Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2018/ДШМ/43

 

 

 

 

 

 

 

 

К.Цогбадрахад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

                                    Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                                    Шүүгчид                                   Г.Давааренчин                                       

                                                                                  Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                  Прокурор                                 М.Энхбаатар

                                    Хохирогч                                     Х.Алтанцэцэг                                 

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч          Д.Эрдэнэ-Оргил

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 98 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэрэгт Харчин овогт Капаашийн Цогбадрахад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1891000500077 дугаартай, 175/2018/0092/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1964 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн Манхан суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1 Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар баг 11 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Харчин овогт Капаашийн Цогбадрах /Регистрийн дугаар:МЮ64050319/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч К.Цогбадрах нь 2017 оны 01 дүгээр сар, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Х.Алтанцэцэгийн эрх чөлөөнд халдаж, зодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх К.Цогбадрахад холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хянан хэлэлцээд 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Харчин овогт Капаашийн Цогбадрахыг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Харчин овогт Капаашийн Цогбадрахад 11 сарын хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан К.Цогбадрахад оногдуулсан 11 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар ялтан К.Цогбадрахыг хорих ялаа эдэлж гарч ирснээс хойш 03 жилийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэсэн байна.  

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Шүүгдэгч К.Цогбадрах 2017 оны 01 дүгээр сард, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Х.Алтанцэцэгийн эрх чөлөөнд халдаж, зодсон гэмт хэргийг үйлдсэн болох тогтоогдсон гэж аймгийн прокурорын газраас К.Цогбадрахад холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “...Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх... “ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь тохирсон байна гэж анхан шатны шүүх дүгнэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийн 1.1-д зааснаар 11 сарын хорих ял оногдуулсан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар К.Цогбадрахад хорих ялаа эдэлж гарч ирснээс хойш 03 жилийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хорих эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг авсан байна. Шүүгдэгч нь К.Цогбадрах нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж байгаа байдал бусдад төлөх төлбөргүй, эрүүл мэндийн байдал, нас, хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэн үзэж шүүх энэрэнгүй зарчмыг баримтлан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж болох байсан гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 7 дугаар бүлгийн 7.1 зүйлийн 1-т заахдаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэж заасан байна. Шүүгдэгч К.Цогбадрахын өмгөөлөгч миний дээр дурдсан Эрүүгийн хуулийн 7.1 дугаар зүйлийн 1-ыг харгалзан үзэж хэргийн нөхцөл байдал зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж анхан шатны шүүхээс оногдуулсан 11 сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Хохирогч Х.Алтанцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: К.Цогбадрах бид хоёр 11 жилийн өмнө гэр бүлээ цуцлуулсан. Түүнээс хойш очих газар байхгүй учраас манайд байдаг байсан. 6 сар дараалж архи ууж алга болдог. Хүүхдийнхээ ажил дээр очиж ажлыг нь хийлгэдэггүй, агсан тавьдаг байсан. Анх К.Цогбадрах нь 11 жилийн өмнө согтуугаар өөрийн хүүхдээ гал руу хийх гэж байхад нь хажуу айлын хүн зогсоож байсан учраас би салсан юм. К.Цогбадрах нь намайг хүмүүстэй найзалж, нөхөрлүүлдэггүй, үргэлж хардаж зовоодог. К.Цогбадрах нь үнэхээр засарч, хүмүүжсэн бол би заавал ял эдлүүлэх хүсэлгүй байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Гэр бүлийн хүчирхийлэл нуугдмал, далд байдлаар үйлдэгддэг. Хохирогчийн хэлсэн тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаас харахад К.Цогбадрах нь удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч К.Цогбадрах нь 2017 оны 01 дүгээр сар, 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр, 2018 оны 02 дугаар сарын 16-ны өдрүүдэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч Х.Алтанцэцэгийн эрх чөлөөнд халдаж зодсон гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг хянан хэлэлцээд К.Цогбадрахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 11 сарын хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар ялтан К.Цогбадрахыг хорих ялаа эдэлж гарч ирснээс хойш 03 жилийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан шүүхээс хүлээлгэсэн үүрэг биелүүлээгүй бол уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэсэн байна. 

 

Шүүгдэгч К.Цогбадрах болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэ-Оргил нарын гаргасан давж заалдах гомдлын дагуу К.Цогбадрахад холбогдох  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

К.Цогбадрах нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Х.Алтанцэцэгийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 30-31, 32-33, 104-109-р ху/, гэрч А.Цэрэнцоо /хх-ийн 36-37-р ху/, С.Баяржаргал /хх-ийн 38-р ху/, Б.Баттулга /хх-ийн 41-р ху/, Б.Мөнхзул / хх-ийн 42-р ху/, Ж.Түмэндэмбэрэл /хх-ийн 43-р ху/, Ц.Хулан /хх-ийн 45-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн №26/18 тоот магадлагаа /хх-ийн 50-р ху/, К.Цогбадрахын зөрчил гаргаж байсан талаарх лавлагаанууд /хх-ийн 78-80-р ху/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын  үнэлгээний маягт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 12-13, 19-27-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

 

Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д ... Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно...” гэж заасан боловч анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1-д зааснаар К.Цогбадрахад арван нэгэн сарын хугацаагаар хорих  ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул  шүүгдэгч К.Цогбадрах болон түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оргил нарын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.Цогбадрах болон түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оргил нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1,2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч К.Цогбадрах болон түүний өмгөөлөгч М.Эрдэнэ-Оргил нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр  оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                         Д.БУЯНЖАРГАЛ