Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/269

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, шүүгч Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Иргэдийн төлөөлөгч: Г.Жанцанхорлоо,

Улсын яллагч: Г.Онон,

Шинжээч: Ш.Цэцэгмаа,

Гэрч: Х.Э-,

Хохирогчийн төлөөлөгч: Г.Б-, түүний өмгөөлөгч Ж.Энх-Амгалан,

Шүүгдэгч: М.Х-, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр, Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Х-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000080012 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М.Х-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч М.Х- нь 2020 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 22-01 тоотод Г.О-тай маргалдан, улмаар түүний зүүн гарын шуу, баруун гарын тохой хэсэгт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Х- шүүх хуралдаанд: “2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө гэртээ байж байхад 20 цагийн үед М.Э- руу залгахад О- ах утсыг аваад өнөөдөр машинаа засуулж байгаа өнөө маргаашдаа самар түүхээр явна гэсэн. Удалгүй О- ах залгаад “гэртээ байна уу, ганцаараа байна уу” гэсэн. Тэгэхэд нь би “ганцаараа байна” гэж хэлсэн. О- ах удалгүй гэрт ирээд бид хоёр нэг том пиво уусан, надаас мөнгө асуугаад шагийн архи зардаг хүнээс нэг архи захиалсан. Тухайн архиа уугаад сууж байсан ба дахиад архи ууя гэхэд нь надад мөнгө байхгүй байсан ба бага зэрэг маргалдаж, баруун гарт нь хутгаар зүссэн. Би хутгалчхаад О- ахаас уучлалт гуйсан, одоо яах уу гэхэд О- ах зүгээр зүгээр гэж хэлсэн. Утас дуугараад би гэрээсээ гарч хүнтэй уулзахаар гарсан. Миний хүлээсэн хүн ирээгүй тул би буцаж гэртээ иртэл О- ах гараад явсан байсан. Хэсэг ойр хавиар хайсан боловч олдоогүй” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Г.Б- шүүх хуралдаанд: “...Амь хохирогч миний төрсөн ах. 2020 оны 12 дугаар сарын 14-ний 17 цагийн үед над руу утсаар ярьсан. Би тэр үед хүүхдээ хөдөө аав, ээж дээрээ хүргэж өгөхөөр явах гэж байсан. Би хамт явъя гэж хэлэхэд нь одоо амжихгүй хамт явах хүндээ хэлсэн одоо гарч байна гэж хэлсэн. Тэгээд оройн 20 цагийн үед аав, ээжийндээ очоод байж байхад манай ах ээж рүү залгахад би утсыг аваад ярихад тийм ч их согтуу биш байсан, Салхит руу явж байна гэж ярьсан. Тэгээд би нөхөртэйгөө Атараас оройн 23 цагийн үед гарсан. Бид хоёрыг гарсны дараа ээж маань ах руу залгахад утсаа аваагүй гэсэн. Маргааш нь өглөө ажил дээр 10 цагийн үед би ээж рүү залгахад нэг залуу утсаар яриад цус нөж гэж ярилаа гэхэд нь залгасан дугаар луу залгахад тэр дугаар нь холбогдохгүй байсан. Тэгээд байж байтал 11 цагийн үед М.Э-ын эхнэр 9907-той дугаараас залгаад О- байна уу, очсон уу гэж асуусан. Юу болсон бэ, цус нөж гэж ярьсан байна гэхэд мэдэхгүй байна гэж хэлсэн. Оройн 17 цагийн үед М.Э- руу буцаагаад залгахад холбогдохгүй байсан. Хэсэг байж байгаад М.Э- залгаад О- очсон уу гэж асуусан. Ирвэл хэлээрэй бид нар өнөөдөр самарт явах байснаа больсон гэж хэлсэн. Тэгээд холбоо барихгүй байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө манай нөхрийн дугаар луу Баянголын цагдаагийн 2 дугаар хэлтсээс яриад нас барсан байна гэж хэлээд нөхөр бид хоёр шөнө 02 цагийн үед очиж мэдүүлэг өгсөн. Тэгээд М.Э-ын эхнэртэй нь ярьсан. М.Х-тэй холбогдох гэсэн боловч утас нь байхгүй тул яриагүй. Сураггүй 10 гаран хоног байж байгаад 2020 оны 12 дугаар сарын 28-ны өглөө М.Х-, М.Э- нар ирсэн. Одоо амь хохирогчийн 49 хоногийн мөнгө, өмгөөлөгчийн мөнгө нийлээд 4.876.000 төгрөг, 2 хүүхдийн тэтгэмж болох 103 сая төгрөг нийтдээ 112.721.210 төгрөг нэхэмжилж байгаа” гэв.

Гэрч Х.Э- шүүх хуралдаанд: “...Талийгаачтай 2020 оны 5 дугаар сараас хамт ажилсан. ...М.Х-гийнд 7 цаг 30 минутад очсон. Би амь хохирогчийн ээж болон эхнэр, хүргэн, эгчтэй ярьсан. М.Х- амь хохирогчтой уугаад маргалдсан гэдэг. Би энэ талаар сайн мэдээгүй. М.Х- хайсан боловч олдоогүй гэсэн. Тэгээд би нас барна, ийм зүйл болно гэж бодоогүй” гэв.

Шинжээч эмч Ш.Цэцэгмаа шүүх хуралдаанд: “...Цус алдалтыг цочмог болон архаг цус алдалт гэж ангилдаг. Энэ амь хохирогчийн хувьд цочмог цус алдалт гэж дүгнэсэн. Амь хохирогчийн том судас гэмтээгүй ч хурдан хугацаанд цус алдалт болсон. Хүний биед 4.5-5 литр цус байдаг. Бага хэмжээний цус алдаад шоконд ордог хүн байхад 3, 4 литр цус алдаад шоконд ороогүй ч хүн байдаг. Тухайн хүний биеийн онцлогоос хамаарна. Талийгаач хэдий хэмжээний цус алдсаныг тогтоох боломжгүй.

 Талийгаачийн хэдэн хялгасан судас гэмтсэнийг нарийн тогтоох боломжгүй, нүдэнд харагдахгүй зөндөө олон  хялгасан судас гэмтсэн байгаа, хэдэн минутад хэдэн литр цус алдсан гэдгийг тогтоох ямар ч боломж байхгүй. Цус алдаад газар дээрээ бол үхэхгүй, хэдэн минутад хэдэн литр цус алдсан байна гэж тогтоох боломжгүй. Талийгаачийн хувьд том судас гэмтэж цус олгойдож гараагүй, хэдэн минутын дараа бол үхэхгүй, цагаар яригдана.  Цус алдалтын дараа шоконд орсон хүн ухаан алдана, дараа нь цус тогтохгүй бол олон эрхтний цусан хангамж дутагдаж нас бардаг. Амь хохирогч ерөнхийдөө цус алдалтын дутагдалд орсон. Зарим судсанд цус дүүргэлт болж, зарим судсанд цусгүй болдог. Хэрэг болдог өдөр хүйтэйн байсан тул осголт явагдаж болно. Тэгэхдээ энэ хүний хувьд осголт болохоос өмнө нас барсан. Шинжилгээгээр осголтын шинж тэмдэг явагдаж нас барсан талаар илрээгүй. Осголтын шинж тэмдэг нь биеийн гадна талаас харахад биеийн арьс арзайсан, хөмсөг таталттай, дотор эрхтний хувьд өөрчлөлтүүд гарна. Тухайн үед гадаа хүйтэн байхад цус алдалт зогсоно гэж байхгүй, цус алдалт, цус алдалтын шокноос өөр эд эсийн шинжилгээгээр ч үхэлд хүргэх зүйл байгаагүй. Амь хохирогчийн нас барсан цагийг тогтоох боломжгүй” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-ныг шилжих шөнө гэртээ байж байхад шөнийн 03 цагийн үед цагдаагийн газраас манай нөхөр Г-ийн утас руу залгаж “яаралтай ирж уулзах хэрэгтэй байна” гэж ярьсан. Тэгээд нөхөр бид хоёр Баянгол дүүргийн  цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн. Ирээд төрсөн ах болох Г.О-ыг нас барсан гэснийг сонсож мэдсэн. Би хамгийн сүүлд ах О-тай 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 18-19 цагийн хооронд 88208057 гэсэн дугаараас ээж Жавзмаагийн утас руу залгаж ээж бид хоёртой ах ярьсан. Ах өөрөө ярихдаа гэр рүүгээ явж байна гэж хэлээд ээж эртхэн харьж амар гэж утсаар ярьснаас хойш ах О-тай холбогдоогүй. Маргааш нь ээж 88208057 дугаарын утас руу нь залгаад “О- байна уу” гэхэд “гэртээ байхгүй байна” гэхэд нь “чи хэн юм бэ” гэхэд “Ц-гийн дүү байна, гэрээр дүүрэн цус болсон байна, би цус цэвэрлээд байж байна” гэж утсаар ярихад ээж “та нар хоорондоо зодолдсон юм уу” гэхэд нь “үгүй, сайн мэдэхгүй байна, би тасраад унтсан байсан юм” гэж хэлсэн. Ээж надад энэ бүгдийг ярихаар нь би 88208057 дугаарын утас руу нь залгахад уг утасны дугаар холбогдохгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 92-94/,

Гэрч С.Ж-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Сүүлд 12 дугаар сарын 14-ний өдрийн даваа гаригт өдөр 16 цагийн үед миний 89473031 дугаарын утас руу О- залгаад "ээжээ би Ц-гийн утсаар ярьж байна, маргааш самранд явах гэж байна” гэж ярьсан. Дараа нь 20 цагийн үед надтай мөн яриад "ээж би Салхитад явж байна, гэр лүүгээ явж байна” гэхээр нь би “харьж амар миний хүү” гэж хэлсэн өөр юм бол яриагүй. Ингээд оройн 21 цаг өнгөрч байхад би энэ дугаар руу залгахад утсаа авахгүй байсан. 12 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн үед байхаа би саяны дугаар руу залгахад хэн нь юм мэдэхгүй нэг эрэгтэй хүн утас авсан бөгөөд “О- ах шөнө босоод явсан юм шиг байна, байхгүй байна, би сэрсэн чинь шалаар дүүрэн цус байна, цусаа арчиж байна” гэж ярьсан. Би “чи яасан юм зодсон юм уу” гэхэд “мэдэхгүй ээ, би ухаан алдчихсан байна” гэсэн. “Чи хэнтэйгээ амьдардаг юм бэ, чамайг хэн гэдэг юм бэ” гэхэд нэрээ хэлээгүй ба “би Ц-гийн дүү байгаа юм аа ээжтэйгээ амьдардаг манай ээж хөдөө явчихсан” гэж хэлсэн. Тэгснээ “эгчээ та сураг ажиг гарвал надад хэлээрэй” гэж хэлсэн. “Наадах чинь утсаа хаячхаад явчихсан байна уу” гэхэд “тэгсэн байна” гэсэн. Би “гараад чи хардаа хүйтэн хоносон осгоод үхчихсэн юм биш биз дээ” гэхэд “үгүй байлгүй дээ” гэсэн. Би “хүргэнийд очоогүй байна, очвол дэнжийн 1000-д очих ёстой” гэхэд тэр залуу “та асуугаад үзээч” гэхэд “би сая охинтойгоо ярилаа, очоогүй байна” гэсэн. Тэгснээ тэр залуу ярихдаа “О- ах бид 2 нэг шил архи хувааж уусан. Ц- ахтай ярьсан одоо манайд ирэх гэж байгаа” гэсэн. “Танайх хаана байдаг юм бэ” гэж асуухад “тэр залуу манайх хороололд байдаг гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 95-96/,

Гэрч Ч.П-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нөхөр Т-ын хамтаар хашаа руугаа орох гэсэн чинь хаалганы хажууд хар куртик байхаар нь хэн ингээд куртик ээ хаядаг юм бол гээд өшиглөсөн юм. Гэртээ ороод байж байгаад манай нөхөр Т-, түүний эгчийн хүү Ч-тай цуг Сонсголон руу ажилдаа 07 цаг өнгөрөөд гараад явсан. Би 09 цагийн үед ажилдаа гарсан чинь хашааны гадна нөгөө хар куртик газарт цус болчихсон байсан. Би гайхаад хашааны эргэн тойронд харсан чинь юм харагдаагүй. Хүмүүс зодоон хийсэн байх гэж бодож байсан. Энэ цус болсон куртик өнөөдрийг болтол тэр байрандаа байсан. Өнөөдөр манай нөхөр ажлаасаа тараад 20 цагийн үед ирээд гадаа хашааны урд хүн хэвтэж байна гэхээр нь би худлаа яриад бай гэж хэлээд манайд байдаг Б-ыг нөхрийн хамт гараад харуулсан чинь үнэн байна гээд ороод ирэхээр нь цагдаа руу би өөрийн 88900445 дугаараас 102 утсанд залгаж дуудлага өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 97-98/,

Гэрч С.Ч-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-нд өглөө 07 цаг 10 минутын орчимд ажилдаа гарахад хашааны үүдэнд хар өнгийн куртик хэвтэж байсан. Би сайн хараагүй. Орой нь 20 цагт гэртээ ирэхэд хашааны гадна нөгөө куртик байж байсан. ...Би 2020 оны 12 дугаар сарын 15-нд гэртээ ганцаараа хоносон. Манай гэрийнхэн ах Т-, эгч П-, түүний дүү О- нар Дарь-Эх рүү Ц- гэх айлд хонохоор явсан. Манай дүү Б- Толгойт руу өвөө Ц-гийн гэрт хоносон юм. Өглөө нь 2020 оны 12 дугаар сарын 15-нд 06 цагт гэртээ хүргүүлж ирсэн. Би 07 цаг өнгөрөөд ах Т- бид хоёр Сонсголон руу ажил руугаа явсан юм. Орой нь би ганцаараа ирсэн. Намайг 12 дугаар сарын 14-нд гэртээ амарч байхад ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 99-100/,

Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 17-ны 21 цагийн орчим манай ах Т- ажлаа тараад гэрт орж ирэхдээ “хашааны гадаа хүн хэвтэж байна” гэж хэлсэн чинь эгч П- “цагдаа руу залгах” гэхээр нь би ах Т-тай хамт хүн мөн эсэхийг шалгах гээд хашааны гадаа гарахад хүн хэвтэж байсан. ...2-3 хоногийн өмнө хашааны гадаа хар бараан өнгийн куртик цус шиг улаан зүйл болсон газарт хэвтэж байсан. Мөн хашааны хаалга бариул цус шиг улаан зүйл болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 101-102/,

Гэрч Ч.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед гэртээ ирэхэд хашааны гадна хаалганы зүүн талд хар, бараан өнгийн куртик байсан. Тухайн үед даараад байсан болохоор сайн анзаарч хараагүй гэр рүүгээ орсон. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед дэлгүүр орох гээд гэрээсээ гарсан. Тэгэхэд хар куртик байж байсан. Өөр зүйл анзаарч хараагүй, дэлгүүр орчхоод л буцаад гэр рүүгээ орсон. ...Манай энэ хавиар согтуу хүмүүс их явдаг тэгээд заримдаа хувцас хунар гудамжинд хэвтэж байдаг болохоор тухайн үед тоогоогүй юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 103-104/,

Гэрч Д.Т-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны өглөө цагийг нь санахгүй байна Х- над руу залгаад “О- ах өчигдөр орой пиво барьчихсан халамцуу орж ирээд намайг нэг шил архи аваад өг гэхээр нь мөнгө байхгүй гэсэн чинь зээлээд аваад өг гээд байхаар нь нэг шил архи авч өгсөн чинь би ганцаараа барахгүй хамт ууя гэсээр байгаад архийг нь хувааж уугаад тасарчихсан байна. Өглөө сэрсэн чинь О- байхгүй танайд очсон уу” гэж ярьсан. ...Эрдэнэцогтыг явсны дараа О-ын эхнэр нь над руу утсаар залгаж яриад сая манай хадам ээж Х-тэй утсаар ярьсан гэнэ. Тэгсэн чинь Х-, О- ах байхгүй байна, гэрт дүүрэн цус болчихсон, би цэвэрлээд байж байна гэж ярьсан гэнээ, О- танайд очсон уу гэж ярьсан. Тэгэхээр нь би Х- рүү залгаж юу болсон талаар тодруулж асуусан чинь Х- өчигдөр нэг шил архи уугаад сууж байсан чинь О- ах таньтай явалддаг гэж яриад бид хоёр маргалдсан гэж ярьсан юм. Тэгэхээр нь би тэр хоёр хоорондоо зодолдсон юм байна гэж ойлгосон” гэсэн мэдүүлэг /хх 1-н 115/,

Гэрч Х.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгтэл маргааш өглөө нь буюу 12 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Х- над руу утсаар залгаад О- ах очиж хоносон уу, өчигдөр орой О- ах 1 том пивотой ирээд, нэг шил архи аваад өг гэж шаналгаад байхаар нь би нэг шил архи авч өгсөн, би архинаас нь уугаагүй пивыг нь хувааж уусан. Тэгсэн чинь О- согтоод үгээр өдөөд бид хоёр маргалдсан, өглөө сэрсэн чинь О- ах байхгүй байна гэж ярьсан. Тэгээд би 07 цаг 30 минутын үед Х-гийн гэрт очоод яасан, юу болсон талаар Х-гээс асуухад О- ах согтчихоод элдэв янзаар үгээр өдөөд бид хоёр зодолдсон, тухайн үед бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор сайн санахгүй байна би О-ын гар руу нь хутгалчихсан. Тухайн үед над руу хүн ярихаар нь би доошоо бууж хүнтэй уулзчихаад ирэхэд О- байхгүй болчихсон байсан гэж хэлсэн. Надад Х- яг юунаас болж хоорондоо маргалдсан гэж хэлээгүй, харин Х- манай эхнэр рүү надтай тэр өглөө ярьсныхаа дараа утсаар залгаж яриад О- өчигдөр орой согтчихоод таньтай хавраас хойш явалдаж байгаа гэж үгээр өдөөд маргалдаж зодолдсон гэж ярьсан байсныг манай эхнэр Туул надад утсаар ярьж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 119-120/,

Шинжээчийн 31 дугаар дүгнэлтэнд: “Талийгаач нь зүүн шуу, баруун тохойн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ. Талийгаачийн цогцост зүүн шууны ар доод хэсгийн хавж хурууг тэнийлгэгч шөрмөс тасалсан хатгагдаж, зүсэгдсэн шарх, баруун тохойн дээд хэсгийн хатгагдаж, зүсэгдсэн шарх, дух хүзүү, баруун шуу, баруун өвдөгч зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Зүүн шуу, баруун тохойн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дух, хүзүү, баруун шуу, баруун өвдөгний зулгаралт гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үрэх, шүргэх үйлдлээр үүсгэгдэнэ. Баруун өвдөгний зулгаралт гэмтэл нь нас барахаас 5-7 хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Бусад гэмтлүүд ойролцоо цаг хугацаанд үүссэн байна. Задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Шинжилгээ хийх үед /2020.12.23/ талийгаач нь нас бараад 5-с дээш хоног болсон байна. Цус нь АВО системээр 0/l бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 146-151/,

Шинжээчийн 185 дугаар дүгнэлтэнд: “...Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр бэхжүүлж авсан гэх арчдасууд нь шинжилгээнд тэнцэнэ. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан гэх арчдасууд дээр цус илэрсэн. Уг илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн хүний цус нь 0/l бүлгийн харьяалалтай байна” гэсэн дүгнэлт /хх 1-н 221-222/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 33 дугаар дүгнэлтэд: “...М.Х- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. М.Х- нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. М.Х- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. М.Х- нь хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /хх 1-н 228-229/,

Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...амь хохирогчид учирсан зүүн шууны ар доод хэсэгт 3,9 цагийн байрлалд зах ирмэг тэгш 2 см урт, 2 төгсгөл нь хурц, гүн нь 0,5 см шарх, уг шархнаас зүүн тийш 2 см зайнд мөн ижил байрлалтай зах ирмэг нь тэгш 1,5 см урт 2 төгсгөл нь хурц шарх нь гарын шөрмөс тасалсан гэмтэл учраас хүндэвтэр гэмтэл юм. Харин баруун тохойн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх дух, хүзүү, баруун шуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогчид учирсан шарх нь бүдүүн судас буюу артери, венийн судас дайраагүй, таслаагүй учраас учрах үедээ амь насанд аюулгүй. Тэр дор нь эмнэлгийн тусламж үзүүлэн шарханд оёдол тавьж цус тогтоох арга хэмжээ авсан бол амь насыг аврах боломжтой байсан. Цус тогтоох арга хэмжээ аваагүйгээс бага багаар цус алдаж амь нас хохирсон байна. Амь хохирогчид осголтын шинж тэмдэг байгаагүй. Нас барсны дараа цогцос хөлдсөн байсан. Амь хохирогчийн цус хуралт нь зүүн гарын шуунд учирсан шархнаас болсон. Мөн баруун тохойнд учирсан зүсэгдсэн шархнаас болсон” гэсэн мэдүүлэг /хх 2-н 32-35/,

Яллагдагч М.Х-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эрдэнэцогтыг яваад удаагүй байтал О- над руу залгаад танай доод худгийн хажууд ирчихлээ гараад ир гэж дуудсан. Тэгээд би гэрээс гараад худгийн  хажууд очиход О- такси барьчихсан өвөртөө том савтай пиво хийчихсэн ирсэн. Тэгээд бид 2 манай гэрт ороод пиво хувааж ууж эхэлсэн. Тэгтэл О- ахдаа 1 шил архи аваад өгчих гэхээр нь би надад мөнгө байхгүй гэхэд О- худлаа яриад байлдаа гээд гуйгаад байхаар нь би Фэйсбүүк зар дээрээс хүргэлтээр архи хүргэж өгнө гэсэн зараар 0,75 литийн Экс гэдэг нэртэй архи захиалаад авсан. Тэгээд авсан архиа хувааж уугаад сууж байтал О- би танай Эрдэнэцогт ахын чинь эхнэртэй явалддаг гэхээр нь би та одоо ийм зүйл яриад яах вэ гээд архи уугаад талдаа орж байтал О- намайг дээрэлхэх маягтай чи надад архи авч өгөх ёстой, дахиад архи авч өг гэхээр нь би танд байгаа мөнгөөрөө архи авч өгсөн шүү дээ гэсэн чинь О- орон дээрээс намайг элдэв янзаар пизда, наахуу гэж дуудаад босоод ирэхээр нь би О-ыг цохих гэж байна гэж бодоод самарт явахдаа авч явах гэж гутлын түрүүнд хийчихсэн байсан шар иштэй хутгыг гаргаж ирээд О-ын зүүн гар луу нь 1 удаа хутгалсан. Тэгэхэд О-ын гараас их цус гараад би тухайн үед балмагдаад буланд суугаад байж байтал О- гэрээс гараад явчихсан юм. Тэгээд би хэсэг сууж байгаад түргэн дуудаж үзүүлье гэж бодоод О-ын араас гарсан боловч О- байхгүй байсан юм. Тэгээд би тэр хавиар хэсэг хайж байгаад олдохгүй болохоор нь гэртээ орж унтаад өглөө 06 цаг өнгөрч байхад босоод гэрт шалан дээрх цусыг цэвэрлэсэн. ...О- нилээд согтуу байсан. Харин би гайгүй байсан. Болсон үйл явдлыг мэдэж ойлгож байсан. ...Намайг О- цохиж зодоогүй. Намайг хэл амаар доромжлоод ална энэ тэр гээд байсан. Тэгээд орон дээр хойшоо налаад хэвтэж байгаад гэнэт босоод ирэхээр нь намайг цохих гэж байна гэж бодоод л хутгалчихсан юм” гэх мэдүүлэг /хх 2-н 1-4/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 3-25/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 26-31/, хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 32-39/, хохирлын баримтууд /хх 1-н 44-82/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /хх 1-н 142-144/, шинжээчийн 98 дугаар дүгнэлт /хх 1-н 158-163-173/, шинжээчийн 207 дугаар дүгнэлт /хх 1-н 174-178/, шинжээчийн 60 дугаар дүгнэлт /хх 1-н 186-192/, шинжээчийн 209 дугаар дүгнэлт /хх 1-н 195-197/, шинжээчийн 280 дугаар дүгнэлт /хх 1-н 201-203/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 1-н 234-235/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 8-20/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч М.Х- нь 2020 оны 12 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо Горькийн 22-01 тоотод хохирогч Г.О-тай согтууруулах ундаа хамт хэрэглэх явцдаа хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар түүний зүүн гарын шуу, баруун гарын тохой хэсэгт хутгалан алсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б-ийн: “...Би 2020 оны 12 дугаар сарын 17-ноос 18-нийг шилжих шөнө гэртээ байж байхад шөнийн 03 цагийн үед цагдаагийн газраас манай нөхөр Г-ийн утас руу залгаж “яаралтай ирж уулзах хэрэгтэй байна” гэж ярьсан. Тэгээд нөхөр бид хоёр Баянгол дүүргийн  цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр ирсэн. Ирээд төрсөн ах болох Г.О-ыг нас барсан гэснийг сонсож мэдсэн. ...ээж 88208057 дугаарын утас руу нь залгаад “О- байна уу” гэхэд “гэртээ байхгүй байна” гэхэд нь “чи хэн юм бэ” гэхэд “Ц-гийн дүү байна, гэрээр дүүрэн цус болсон байна, би цус цэвэрлээд байж байна” гэж утсаар ярихад ээж “та нар хоорондоо зодолдсон юм уу” гэхэд нь “үгүй, сайн мэдэхгүй байна, би тасраад унтсан байсан юм” гэж хэлсэн. Ээж надад энэ бүгдийг ярихаар нь би 88208057 дугаарын утас руу нь залгахад уг утасны дугаар холбогдохгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 92-94/, гэрч С.Ж-гийн: “...12 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн үед байхаа би саяны дугаар руу залгахад хэн нь юм мэдэхгүй нэг эрэгтэй хүн утас авсан бөгөөд “О- ах шөнө босоод явсан юм шиг байна, байхгүй байна би сэрсэн чинь шалаар дүүрэн цус байна цусаа арчиж байна” гэж ярьсан би “чи яасан юм зодсон юм уу” гэхэд “мэдэхгүй ээ, би ухаан алдчихсан байна” гэсэн. “Чи хэнтэйгээ амьдардаг юм бэ, чамайг хэн гэдэг юм бэ” гэхэд нэрээ хэлээгүй ба “би Ц-гийн дүү байгаа юм аа ээжтэйгээ амьдардаг манай ээж хөдөө явчихсан” гэж хэлсэн. Тэгснээ “эгчээ та сураг ажиг гарвал надад хэлээрэй” гэж хэлсэн. “Наадах чинь утсаа хаячхаад явчихсан байна уу” гэхэд “тэгсэн байна” гэсэн. Би “гараад чи хардаа хүйтэн хоносон осгоод үхчихсэн юм биш биз дээ” гэхэд “үгүй байлгүй дээ” гэсэн. Би “хүргэнийд очоогүй байна, очвол дэнжийн 1000-д очих ёстой” гэхэд тэр залуу “та асуугаад үзээч” гэхэд “би сая охинтойгоо ярилаа, очоогүй байна” гэсэн. Тэгснээс тэр залуу ярихдаа “О- ах бид 2 нэг шил архи хувааж уусан. Ц- ахтай ярьсан одоо манайд ирэх гэж байгаа” гэсэн. “Танайх хаана байдаг юм бэ” гэж асуухад “тэр залуу манайх хороололд байдаг гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 95-96/, гэрч Ч.П-ийн: “...Би нөхөр Т-ын хамтаар хашаа руугаа орох гэсэн чинь хаалганы хажууд хар куртик байхаар нь хэн ингээд куртик аа хаядаг юм бол гээд өшиглөсөн юм. Гэртээ ороод байж байгаад манай нөхөр Т-, түүний эгчийн хүү Ч-тай цуг Сонсголон руу ажилдаа 07 цаг өнгөрөөд гараад явсан. Би 09 цагийн үед ажилдаа гарсан чинь хашааны гадна нөгөө хар куртик газарт цус болчихсон байсан. Би гайхаад хашааны эргэн тойронд харсан чинь юм харагдаагүй. Хүмүүс зодоон хийсэн байх гэж бодож байсан. Энэ цус болсон куртик өнөөдрийг болтол тэр байрандаа байсан. Өнөөдөр манай нөхөр ажлаасаа тараад 20 цагийн үед ирээд гадаа хашааны урд хүн хэвтэж байна гэхээр нь би худлаа яриад бай гэж хэлээд манайд байдаг Б-ыг нөхрийн хамт гараад харуулсан чинь үнэн байна гээд ороод ирэхээр нь цагдаа руу би өөрийн 88900445 дугаараас 102 утсанд залгаж дуудлага өгсөн юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 97-98/, гэрч С.Ч-ын: “...2020 оны 12 дугаар сарын 15-нд өглөө 07 цаг 10 минутын орчимд ажилдаа гарахад хашааны үүдэнд хар өнгийн куртик хэвтэж байсан. Би сайн хараагүй. Орой нь 20 цагт гэртээ ирэхэд хашааны гадна нөгөө куртик байж байсан. ...Би 2020 оны 12 дугаар сарын 15-нд гэртээ ганцаараа хоносон. Манай гэрийнхэн ах Т-, эгч П-, түүний дүү О- нар Дарь-Эх рүү Ц- гэх айлд хонохоор явсан. Манай дүү Б- Толгойт руу өвөө Ц-гийн гэрт хоносон юм. Өглөө нь 2020 оны 12 дугаар сарын 15-нд 06 цагт гэртээ хүргүүлж ирсэн. Би 07 цаг өнгөрөөд ах Т- бид хоёр Сонсголон руу ажил руугаа явсан юм. Орой нь би ганцаараа ирсэн. Намайг 12 дугаар сарын 14-нд гэртээ амарч байхад ямар нэгэн дуу чимээ сонсогдоогүй” гэсэн мэдүүлэг /хх 1-н 99-100/, гэрч С.Б-ын: “...2020 оны 12 дугаар сарын 17-ны 21 цагийн орчим манай ах Т-тай ажлаа тараад гэрт орж ирэхдээ “хашааны гадаа хүн хэвтэж байна” гэж хэлсэн чинь эгч П- “цагдаа руу залгах” гэхээр нь би ах Т-тай хамт хүн мөн эсэхийг шалгах гээд хашааны гадаа гарахад хүн хэвтэж байсан. ...2-3 хоногийн өмнө хашааны гадаа хар бараан өнгийн куртик цус шиг улаан зүйл болсон газарт хэвтэж байсан. Мөн хашааны хаалга бариул цус шиг улаан зүйл болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 101-102/, гэрч Ч.О-ийн: “...2020 оны 12 дугаар сарын 15-ны орой 19 цагийн үед гэртээ ирэхэд хашааны гадна хаалганы зүүн талд хар, бараан өнгийн куртик байсан. Тухайн үед даараад байсан болохоор сайн анзаарч хараагүй гэр рүүгээ орсон. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 16-ны орой 18 цагийн үед дэлгүүр орох гээд гэрээсээ гарсан. Тэгэхэд хар куртик байж байсан. Өөр зүйл анзаарч хараагүй, дэлгүүр орчхоод л буцаад гэр рүүгээ орсон. ...Манай энэ хавиар согтуу хүмүүс их явдаг тэгээд заримдаа хувцас хунар гудамжинд хэвтэж байдаг болохоор тухайн үед тоогоогүй юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 103-104/, гэрч Д.Т-ын: “...би Х- рүү залгаж юу болсон талаар тодруулж асуусан чинь Х- өчигдөр нэг шил архи уугаад сууж байсан чинь О- ах таньтай явалддаг гэж яриад бид хоёр маргалдсан гэж ярьсан юм. Тэгэхээр нь би тэр хоёр хоорондоо зодолдсон юм байна гэж ойлгосон” гэсэн мэдүүлэг /хх 1-н 115/, гэрч Х.Э-ын: “...Тэгтэл маргааш өглөө нь буюу 12 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг өнгөрч байхад Х- над руу утсаар залгаад О- ах очиж хоносон уу, өчигдөр орой О- ах 1 том пивотой ирээд, нэг шил архи аваад өг гэж шаналгаад байхаар нь би нэг шил архи авч өгсөн, би архинаас нь уугаагүй пивыг нь хувааж уусан. Тэгсэн чинь О- согтоод үгээр өдөөд бид хоёр маргалдсан, өглөө сэрсэн чинь О- ах байхгүй байна гэж ярьсан. Тэгээд би 07 цаг 30 минутын үед Х-гийн гэрт очоод яасан, юу болсон талаар Х-гээс асуухад О- ах согтчихоод элдэв янзаар үгээр өдөөд бид хоёр зодолдсон, тухайн үед бид хоёр хоёулаа согтуу байсан болохоор сайн санахгүй байна би О-ын гар руу нь хутгалчихсан. Тухайн үед над руу хүн ярихаар нь би доошоо бууж хүнтэй уулзчихаад ирэхэд О- байхгүй болчихсон байсан гэж хэлсэн. Надад Х- яг юунаас болж хоорондоо маргалдсан гэж хэлээгүй, харин Х- манай эхнэр рүү надтай тэр өглөө ярьсныхаа дараа утсаар залгаж яриад О- өчигдөр орой согтчихоод таньтай хавраас хойш явалдаж байгаа гэж үгээр өдөөд маргалдаж зодолдсон гэж ярьсан байсныг манай эхнэр Туул надад утсаар ярьж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 1-н 119-120/, шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн: “...амь хохирогчид учирсан зүүн шууны ар доод хэсэгт 3, 9 цагийн байрлалд зах ирмэг тэгш 2 см урт, 2 төгсгөл нь хурц, гүн нь 0,5 см шарх, уг шархнаас зүүн тийш 2 см зайнд мөн ижил байрлалтай зах ирмэг нь тэгш 1,5 см урт 2 төгсгөл нь хурц шарх нь гарын шөрмөс тасалсан гэмтэл учраас хүндэвтэр гэмтэл юм. Харин баруун тохойн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх дух, хүзүү, баруун шуу, баруун өвдөгт зулгаралт гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Амь хохирогчид учирсан шарх нь бүдүүн судас буюу артери, венийн судас дайраагүй, таслаагүй учраас учрах үедээ амь насанд аюулгүй. Тэр дор нь эмнэлгийн тусламж үзүүлэн шарханд оёдол тавьж цус тогтоох арга хэмжээ авсан бол амь насыг аврах боломжтой байсан. Цус тогтоох арга хэмжээ аваагүйгээс бага багаар цус алдаж амь нас хохирсон байна. Амь хохирогчид осголтын шинж тэмдэг байгаагүй. Нас барсны дараа цогцос хөлдсөн байсан. Амь хохирогчийн цус хуралт нь зүүн гарын шуунд учирсан шархнаас болсон. Мөн баруун тохойнд учирсан зүсэгдсэн шархнаас болсон” гэсэн мэдүүлэг /хх 2-н 32-35/,  шинжээчийн 31, 185 дугаар дүгнэлтүүд, шүүх сэтгэц эмгэг судлалын 33 дугаар дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын “шүүгдэгч нь амь хохирогчийг шууд алах санаа байгаагүй, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хүнийг алсан гэмт хэргийн хувьд шууд ба шууд бус санаатай алах санаа зорилго агуулахгүй бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдэж түүнийг хүсэж үйлдсэн буюу хохирогчийг хутгалж байгаа идэвхтэй үйлдлээр гэмт хэргийн шинж хангагдах ба хохирогч нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас буюу гарт хутгалсан шархны улмаас цус алдаж нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.Х- нь амь хохирогч Г.О-тай маргалдаж гарын шуу, тохой хэсэгт хутгалсан, улмаар тухайн шархны улмаас амь хохирогч цус алдаж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.

Тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргасан шинжээчийн дүгнэлтүүд, мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжээчийн эмчийн өгсөн мэдүүлгүүдээр амь хохирогч нь гартаа хутгалуулсан шархны улмаас цус алдан нас барсан болох нь хангалттай тогтоогдлоо.

Шүүгдэгч М.Х-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Х- нь амь хохирогч Г.О-ыг алсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч М.Х-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт гаргасан болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б- нь амь хохирогчийн 49 хоногийн мөнгө, өмгөөлөгчийн мөнгө нийлээд 4.876.000 төгрөг, 2 хүүхдийн тэтгэмж болох 103 сая төгрөг нийтдээ 112.721.210 төгрөг нэхэмжилсэн болно.

Хавтаст хэрэгт авагдсан хохирлын баримтууд болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримтууд болох нийт 6.021.100 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирол төлөхөөр 5 хоногийн завсарлаг авч, эрүүгийн хариуцлагын хуралдаан эхлэх үед 6.021.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нь төлсөн баримт шүүхэд гаргаж өгсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс мөн амь хохирогчийн ээжийн банкнаас зээлсэн мөнгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй бөгөөд уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох боломжгүй гэж шүүх үзлээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд өмгөөлөгчөө сонгон, хууль зүйн туслалцаа авахдаа талуудын чөлөөт байдал, тэгш эрхийн зарчмын үндсэн дээр төлбөртэй хийгдсэн хэлцлийн төлбөрийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирол, хор уршигт өмгөөлөгчийн хөлсийг тооцох боломжгүй гэж үзсэн болно.

Амь хохирогчийн 2 хүүхдийн тэтгэмжийн 103.000.000 төгрөг нэхэмжилснийг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй бөгөөд тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож, тухайн тогтоолгосон тэтгэмж, амь хохирогчийн олж байсан орлогын зөрүүг шүүгдэгчээс гаргуулж олгох нь зүйтэй бөгөөд энэ талаарх нотлох баримт байхгүй тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь дээрх хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 Эрүүгийн хариуцлагын талаар:

   Шүүх шүүгдэгч М.Х-г гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Х-д 10 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч М.Х-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн баримттай хохирлыг барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгнө үү” гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол ...ял оногдуулах” гэж хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хохирол нь хүний амь нас буюу амьд явах эрх байх ба хүний амь насыг нөхөн төлөх боломжгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 135 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан цагаан эрээн өнгийн цамц 1 ширхэг, Саарал өнгийн фудволк 1 ширхэг, Саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, Хөх цэнхэр өнгийн нимгэн өмд 1 ширхэг, Хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, Цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, Хар өнгийн тэлээ 1 ширхэг, Саарал өнгийн эсгий оруулгатай хар өнгийн гутал 1 хос, Хар саарал өнгийн оймс 1 хос, Хар ногоон өнгийн оймс 1 хос, Цагаан өнгийн оймс 1 хос, Хар өнгийн куртик 1 ширхэг, Ягаан өнгийн амны хаалт 1 ширхэг, төлбөрийн баримт 1 ширхэг, Цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, Шар эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг, Цайвар саарал өнгийн даавууны хэсэг 1 ширхэг, Ягаан өнгийн хөнжлийн хэсэг 1 ширхэг, Орны хөнжил модноос бэхжүүлж авсан гэх арчдас 1 ширхэг, Ягаан өнгийн амны хаалт 1 ширхэг, 45 мл хэмжээтэй, цэнхэр өнгийн тагтай хуванцар, Өнгөгүй гялгар уутны хэсэг 1 ширхэг, Хар хөх өнгийн тавчик 1 хос, Боргио гэсэн бичигтэй хүрэн өнгийн хуванцар сав 1 ширхэг, Весна гэсэн бичигтэй өнгөгүй тунгалаг хуванцар сав 1 ширхэг, Саарал өнгийн алчуур 2 ширхэг, Бор эрээн өнгийн бүтээлэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 12 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 5 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 10000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг хохирогчийн төлөөлөгч Г.Б-т буцаан олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  М.Х-г “хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-г 08 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-д оногдуулсан 08 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Х-гийн урьд цагдан хоригдсон 135 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Б- нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Цагаан эрээн өнгийн цамц 1 ширхэг, Саарал өнгийн фудволк 1 ширхэг, Саарал өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, Хөх цэнхэр өнгийн нимгэн өмд 1 ширхэг, Хар өнгийн бэлтгэлийн өмд 1 ширхэг, Цэнхэр өнгийн жинсэн өмд 1 ширхэг, Хар өнгийн тэлээ 1 ширхэг, Саарал өнгийн эсгий оруулгатай хар өнгийн гутал 1 хос, Хар саарал өнгийн оймс 1 хос, Хар ногоон өнгийн оймс 1 хос, Цагаан өнгийн оймс 1 хос, Хар өнгийн куртик 1 ширхэг, Ягаан өнгийн амны хаалт 1 ширхэг, төлбөрийн баримт 1 ширхэг, Цэнхэр өнгийн иштэй хутга 1 ширхэг, Шар эрээн өнгийн иштэй хутга 1 ширхэг, Цайвар саарал өнгийн даавууны хэсэг 1 ширхэг, Ягаан өнгийн хөнжлийн хэсэг 1 ширхэг, Орны хөнжил модноос бэхжүүлж авсан гэх арчдас 1 ширхэг, Ягаан өнгийн амны хаалт 1 ширхэг, 45 мл хэмжээтэй, цэнхэр өнгийн тагтай хуванцар, Өнгөгүй гялгар уутны хэсэг 1 ширхэг, Хар хөх өнгийн тавчик 1 хос, Боргио гэсэн бичигтэй хүрэн өнгийн хуванцар сав 1 ширхэг, Весна гэсэн бичигтэй өнгөгүй тунгалаг хуванцар сав 1 ширхэг, Саарал өнгийн алчуур 2 ширхэг, Бор эрээн өнгийн бүтээлэг 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

              - 10 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 12 ширхэг, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 5 ширхэг, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 4 ширхэг, 1000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, 10.000 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ширхэг зэргийг хохирогчийн төлөөлөгч Г.Б-т буцаан олгосугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  2. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Х-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ОТГОНБАЯР

    

        ШҮҮГЧ                                   А.АЛТАНХУЯГ

                                                         

        ШҮҮГЧ                                   Ц.ЭРДЭНЭЧИМЭГ