Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2021/ШЦТ/278

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Н.Энхболд,

Шүүгдэгч: О.Д- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт О.Д-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905046930285 дугаартай хэргийг 2021  оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, О.Д-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч О.Д- нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 59 дүгээр байр 40 тоотод хохирогч Ж.Ө-ыг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хот руу хөнгөлттэй үнээр аялуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банк дахь 5030558383 тоот дансаар 900.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч О.Д- шүүх хуралдаанд: “...Би хохирогчтой гэрээ байгуулан Манжуур явуулахаар болсон. Би анх удаа аялал зуучлалын бизнес эрхэлж байсан ба Улаан-Үд рүү хүмүүс аялалаар явуулсан байсан ба зочид буудлын захиалгаас болж өөрт байсан бүх мөнгөө тийш нь зарцуулснаас эдийн засгийн боломжгүй болсон. Тэгээд түрээсийн байрнаасаа гарсан. Эд зүйлээ зөөж байхдаа хүмүүсийн захиалгын баримтуудыг гээгдүүлсэн тул хохирогчтой холбоо барьж чадаагүй. Өөрийн буруу зүйл хийснийг ойлгож гэмшиж байна. Хохирол нөхөн төлсөн” гэв.

Хохирогч Ж.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Манжуур явах зорилгоор 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр фэйсбүүкт хайлт хийж байгаад “Royal your United” гэсэн хаягтай пэйж хуудас байхаар нь орж үзсэн. Тэгэхэд Манжуурын аялалд 50 хувийн хямдралтай явуулна гэсэн зар байршуулсан байсан. Ингээд тухайн зарын дагуу 88682015 гэсэн дугаараар холбогдоход үл таних эрэгтэй хүн утсыг авч надтай ярьсан. Тухайн хүн хэлэхдээ манай байгууллага 3 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа тогтмол явуулж Манжуур руу хүмүүсийг аялуулж байгаа гэж тайлбарласан. Ингээд тухайн байгууллагын хаяг болох Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Вокзалын автобусны буудлын зүүн талд 2 давхар хуучны шар байшингийн нэг давхарт нь үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд ороход нэг ширээ, нэг сандал л байсан. Тэнд надад өөрийгөө Д- гэж танилцуулсан эрэгтэй манай компани урьд нь олон удаа Манжуур руу хүмүүсийг аялуулж байсан гээд зураг хүртэл үзүүлж байсан бөгөөд нэг хүний 150.000 төгрөг болно гэж хэлсэн. Ингээд хамаатны 6 хүнтэй хамт явах гэж байсан учраас нийт 900.000 төгрөгийн төлбөрийг 50305158383 гэсэн Д-ийн дансанд тухайн үедээ байршил дээр нь мобайл банк ашиглан шилжүүлсэн байдаг. Ингээд үндсэндээ бол мөнгө өгснөөс хойш 4 сарын дараа буюу 2019 оны 12 дугаар сард Манжуур явахаар болсон байсан. Тэгтэл тухайн хугацаа болоогүй байхад манай нэг хамаатны эгч Манжуур явна гэхээр нь би нөгөө газраа зааж өгтөл тэр эгч маань тийм газар байхгүй байна. Утас нь болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

Яллагдагчаар О.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн ялыг хүлээн зөвшөөрч байна. ...Ж.Ө-аас 2019 оны 12 дугаар сард Манжуур явуулахаар 6 хүний урьдчилгаа төлбөр 900.000 төгрөг авсан боловч манай компани их хэмжээний алдагдал хүлээж цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул тухайн хүнийг явуулах боломжгүй болсон бөгөөд мөнгийг бас өгөх боломжгүй байдалд ортлоо алдагдал хүлээсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 38/,

            Хохирогчийн өргөдөл /хх-н 15-19/, “Рояал Тур юнайтед” ХХК-ны захирал О.Д- болон хохирогч Ж.Ө- нарын хооронд хийсэн үйлчилгээ үзүүлэх гэрээ /хх-н 22-25/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 26/,  шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 40-43, 56-64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч О.Д- нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 59 дүгээр байр 40 тоотод хохирогч Ж.Ө-ыг БНХАУ-ын Монголын Өөртөө Засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хот руу хөнгөлттэй үнээр аялуулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банк дахь 5030558383 тоот дансаар 900.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Ж.Ө-ын: “...Би Манжуур явах зорилгоор 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр фэйсбүүкт хайлт хийж байгаад “Royal your United” гэсэн хаягтай пэйж хуудас байхаар нь орж үзсэн. Тэгэхэд Манжуурын аялалд 50 хувийн хямдралтай явуулна гэсэн зар байршуулсан байсан. ...Баянгол дүүргийн 3 дугаар хороо Вокзалын автобусны буудлын зүүн талд 2 давхар хуучны шар байшингийн нэг давхарт нь үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд ороход нэг ширээ, нэг сандал л байсан. Тэнд надад өөрийгөө Д- гэж танилцуулсан эрэгтэй манай компани урьд нь олон удаа Манжуур руу хүмүүсийг аялуулж байсан гээд зураг хүртэл үзүүлж байсан бөгөөд нэг хүний 150.000 төгрөг болно гэж хэлсэн. Ингээд хамаатны 6 хүнтэй хамт явах гэж байсан учраас нийт 900.000 төгрөгийн төлбөрийг 50305158383 гэсэн Д-ийн дансанд тухайн үедээ байршил дээр нь мобайл банк ашиглан шилжүүлсэн байдаг. Ингээд үндсэндээ бол мөнгө өгсөнөөс хойш 4 сарын дараа буюу 2019 оны 12 дугаар сард Манжуур явахаар болсон байсан. Тэгтэл тухайн хугацаа болоогүй байхад манай нэг хамаатны эгч Манжуур явна гэхээр нь би нөгөө газраа зааж өгтөл тэр эгч маань тийм газар байхгүй байна. Утас нь болохгүй байна гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан” гэсэн мэдүүлэг /хх-н 28/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Д-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Д- нь хохирогч Ж.Ө-ыг “Манжуур руу аялуулна гэж 900.000 төгрөг залилан авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчтой гэрээ байгуулсан хэдий ч санхүүгийн хувьд алдагдалд орж хохирогчийг Манжуур хот руу аялалаар явуулах бодит боломжгүй байхад хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгосон болох нь тогтоогджээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирлын хохирлыг барагдуулсан баримт шүүх хуралдаан дээр шинээр гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч О.Д-ийг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргээр ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан...бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтоож болно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

Шүүгдэгч О.Д-ийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч О.Д-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч О.Д-т ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр шийдвэрлэсэн тул Шинэчлэн найруулсан 2017 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Д-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-ийг хорих ял оногдуулахгүйгээр, 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д- нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Д-т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР