Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/281

 

 

 

 

 

 

 

 

2021            5           11                                       281

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                   

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: О.Тэмүүжин, 

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбат,

шүүгдэгч: Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Над холбогдох эрүүгийн 2105000000603 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1956 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 65 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зураач мэргэжилтэй, тэтгэвэрт байдаг, сард 350 000 төгрөгийн тэтгэвэр авдаг,  ам бүл 2, эхнэрийн хамт Н.

 

Шүүгдэгч Д.Н нь 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч М.Чийн эзэмшлийн “Мазда аксила” загварын, 09-23 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эд зүйлийг хууль бусаар устгаж, гэмтээн түүнд 440 650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- Д.Н мэдүүлэхдээ:

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Өөрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол болох 530 000 төгрөгийг хохирогчид төлсөн. Миний буруу гэдгийг маш сайн ойлгож, ухаарсан. Прокурортой 450 000 төгрөгийн торгох ялыг сайн дураар тохиролцсон. Энэ 450 000 төгрөгийн торгох ялыг боломжоороо төлж барагдуулна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч -М.Ч мэдүүлэхдээ:

2021 оны 3  дугаар сарын 28-ны өдөр би машинтайгаа гэмтлийн эмнэлгийн урд талын замаар явж байтал машины урдуур нэг согтуу ах ороод ирсэн. Тэгээд би сигнал дарсан чинь тэр ах эргэж хараад уурлаад, шууд миний машины хажуу тал руу 2, 3 удаа өшиглөөд дараа нь машины толь руу өшиглөж, цохиж, эвдэж, гэмтээсэн. Тэгээд би машинаа замаас гаргаж тавиад машинаасаа буугаад харахад машины баруун хажуу талын хаалга хонхойсон, баруун талын толь хугарч эвдэрсэн байсан тул цагдаа дуудсан. Тухайн үед тэр ах ганцаараа явж байсан бөгөөд дунд зэргийн согтолттой байсан. Тэгээд тэр ах хэд хоногийн дараа машиныг чинь уурласандаа эвдэж, гэмтээсэн тул уучлаарай, миний буруу гээд машины толь болон хаалга засварын мөнгийг миний данс руу шилжүүлж өгсөн. Гомдол саналгүй гэжээ. (хэргийн 9-10 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч –Ч.М мэдүүлэхдээ:

Би 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, гэмтлийн эмнэлгийн дунд замд согтуу хүн миний машиныг өшиглөж, цохиод, эвдрэл, гэмтэл учруулчихлаа гэсэн дуудлага мэдээллийг аваад цагдаа Анхбаярын хамт орой 19 цагийн үед гэмтлийн эмнэлгийн урд талын гаршийн хажууд очсон. Очиход 55-60 орчим насны, нэлээн согтолттой эрэгтэй хүн машины гадна, 30 орчим насны эрэгтэй хоёр хоорондоо маргалдсан байдалтай зогсож байсан. Тэгээд аль алинаас нь юу болсон талаар асуухад 30 орчим насны дуудлага өгсөн Ч гэх эрэгтэй “би замаар явж байтал согтуу ах машины урд талаар орж ирээд хөндөлсөж зогсчихоор нь сигналаа дарсан чинь эргэж хараад, уурлаад миний машины толь болон хаалга хэсгийг санаатай өшиглөж, эвдсэн” гэсэн тул 50 гаруй насны эрэгтэйгээс юу болсон талаар асуухад “би зам гарах гээд явж байтал энэ залуу араас сигналдаад байхаар нь миний уур хүрээд машины толь, хаалгыг нь өшиглөсөн” гэсэн. Тэгээд согтуу эрэгтэйг эрүүлжүүлэхэд хүргэж өгөөд Ч гэх залуугийн гомдол мэдээллийг авч баримтжуулсан гэжээ. (хэргийн 38 дугаар хуудас)

 

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 28524 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь 440 650 төгрөг гэжээ. (хэргийн 18 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Д.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 43 дугаар хуудас)                                                      

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Д.Н нь согтуурсан үедээ 2021 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт “зам гарч байхад дуут дохио өглөө” гэх шалтгаанаар хохирогч М.Чийн эзэмшлийн “Мазда аксила” загварын, 09-23 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын толийг хугалж, баруун хаалгыг хонхойлгож, эд зүйлийг хууль бусаар гэмтээж, түүнд 440 650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлэг, хохирогч М.Ч, гэрч Ч.М нарын мэдүүлэг, “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 28524 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Д.Над холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч М.Ч нь тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хүлээн авсан, гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчид 530 000 төгрөг төлсөн байх тул Д.Ныг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж, шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

           

1. Шүүгдэгч Ныг бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ныг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450 000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Д.Над даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Д.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Д.Н цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Над хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН