Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 111/2020/0022/З |
Дугаар | 221/МА2023/0138 |
Огноо | 2023-03-02 |
Маргааны төрөл | Сонгууль, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2023/0138
Н.Оийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч Н.О
Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 8-р тойргийн 10-р хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” 11 дугаартай тогтоолын хавсралтад заагдсан Батнасангийн Б, Алагнүдэнгийн О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн ИТХ-ын сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны сонгуулийг дахин явуулахыг даалгах, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1 дугаар тогтоолын А.О, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Н.О
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ө
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С
Хариуцагч Э.Т
Гуравдагч этгээд А.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 111/2020/0022/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Оийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны дарга, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн, 10 дугаар хэсгийн хороо, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд тус тус холбогдуулан “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 8-р тойргийн 10-р хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” 11 дугаартай тогтоолын хавсралтад заагдсан Батнасангийн Б, Алагнүдэнгийн О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн ИТХ-ын сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны сонгуулийг дахин явуулахыг даалгах, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1 дугаар тогтоолын А.О, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150 дугаар шийдвэрээр: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7, 70.9, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.3, 73.4, 77 дугаар зүйлийн 77.1, 79 дүгээр зүйлийн 79.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1 “а”-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Оийн “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 8-р тойргийн 10-р хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” 11 дугаартай тогтоолын хавсралтад заагдсан Б Б, А О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн ИТХ-ын сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны сонгуулийг дахин явуулахыг даалгах, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1 дугаар тогтоолын А.О, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.Тус шүүхээс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хавтаст хэргийн материалд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхдээ хэргийг бодит байдлаас зөрүүтэй дүгнэсэн, түүнчлэн тоон мэдээллийн талаар бодит бус тайлбар хийсэн, илтэд нэг талыг баримталсан нь шүүхийн шийдвэрт бичигдсэн дүгнэлтүүдээс харагдаж байна.
3.2. Хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбар хавтаст хэргийн баримтаар огт тогтоогдоогүй, дүн мэдээ, санал өгсөн хүний тоо зөрүүтэй, түүнчлэн хууль зөрчсөн нь тогтоогдсон байхад энэ байдалд дүгнэлт хийхгүйгээр сонгуульд ажилласан улсын бүртгэлийн ажилтны алдаа байсан гэж шүүх шийдвэртээ дүгнэлт хийж байгаа нь хэтэрхий өрөөсгөл нэг талыг барьсан харагдаж байна.
Тухайлбал тус шүүхийн шийдвэрийн 19 дүгээр талд тухайн хэсгийн хороонд зөөврийн хайрцгаар 19 хүн санал өгөх ёстой байтал 18 хүн өгсөн, зөөврийн хайрцгаар санал өгөх ёстой нэг хүн буюу Ц гэх хүн нь ирээгүй байхад санал өгсөн гэж бүртгэгдсэн нь улсын бүртгэлийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан нь учир дутагдалтай юм гэж дүгнэсэн нь хэсгийн хороо, сонгуулийн хороо, улсын бүртгэлийн ажилтны хэнийх нь буруутай үйл ажиллагаа вэ гэдгийг нотолсон нотлох баримт хэрэгт огт авагдаагүй байхад шууд таамагласан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байж чадахгүй байна.
3.3. Миний хувьд өмнөх нэр дэвшигчээсээ 5 саналаар ялагдсан. Сонгуулийн хэсгийн хорооны үйл ажиллагаанаас үүдэлтэйгээр сонгуулийн дүн мэдээ зөрсөн тул ажиглагч нараасаа юу болсон талаар асуухад ардчилсан намаас сонгуулийн үйл ажиллагаанд оролцсон ажиглагч нарын эрхийг хааж боогдуулсан талаар мэдээлэл ирүүлсэн. Үүний дагуу камерын бичлэгийг үзье гэтэл хуульд зааснаар тус хэсгийн хороонд камерыг байрлуулалгүй тус хуулийн 61.11-т заасныг зөрчсөн нь тогтоогдсон.
3.4. Сонгуулийн дүн мэдээ зөрсөнтэй холбогдуулан сонгуулийн хорооноос тайлбар авахад саналын хуудас зөрсөн нь хүчингүй болсон саналын хуудастай холбоотой гэж тайлбарласан. Улмаар хүчингүй болсон 79 хуудас нь хэрхэн яаж хүчингүй болсон талаар тухайн өдрийн хэсгийн хорооны бүтэн тэмдэглэлийг хянаж үзэхэд 74 хуудас хүчингүй болсон нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл 79 хуудас биш 74 хуудас хүчингүй байх ёстой бөгөөд зөөврийн хайрцгаар санал авах ажиллагааны үед хүчингүй болсон гэх 3 хуудсыг нэмбэл 77 хуудас хүчингүй болсон байхаар байна. Гэтэл архивт 79 хуудас нэмэгдэж орсон нь эргэлзээтэй, тоон мэдээ зөрүү бүхий байгааг нотолж байгаа юм. Хэрэв хариуцагчийн тайлбар шиг 5 хүн 2 дох удаагаа саналын хуудас аваад хүчингүй болсон бол 82 хуудас хүчингүй болсноор архивт тоологдох ёстой байсан.
Түүнчлэн Монгол Улсын сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 46 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар батлагдсан саналын хуудас хураан авч дахин нэг удаа саналын хуудас олгосон тухай тэмдэглэлийг огт үйлдээгүй нь хэсгийн хороо болон сонгуулийн хорооны үйл ажиллагаа дутуу хууль зөрчсөнийг дахин нотолсон юм.
3.5. Энэ мэтчилэн зөрүүтэй асуудал байхад шүүхээс энэ байдалд зөв дүгнэлт өгөөгүйгээр барахгүй шүүхийн шийдвэрийг уншихад ч ойлгомжгүй байна. Тус шийдвэрийн 16 дугаар талд бичигдсэнээр нэхэмжлэгчийн зүгээс сонгуулийн ирц болон хүчинтэй саналын хуудас хоорондоо тэнцүү байх боломжтой мөн сонгуулийн санал хураах машинаас 1207 саналын хуудас гарч ирсэн гэж маргаагүй.
Харин хэрэв 5 хүн саналаа өгч чадаагүй юм бол энэ 5 хүний саналыг хүчингүй болсон талаар тэмдэглэлд бичих, дүрэм журамд зааснаар тэмдэглэж авах, ямар учраас хүчингүй болсон талаар тодорхой нотлох баримт байх ёстой гэж үзэж маргаж байгаа болно.
3.6. Шүүхээс хариуцагч нарын тайлбарыг нотлох ямар ч нотлох баримт байхгүй байхад тэдгээрийн тайлбарыг зөв гэж үзэж байгаад гомдолтой байна.
Иймд Баянхонгор аймгийн сонгуулийн хороо болон сонгуулийн хэсгийн хорооны үйл ажиллагаа нь удаа дараалан хууль зөрчсөн ажиллагааг явуулсан тоон мэдээг зөрүүтэй мэдээлсэн, түүнчлэн хийх ёстой үйлдлээ хийгээгүй хууль бус байх тул Өвөрхангай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 121/ШШ2022/0150 дугаар шийдвэрийг хүчингүй болгож Баянхонгор аймгийн сонгуулийн хороо, Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороо, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь хууль зөрчсөн болохыг тогтоож, сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин сонгууль явуулах, түүнээс улбаалан гаргасан тогтоол шийдвэрүүдийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв
3. Шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:
3.1. Нэхэмжлэгчээс “... Санал хураалтын эцэст дэлгэц дээр гарсан мэдээ хоорондоо зөрсөн, 1207 саналын хүчинтэй хуудас гарсан байтал 1212 хүн ирсэн гэсэн, 5 хүний саналын хуудас зөрсөн, миний сонгуулийн дүн дараагийн нэр дэвшигчийн саналаас 5 хүний саналын зөрүүтэй байгаа учраас сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн, ...сонгуулийн хороод зөрүүтэй тайлан гаргасан, санал хураалтын өдрийн явцын тэмдэглэл дээр нийт 74 хүн санал хураалтын явцад хүчингүй саналын хуудас бөглөсөн байгааг тоолсон. Нийт 79 хүний саналын хуудас хүчингүй байх боломжгүй, энэ 5 хүний саналын зөрүү яригдаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, ажиглагч нарын эрхийг хангаагүй, санал авах байранд камер байрлуулаагүй нь хууль зөрчсөн. Саналын хуудсыг төхөөрөмж таньж уншаагүй бол сонгогчид дахин саналын хуудас авч, саналаа өгч болно гэдгийг зөрчсөн ... ” гэсэн үндэслэлээр “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 8-р тойргийн 10-р хэсгийн хорооны сонгуулийн санал хураалтыг хүчингүйд тооцуулах, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” 11 дугаартай тогтоолын хавсралтад заагдсан Батнасангийн Б, Алагнүдэнгийн О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Баянхонгор аймгийн ИТХ-ын сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны сонгуулийг дахин явуулахыг даалгах, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1/1 дугаар тогтоолын А.О, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлон маргажээ.
3.2. Анхан шатны шүүх “... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.7, 70.9, 73 дугаар зүйлийн 73.1, 73.2, 73.3, 73,4, 77 дугаар зүйлийн 77.1, 79 дүгээр зүйлийн 79.1, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/ 18 дугаар зүйлийн 18.1.1 “а”-д заасныг тус тус баримтлан ... нийт санал өгсөн сонгогч 1211 ... хэсгийн хорооны хөтөлсөн 05 дугаар тэмдэглэлд ... тэмдэглэгдсэнээс үзвэл нийтдээ 77 саналын хуудас хүчингүй болсноор тэмдэглэгдсэн, ... бодит байдал дээр 79 саналын хуудас хүчингүй болсон нь хэсгийн хорооны гаргасан саналын хуудас зарцуулалтын тайлан, шүүхийн удаа дараагийн үзлэгээр тогтоогдож ... хуулийн заалтаас үзэхэд ... сонгогч дахин саналын хуудас аваад түүнийгээ буруу бөглөсөн тохиолдолд саналын хуудас хүчингүй болж, дахин саналын хуудас авах эрхгүй байна. Харин санал тоолох төхөөрөмж саналын хуудсыг таньж уншаагүй бол хэдэн ч удаа саналын хуудас авч болохоор зохицуулсан байна ... тухайн хэсгийн хорооны хувьд санал тоолох төхөөрөмжөөс хүчинтэй саналын хуудас 1207 гарснаас А.Б 629 санал, А.О 589 санал, Н.О 584 санал, Д.Дүгэрсүрэн 536 санал тус тус авсан нь санал тоолох төхөөрөмжөөс хэвлэгдсэн хуудасны дүнгээр тогтоогдож байх бөгөөд энэ дүн хэсгийн хорооны гаргасан санал хураалтын дүн, аймгийн сонгуулийн хорооны нэгтгэсэн мэдээний дүнтэй таарч байна. Мөн нэхэмжлэгчээс санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын дүнтэй маргаагүй ... гуравдагч этгээд А.О нь нэхэмжлэгч Н.Оээс 5 сонгогчийн саналын зөрүүгээр ялсан, ирц, санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн 5 саналаар зөрүүтэй, хэсгийн хороо саналын хуудас зарцуулалтын тайланг зөрүүтэй гаргасан, ажиглагчийн эрхийг хангаагүй, санал авах байранд камер байрлуулаагүй зэрэг үндэслэлүүд нь санал хураалтыг хүчингүйд тооцох хуульд заасан тохиолдолд хамаарахгүй ...” гэсэн дүгнэлтүүдийг хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.
3.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.9-т “Орон нутгийн Хурлын сонгуулийн санал хураалт дараах төрөлтэй байна”: 4.9.1-д “нэр дэвшигчдийн авсан саналын тоо тэнцсэн тохиолдолд явагдах нэмэлт санал хураалт”, 4.9.2-т “энэ хуулийн 79 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд явагдах дахин санал хураалт”, мөн хуулийн 79 дүгээр зүйлд “Санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах”: 79.1-д “Тухайн шатны сонгуулийн хороо дараах тохиолдолд санал хураалтыг хүчингүйд тооцно”, 79.1.1-д “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол”, 79.1.2-д “саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол”, 79.5-д “Сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх гэж санал хураалтын явцад гарсан зөрчил нь сонгуулийн дүнд илт нөлөөлөхүйц буюу сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч ба түүний дараах нэр дэвшигчийн авсан саналын зөрүүтэй тэнцүү, эсхүл их байхыг ойлгоно” гэж тус тус заасан.
3.4. Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 8 дугаар тойрогт Монгол ардын намаас Б.Б, А.О, Ардчилсан намаас Н.О, Д.Дүгэрсүрэн нар нэр дэвшсэн бөгөөд санал тоолох 2 төхөөрөмжид нийт 1207 хүчинтэй саналын хуудас уншигдсанаас Б.Б 629 санал, А.О 589 санал, Н.О 584 санал, Д.Дүгэрсүрэн 536 санал тус тус авсан. Тухайн сонгуулийн өдөр хурууны хээгээр 1177, зөөврийн хайрцгаар 18 сонгогч нийт 1211 сонгогч санал өгсөн. Хүчинтэй саналын хуудас 1207, хүчингүй саналын хуудас 79, зарцуулагдаагүй саналын хуудас 828 нийт 2114 саналын хуудас байгаа болох нь тогтоогдож, мөн нэхэмжлэгчээс хүчинтэй саналын хуудастай маргаагүй, хүчингүй саналын хуудастай маргаж буй тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулах хууль зүйн боломжгүй юм.
3.5. Хэдийгээр, Тухайн сонгуулийн санал хураалтын ажил явагдаж дуусахад ирцийн мэдээ дэлгэц дээр “ирсэн-1212, хурууны хээгээр шалгасан-1177, регистрийн дугаараар шалгасан-16, зөөврийн хайрцгаар санал өгсөн-19 нийт санал өгсөн 1212 сонгогч гэж мэдээлж, хэсгийн хорооны сонгуулийн өдөр хөтөлсөн 05 дугаар тэмдэглэлд “...19 хүнээс 18 хүний саналыг зөөврийн хайрцгаар авч, иргэний бүртгэлийн ажилтан зөөврөөр авсан 18 хүний саналыг регистрээр уншуулсан ...” болох нь тогтоогдсон байх боловч энэ нь дээрх хуульд заасан санал хураалтыг хүчингүйд тооцох, дахин санал хураалт явуулах үндэслэлд хамаарахгүй байхаас гадна, нэхэмжлэгчээс хүчинтэй саналын хуудастай маргаагүй тохиолдолд шүүх санал хураалтыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулахыг даалгах, улмаар нэхэмжлэлийн бусад шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.
3.6. Түүнчлэн анхан шатны шүүх “ ... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д заасан тохиолдол бий болсон үед буюу сонгогч 2 удаа саналын хуудсыг буруу бөглөхөд саналын хуудас хүчингүй болж, дахин саналын хуудас авах эрхгүй тул саналаа өгөх боломжгүй, өөрөөр хэлбэл ирцэд бүртгэлтэй боловч хүчинтэй саналын хуудсанд тоологдох хууль зүйн боломжгүй юм. Иймд сонгуулийн ирц болон хүчинтэй саналын хуудас хоорондоо тэнцүү тоотой байх хуулийн боломжгүй тул нэхэмжлэгчээс ирцийн мэдээн дээр 1212 сонгогч гэж мэдээлсэн атлаа санал тоолох төхөөрөмжөөс 1207 хуудас гарсан, 5 саналын хуудас зөрсөн гэж маргаж байгаа нь үндэслэлгүй ... Нэхэмжлэгчээс хүчингүйд тооцсон 79 саналын хуудсаас 43 орчим нь өөрт нь өгсөн саналын хуудас байсан гэж маргасан боловч ... санал тоолох төхөөрөмжид уншигдаагүй саналын хуудсыг хүчинтэй саналын хуудас гэж үзэх үндэслэлгүйн дээр хэрэгт авагдсан хүчингүй 79 саналын хуудсыг энгийн нүдээр харахад ч ... илүү санал тэмдэглэсэн хуудаснууд байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “... архивт 79 хуудас болж нэмэгдэж орсон нь эргэлзээтэй, тоон мэдээ зөрүүтэй ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.
3.7. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 70.7-д “Санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн тухайн хэсгийн санал хураалтын дүн байна”, 70 дүгээр зүйлийн 70.9-д “Санал тоолох төхөөрөмжид уншигдсан нийт саналын хуудас хүчинтэй саналын хуудас байна”, 73.2-д “Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно”, 73.3-д “Тухайн шатны сонгуулийн хороо энэ хуульд заасны дагуу тойрогт хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, нийтэд мэдээлнэ”, 73.4-д “Тухайн шатны сонгуулийн хороо сонгуулийн дүн болон Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ” гэж тус тус заасан.
3.8. Анхан шатны шүүх “ ... аймгийн сонгуулийн хороо нь тухайн хэсгийн санал тоолох төхөөрөмжөөс гарсан санал хураалтын дүнг үндэслэн маргаан бүхий Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” 11 дүгээр тогтоолоор 8 дугаар тойрогт нэр дэвшигч Батнасангийн Б, Алагнүдэнгийн О нарыг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр гаргаж, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд өргөн мэдүүлсэн нь ... хуульд нийцжээ ... мөн хэсгийн хороо нь саналын хуудас зарцуулалтын тайланд саналын хуудасны тоо мэдээг зөрүүтэй гаргасан боловч сумын сонгуулийн хорооноос зөвтгөж гаргасан, шүүхээс хийсэн үзлэгээр хүчинтэй саналын хуудас-1207, хүчингүй саналын хуудас-79, зарцуулагдаагүй саналын хуудас -828, нийт 2114 саналын хуудас байгаа болох нь тогтоогдсон буюу тухайн хэсгийн хорооны нийт хүлээж авсан 2114 саналын хуудастай таарч байх тул хэсгийн хороо сонгуулийн баримт бичгийг буруу хөтөлсөн үндэслэл нь сонгуулийн дүнд нөлөөлөхгүй, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй ...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
3.9. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.7-д “Дахин сонгууль гэж төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол тухайн тойрогт энэ хуульд заасны дагуу шинээр явагдах сонгуулийг ойлгоно”, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д “Энэ хуулийн 74.3-т заасны дагуу Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүйд тооцсон бол дахин сонгууль явуулна”, 77 дугаар зүйлийн 77.1-д “Сонгуулийн дүн гарсан шийдвэр хүчингүй болсон болон энэ хуулийн 4.7, 74.6-д заасан үндэслэлээр дахин сонгууль явагдана” гэж тус тус заасан бөгөөд анхан шатны шүүхээс “... нэр дэвшигчдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэр болох Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” 11 дүгээр тогтоол нь хуульд нийцсэн, шүүхээс уг тогтоолыг хүчингүй болгоогүй тул 8 дугаар тойрогт дахин сонгууль явуулах үр дагавар үүсэхгүй, иймд энэ шаардлагыг хангах үндэслэлгүй ...” гэж зөв дүгнэжээ.
Ийнхүү анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 150 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ