Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2018/ДШМ/44

 

 

 

 

 

 

 

 

Д.Эрдэнэбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                                 Даргалагч,

                                    Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                                    Шүүгчид                                   Г.Давааренчин                               

                                                                                  Д.Буянжаргал

                                Оролцогчид:

                                  Прокурор                                 М.Энхбаатар

                                    Хохирогчийн төлөөлөгч          М.Болд

                                    Түүний өмгөөлөгч                     П.Буманзаяа

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч          Д.Даваахүү

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Сувд нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 30 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д заасан гэмт хэрэгт Гал овогт Даваасүрэн Эрдэнэбаатарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1733000530010 дугаартай, 150/2018/0030/Э индекстэй, 1 хавтас хэргийг 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, авто ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Согоот баг 10-92 тоотод оршин суух хаяггай, Гал овогт Даваасүрэн Эрдэнэбаатар /Регистрийн дугаар: ФМ85081911/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай засмал замын 67-68 дугаар тэмдэгт бүхий газарт 48-81 УНР улсын дугаартай “Инфинити” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас иргэн М.Батболдыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Анхан шатны шүүх Д.Эрдэнэбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 30 дугаартай шийтгэх тогтоолоор Гал овогт Даваасүрэнгийн Эрдэнэбаатарыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-дзааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж, Д.Эрдэнэбаатарт хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Миний бие Болд нь энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон юм. Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь миний ах М.Батболдыг 2017.07.19-нөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутагт 48-81 УНР улсын дугаартай “Инфинти” маркийн тээврийн хэрэгслээр дайрч амь насыг нь хохироосон юм. Энэ хүн бидэнд оршуулгын зардал гэж 5.000.000 төгрөг л өгсөн. Хүний алтан амийг 5.000.000 төгрөгөөр үнэлж болохгүй байх гэж бодож байна. Манай аав, ээж хоёр 80 нас гарсан хоёр хөгшин бий. Ахыг нас барснаас хойш сэтгэл санаагаар маш их унаж байнга эм тариа хийлгэж түүний хүчинд амьд, мэнд байна. Талийгаач ганц охинтой ээжийнхээ аав, ээж дээр байдаг. Өөрийнх нь ээж нь гадаад яваад олон жил болсон. Одоо охин ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Энэ охинд хэрэг болно, мөн аав, ээжид Дархан-Уул аймагт байшинтай болгоно гээд байшингаа эхлүүлж барьж байгаад дуусгаж чадаагүй машинд дайруулан нас барсан үүнийг нь гүйцээгээд барьж өгье гэж бид ах дүүгээрээ ярилцаад Эрдэнэбаатараас 10.000.000 төгрөг нэхэмжилсэн юм. Би үүнийг сэтгэл санааны гэм хор гэж нэхэмжилсэн. Эрдэнэбаатар нь оршуулгын зардал төлчихсөн юм чинь гэсэн байдалтай миний аав, ээжийг биднийг үл хүндлэн нэг удаа ч яаж ийж байна гэж утсаар ч ярьж үзээгүй, бидэнтэй огт харьцаж үзээгүй, хүний амь хохироосон хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. Би бол хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Иймд үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжин оролцож байна гэв.  

 

Хохирогчийн өмгөөлөгч П.Буманзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол гаргасан шалтгаан нь хүний амь нас хохирсон байхад хөнгөн ял шийтгэл ногдуулсанд, шүүгдэгч нь хохирогчийн ар гэрийхэнтэй холбогдож, биечилж уулзаж үзээгүй, хохирогчийн талаас 10.000.000 төгрөг нэхэмжлэхэд шүүгдэгч тодорхой хэмжээний мөнгийг өгнө гэж хэлсэн боловч одоог хүртэл холбогдоогүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь дээрх мөнгийг нэхэмжилж байгаа шалтгаан нь талийгаачийн хүүхдэд өгөх мөн талийгаач нас барахаас өмнө нь аав ээждээ барьж байсан, дуусгаагүй байгаа байшинг нь дуусгахад шаардлагатай мөнгийг нэхэмжилж байна. Анхан шатны шүүх хурал 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр болсон. Үүнээс хойш шүүгдэгч нь нэг ч удаа холбогдоогүй. Шүүгдэгч нь хэдий гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа ч гэм буруугаа ойлгож ухамсарлаагүй, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшсэн байдал харагдахгүй байх тул хорих ял  оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн нь хөнгөн ял оногдуулсан байна гэж үзэж байна. Ийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь анхан шатны шүүх хууль буруу хэрэглэж шийдвэр гаргасан байна гэж үзэж байгааг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж байна гэв.

 

Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь надад шүүхээс оногдуулсан ялыг хөнгөдсөн, шүүх хууль буруу хэрэглэсэн гэж үзсэнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүхээс надад миний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил хасаж, 3 жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Хэрэг учрал гарах үед би замын зорчих хэсэг дээр гэнэт гарч ирсэн явган зорчигчийг хараад тормос гишгэж, замд тохиолдсон аюул саадыг тойрон гарах оролдлого хийж жолоочийн зүгээс авах шаардлагатай бүхий л арга хэмжээг авсан боловч зам тээврийн осол гарсан. Үүнд би маш их харамсаж явдаг. Эрдэнэт хүний амь насыг хохироосондоо харамсаж буйгаа М.Болдод удаа дараа илэрхийлсэн, шүүхийн өмнө нь ч буруугаа хүлээсэн. ...Талийгчийн ажил явдлын үеэр гэрт нь очьё гэхэд М.Болд нь намайг ирээд хэрэггүй аав, ээж улам хямрана гэж хэлсэн учраас би очиж чадаагүй бөгөөд, оршуулгын ажилд нэмэрлээрээ гээд дансаар 500,000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг би нэхэмжлэлийн дүнд оруулаагүй, хасаж тооцох саналгүй байсан учраас сүүлд нь нэмж 4.800.000 төгрөг нийтдээ 5.300.000 өгсөн. М.Болдтой уулзахад талийгчийн охинд зориулж 10.000.000 төгрөг гаргуулах санал хэлсэнийг би хүлээн авсан боловч өөрөө ажил, орлогогүй болсон, аав ээж минь тэтгэвэрийн зээл авсан болохоор мөнгө төгрөгний боломж гараагүй учир тэдэнд уг 10 сая төгрөгийг өгч амжаагүй шүүх хуралд орсон. Гэхдээ би үүнийг төлөхгүй гээгүй. Тийм ч учраас түүний нэхэмжлэл гаргах эрхийг шүүх нээлттэй орхисон байдаг. ...Түүний нэхэмжилж буй 10.000.000 төгрөгийг төлөхийн тулд би аль болохоор богино хугацаанд ажилд орох, цалингийн зээл авах эрхтэй болох шаардлагатай байна. Иймд анхан шатны шүүхээс ногдуулсан ялыг хөнгөлж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү давж заалдах шатны шүүх болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: ...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болдын давж заалдах гомдлыг дор дурьдсан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж байна. Үүнд:

1.Хохирогч нь хүнд хэлбэрийн согтолттой, өөрийгээ жолоодох ямар ч чадваргүй үедээ хот хоорондын замын зорчих хэсэг дээр явж байсан нь осол гарах нөхцлийг бүрдүүлсэн байдаг. Хэрэв явган зорчигч нь хүнд хэлбэрийн согтолттой, өөрийгээ жолоодох чадваргүй үедээ Замын хөдөлгөөний дүрэм зөрчин хот хоорондын авто замын зорчих хэсэг дээгүүр яваагүй бол энэ осол гарахгүй байсан нь ойлгомжтой байна. Энэ нь Техникийн шинжээчдийн 2018 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн 12/09 дугаартай дүгнэлтийн Явган зорчигч М.Батболд нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9 дугаар зүйлийг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн... гэж дүгнэсэн байдлаар нотлон тогтоогдож байгаа болно. ...Явган зорчигч буюу хохирогч нь замын зорчих хэсэг дээр гэнэт гарч ирж, зорчих хэсэг дээр явж байсан нь гэрч Ш.Энхтуяагийн бид замын хажуугийн дэлгүүрт орчихоод төв зам руугаа нийлээд явж байх үед энэ зам тээврийн осол болсон, би тухайн үед энэ машинууд гэрлээ шилжүүлэхгүй юмаа гэж хэлээд байж байтал гэнэт зам дээр саарал хувцастай хүн гараад ирсэн. Би тэрийг харчихаад яанаа хүн гэтэл тэр залуу тийм байна гээд дарах шиг болсон тэгээд машин зогссон гэсэн мэдүүлэгээр нотлогдож байна. Түүний энэ мэдүүлэгээр явган зорчигч гэнэт замын зорчих хэсэг дээр гарч ирсэн, жолооч машинаа зогсоох арга хэмжээ авсаныг нотолж байна. Мөн энэ байдал нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, схем зургаар тодорхой нотлогдож байгаа болно. Хэргийн газрын схем зурагт үндэслэн дүгнэлт хийхэд тормозны мөр замын тусгаарлах зурвас руу хэсэг давж ороод буцаж өөрийн зорчих хэсэг рүү орсон байгаа нь явган зорчигчийг тойрч гарах, зайлах гэж хажуу тал руугаа дарсан гэсэн мэдүүлэгийг давхар нотолж байгаа төдийгүй явган зорчигчийг замын зорчих хэсэг дээгээр явж Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнийг нотолж байна...

2. 10.000.000 төгрөг нэхэмжилсэн иргэнийн нэхэмжлэлийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтын үед нэг удаа уулзахдаа талиийгч нэг охинтой, ээж нь охиноо 2 настай байхад нь өөрийнхээ аав, ээж дээр орхиод гадаад руу гарсан, охин нөгөө талын эмээ өвөө дээрээ өссөн, аавыгаа мэддэг, хаяа зун амралтаараа ирдэг байсан энэ хүүхдийн цаашдын амьдралд нь зориулж 10.000.000 төгрөг гаргуулмаар байна гэсэн саналыг хэлж байсан. Тухайн үед нь Эрдэнэбаатар нь одоогоор мөнгө төгрөгний бололцоогүй, ажилд орж чадаагүй байгаа учир мөнгийг шууд гаргаад өгөх боломжгүй байна, гэхдээ хүүхдийн хувь заяаны асуудал юм чинь төлье, гэрээ хэлцэл байгуулаад охины нэр дээр төлбөрийг хийе гэж зөвшөөрсөн. ... Энэ талаараа шүүх хурал дээр тодорхой хэлж мэдүүлсэн. Түүнчлэн шүүхийн шийтгэх тогтоолд ...төлбөр авах эрхтэй гэх охины талаар ямар нэгэн нотлох баримт шүүхэд ирүүлээгүй болно. Ийм учраас нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй гэж тодорхой тусгасан тул түүний нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байхад гомдол гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Шүүхээс Эрдэнэбаатарт ноогдуулсан ялыг хөнгөдсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хуулийг буруу хэрэглэсэн зүйл байхгүй юм. Шүүх хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн гэм буруу, иргэнийн нэхэмжлэлтэй холбоотой шаардлага нотлогдсон эсэхт тал бүрээс нь үнэлэлт дүгнэлтийг өгч хэргийн бодит байдлыг тогтоох талаар ЭХХШТХ-ийн 1.7 -р зүйлийн 3 дах хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: Анхан шатны шүүхээс нотлох баримтад тулгуурлаж шийдвэрийг гаргадаг. Талийгаачийн охины талаар ямар ч баримт байхгүй байхад шаардлагыг хэрэгсэхгүй болголгүй иргэний журмаар 10.000.000 төгрөгийг нэхэмжлэх боломжтой гэж шийдвэрлэсэн үндэслэлтэй юм. Шинэ эрүүгийн хуулиар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тохиолдолд ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэхээр заагдсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан гэж үзээд ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй шийдвэр гарсан гэж үзэж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай засмал замын 67-68 дугаар тэмдэгт бүхий газарт 48-81 УНР улсын дугаартай “Инфинити” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас иргэн М.Батболдыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 30 дугаартай шийтгэх тогтоолоор Гал овогт Даваасүрэнгийн Эрдэнэбаатарыг дээр дурьдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэбаатарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж, Д.Эрдэнэбаатарт хяналт тавихыг Орхон аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болдын гаргасан давж заалдах гомдлын дагуу Д.Эрдэнэбаатарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Д.Эрдэнэбаатар нь дээрхи гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болдын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 50-52, 171-176-р ху/, гэрч Ш.Энхтуяа /хх-ийн 43-44-р ху/, Б.Алтанчимэг /хх-ийн 48-р ху/ нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн №83 дугаартай дүгнэлт /хх-ийн 24-25-р ху/, Техникийн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 12/09 тоот дүгнэлт /хх-ийн 148-150-р ху/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4, 5-7-р ху/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн асуудлаар оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол санал гаргаагүй байна.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлд  хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан бөгөөд тухайн зохицуулалтаар хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй гэж заасан байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болд хохирогч нас барснаас учирсан гэм хор буюу талийгаачийг оршуулахтай холбоотой зайлшгүй зардалд 4.139.850 төгрөг нэхэмжилснээс /хх-ийн 53-56-р ху/ шүүгдэгч Д.Эрдэнэбаатар нь 5.300.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул анхан шатны шүүх шүүгдэгч Д.Эрдэнэбаатарыг гэмт хэргийн улмаас учирсан материаллаг хохирлыг нөхөн төлсөн гэсэн дүгнэлт хийсэн нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болд “…миний ах Батболд нь нэг охинтой юм. Ээж нь бага байхад нь гадаад руу явсан.  ...Охины ирээдүйд зориулж 10.000.000 төгрөг нэхэмжилж байна…” гэсэн нэхэмжлэл гаргасан боловч тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол нэхэмжлэх эрхтэй гэх охины талаар шаадлагатай нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр Д.Эрдэнэбаатарт хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэсэн байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болдын гаргасан “…Талийгаач ганц охинтой ээжийнхээ аав, ээж дээр байдаг. Өөрийнх нь ээж нь гадаад яваад олон жил болсон. Одоо охин ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Энэ охинд хэрэг болно, мөн аав, ээжид Дархан-Уул аймагт байшинтай болгоно гээд байшингаа эхлүүлж барьж байгаад дуусгаж чадаагүй машинд дайруулан нас барсан үүнийг нь гүйцээгээд барьж өгье гэж бид ах дүүгээрээ ярилцаад Эрдэнэбаатараас 10.000.000 төгрөг нэхэмжилсэн юм. Би үүнийг сэтгэл санааны гэм хор гэж нэхэмжилсэн. Эрдэнэбаатар нь оршуулгын зардал төлчихсөн юм чинь гэсэн байдалтай миний аав, ээжийг биднийг үл хүндлэн нэг удаа ч яаж ийж байна гэж утсаар ч ярьж үзээгүй, бидэнтэй огт харьцаж үзээгүй, хүний амь хохироосон хүнийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хөнгөн ял оногдуулсанд гомдолтой байна. Би бол хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа. Иймд үнэн зөвөөр хэргийг шийдвэрлэж өгнө үү…” гэсэн давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Болдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                             ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                            Д.БУЯНЖАРГАЛ