Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/271

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Д.Хонгорзул,

            Шүүгдэгч: Л.Х- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Л.Х-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2105000000371 дугаартай хэргийг 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Л.Х-, ... тоот регистртэй,

Шүүгдэгч Л.Х- нь 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал дээр хохирогч О.Г-гийн халааснаас түүний өмчлөлийн “Самсунг А-10 эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 335.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.Х- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогчийн утсыг буцаан өгсөн. Надад мөнгөний хэрэг гарсан тул хулгай хийсэн. Хорихоос өөр ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

Хохирогч О.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн үед “Peace Mall” худалдааны төвийн автобусны буудал дээрээс Сүлжмэл орох автобусанд суугаад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буух үедээ халааснаасаа хөх өнгийн Самсунг А-10 эс загварын гар утсаа хулгайд алдсан. ...би 10 дугаар хорооллын хойд талын автобусны буудал дээр буугаад халаасандаа үзтэл байхгүй байсан. Би автобусанд сууж явахдаа утсаараа ярьж явсан. Тэгээд би 25 дугаар эмийн сангийн автобусны буудал дээр гар утсаа халаасандаа хийсэн. 10 дугаар хороолол дээр буух байсан болохоор хаалгандаа дөхөөд зогсчихсон байсан. Буугаад халааснаасаа гар утсаа авах гэтэл гар утас маань алга болсон байсан. ...нилээн настай өвөө хаалга руу дөхөж ирж байсан. Өөр хүн байгаагүй. ...450.000 төгрөгөөр үнэлнэ” гэсэн мэдүүлэг /хх-н 7/,

Гэрч С.Г-гийн мөрдөн байцаалтад өгсөн :”...2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхад халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг, сэжигтний бүртгэл судалгаанд байдаг Лхамын Хатанбаатар /хоч Шараа/ гэх этгээд явж байсан ба түр саатуулан шалгахад халааснаас нь “Самсунг А-10 эс” загварын гар утас гарч ирсэн. Тухайн үед хэний утас болохыг тодруулахад 20 орчим насны эмэгтэй хүний гадуур хувцасны халааснаас хулгайлан авсан нь тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж хохирогчийг олж тогтоон ажилласан” гэсэн мэдүүлэг /хх-н 13/,

Яллагдагчаар Л.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...би тухайн үед ганцаараа явж байсан. Би энэ гэмт хэргийг ганцаараа үйлдсэн” гэсэн мэдүүлэг /х-н 43/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 1/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 18-19/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-н 15/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-н 14/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 26-35/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Л.Х- нь 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хорооллын автобусны буудал орчимд хохирогч О.Г-гийн халааснаас түүний өмчлөлийн “Самсунг А-10 эс” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 335.200 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Г-гийн: “...2021 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 14 цагийн үед “Peace Mall” худалдааны төвийн автобусны буудал дээрээс Сүлжмэл орох автобусанд яваад 10 дугаар хорооллын автобусны буудал дээр буух үедээ халааснаасаа хөх өнгийн Самсунг А-10 эс загварын гар утсаа хулгайд алдсан. ...нилээн настай өвөө хаалга руу дөхөж ирж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7/, гэрч С.Г-гийн: “...2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхад халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг, сэжигтний бүртгэл судалгаанд байдаг Лхамын Хатанбаатар /хоч Шараа/ гэх этгээд явж байсан ба түр саатуулан шалгахад халааснаас нь “Самсунг А-10 эс” загварын гар утас гарч ирсэн. Тухайн үед хэний утас болохыг тодруулахад 20 орчим насны эмэгтэй хүний гадуур хувцасны халааснаас хулгайлан авсан нь тогтоогдож шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж хохирогчийг олж тогтоон ажилласан” гэсэн мэдүүлэг /хх-н 13/, эд зүйлийн үнэлгээ, эд хураан авсан тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Л.Х-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Х- нь хохирогч О.Г-г автобуснаас буух үед нь түүний халааснаас гар утсыг хулгайлан 335.200 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гар утсаа буцаан авсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Л.Х-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Л.Х-т ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил хорих ял оногдуулах ялын санал гаргасан болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс шүүгдэгч Л.Х-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирол нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг хуульд заасан доод хэмжээгээр оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Л.Х-ыгбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Х- нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Х-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР