Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/318

 

 

 

 

 

 

 

 

   2021          5           20                                     318     

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг 

улсын яллагч: Баянгол дүүргийн  прокурорын газрын хяналтын прокурор Т.Баянмөнх,

шүүгдэгч: З.Б, түүний өмгөөлөгч Э.Мягмарцэрэн /0034/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол  дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бд холбогдох эрүүгийн 2105004310499 дугаартай, 1 хавтас хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой,

урд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 30 000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 60 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, бүгд 60 000  төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

Б.

 

Шүүгдэгч З.Б нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны Есөн-Эрдэнэ хотхоны 2-29 дүгээр байрны 34 тоотоос иргэн Б.Пын Хаан банкны виза картыг авч, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд түүний виза картаас 7 удаагийн үйлдлээр нийт 2 600 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч- З.Б мэдүүлэхдээ:

Би архи уусан үедээ буруу үйлдэл гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхлээд миний халаасанд карт нь байсныг маргааш нь мэдсэн. Дараа нь үргэлжлүүлээд согтууруулах ундааны зүйл хэрэглээд ийм зүйл болсон.  Би картаас нь мөнгө аваад, дараа нь энэ тухайгаа хэлээд өгье гэж бодсон юм. Картын кодыг би гарч дэлгүүр орохдоо мэдсэн. Авсан мөнгөөрөө би 3 хоног архи согтууруулах ундааны зүйл уусан. Энэ мөнгөнөөс 1 500 000 төгрөгийг хохирогчид төлсөн. Үлдэгдэл 1 100 000 төгрөгийг эрх долоо хоногт барагдуулна гэж хохирогчтой тохиролцож, хохирогч өөрөө шүүх хурал дээр ирж энэ талаар хэлнэ гэсэн боловч өчигдрөөс хойш утас нь холбогдохгүй байгаа. Би хийсэн үйлдэлдээ чинь сэтгэлээсээ гэмшиж байна гэв.

Мөрдөн байцаалтад хохирогч- Б.П мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 29-2-34 тоотод байрлах гэртээ байж байхад манай нөхрийн найз болох Б эхнэрийн хамт манайд ирсэн юм. Тэгээд бид нар архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэж байгаад 02 дугаар сарын 08-ны өдрийн үүрээр явах болоод Б гэх залуугийн хүүхэд нь манайд ирж аав, ээж хоёрыгоо авч явна гэсэн. Тэгээд нөгөө хоёр нь явахгүй гээд агсам тавиад байхаар хүүхдүүд нь буцаад явсан. Тэгээд нэмж архи, согтууруулах ундааны зүйлс хэрэглэхээр болоод миний виза картыг Б аваад дэлгүүр гарсан. Тэгээд буцаж орж ирэхдээ архи, дарс авчирсан. Би согтсон учраас унтаад сэртэл Б эхнэрийн хамт байхгүй, такси бариад явсан гэж манай нөхөр хэлсэн. Мөн миний Хаан банкны виза карт байгаагүй. Улмаар миний Хаан банкны 2022200703 дугаарын данснаас нийт 2 600 000 төгрөг 7 удаагийн гүйлгээгээр гарсан байсан тул цагдаагийн байгууллагад хандсан. Тухайн өдөр би гэрийн доор байрлах дэлгүүрээс архи худалдаж авахдаа картын нууц үгээ хэлж байсан гэжээ. (хэргийн 20, 21, 24 дүгээр хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Б.М мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Б эхнэрийнхээ хамт манай гэрт ирсэн. Тэгээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, хоол унд хийж идэж юм яриад байж байсан. Манай эхнэр Бд дэлгүүрээс согтууруулах ундааны зүйл болон өөр зүйл аваад ир гээд картаа өгч гаргаад байсан. Ямар ч байсан 2-3 удаа өгч гаргасан байх. Б эхнэртэйгээ хамт 2021 оны 2 дугаар сарын 08-ны 04 цагийн үед гэр рүүгээ явахаар гарсан. Тухайн үед манай эхнэр унтчихсан байсан, явахыг нь мэдээгүй. Тэгээд манай эхнэр тэр өдрөөс хойш 3-4 хоногийн дараа картаа байхгүйг мэдсэн ба дансныхаа хуулгыг хартал данснаас нь нийт 2 600 000 төгрөг алдсан байсан. Манай эхнэр виза картаа гээгдүүлээгүй, хүнд алдсан гэдгээ мэдсэн ба хаалгаж цагдаад хандсан гэжээ. (хэргийн 28-29 дүгээр хуудас)

 

2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

...үзлэг хийх үед компьютерын PrtSc SySRq товчийг ашиглан зураг хэлбэрээр зургуудаа тэмдэглэлд хавсаргав. Үзлэг хийхэд АТМ-аас нэг л үйлчлүүлж байгаа нь хяналтын камерт бичигдсэн байна. Мөн дээрх мөнгө авч байгаа хүн нүүр царай нь тодорхой харагдаж байгаа бөгөөд Загдаа овогтой Б болох нь танигдаж байв гэжээ. (хэргийн 10 дугаар хуудас)

   

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

З.Б нь урд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1-д зааснаар 30 000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 60 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтааж, бүгд 60 000  төгрөгөөр торгох ялаар,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 91 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан гэжээ. (хэргийн 37 дугаар хуудас)

 

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

  Шүүгдэгч З.Б нь 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны “Есөн-Эрдэнэ” хотхоны 2-29 дүгээр байрны 34 тоотод согтуурсан үедээ, хохирогч Б.Пын Хаан банкны виза картыг авч, 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд түүний виза картаас 7 удаагийн үйлдлээр нийт 2 600 000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.П, гэрч Б.М нарын мэдүүлэг, 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

            Шүүгдэгчид холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгажээ. 

Баянгол дүүргийн прокурорын газраас З.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч З.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үнийн дүнг хүлээн зөвшөөрч маргахгүй байх бөгөөд хохирогч Б.Пт 2021 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 1 500 000 төгрөгийг төлжээ.

Түүнчлэн үлдэх 1 100 000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Баас 1 100 000 төгрөг гаргуулж хохирогч Б.Пт олгохоор шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Быг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Бд хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3. З.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар З.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах,

үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д  зааснаар шүүгдэгч З.Баас 1 100 000 төгрөг гаргуулж, хохирогч Б.Пт олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол З.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Л.ОЮУН