Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 2021/ШЦТ/320

 

 

 

 

 

 

 

 

2021           5            20                                     320       

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюун даргалж,

 

нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэчимэг,

хохирогч: Н.Б,

шүүгдэгч: Н.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зт холбогдох эрүүгийн 2105004210412 дугаартай 1 хавтас хэргийг 20210 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, сард 2 000 000 төгрөгийн орлоготой, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт \уух,

1999 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 562  дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар,

2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 571 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 200 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг бүрэн биелүүлсэн, З.

 

Шүүгдэгч Н.З нь 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 22а байрны орцонд иргэн Н.Бы нүүрэн тус газарт гараараа болон хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (яллах дүгнэлтэд дурдсанаар)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.З мэдүүлэхдээ:

Манай охин ээж дээрээ 1 хоног, над дээр 2 хоног байдаг. Би хүн зодож гэмтэл учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрөө хамрын хагалгааг 750 000 төгрөгөөр хийлгэж байсан тул хохирогчийн нэхэмжилж байгаа эмчилгээний зардал арай үнэтэй байна гэж үзэж байна. Гэхдээ би хохирогчийн биед учруулсан гэмтэлдээ хариуцлага хүлээнэ. Би дараа 7 хоногт хохирлын мөнгийг төлнө. Тухайн үед би 2 пиво уусан байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:

2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эгчийнхээ гэр рүү орох гээд орц нь чипээр онгойдог байсан тул эгч рүү яриад хаалгаа онгойлгохыг хүлээгээд орцны үүдэнд зогсож байсан юм. Тэгэхэд Н.З нь хажуугаар гарахдаа намайг жийгээд унагаасан. Тэгээд цаашаа ороход нь орц руу хамт ороход орц дотор намайг зодсон. Шүүгдэгч манай охиныг айлгаж, ичээсэн гээд юм яриад байдаг. Тэгээд ч манай эгч цагдаа ирэх үед Н.Зийн гэрт орох үед охин нь гэртээ байгаагүй. Би мөрдөн байцаагчид хамраа янзлуулмаар байна гэж хэлсэн. Мөн би Н.Зийн утасны дугаарыг нь мэдэхгүй, өөрөө ирж уулзахгүй байхад би гэмт хэрэг үйлдсэн биш очиж уулзахгүй гэж бодсон. Би 260 000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Үүн дээр нэмж 3 000 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Би одоо хагалгаа хийлгэхгүй бол дотроо хамрын салст нь зөрсөн байгаа. Шүүгдэгч намайг эмнэлгээр дагуулж яваад эмчилгээг маань хийлгүүлж өгнө гэвэл надад татгалзах зүйлгүй, хамт яваад судалъя. Мөн миний эмчилгээний зардлын 260 000 төгрөгийг дараа 7 хоногт өгье гэж байгааг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

Мөрдөн байцаалтад гэрч- Б.М мэдүүлэхдээ:

Би Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Богд-Ар хороолол, 22а байрны орцны жижүүр ажилтай бөгөөд өглөө 06 цагаас шөнийн 00 цаг хүртэл тухайн байраа манаж, цэвэрлэгээ үйлчилгээ, камер, засвар гээд бүх төрлийн ажлыг хийж гүйцэтгэдэг. 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчимд байрны 16 давхраас хог буулгаад 1 давхар руу лифтээр бууж ирэхэд үл таних, хар куртиктэй эрэгтэй хэвтэж байсан. Хажууд нь манай байрны 2 давхрын 8 тоотын залуу болох З зогсож байсан бөгөөд надад хандаж, “байранд чинь согтуу хүн байна, согтуу хүнээ ав” гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би тухайн газар унасан залууг 5-6 минут зууралдаж байж босгоход нүүр, ам нь халцарч цус гарсан байдалтай, их хэмжээний согтолттой байхаар нь орцны үүдээр гаргасан юм. Гарах үед З үүдэнд байхаар нь би Зт хандаж, “чи энэ залууг зодчихсон юм уу” гэж асуухад “наад залуу чинь манай охиныг айлгасан байна лээ” гэж хэлээд тухайн согтуу залууг ар нуруу хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөчхөөд байр руугаа яваад орсон. Би ч мөн уг согтуу залууг гадаа үлдээгээд орц руугаа орсон юм. З гэх залуу ямар ч байсан нэг охинтой. Тухайн хэрэг болох үед З гэх залуугийн охин нь орж, гарсан эсэхийг мэдэхгүй байна. Тэр согтуу залуу ямар нэгэн байдлаар охин, эмэгтэй хүн айлган сүрдүүлсэн зүйл байгаагүй бөгөөд хяналтын камерын бичлэгийг үзэхэд тухайн согтуу залуу орж ирээд 1 давхарт лифтний үүдэнд байхад З гэх залуу дээрээс бууж ирж таараад муудалцсан байсан гэжээ. (хэргийн 22 дугаар хуудас)

 

2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд:

Уг бичлэгт 2 лифтний хаалга харагдаж байх ба хар өнгийн юүдэнтэй цамцтай, хар өнгийн урт куртиктэй, зүс царай тодорхойгүй, хоёр гараа куртикнийхээ халаасанд хийсэн эрэгтэй зогсож байх дүрс харагдаж байв. Уг эрэгтэй баруун талын лифтийг дуудаад 00:16 секундэд бичлэгийн доод хэсэг рүү явж өнгөрөв. 00:21-01:22 секунд хүртэлх хугацаанд бичлэгийн доод хэсэгт “Вoston” гэсэн бичиглэл бүхий саравчтай малгайтай эрэгтэй хүн гарч ирэн /малгай хэсэг харагдах/ нүүр хэсэг бичлэгийн доод хэсэг рүү харсан байдалтай, хүнтэй маргалдаж байгаа мэт байдалтай зогсож байв. 01:23 секундэд бичлэгийн доод хэсэгт уг саравчтай малгайтай эрэгтэй нь биеийн дээд хэсгээрээ гарч ирж байх ба ямар нэгэн зүйлийг баруун гараараа цохиж байв. 01:32 секундэд тухайн саравчтай малгайтай эрэгтэй бичлэгийн дээд хэсэг рүү явж өнгөрөх ба гадуураа хар өнгийн малгайтай куртиктэй, жинсэн өмдтэй, зүс царай тодорхойгүй эрэгтэй хүн байв гэжээ. (хэргийн 43-44 дүгээр хуудас)

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1279 тоот дүгнэлтэд:

1.Н.Бы биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний гадна талд шарх, баруун хацар, завж, толгойн хуйханд хаван, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. (хэргийн 29 дүгээр хуудас)

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд:

Н.З нь 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 562  дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 60 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 400 цаг албадан ажил хийлгэх ялаар,

2018 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 571 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 200 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг бүрэн биелүүлсэн гэжээ. (хэргийн 65 дугаар хуудас)

                                               

ШҮҮХИЙН ДҮГНЭЛТИЙН ТАЛААР:

 

Шүүгдэгч Н.З нь согтуурсан үедээ 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 22а байрны орцонд хохирогч Н.Бы нүүрэн тус газарт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн нүдний гадна талд шарх, баруун хацар, завж, толгойн хуйханд хаван, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Б, гэрч Б.М нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 1279 тоот дүгнэлт, 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн нь үндэслэлтэй тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Хохирогч Н.Б нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэн талаар шүүхийн хэлэлцүүлэгт томографын шинжилгээ хийлгэсэн гэж сиди бичлэг, зураг,  269 800 төгрөгийн нотлох баримт гаргасан ба шүүгдэгч нь 269 800 төгрөгийн хохирол, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлж байна.

 

Иймд Н.Зоос 269 800 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Бд олгож шийдвэрлэв.

 

Хохирогч Н.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.    

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцсон болохыг тус тус дурдлаа. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Шүүгдэгч Зийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Зийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний 700 000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг Н.Зт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.З цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар Н.Зоос 269 800 төгрөг гаргуулж, хохирогч Н.Бд олгосугай.

 

7. Хохирогч Н.Б нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой цаашид гарсан зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан си ди бичлэг 1 ширхгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган хадгалсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т  зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Зт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ОЮУН