Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2023/0190

 

 

 

 

 

 

 

 

 

2023 оны 03 сарын 28 өдөр                  Дугаар                                     Улаанбаатар хот

          221/МА2023/0190              

 

 

М.Хы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд

Нэхэмжлэгч: М.Х

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөл

Нэхэмжлэлийн шаардлага: “М.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 115/ШШ2023/0002 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа

Хэргийн индекс: 110/2021/0063/З          

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Хаас Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд тус тус холбогдуулан “М.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2023/0003 дугаар шийдвэрээр М.Хы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нэхэмжлэгч М.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд би Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

3.1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 650 дугаар шийдвэрээр М.Х нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 9 дүгээр багт 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 12 жил мал маллаж, малчин байсныг тогтоосон боловч М.Хы 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хоорондох 2 жил 4 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч Монголын Мусульман нийгэмлэгээс лав санваартны төрлөөр 37 гэсэн кодоор бүртгэсэн тул шүүхийн шийдвэрээр М.Хы Ногооннуур сумын 9 дүгээр багт 9 жил 8 сар мал маллаж, малчин байсан хугацааны талаар хариуцагч маргаагүй байна.

3.2. М.Х нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сайн дурын шимтгэл төлж, Ногооннуур сумын 9 дүгээр багт мал маллаж, малчин ажиллаж байсны 1 жил 5 сарын хугацааны талаар хариуцагч мараагүй байна.

3.3. Иймд дээрх нөхцөл байдлуудыг дүгнэж хэлэхэд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацааг тодорхойлох зөвлөлийн орон тооны бус зөвлөл нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам”-д заасан бүрэн эрхийн хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргасан гэж үзэж байна. Уг журмыг хэрэгжүүлэх зөвлөмжийн 4.1.10-д “А” данс нь үрэгдсэн оны өмнөх болон дараагийн сар, жилүүдийн “А” дансны бүртгэлийн лавлагаа байн” шаардлагатай гэснийг үндэслэн малчин М.Хы 1995-2000 онд Ногооннуур сумын 9 дүгээр багт мал маллаж, малчин байсныг орон тооны бус зөвлөл нь түүний аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгаас 1996-1999 оны мал тооллогын А карт байгааг үндэслэн 1995-2000 онд мал маллаж, малчин байсныг тогтоосон нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 71 дүгээртэй тогтоолын хавсралтаар баталсан, “Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам” болон уг журмыг хэрэгжүүлэх талаар салбарын яамнаас баталсан зөвлөмжид бүрэн нийцэж байна гэж үзэж байна.

3.4. Түүнчлэн анхан шатны шүүх нь 03 дугаар шийдвэрээ дутуу буюу шийдвэрийн 11 дүгээр хуудас байхгүй байна. Энэ талаар гомдол гаргаснаас хойш мэдсэн тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

4. Хариуцагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

          1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч М.Хаас Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд тус тус холбогдуулан “М.Хд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгах, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдааны 01 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна.

3. Гэвч Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн  нэхэмжлэгч М.Хы гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэсэн 110/2021/0063/З дугаар индекстэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хянуулахаар тус шүүхэд ирүүлэхдээ шүүхийн шийдвэрийн 11 дүгээр хуудас байхгүй, тодруулбал, шийдвэрийн “Үндэслэх нь” хэсэг дутуу, “Тогтоох нь” хэсэг байхгүй, шийдвэрийг хэрэгт бүрэн хавсаргаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын ноцтой зөрчил болно.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж, дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана”, 107.5-д “Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг заалтыг тодорхой зааж, шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн нөхөн төлүүлэх шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдал, эд мөрийн баримтыг хэрхэх, хэрэгт хэд хэдэн нэхэмжлэгч, хариуцагч оролцсон бол нэхэмжлэгч, хариуцагч тус бүр ямар эрх эдэлж, үүрэг хүлээхийг тусгана. Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана”, 108 дугаар зүйлийн 108.3-д “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг энэ хуулийн 107 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус заасан.

4.1. Анхан шатны шүүх шийдвэрээ бичгээр үйлдэхдээ хуулийн дээрх шаардлагыг хангаагүйн улмаас давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шийдвэрийг хянах боломжгүй байна.

4.2. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн гаргасан давж заалдах гомдлын дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, үндэслэл бүхий гарсан эсэхийг хянах ёстой боловч шийдвэрийн 11 дүгээр хуудас байхгүй, хэрэгт дутуу авагдсаны улмаас Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх М.Хы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Засаг даргын дэргэдэх орон тооны бус байнгын зөвлөлд тус тус холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хэрхэн үнэлж, дүгнэсэн, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгсөн тайлбар, шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн, ямар хуулийн зүйл заалтыг баримталж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй, тус давж заалдах шатны шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

5. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д “Шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэж заасан боловч анхан шатны шүүх шийдвэртээ иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг тусгасан эсэх нь мөн тодорхойгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон бол дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 121.1.4-т “шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах, 121.3.3-д “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2023/0003 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

                                      

 

 

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ