Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/317

 

 

 

 

 

 

 

 

2021           5            20                                       317     

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Энхболд,

шүүгдэгч: Б.С, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр /2143/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ст холбогдох эрүүгийн 2005024840220 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр, аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан мэргэжилтэй, “С.

 

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюу” зочид буудалд үйлчлүүлж байхдаа Х.Бийн ширээн дээр тавьсан “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 750 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээгүүр хэмжээний хохирол учруулсан,

2020 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 27 дугаар байрны 24 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас иргэн Б.Буийн биед халдаж, зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилт, зүүн нүдний дээд зовхи, хүзүүний баруун хажуу хэсэг, зүүн бугалга, зүүн шилбэний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ:

Шинжээчийн дүгнэлтэд дурдсан хохирогчийн биед учирсан гэмтлийг би учруулсан. Өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Одоо Буийн бие зүгээр гэсэн. Энэ хэргээс хойш түүнтэй хамтран амьдрахгүй байна. Хохирогч Бийн гар утсыг авсан үйлдлийн хувьд би тэр үед согтоод ширээн дээр тавьсан байсан гар утсыг аваад явсан юм. Хохирлыг барагдуулсан. Согтуудаа энэ үйлдлийг хийсэндээ гэмшиж байна. Би цаашдаа ажил төрлөө хийгээд, буруугаа ухамсарлаад амьдарна гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Х.Б мэдүүлэхдээ:

2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн үед найз Одонтуяа, Буянаа нарын хамт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах одоо нэрийг нь санахгүй байна, нэг караокед хамт дуулж суусан юм. Тэгээд тухайн өдөр 22 цагийн орчимд Одонтуяагийн найз гэх хоёр залуу гаднаас бид хоёрын сууж байсан өрөөнд ороод ирсэн. Тэгээд бид нар тавуулаа хамт ууж сууж байгаад тухайн караокег хаахаар нь гадагш гараад Одонтуяа, Буянаа нар нь өөр тийш салаад явсан. Харин Ирээдүй, С бид гурав Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюу зоог гэх нэртэй хоёр давхар ногоон өнгийн зочид буудлын 103 тоот өрөөнд орсон. Тус буудалд орохдоо нэг шил архи болон нэг том пиво авч орсон. Тэгээд авсан зүйлээ хувааж ууж байгаад би 02 цагийн орчимд түрүүлээд унтсан. 2020 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 05 цагийн орчимд сэрэхэд миний Самсунг галакси А51 загварын, цагаан өнгийн гар утас байхгүй байсан. Ирээдүй, С нар гараад явчихсан байсан ба би тус буудлын үйлчлэгчээс надтай хамт явсан залуучуудыг асуухад 04 цагийн үед гараад явсан гэж хэлсэн. Би өөрийн гар утсыг 2020 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Наадам центрт байрлах Мобикомын салбараас лизингээр авсан ба үндсэн үнэ нь 900 000 төгрөгийн үнэтэй юм. Намайг унтах гэж байхад Ирээдүй миний гар утсыг утсаар чинь ярья гэж гуйхаар нь өгсөн.

Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. (хэргийн 53, 161 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад хохирогч-Б.Бу мэдүүлэхдээ:

2020 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 04 цагийн үед манай хамтран амьдрагч С гэртээ согтуу орж ирсэн. Тэгээс С хоол иднэ гэхээр нь би хоолыг нь халаагаад өгтөл С над руу хоол идэхгүй, пизда минь гэж хэлсэн. Тэгээд намайг пиво аваад ир гэсэн. Би хаанаас чамд пиво өгөх юм гэтэл гэрт байгаа гээд байсан. Тэгэхээр нь би өөрөө аваач гээд маргалдаад С тамхи татах гээд галаа олохгүй, ээж рүүгээ залгаад байсан. Тэгээд уурлаж, татах гэж байгаа тамхиа хугалж шидээд, намайг зодоод эхэлсэн. Би Ст зодуулаад орилсон чинь чи муу санаалж орилж байна уу гээд маш их зодсон. С гараараа миний толгой руу нэлээн хэдэн удаа цохиод, зүүн нүд рүү гараараа нэг удаа цохисон. Зүүн гарын бугалга хэсгээс хазсан. Миний зүүн нүд рүү хуруугаараа хатгасан. Хөнжлөөр боож байгаад би чамайг ална гээд бүх бие рүү цохиод байсан. Мөн миний зүүн хөлийн шилбэ рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Миний зүүн нүд хөхөрч хавдсан, зүүн шилбэ хөхөрч хавдсан, толгой хөдөлсөн, биеийн цээж, гарын бугалга хөхөрч хавдсан. С оны өмнө нэг удаа зодсон. 2020 оны 02 сард намайг зодсон. 2020 оны 3 сард бас нэг удаа зодсон. Намайг хамт амьдрах 6 сарын хугацаанд 4 удаа зодож байна. Надад Саас нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хэргийн 102-103 дугаар хуудас)

 

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд:

2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр иргэн Х.Б “Оюу” зочид буудалд байх үед “Самсунг галакси А51” загварын гар утсаа алдсан гэх хэрэгт таньж олуулах зорилгоор ижил төстэй 1-4 гэж дугаарлан байрлуулсан зургаас таны гар утсыг авсан гэх хүн энд байна уу, байвал заана уу гэж асуухад танигч Х.Б нь эдгээр хүмүүсийн зургаас миний утсыг авсан хүн нь 4 гэсэн дугаартай хүн байна гэж сэжигтэн Б.Сын зургийг зааж байна гэжээ. (хэргийн 45 дугаар хуудас)

 

“Кости эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:

Тайлангаа үнэлэгдэж буй эд зүйлийн зах зээлийн дундаж үнийг 750 000 төгрөгөөр тогтоов гэжээ. (хэргийн 58 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4607 тоот дүгнэлтэд:

1. Б.Буийн биед тархины доргилт, зүүн нүдний дээд зовхи, хүзүүний баруун хажуу хэсэг, зүүн бугалга, зүүн шилбэний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэжээ. (хэргийн 109 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Б.С урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэжээ. (хэргийн 42, 129, 140 дүгээр хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Оюу” зочид буудалд үйлчлүүлж байхдаа хохирогч Х.Бийн ширээн дээр тавьсан “Самсунг галакси А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 750 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээгүүр хэмжээний хохирол учруулсан,

2020 оны 4 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хорооны 27 дугаар байрны 24 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас хохирогч Б.Буийн биед халдаж, зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилт, зүүн нүдний дээд зовхи, хүзүүний баруун хажуу хэсэг, зүүн бугалга, зүүн шилбэний зөөлөн эдийн няцралт, цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Б, Б.Бу нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 4607 тоот дүгнэлт, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, “Кости эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ст холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Б.Бу нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй,

хохирогч Х.Б нь 750 000 төгрөгийн хохирлыг хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хохирогч Б.Бу нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Шүүгдэгч Б.Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулж, оногдуулсан ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Сыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Сыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялаар,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Б.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500 000 төгрөгөөр торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Б.Ст даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.С нь 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.С цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Хохирогч Б.Бу нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ст хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН