг мэс заслын орон дээр дээш харуулан байрлуулж, мэс заслын талбайг 7.5 %-ийн поведин иодын уусмалаар 3 дахин зохих журмаар арчиж ариутгаад ариун даавуугаар тусгаарлав. Зүүн шаантны дээд өсөлтийн бүсийн доохнуур гадна болон дотор гадаргууд хагд үенээс доош 0.5 см орчим урттай зүслэг хийн яс цоологчоор цоолоод урьдчилан тааруулж бэлдсэн 2 ширхэг уян хадаасыг чөмөгт ясны хөндийгөөр хийж. дунд 1/3-ийн хугарлыг Ро-н гэрлийн хяналтан доор далд засаж эвлүүлэн хадаж бэхлээд хөдөлгөөнийг шалгаж үзэхэд хөдөлгөөнгүй байсан тул уян хадаас орсон шархыг антисептик уусмалаар сайтар угааж цэвэрлээд оёдол тавьж хаав. Ариун боолт хийв. Зүүн хөлд өвдөг өнгөрсөн гөлтгөнөн аравч бэхэлгээ тавив. Мэс заслын үед гарсан хүндрэл үгүй. /1 хх-ийн 26/

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 11847 дугаартай “*******ын биед зүүн хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.  Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна” гэсэн дүгнэлт / 1 хх-ийн 101-102/

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 61 дугаартай “*******ын биед зүүн хөлийн шаант тахилзуур ясны бороолж буй далд хугарал гэмтэл тогтоогдлоо. *******ын зүүн хөлийн шаант, тахилзуур ясны хугарал нь одоогоор хуурамч үе үүсээгүй байна. Өмнөх дүгнэлтэд өөрчлөлт орохгүй” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 50-52/

Шинжээч Н.Туяа мөрдөн байцаалтанд “*******ын гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул хүндэвтэр зэрэгт хамаарна. Хүнд зэрэгт хамаарах заалт байхгүй. Хүнд зэрэгт орохгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.17,109.1 дэх заалтад тусгагдсан хуурамч үе үүсэх заалтад тусгагдсан хуурамч үе үүсэх заалтад одоогоор орохгүй. Удаан хугацаанд уг хугарал эмчлэгдэхгүй бүрэн бороололт үүсэхгүй, улмаар хуурамч үе үүссэн тохиолдолд хүнд зэрэгт хамаарах боломжтой юм...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 139-140/

Мөрдөгчийн магадалгаа: “Тоёота Приус маркийн УНХ улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунсүрэн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.5-д заасан “Явган зорчигч нь 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа (энэ дүрмийн 5.4-т заасны дагуу жагсаалаар авч яваагаас бусад тохиолдолд) өөрөөсөө салгахгүй (хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрэх гэх мэт) авч явна гэсэн заалтыг зөрчсөн. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.” /1 хх-ийн 104-106/

 Яллагдагчаар  ******* мөрдөн байцаалтанд: “Би 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 16 цаг 50 минутын үед Төмөр замд байх найзынхаа гэрээс гараад тоёота приус 20 маркийн УНХ дугаарын манай нөхөр Хүүбаярын нэр дээр байдаг автомашиныг унаад ******* орж 98 дугаар цэцэрлэгээс хүүхдээ авах гээд Барс захын хойд талын туслах замаар зүүнээс баруун тийш чиглэлд явсаар байгаад 38 дугаар сургуулийн урд замаар явж байтал явган хүний гарцны зүүн талд 2 хурд сааруулагчийн голд 1 автомашин замын хашлага давуулаад зогсчихсон байсан тул би тойроод гартал зорчих хэсгийн хойд талд  2 хүүхэд дагуулсан нэгийг нь хөтөлсөн нөгөөг нь хөтлөөгүй эмэгтэй хүн зогсож байхаар нь би зам гарах болов уу, гэж бодтол нөгөө эмэгтэй хүүхдийнхээ цүнхийг аваад зүүн гартаа хийхээр нь би зам гарахгүй юм байна гэж бодоод урагшаа явтал нөгөө эмэгтэйн гараас хөтлөөгүй байсан хүүхэд нь гэнэт урдуур орж ирээд автомашины баруун урд крыло хэсэгт мөргүүлээд хойшоо саваад зүүн талынхаа шанаа хэсгээр газарт шургаад уначихсан. Би буугаад очтол хүүхэд зүүн хөлөө бариад уйлаад байсан. Хүүхэд тэр өдрөө гэмтлийн эмнэлэгт хэвтээд маргааш нь хагалгаанд орсон. Би хохирогчийг Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байх үед 500.000 төгрөг шилжүүлсэн. Эмнэлэгээс гарах үед нь 250.000 төгрөг, эмнэлэгт байх үед шаардлагатай зүйлсийг нь 100.000 төгрөгөөр авч өгсөн. Одоогоор би 850.000 төгрөг зарцуулаад байна. Би хүүхэд гэмтээсэндээ маш их харамсаж байгаа...одоогоор бүрэн тооцоо гаргаж тохиролцож чадаагүй...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 129-130/

Иргэний хариуцагч мөрдөн байцаалтанд: “Би 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр уг автомашиныг худалдаж авсан, манай эхнэр бид хоёр дундаа хэрэглэдэг юм. Тийм болохоор осолтой холбоотой бодит төлбөр зардлыг бид хоёр боломжоороо төлж барагдуулах болно...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 28-29/

“Хос стандарт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “6 настай Оджаргал осолд орох үедээ өмсөж явсан куртик 100.000 төгрөг, өмд 27000 төгрөг, хар өнгийн гутал 70000 төгрөг нийт 197.000 төгрөгөөр үнэлэгдэнэ.” гэсэн эд зүйлийн үнэлгээ  /1 хх-ийн 166-167/

“Хос стандарт” ХХК-д үнэлгээний ажлын хөлсөнд 30.000 төгрөг төлсөн баримт /1 хх-ийн 227-р талын 1 дэх баримт/                                                 

Хохирлын баримтууд /1хх-ийн 62-83, 186-237, 2хх-ийн 23-27, 85-96, шүүх хуралдаан дээр шинээр гаргасан хохирлын баримтууд/ зэрэг бичгийн баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 Шүүгдэгч *******ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулагдаагүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч *******ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэгт тооцогдоно.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг хэргийн оролцогчид зөвшөөрч гэм буруугийн талаар талууд маргаагүй болно.

Улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх тул  шүүх хүлээн авч;

шүүгдэгч *******ыг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баасансүрэн тус гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялын санал дүгнэлт тус тус гаргалаа.             

Шүүхээс шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн гэм буруугийн болон шударга ёсны зарчмыг баримтлан оногдуулах нь зүйтэй.

*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирлын хэр хэмжээ болон түүний урьд нь ял шийтгэгдэж  байгаагүй, жирэмсэн зэрэг хувийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүх хүлээн авсан болно.

Хохирол хор уршгийн тухайд бага насны буюу 6 настай хохирогч *******ын хууль ёсны төлөөлөгч Г.Оюунсүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “Эмчилгээтэй холбоотой 7.699.915 төгрөг, хүүхдэд хичээл заалгасан багшид 3.036.000 төгрөг, түлшинд 482.300 төгрөг, хувцасны үнэ 227.000төгрөг нэхэмжилнэ.  Нийт 11.240.915 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс *******ын төлсөн 1.100.000 төгрөгийг хасаж 10.140.915 төгрөгийг нэхэмжилнэ. Хүүхэд маань цаашид хагалгаанд орж хөлийнхөө хадаасыг авхуулна.” гэж мэдүүлсэн.

Хавтаст хэрэгт авагдсан /1хх-ийн 166-167/, /1хх-ийн 227-р талын 1 дэх баримт/  /1хх-ийн 62-83, 186-237, 2хх-ийн 23-27, 85-96/ болон шүүх хуралдаан дээр гаргасан хохирол, хор уршигтай холбогдох нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын эрх тэгш мэтгэлцээнийг хангаж шүүх нэг бүрчлэн шинжлэн судлаад;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилж буй 11.240.915 төгрөгийн нэхэмжлэлээс түлш болон хүнсний холбогдолтой нийт 2.554.535 төгрөгийн нэхэмжлэлийг энэ хэрэгт хамааралгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

бага насны хохирогч 6 настай *******ын осолд орох үедээ өмсөж явсан хувцасны үнэ эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 197.000 төгрөг, үнэлгээний хөлсөнд төлсөн 30.000 төгрөг,  гэрээр хүүхдэд хичээл заалгасан багшийн зардалд 3.036.000 төгрөг, эмчилгээтэй холбогдох зардал 5.423.380 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус энэ хэрэгт хамааралтай нотлох баримтын шаардлага хангасан үндэслэлээр хангаж шийдвэрлэлээ. Эмчилгээтэй холбогдох 5.423.380 төгрөгөөс шүүгдэгч *******ын төлсөн 1.100.000 төгрөгийг  хасаж тооцов.  

Нэгтгэн дүгнэвэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нийт 11.240.915 төгрөгийн нэхэмжлэлээс 2.554.535 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 8.686.380 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж, үүнээс хохиролд *******ын төлсөн 1.100.000 төгрөгийг хасаж тооцон үлдэх 7.586.380 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунсүрэнд олгохоор шүүх шийдвэрлэлээ.        

Бага насны хохирогч *******ын цаашид гарах эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. ******* овогт гийн ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч ******* цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, жолооны үнэмлэх шүүхэд ирүүлээгүйг тус тус дурьдсугай.

5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс 2.554.535 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас  7.586.380 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Оюунсүрэнд олгосугай.

6. Бага насны хохирогч О. Оджаргалын цаашид гаргах эмчилгээтэй холбогдох зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн түүний хууль ёсны төлөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч,түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.                                 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ