Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2021/ШЦТ/267

 

 

 

 

 

 

 

 

2021              5            04                                     267

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

нарийн бичгийн дарга: Н.Нарансолонго, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбат,

шүүгдэгч: Ч.Л нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Лд холбогдох эрүүгийн 2005024961633 дугаар, 1 хавтас хэргийг 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1993 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 0-4 насны хүүхдүүдийн хамт Л.

 

Шүүгдэгч Ч.Л нь 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андорра” нэртэй караокед хохирогч Д.Т руу архины хундага шидэж, түүний эрүүл мэндэд баруун хөмсөгний дотор хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Л мэдүүлэхдээ:

Тэр өдөр миний төрсөн өдөр байсан тул караокед найзуудтайгаа төрсөн өдрөө тэмдэглэж байсан. Тэгээд караокед багын найз Д.Ттай ялихгүй зүйлээс болж маргалдан, түүн рүү хундага авч шидсэн. Тухайн үед бид хоёр хоёулаа согтуу байсан. Хохирогчийн эмчилгээний зардалд 60 000 төгрөг өгсөн. Би бусдын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би 3 хүүхэдтэй, бага нь төрөөд 20 хонож байгаа. Одоогоор би нөхрийн хамт хөдөө, 100 гаруй толгой мал малладаг. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, миний буруу, дахиж ийм алдаа гаргахгүй гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Т мэдүүлэхдээ:

2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Л  гээд миний багын найз эмэгтэй над руу залгаад миний төрсөн өдөр болж байгаа, чи ирээрэй гээд намайг урьсан. Би тэр өдрийн 15 цагийн үед Лтай уулзаад хамт явж байгаад орой нь 20 цагийн үед Модны хоёрын Андорра нэртэй караокед ороод, ууж сууж байтал Л найз залуутайгаа хэрэлдэж байснаа шууд миний нүүр рүү архины хундага авч шидсэн. Би шидсэн хундаганд нь оногдтол Лын төрсөн эгч Солонго сальфетка авч миний нүүрний цусыг арчиж өгсөн. Тэгээд би шууд караокеноос гараад явлаа гээд байж байтал Л гарч ирээд би цохисон юм, яадаг юм гээд орилоод байсан. Би Лтай хэрэлдэж маргалдаагүй. Баруун хөмсөгтөө боолт хийлгэсэн. Гомдолтой байна, эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ гэжээ. (хэргийн 14 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9296 тоот дүгнэлтэд:

1. Д.Тийн биед баруун хөмсөгний дотор хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 19 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Ч.Л нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Ч.Л нь согтуурсан үедээ 2020 оны 8 дугаар сарын 04-ний өдөр согтуурсан үедээ Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андорра” нэртэй караокед хохирогч Д.Т руу архины хундага шидэж, түүний эрүүл мэндэд баруун хөмсөгний дотор хэсэгт шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Тын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 9296 дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ч.Лд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Д.Т нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй тул Ч.Лыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин Ч.Лаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно. 

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, төрөөд 20 хонож байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Лыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Лыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Ч.Лд даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ч.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ч.Л цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Хохирогч Д.Т нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ч.Лд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН