Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 1135

 

Д.Алтаншагайгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00750 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Алтаншагайгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Юу Би Эйч Проперти ХХК-д холбогдох

 

Гэрээний үүрэгт 6 335 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Алтаншагай

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Алтаншагай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр орон сууц захиалах гэрээ байгуулан “Юу би эйч проперти” ХХК-ийн 16 давхар орон сууцанд 1 м.кв талбайн үнийг 1 880 000 төгрөгөөр тооцож, урьдчилгаа 30 хувийг төлсөн. Уг байр нь нийт 56.64 м.кв талбайтай гэж тооцон 2015 оны 02 дугаар сарын 08-ны өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарч, орон сууцандаа орсон. Ингээд м.кв тайлбайг 2016 оны 12 сарын 06-ны өдөр “Инженер геодези” ХХК-иар хэмжилт хийлгэж үзэхэд нийт талбай 53.27 м.кв гэж гарсан. “Юу Би Эйч проперти” ХХК нь надад орон сууцны талбайнаас 3.37 м.кв талбайг дутуу хүлээлгэж өгсөн тул 6 335 600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлэн зөвшөөрөх боломжгүй юм. “Юу Би Эйч Проперти” ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Хаппи таун хотхонд байрлах 71, 72, 73 тоот, барилгыг Өндөрбуянт холдинг ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Бид боруулалтын талбайн хэмжээ, үнийг худалдан авагчдад урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд үүнийг худалдан авагч хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд уг орон сууцыг худалдан авсанаас хойш хуулийн хугацаанд манай компанид гомдол, шаардлага гаргаагүй. Манай компани барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй компаниудаар зураг төслийг хийж гүйцэтгүүлсэн бөгөөд уг зураг төслийн дагуу баригдсан болохыг улсын комисс тогтоосон байгаа тул хөндлөнгийн компанийн талбайн хэмжээг тооцож гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.4 дэх хэсэгт зааснаар “Юу Би Эйч проперти” ХХК-иас 6 335 600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Алтаншагайд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Алтаншагайгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 320 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Юу Би Эйч проперти” ХХК-иас 116 320 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Алтаншагайд олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь дээрх орон сууцыг 2014 оны 12 сарын 01-ний өдөр акт үйлдэн, хүлээн авсан бөгөөд хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй. Гэрээ байгуулах үед орон сууц баригдаж дууссан, худалдан авагч орон сууцыг нүдээр үзэж худалдан авахаар тохиролцсон байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж талуудын хооронд үүссэн харилцааг зөв дүгнэсэн.

Улмаар иргэний хуулийн 254 дугаар зүйлийн 254.6 дах хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг тогтоосон бөгөөд уг хугацаа нь талууд бие биенээ эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй хугацаа юм. Энэ хугацаа дууссан байх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй. Харин Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-д зааснаар гомдлын шаардлага гаргах хугацаа нь хөөн хэлэлцэх хугацааг уртасгах зорилготой хугацаа гэжээ.

Гэвч Иргэний хуулийн 255 дугаар зүйлд худалдан авагчийн шаардлага гаргах эрхийг хуульчилсан  бөгөөд 255 дугаар зүйлийн 255.1 дэх хэсэгт зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан. Өөрөөр хэлбэл орон сууцны талбайн хэмжээ дутуу гэх доголдол нь ашиглалтын явцад бий болдоггүй төдийгүй тухайн үл хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үед байсан доголдол бөгөөд үүнийг нэхэмжлэгч мэдэх боломжтой байхад орон сууцыг хүлээн авч, хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гаргаагүй. Нэхэмжлэгч мэдэх боломжтой байсан цаг хугацааг нэхэмжлэгчид тухайн худалдан авсан орон сууцыг хүлээлгэн өгсөн 2015 оны 02 сарын 03-ны өдөр өгсөн өдрийг гэж ойлгоно. Уг орон сууцны түлхүүрийг хүлээлгэн өгснөөр захиран зарцуулах эрх нэхэмжлэгчид бүрэн шилжсэн. Үүнээс хойш шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд гомдлын шаардлага гаргах, доголдлыг илрүүлэх бүрэн боломжтой байсан юм.

Мөн талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгын гэрээнд талбайн хэмжээг тогтоохдоо MNS 6058:2009 стандартын дагуу хийгдсэн тооцно гэж заагаагүй бөгөөд 2014 оны 11 сарын 19-ний өдрийн 2014/709 "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт"-аас үзэхэд маргаан бүхий орон сууц нь батлагдсан зураг төслийн дагуу 2008 оны 5 сараас баригдаж эхлэн 2014 оны 10 сарын 01-ний өдөр баригдаж дууссан байдаг. Энэ нь уг орон сууц батлагдсан зураг төслийн дагуу 2008 онд нэгэнт барьж эхэлсэн байсан тул барилгын ажил эхэлсний дараа батлагдаж, мөрдөгдсөн стандартыг хэрэглэх боломжгүй юм. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Д.Алтаншагай нь хариуцагч Юу Би Эйч проперти ХХК-д холбогдуулан  гэрээгээр тохиролцсон хэмжээнээс дутуу талбайн үнэ 6 335 600 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “..,2008 онд барьж эхэлсэн барилгад 2009 оны стандартыг баримталж талбайн хэмжээг тооцсон нь үндэслэлгүй, барилгын өмчлөх эрхийг өөр компаниас шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй”  гэж маргажээ.

 

Д.Алтаншагай нь 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Юу Би Эйч проперти ХХК-тай “орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороололд байршилтай Хаппи таун орон сууцны ХД 73 дугаар байрны 1 дүгээр орцны 14 давхарт 56,64 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 1 880 000 төгрөгөөр тохиролцож, хариуцагч нь гэрээний зүйлийг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч нь үнийг төлж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна. /х.х-ийн 6-8/

 

Өөрөөр хэлбэл хариуцагч Юу Би Эйч проперти ХХК нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг 70 хувийн гүйцэтгэлтэй байхад нь Өндөрбуянт холдинг ХХК-иас 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр худалдах худалдан авах гэрээний дагуу авсан бөгөөд захиалагч Д.Алтаншагайтай 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэрээ байгуулж, 2015 оны 02 дугаар сарын 03-ны өдөр талууд орон сууц хүлээлцэх акт үйлдсэн зэргээс дүгнэхэд тухайн үед ажлын үр дүн буюу хөрөнгө биет байдлаар бий болчихсон байсан тул ажил гүйцэтгэх гэрээ гэж үзэх үндэслэлгүй, анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ. /хх-ийн 30-31, 6-8, 28/

 

Худалдагч буюу Юу Би Эйч проперти ХХК нь гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт хүрэхгүй доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн байх тул худалдан авагч нь Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар доголдлыг арилгуулахаар шаардах эрхтэй байна.

 

Нэхэмжлэгч Д.Алтаншагай нь эд хөрөнгийг хүлээж авахдаа доголдолтой эсэхийг шалгаагүй хэдий ч орон сууцны метр квадратын зөрүүг шууд мэдэх боломжгүй тул түүнийг Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-т зааснаар шаардлага гаргах эрхээ алдсан гэж үзэхээргүй бөгөөд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

 

Гэрээний дагуу шилжүүлсэн орон сууц нь батлагдсан зураг төслийн дагуу баригдсан хэдий ч худалдагч нь гэрээнд заасны дагуу эд хөрөнгийн болон эрхийн доголдолгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй бол нөгөө тал нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/00750 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

                                                                        Ш.ОЮУНХАНД