| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
| Хэргийн индекс | 128/2019/0266/З |
| Дугаар | 005 |
| Огноо | 2018-12-24 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 005
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “Х” ХХК
Хариуцагч: НДЕГ
НДЕГ ДД Г.С
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтыг хэрэгжүүлэх үүргээ тус газрын дэд дарга Г.С биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2015 оны 07 дугаар сарын 01 өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд илүү төлсөн 1,496,686,734.53 төгрөгийг дараа төлбөл зохих шимтгэлд суутган тооцож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг баталгаажуулан цахим сан, холбогдох бүртгэлд бичилт хийх, илүү төлсөн шимтгэлийн тайланг баталгаажуулсан хувилбарыг “Х” ХХК-д гаргаж өгөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Б.Э, Я.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3.9 дэх хэсэгт “... 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс
эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлсний хэмжээг ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар дагаж мөрдөнө.” гэж, уг заалтын санамж хэсэгт “... хөдөлмөрийн хөлсний хэмжээг Засгийн газраас тогтоох хүртэлх хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолыг баримтлан ажиллана” гээд дэлгэрэнгүй тайлбарласан жишээ хэсэгт “Даатгуулагч 2015 оны 07 дугаар сард 2,000,000 төгрөгийн цалин авсан бол даатгуулагч 1,920,000 төгрөгөөс 10 хувиар, ажил олгогч мөн адил 1,920,000 төгрөгөөс 11-13 хувиар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлнө” гэж заасан. Уг зааврын хүрээнд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасны дагуу ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1,920,000 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр тооцож төлөхөөр тусгасан. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяа хэлтэс, нэгжүүд нь дээр дурдсан зааврын дагуу ажилладаггүй буюу “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтын үйлчилгээг зогсоох тухай” 1/1635 дугаар чиглэл хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэн ажил олгогчоос буюу “Х” ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн дээд хэмжээгээр хязгааргүй цалин хөлснөөс тооцож төлүүлсэн. Нийгмийн даатгалын хэлтсүүдийн үндэслэл болгож буй Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны чиглэл хүргүүлэх тухай 1/1635 тоот захиргааны актыг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1076 дугаар захирамжаар, дээр дурдсан чиглэлийг илт хууль бус захиргааны акт болохыг хариуцагчийн зөвшөөрснийг баталж шийдвэрлэсэн. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж заасан ба шүүх гаргасан шийдвэрээрээ чиглэл нь гарсан цагаасаа эрх зүйн ямар ч үйлчлэлгүй байсан буюу “ажил олгогч, ажилтны төлөх нийгмийн даатгалын шимтгэлийг тооцох дүн адилхан хязгаарлагдах ёстой.” гэдэг үр дагаврыг бий болсон гэж үзэж байна. Түүнчлэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга нь 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 1076 дугаартай захирамжийн биелэлтийг хангах нэрийдлээр “Тушаал хүчингүй болгох тухай” А-23 дугаар тушаал гаргасан бөгөөд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 0796 дугаар шийдвэрээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны А-23 дугаар тушаалын “... Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалыг хүчингүй болгох” гэх хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны А-1076 дугаар захирамжийн биелэлтийг үл биелүүлэн зааврын 3.9 дэх хэсэгт заасныг бүрэн хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тус тус тогтоож шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Гэтэл НДЕГ ДД нь Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1076 дугаар захирамж, 2017 оны 0796 дугаар шийдвэр болон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасан үндэслэл, хууль зүйн үр дагаврыг үл харгалзан Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтуудыг хэрэгжүүлэхэд баримтлах зааварт нийцүүлэн гаргасан “Х” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч, тооцоо нийлэн баталгаажуулах, Нийгмийн даатгалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.4-т “Илүү төлсөн шимтгэлийг эгүүлэн авах буюу дараа төлөх шимтгэлд тооцон суутгуулах эрхтэй” гэж заасны дагуу мөн хугацааны туршид илүү төлсөн 1,496,686,734.53 /нэг тэрбум дөрвөн зуун ерэн зургаан сая зургаан зуун наян зургаан мянга долоон зуун гучин дөрвөн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараа сар, улирал, жилийн төлбөл зохих шимтгэлд суутган тооцохоос үндэслэлгүйгээр татгалзсаныг зөвтгөх боломжгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргын 2018 оны 2/1029 дүгээр албан бичигт “... Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоолыг хүчин төгөлдөр мөрдөгдөхөөс өмнө нийгмийн даатгалын шимтгэл төлөх тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоол, нийгмийн даатгалын шимтгэл төлөх тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолуудыг тус тус мөрдөн ажиллаж байсан” гэж дурдсан. Засгийн газрын тогтоолуудын агуулгаас харахад эдгээр тогтоолууд нь зөвхөн ажилтны буюу даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоосноос бус, ажил олгогчийн төлөх хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тогтоосон, эсхүл хязгаарлахгүй байхаар тухайлан заагаагүй байна. Өөрөөр хэлбэл тухайлан заасан зохицуулалтгүй байхад ийнхүү тайлбарлаж байгаа нь “зөвшөөрснөөс бусдыг хориглох” нийтийн эрх зүйн зарчимд нийцэхгүй байна.
“Х” ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргын шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт заасны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад гомдол гаргасан боловч 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/1399 дүгээр албан бичгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасны дагуу илт хууль бус захиргааны актын үр дагаврыг үгүйсгэж гомдлыг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзсан.
Иймээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1.4 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг, 106 дугаар зүйл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Хүсэлт хүлээн авахаас татгалзсан Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “Х” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг хүлээн авч зааварт заасны дагуу тооцоо нийлэн баталгаажуулах, мөн хугацааны туршид нийгмийн даатгалын шимтгэлд илүү төлсөн 1,496,686,734.53 /нэг тэрбум дөрвөн зуун ерэн зургаан сая зургаан зуун наян зургаан мянга долоон зуун гучин дөрвөн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөгийг дараа сар, улирал, жилийн төлбөл зохих шимтгэлд суутган тооцож холбогдох бүртгэлд бичилт хийх, илүү төлсөн шимтгэлийн тайланг баталгаажуулсан хувилбарыг “Х” ХХК-д гаргаж өгөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.З*******, дэд дарга Г.С нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах харилцаа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн А/99 дүгээр тушаалаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан хүлээн авах, хянах, баталгаажуулах журам”-аар зохицуулагдаж байна. Энэхүү журмын 2 дугаар зүйлийн 2.1-д “Ажил олгогч нь тайланг хуулиар тогтоосон хугацаанд энэ журмын 2.2-т заасан шаардлагад нийцүүлэн гаргаж, 2.4-т заасан хэлбэрээр харьяалах Нийгмийн даатгалын байгууллагад ирүүлнэ.”, 3.2-т “...ажил олгогч тайланг цахимаар илгээсний дараа хэвлэмэл хэлбэрээр хүлээн авах ба хариуцсан байцаагч хянаж, баталгаажуулсан огноогоор тайлан ирүүлсэн /хүлээн авсан/ хугацааг тооцно.” Гэж заасан. Нэхэмжлэгч тал оршин байгаа харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангаа хүлээлгэн өгч улмаар тус хэлтсийн орлого шимтгэлийн байцаагч НД7, НД8 тайлангуудыг хянаж, баталгаажуулсан байна. “Х” ХХК-ийн НД7, НД8 тайлангуудыг хүлээн авч, хянаж баталгаажуулах эрх бүхий субъект болох орлого, шимтгэлийн байцаагч нь дээрх журмын 3.3, 3.3.8, дахь хэсэгт зааснаар Нийгмийн даатгалын тухай хууль болон даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээг зөв тооцсон эсэхэд хяналт тавих үүргийг хэрэгжүүлэн ажилладаг. Мөн дээрх журмын 3.3 дахь хэсэгт “Хэвлэмэл хэлбэрээр ирүүлсэн тайланг дараах байдлаар хянан баталгаажуулна. Үүнд: 3.3.1-д “Хэвлэмэл тайлан цахимаар илгээсэн тайлангууд зөрүүтэй эсэх:”, 3.3.8-д “Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос ажил олгогчийн болон даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээг холбогдох хууль болон Засгийн газрын тогтоолд зааснаар зөв тооцсон эсэх...” гэж тус тус журамлан үүрэг болгожээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалтад “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно.” гэж хуульчилсан. Энэхүү заалтын дагуу зөвхөн Засгийн газар нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрхтэй байна. Засгийн газраас 1996 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын хэмжээ тогтоох тухай” 80 дугаар тогтоол, 1998 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг шинэчлэн тогтоох тухай” 92 дугаар тогтоол, 2017 онд “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тогтоох тухай” 251 дүгээр тогтоолыг тус тус баримтлан гаргасан. Дээрх Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоол, 1998 оны 92 дугаар тогтоолууд нь Засгийн газрын 2017 оны 251 дүгээр тогтоол гарах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын /газар/ хэлтсүүд нь энэхүү 1996 оны 80 дугаар тогтоол, 1998 оны 92 дугаар тогтоолуудыг тус тус хэрэгжүүлэн ажиллаж байсан. Тодруулбал Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтад даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1996 онд баримтлах дээд хэмжээг 80.000 төгрөг байхаар тогтоосон бөгөөд уг тогтоолын 2 дахь заалтад ажил олгогчийн хувьд энэ хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосон. Үүний дараа Засгийн газрын 1998 оны 92 дугаар тогтоолоор даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухайн үеийн сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар шинэчлэн тогтоосон бөгөөд Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоолын 1 дэх заалтыг хүчингүйд тооцож 2 дахь заалтыг хүчин төгөлдөр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахдаа даатгуулагчийн хувьд баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоожээ. Иймээс нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн НД7, НД8 тайлангуудыг хүлээн авч, хянаж, баталгаажуулах эрх бүхий субъект болох аймаг /нийслэл/, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсүүд нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.7 дахь заалтыг үндэслэн Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоол, 1998 оны 92 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлж НД7, НД8 тайлангуудыг хүлээн авч, хянаж, баталгаажуулан ажилласан болно.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт нь зөвхөн Засгийн газарт захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрх олгосон заалт юм. Гэтэл 2015 онд НДЕГ нь Засгийн газарт хууль тогтоомжоор олгогдсон захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрх хэмжээнд халдаж, эрх хэмжээгээ хэтрүүлэн, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар хууль зөрчиж 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Заавар батлах тухай” А/84 дугаартай илт хууль бус тушаалыг гаргасан байдаг. Дээрх хуульд нийцэхгүй тушаалыг аймаг /нийслэл/, дүүрэг /газар/-ийн хэлтсүүд нь тухайн цаг хугацаанд хэрэгжүүлэн ажиллах хууль зүйн үндэслэлгүй байсан учраас Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг баримтлан Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.7 дахь заалтын дагуу Засгийн газраас баталсан 1996 оны 80 дугаар тогтоол, 1998 оны 92 дугаар тогтоолуудыг хэрэгжүүлэн ажилласан. Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн захиргааны байгууллага болохын хувьд үйл ажиллагаандаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх хэсэгт “харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх” гэж заасныг мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт заасан “хуульд үндэслэх” зарчмыг тус тус баримтлан ажиллаж байгаа болно. Улсын дээд шүүхийн 2017 оны дэлгэрэнгүй тайлбарт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсгийг дараах байдлаар тайлбарласан байна. Үүнд: “... Эрх зүйт төрийн зарчмын дагуу хууль дээдлэх ёсыг төрийн бүх байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим болгохыг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан билээ. Энэ зарчмын хүрээнд захиргааны байгууллагын тухайд дараах шаардлага тавигддаг байна. Үүнд: Захиргааны хуулийг зөрчсөн ямарваа нэгэн үйлдэл хийхийг хориглоно, захиргаанаас хуульгүйгээр дур мэдэн аливаа үйлдэл хийхийг хориглоно...” гэж тайлбарлажээ. Нэхэмжлэгч “Х” ХХК нь тухайн цаг хугацаанд Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь заалт, Засгийн газрын дээрх 80 дугаар тогтоол, 92 дугаар тогтоолуудыг өөрсдөө мөн хэрэгжүүлэн ажиллаж НД7, НД8 тайлангаа гарган өгч баталгаажуулчхаад одоо захиргааны хэм хэмжээний актыг батлан гаргах эрхгүй субъектээс, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, хууль зөрчиж гаргасан 2015 оны А/84 дугаартай “Заавар батлах тухай” илт хууль бус, хүчин төгөлдөр биш тушаалыг үндэслэл болгон нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХХК-иас НДЕГ ДД болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтыг хэрэгжүүлэх үүргээ тус газрын дэд дарга Г.С биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2015 оны 07 дугаар сарын 01 өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд илүү төлсөн 1,496,686,734.53 төгрөгийг дараа төлбөл зохих шимтгэлд суутган тооцож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг баталгаажуулан цахим сан, холбогдох бүртгэлд бичилт хийх, илүү төлсөн шимтгэлийн тайланг баталгаажуулсан хувилбарыг “Х” ХХК-д гаргаж өгөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7-д “Ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх болон тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын шимтгэл төлсөн улсын дундаж цалин болон Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн дундаж цалинд тус тус үндэслэн Засгийн газар жил бүр тогтооно” гэж заажээ.
Засгийн газрын 1996 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээ тогтоох тухай” 80 дугаар тогтоолын 2-т “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлд заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэл ногдуулахад энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг хамааруулахгүй байхаар тогтоосугай”, Засгийн газрын 1998 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 92 дугаар тогтоолын 1-д “Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг тухай сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байхаар тогтоож, 1998 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөхийг … даалгасугай.” зааснаар ажил олгогч, даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээг ялгавартай тогтоосон бөгөөд ажил олгогч нь даатгуулагчийн авч байгаа нийт цалингийн хэмжээгээр, харин даатгуулагчийн хувьд тухай үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин үржүүлсэн хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээг хязгаарласан байна.
Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3.9 дэх хэсэгт нийгмийн даатгалын шимтгэл төлөх хэмжээг ажил олгогч, даатгуулагчийн хувьд адил байхаар зохицуулсан нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн бөгөөд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “захиргааны акт гаргах эрх хэмжээгүй захиргааны байгууллага, албан тушаалтан гаргасан;” гэж зааснаар илт хууль бус байна.
Иймээс Нийгмийн даатгалын ерөнхий газрын газрын дэд дарга Г.Сг тус газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3.9 дэх заалтыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэхгүй юм.
Өөрөөр хэлбэл Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын 1996 оны 80 дугаар, 1998 оны 92 дугаар тогтоолын дагуу ажил олгогч, даатгуулагч тус бүр төлөх нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг ялгавартайгаар бодож ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч “Засгийн газрын 80 дугаар тогтоол 1996 онд үйлчлээд дууссан. Засгийн газар жил болгон батлан гаргах ёстой.” гэж мэтгэлцэж байх боловч Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоол болон 1998 оны 92 дугаар тогтоолд тухайн тогтоолуудыг дагаж мөрдөх хугацааг заагаагүй юм.
Харин Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 251 дүгээр тогтоолоор дээрх тогтоолуудыг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон учир Монгол Улсын Засгийн газрын 1996 оны 80 дугаар тогтоол болон 1998 оны 92 дугаар тогтоолуудыг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүчин төгөлдөр мөрдөж байсан гэж үзэхээр байна.
Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллага, албан тушаалтны эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоосон шийдвэр гаргадаг.
Гэтэл хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын газрын дэд дарга Г.Сгийн тус газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан “Нийгмийн даатгалын тухай хуулиудын зарим зүйл, заалтыг хэрэгжүүлэхэд баримтлах заавар”-ын 3.9 дэх заалтыг хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болох нь тогтоогдоогүй тул “Х” ХХК-ийн 2015 оны 07 дугаар сарын 01 өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд илүү төлсөн 1,496,686,734.53 төгрөгийг дараа төлбөл зохих шимтгэлд суутган тооцож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөлтийн тайланг баталгаажуулан цахим сан, холбогдох бүртгэлд бичилт хийх, илүү төлсөн тайланг баталгаажуулсан хувилбарыг гаргахыг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгах үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 7, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай /2002 оны/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас НДЕГ ДД болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны А/84 дүгээр тушаалаар батлагдсан зааврын 3.9 дэх заалтыг хэрэгжүүлэх үүргээ тус газрын дэд дарга Г.С биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, 2015 оны 07 дугаар сарын 01 өдрөөс мөн оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд илүү төлсөн 1,496,686,734.53 төгрөгийг дараа төлбөл зохих шимтгэлд суутган тооцож, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланг баталгаажуулан цахим сан, холбогдох бүртгэлд бичилт хийх, илүү төлсөн шимтгэлийн тайланг баталгаажуулсан хувилбарыг “Х” ХХК-д гаргаж өгөхийг Нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгуулах” тухай нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ДАМДИНСҮРЭН