Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/319

 

 

 

 

 

 

 

 

2021              5            20                                    319    

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Намжил,

шүүгдэгч: М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Гд холбогдох эрүүгийн 2105003080375 дугаар 1 хавтас хэргийг 20210 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 600 000-700 000 төгрөгийн орлоготой, ам бүл 5, эхнэр, 1-6 насны 3 хүүхдийн хамт\,

2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 294 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт  хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 477 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар гэм буруутайд тооцож, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 168 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн,

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 878 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан, Г.

 

Шүүгдэгч М.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хорооллын 25 дугаар эмийн сангийн урд талын автобусны буудал дээр өөрийн үеэл болох хохирогч М.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед халдаж, зодож, тэлээгээр ороолгон хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, язрал, цус хуралт, баруун шуунд шарх, зулгаралт, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Г мэдүүлэхдээ:

Уг хэрэг болсон шалтгаан нь манай аав авто машины осолд ороод нас барсан. Тэгээд ослын талаар цагдаа шүүхээр яагаад яваагүй юм бэ гэж ах дүү нараас нь асуусан чинь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлснээс болсон. Би хохирогчийн гэрт нь очиж, ах дүү нартайгаа уулзаж уучлалт гуйгаад салсан. Дахиж битгий ах дүү нартайгаа муудалцаарай гэсэн. Би дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Надад торгуулийн ял оноож өгнө үү. Өмнө нь 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлээд өөрийнхөө ажлыг хийж чадахгүй байсан. Би өглөө гараад орой буудаг байсан гэв.

 

Мөрдөн байцаалтад хохирогч- М.О мэдүүлэхдээ:

2021 оны 01 дүгээр сарын 24-ний шөнө 00 цагийн үед Саппарогийн уулзварын гэрэл дохио дээр зогсож байхад хажууд цагаан өнгийн Сонота-5 загварын автомашин ирээд сигналдаад байхаар нь цонхоо онгойлгоод харахад манай хамаатны Г нь машинтай залуучуудтай явж байсан. Тэгээд намайг уулзмаар байна, шахаад зогсчих гэхээр нь би ажилтай явж байна, уулзахгүй гэж хэлээд хөдлөөд явахад араас гүйцэж ирээд “арчаагүй банди минь, уулзъя” гэж орилоод машинаараа миний машины урдуур орж зогсох гээд байсан. Тэгээд бид хоёр уралдаж явсаар байгаад 10 дугаар хорооллын гэрэл дохио дээр ирэхэд Г машинаасаа бууж ирээд миний машиныг цонхыг тогшоод “хөөр арчаагүй банди минь уулзъя” гэхэд нь би ажилтай явж байна гэж хэлээд цаашаа явахад миний араас хөөгөөд 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр зогсож байхад Г машинаасаа бууж ирээд миний машины жолооч талын хаалга дээр хүрч ирэхээр нь би машинаасаа буугаад “чи яах гээд байгаа юм бэ, хүнд гай болоод бай, чамтай ярих юм байхгүй” гэхэд Г “хоёулаа зодолдъё, чи миний хөлийг хугална гэсэн биз дээ, одоо хугалаадах” гэж хэлээд над руу дайраад миний зүүн хацар руу баруун гараараа цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалах зорилгоор зөрүүлээд баруун гараараа хацар руу нь цохиход, Г уурлаад тэлээгээ тайлаад баруун гартаа хоёр ороогоод төмөр төдүүлтэй талаар нь миний нүүр, гар хэсэг рүү ороолгосон. Бас зүүн гараараа миний хацар руу цохиж, хамраас цус гаргасан. Би хоёр гараараа нүүрээ дараад хамгаалж байсан. Би гар утсаа гаргаж ирээд цагдаа дуудахад Г хамт явсан хүмүүстэйгээ зугтаад явсан.

  Гомдол саналгүй гэжээ. (хэргийн 8-9, 73 дугаар хуудас)

 

Мөрдөн байцаалтад гэрч- Д.Ж мэдүүлэхдээ:

2021 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр найз Гтой хамт өөрийн эзэмшлийн Сонота-5 загварын машинтайгаа 23 цаг өнгөрч байхад Саппарогийн замын урд талд хотын төв рүү явж байхад Г “хамаатны ах Улаанбаатар такси гэсэн хаягтай машинтай явж байна, уулзаадахъя” гээд хажууд нь зогсоход Г ах гэх залуутайгаа уулзахад нөгөө ах нь “хүнтэй явж байна, араас дагаад явчих” гээд дагуулаад явсан. Тэгээд төв замаар явсаар байгаад 25 дугаар эмийн сангийн урд талд автобусны буудал дээр зогсоход нөгөө ах нь Гтой юм ярьж байгаа бололтой зогсож байгаад Гг шууд боож байсан. Тэгтэл Г “хоёулаа эр хүн шиг зодолдъё” гээд хувцсаа тайлаад тэр хоёр зодолдсон. Г нөгөө ахын нүүрэн тус газар ганц нэг цохиж байгаа харагдсан. Яг миний машины урд талд зодолдоод байсан. Тэгээд нөгөө хоёр чинь зууралдаад, нөгөө ах нь газар унахаар нь би машинаас буугаад “одоо боль” гээд салгах гэхэд Г тэр хоёр зууралдаад, зодолдоод байхаар нь салгасан. Тэгтэл нөгөө ах миний машины урд зогсоод “дахиад зодолдъё” гээд цагдаа дуудаад байхаар нь би Гг машиндаа суулгаад явсан. Г гэмтсэн нь мэдэгдээгүй. Харин нөгөө ахын хамраас нь цус гарсан байдалтай байсан гэжээ. (хэргийн 16-17 дугаар хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1011 тоот дүгнэлтэд:

1.2. М.Оын биед хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, язрал, цус хуралт, баруун шуунд шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

3.5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. (хэргийн 23 дугаар хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

М.Г нь 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 294 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт  хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 477 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.4, 126.2.6-д зааснаар гэм буруутайд тооцож, 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 168 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож, 3 сар 10 хоногийн баривчлах ялаар шийтгүүлсэн,

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 878 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг бүрэн эдэлж дууссан гэжээ. (хэргийн 30 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч М.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар хорооллын 25 дугаар эмийн сангийн урд талын автобусны буудал дээр өөрийн үеэл болох хохирогч М.Отай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний биед халдаж, зодож, тэлээгээр ороолгон хамарт зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулд зулгаралт, язрал, цус хуралт, баруун шуунд шарх, зулгаралт, цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.О, гэрч Д.Ж нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1011 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч М.О нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар нотлох баримтыг хэрэгт гаргаагүй, “гомдол саналгүй” гэж мэдүүлсэн тул М.Гг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

М.Г нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 878 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг бүрэн эдэлжээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Гг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.Гг 560 цаг (таван зуун жар) нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Г 560 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Г цагдан хоригдсон хоноггүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай. 

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,

улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Гд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУН