| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Өлзийн Уянга |
| Хэргийн индекс | 181/2017/01528/и |
| Дугаар | 1393 |
| Огноо | 2017-05-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 1393
2017 оны 05 сарын 18 өдөр Дугаар 181/ШШ2017/01393 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, МУБИС-ын 5 дугаар байр, 109 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, Хархорин хотхон 51-3-70 тоотод оршин суудаг гэх, Ам овогт Сэрээнэнгийн Нэргүй /РД:ЙГ83032201/-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, МУБИС-ын 5 дугаар байр, 109 тоотод оршин суух, Үхэрцагаан овогт Ган-Очирын Дэлгэрдалай /РД:ИИ87120615/-д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Нэргүй, хариуцагч Г.Дэлгэрдалай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Би өмнөх нөхөр Б.Чүлтэмээс гэрлэлтээ цуцлуулаагүй байсан тул Г.Дэлгэрдалайтай гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид 2012 оноос эхлэн хамт амьдарч дундаасаа 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр охин Д.Хуланг төрүүлсэн. Г.Дэлгэрдалай нь өөр хүнтэй амьдрахаар болсон тул бид 2015 оны 8 дугаар сараас тусдаа амьдарч байгаа бөгөөд Г.Дэлгэрдалай одоо ч тэр хүнтэйгээ амьдарч байна.
Иймд бид дахин нийлж амьдрах боломжгүй тул шүүхэд хандсан. Охин 1 нас 6 сартайгаасаа хойш надтай цуг амьдарч байгаа бөгөөд 2 жил тусдаа амьдрах хугацаанд Г.Дэлгэрдалай 1 л удаа хувцас авч өгсөн. Өөрөөр харж хандаагүй.
Иймд миний асрамжид байгаа охин Д.Хуланг эцгээр нь тэжээн тэтгүүлж, Г.Дэлгэрдалайгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Охин Д.Хулан бол миний төрсөн охин мөн. Би хүүхдээ өөрөө өсгөх бодолтой байна. Хүүхдээ өөр дээрээ авдаггүй юмаа гэхэд миний өгсөн тэтгэлгийг охинд минь зарцуулахгүй байх гэж бодож байна. Би одоо тогтсон ажилгүй тул сар бүр тэтгэлэг өгөх боломжгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Нэргүй нь хариуцагч Г.Дэлгэрдалайд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигч С.Нэргүй, Г.Дэлгэрдалай нар нь 2011 оны 10 дугаар сараас хамтын амьдрал зохиож, дундаасаа 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр охин Д.Хуланг төрүүлсэн ба Г.Дэлгэрдалай нь охин Д.Хулангийн төрсөн эцэг мөн болох нь тэдгээрийн тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Г.Дэлгэрдалай нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дгээр зүйлийн 21.1. “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.”, 35 дугаар зүйлийн 35.1. “Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй.”, 38 дугаар зүйлийн 38.1. “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”-д зааснаар хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.
Зохигчид хүүхдийн тэтгэлгийн хэмжээн дээр эвлэрч гэрээ байгуулаагүй тул шүүх Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т заасныг үндэслэн мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан хэмжээгээр охин Д.Хуланг сар бүр эцэг Г.Дэлгэрдалайгаар нь тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хариуцагч нь хүүхдийн асрамжийг өөрчлүүлэх шаардлагыг шүүхэд гаргаагүйг, мөн түүний олгосон тэтгэлгийг С.Нэргүй хүүхдийн хэрэглээнээс өөр зүйлд зарцуулсан нь тогтоогдвол зохих журмын дагуу зарцуулахтай холбоотой гомдлыг зохих газарт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэйг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг тус тус баримтлан эх С.Нэргүйнхээ асрамжид байгаа 2014 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн охин Д.Хулан /РД:УХ14212020/-г 11 нас хүртэл тухайн бус нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Г.Дэлгэрдалайгаар нь тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг С.Нэргүйд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагчаас 31,233 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Ө.УЯНГА