Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 1102

 

Нутгийн зам групп ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00802 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Нутгийн зам групп ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Хадбаатар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэрэнчунт, Г.Наранбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 12 сарын 08-ны өдрийн  6134 тоот захирамжаар  Беринг ХХК-иас 210 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 776 965 төгрөгийг манай компанид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2015 оны 01 сарын 22-ны өдрийн 289 дугаар гүйцэтгэх хуудсаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж байсан боловч төлбөр төлөгч, төлбөр авагч нарын хооронд байгуулсан төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээг үндэслэн 2016 оны 5 сарын 31-ний өдрийн 386 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай тогтоол гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцсон.  Беринг ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг албадан гүйцэтгүүлэхээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын улсын ерөнхий гүйцэтгэгч нарт удаа дараа хандсан боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн гэж шийдвэрлэсэн. Иймд шүүгчийн 6134 дугаартай захирамжийг албадан гүйцэтгүүлэх ажиллагааг дууссанд тооцсон 2016 оны 5 сарын 31-ний өдрийн 386 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр авагч Нутгийн зам групп ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тулгабатын 2016 оны 5 сарын 30-ны өдрийн 016/17А дугаар албан бичигт Беринг ХХК-иас 3 ширхэг автомашиныг 100 000 000 төгрөгөөр тооцон авч үлдэгдэл төлбөрийг хоорондоо харилцан тохиролцсон тул 2015 оны 01 сарын 22-ны өдрийн 15/4113 тоот урамшууллын гэрээг бодит үнийн дүн 100 000 000 төгрөгөөр тооцон  өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу урамшууллыг 100 000 000 төгрөгөөр тооцон суутгасан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр авагчийн 2016 оны 5 сарын 30-ны өдрийн 016/16А хүсэлтийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16.1.3-т зааснаар дуусгавар болгосон. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Нутгийн зам групп ХХК-ийн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 5 сарын 31-ний өдрийн 386 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Нутгийн зам групп ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 01 сарын 02-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Нутгийн зам групп ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Наранбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00802 дугаар шийдвэрээр төлбөр авагч болон төлбөр төлөгч нар шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрийг тодорхой хугацаанд графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон тохиролцоог Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсэгт зааснаар төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрсэн гэх ойлголтод хамааруулж ойлгохгүй гэж тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Тус алба нь шүүгчийн 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 6134 дүгээр захирамжаар "Беринг" ХХКомпаниас 210 776 965 төгрөгийг гаргуулж "Нутгийн зам групп" ХХКомпанид олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичгийг 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн. Ажиллагаа явуулах явцад төлбөр авагч "Нутгийн зам групп" ХХК-ийн захирал Т.Тулгабатын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 016/17А дугаар албан бичиг, хүсэлтээр урамшууллын гэрээнд өөрчлөлт оруулж, 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 016/16А албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16.1.3-т зааснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Нутгийн зам групп ХХК нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 386 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дууссанд тооцох тухай тогтоолыг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “төлбөр төлөгч, төлбөр авагч нар эвлэрч, хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон” гэж маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 6134 тоот захирамжаар Беринг ХХК-иас 210 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид 776 965 төгрөг тус тус гаргуулж Нутгийн зам групп ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон, захирамжийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 289 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагджээ.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тодорхой хэмжээний төлбөрийг төлбөр төлөгч барагдуулж, 90 000 000 төгрөгийн гүйцэтгээгүй төлбөр үлдсэнийг хэдийд хэрхэн төлж дуусгах талаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд бичгийн баримт үйлдэн тохиролцжээ. /х.х-ийн 7/

 

Хэдийгээр “Төлбөр барагдуулах эвлэрлийн гэрээ“ нэртэй бичиг баримтаар талууд төлбөр төлөх графикийг тохиролцож, битүүмжлэгдсэн хөрөнгө, дансуудыг нээлгэж, гүйцэтгэх хуудас материалыг дуусгавар болгохоор тохиролцсон ч шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх ёстой бөгөөд мөн хуулийн 11.2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэх журамтай. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 78 дугаар зүйлд зааснаар төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгийг төлбөр авагчид хуульд заасан журмаар бүрэн олгосон бол төлбөрийг бодитой биелүүлсэнд тооцож гүйцэтгэх баримт бичгийг хаадаг. Гэтэл төлбөр бодитой биелэгдээгүй байхад гүйцэтгэх баримт бичгийг хаасан нь  буруу юм.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д заасан төлбөр төлөгч, төлбөр авагч нар эвлэрэх тухай асуудал нь төлбөр бодитой биелэгдсэн нөхцөлд хэрэгжих заалт. Эвлэрэх гэдэг ойлголт нь талууд харилцан буулт хийж, тухайлбал төлбөр авагч төлбөрийн зарим хэсгээс татгалзаж, төлбөр төлөгч үлдсэн хэсгийг бүрэн төлж дуусгавар болгож байгаа нөхцөлд хэрэгжих заалт бөгөөд төлбөрийн 50 хувь нь биелэгдээгүй, талууд 90 000 000 төгрөгийг цувуулан төлөх графикийг тохиролцсон байхад төлбөр авагчийг хохироосон шийдвэр гаргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзаагүй, төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлөөгүй, талууд эвлэрээгүй байхад “эвлэрлийн гэрээ” гэсэн үгэнд хөтлөгдөж, барагдуулах хугацааны талаарх тохиролцоог буруу тайлбарлаж, хууль зөрчсөн шийдвэр гаргасан тул уг тогтоолыг хүчингүй болгосон нь зөв болжээ.

 

Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-д талуудын гаргасан тодорхойлолтыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох эсэхээ шийдвэрлэхээр байхад зөвхөн нэг талын буюу төлбөр авагчийн хүсэлтийг авч үзсэн нь мөн буруу байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 181/ШШ2017/00802 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

     

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   А.МӨНХЗУЛ

           ШҮҮГЧИД                                                    Д.ЦОГТСАЙХАН

                                                                                            Ш.ОЮУНХАНД