Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2021/ШЦТ/288

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж, шүүгч А.Алтанхуяг, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Иргэдийн төлөөлөгч: Э.Хонгорзул, Д.Батхуяг,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч: Б.Ганбаатар, Ж.Чимэг /онлайнаар/,

Шүүгдэгч: Т.Б-, түүний өмгөөлөгч Л.Данзанноров, П.Итгэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан гэмт хэрэгт Т.Б-од холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005013530601  дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т.Б-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Т.Б- нь 2020 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө 02 цаг 00 минутад Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Хан” зочид буудлын 211 тоот өрөөнд найз болох хохирогч Б.А-ыг хүнд зэргийн согтолттой байх үед буюу биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж хүзүүний зүүн талын дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судсыг шилээр хатгаж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Б- шүүх хуралдаанд: “...Тухайн өдөр буудалд хонох гэж ороод архи ууцгаасан. Архи уугаад сууж байхад Б-, А-нар нэг нутгийн хүмүүс гээд хоорондоо юм ярьж сууж байгаад А-Б-ын утсаар нэг хүнтэй утсаар ярьсан. Тэгээд нөгөө хүнтэйгээ маргалдаад байсан. Би яасан талаар асуухад 14 саяар түрээсэлдэг машин гэж байхгүй биз дээ, надад томорлоо гээд байсан. Тэгэхээр нь би “нэг нутгийн хүмүүс байж яагаад маргалдаад байдаг юм бэ” гэхэд “чамд хамаагүй” гэсэн. Би буцаад орон дээрээ хэвтээд утсаа оролдсон. Гэтэл гэнэт нүүр лүү архи цацсан. Би гэнэт огцом уурлаад юу ч бодолгүй гарт таарсан архины шилээр цохисон. Нэг л удаа толгой руу нь цохисон. Цохисон шилээ буулгахдаа хүзүүг нь зүссэн байх. Тэгээд хүзүүнээс нь цус гарч байсан. Бид хоёрт муудсан, хэрэлдсэн зүйл байгаагүй. Би найзынхаа хүзүүг нь зүснэ гэж бодоогүй, юу ч бодолгүй л архины шилээр цохисон. Толгой дээр нь хагарсан архины шилний амсар гарт атгаатай чигтэй доош буухдаа хүзүүг нь зүссэн байх. Цус их гарж байсан тул сандраад цамцаа тайлаад хүзүүн дээр нь дарсан. Гаднаас өрөөнд Б- орж ирэхэд талийгаач “чамд хамаагүй, бид хоёрын асуудал гээд чи гарч бай” гэсэн. Би сандраад түргэн дуудаарай гэсэн. Удалгүй буудлын хүн орж ирэхэд түргэн дуудаарай гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэг рүү явах гээд гарч машин олохоор гарахад Э- ирж таараад түүний машинаар түргэн лүү авч явъя гээд куртикээрээ боогоод өргөөд гаргах гэсэн дийлэхгүй унаад байсан. Маш их цус гарч байсан тул айсан, сандарсандаа нэг мэдэхэд буудлын гадаа ганцаараа явж байсан. Би найзыгаа ална гэж огт бодоогүй” гэв.

Хохирогчийн төлөөлөгч Б.З-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр нөхөр А-11 цагийн үед 21-р хорооллын гэрээсээ гараад явсан. Гарахдаа надад хаашаа явах гэж байгаа хэнтэй уулзах талаараа хэлээгүй, би ч асууж таараагүй. Харин урьд шөнө нь Б-, Д- гэж найз нар нь дуудаад байсан. Б- гэх найз нь зүүн хараагаас хүнд зодуулаад эрүүгээ хугалуулаад ирчихсэн байна, ахындаа байна гэж дуудаад байсан, би зүүн хараагаас ирсэн найзуудтайгаа уулзах гэж гарлаадаа гэж бодсон. 2020 оны 4 дүгээр сарын 18-ны орой 22 цаг өнгөрч байхад нөхөр А-ы утас руу залгахад өөрөө утсаа авсан ба архи уучихсан согтуу байдалтай байсан. Би найзуудтай буудалд байна гэхээр нь би өөр юм яриагүй. Харин урьд шөнө 00:19 цагт 88086075 дугаарын утсаар миний утас руу А-залгаад надтай ямар нэгэн юм ярилгүйгээр угаасаа та нарын зөв миний буруу гэж яриад байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 54-55/,

Гэрч Н.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн үед согтуу 30 орчим насны 2 нь өндөрдүү, нэг нь намхан гурван залуу орж ирээд буудлын өрөө авах гэсэн юм гэхээр нь би та гурав согтуу байна үйлчлэхгүй гэсэн чинь бид нар хол гэртээ юм, одоо нэмж архи уухгүй орж унтлаа гэхээр нь би Төмөрбаатарын Б- нэрээ хэлсэн хүнийг нь буудлын бүртгэлийн дэвтэр дээрээ бүртгээд хоёр давхрын 211 тоот өрөөнд оруулсан юм. Тэгээд 00 цаг өнгөрч байтал нөгөө гурван залуугийн намхан залуу нь хоёрдугаар давхраас буугаад ирэхээр нь би унтана гэсэн яасан бэ гэж асуухад, нөгөө залуу дуудлага өгөх гэж байна гэж хэлчхээд гараад явчихаар нь би юун дуудлага яасан дуудлага гээд дээшээ хоёрдугаар давхарт гарч 211 тоот өрөө рүү орсон чинь шалан дээр архины шил хагараад бутарчихсан. Нэг залуугийнх нь хүзүүнээс цус гарчихсан цонхон талын ор налаад доошоо хараад шалан дээр суучихсан, нөгөө залуу нь хоёр гар нь цус болчихсон хажууд нь зогсож байхаар нь би яасан юу болсон бэ гэж асуухад нөгөө залуу дуугараагүй. Тэгээд би өөрийн 99799834 дугаараас түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Намайг түргэн тусламж болон цагдаад дуудлага өгч байхад нөгөө зогсож байсан залуу өрөөнөөс гарчхаад орж ирсэн. Тэгэхдээ хүн дуудсан юм уу яасан юм мэдэхгүй гаднаас 30 орчим насны туранхай өндөрдүү эмэгтэй орж ирээд, эмнэлэг рүү аваад явах уу, би машинтай явж байна гэхэд нөгөө залуу нь яаж өргөж гарах уу гэж байснаа гараад явчихсан, тэгсэн нөгөө эмэгтэй яанаа гэж байснаа бас нөгөө залуугийн араас гараад явчихсан. Тэгээд нэг их удалгүй түргэн тусламж ирээд нөгөө залууг аваад явсан юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 63-64/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Өчигдөр буюу 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод амьдардаг багийн найз А-тай утсаар яриад Монгол телевизийн хажууд уулзахаар болоод би найз Идэрбаярын машинаар нь 19 цагийн үед Монгол телевизийн хажууд хүргүүлэн А-тай уулзсан. Тэгэхэд А-, Б- гэх найзтайгаа ирсэн ба тэр хоёр хоёулаа архи уучихсан согтуу байсан. Тэгээд А-нэг шил архи аваад Идэрбаярын машинд нь сууж байгаад А-, Б- бид гурав хувааж уусан. Тэр хоёр над дээр ирэхээс өмнө хороололд буудал авсан байсан яг ямар нэртэй буудал байсныг мэдэхгүй байна, архиа дуусгаад Идэрбаяраар тэр буудал руу хүргүүлсэн. Би буудал руу орохоос өмнө дэлгүүрээс нэг шил архи, ундаатай аваад уг буудал руу нь орох гэсэн чинь буудалд архи уулгахгүй гээд бид нарыг оруулаагүй. Тэгээд А-, Б- бид гурав такси бариад хорооллын эцэст байх “Хан” нэртэй буудал руу очиж хоёрдугаар давхрын 211 тоот өрөөнд орсон. Архи уучихсан байсан болохоор би хэдэн цагт буудал руу орсноо хэлж мэдэхгүй. Буудлын өрөөнд ороод бид гурав дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. Уг буудлын өрөө нь 2 ортой байсан болохоор би явах гэтэл тэр хоёр байж бай бид хоёртой жаахан суу гээд байсан. Тэгээд архи дууссан чинь Б- нэмээд нэг юм ууя гэхээр нь би архи авахаар дэлгүүр рүү гартал онгорхой дэлгүүр байгаагүй, дэлгүүрүүд хаачихсан байсан. Тэгээд би буцаад буудал руу ортол тэр хоёр хаалгаа дотроосоо цоожилчихсон байхаар нь хаалгыг нь тогшсон чинь Б- хаалга онгойлгож өгсөн ба буудлын өрөөний шал нилэнхүүдээ цус болчихсон, А-ы хүзүүнээс цус гарчихсан, хүзүүгээ майк байсан уу, юу байсан, ямар ч байсан нэг даавуугаар боочихсон сууж байхаар нь би юу болоод байгаа юм бэ гэж асуухад, А-чамд хамаагүй бид хоёрын асуудал, чи гарч бай гэсэн. Тэгж хэлэхэд нь А-ы хүзүүнээс цус олгойдоод цацарч гарч байсан. Тэгээд би сандарсандаа гарч гүйгээд өөрийн 91854557 гэсэн дугаараас цагдаа болон түргэн тусламж дуудсан. Тухайн үед түргэн тусламж цагдаа өөдөөс хаяг асуугаад байсан, би хаяг хэлж мэдэхгүй байсан болохоор ямарч байсан найзыгаа дагуулан буцаад буудал дээр ирэхэд цагдаа нар ирчихсэн байсан юм. Намайг байх хугацаанд тэр хоёр хоорондоо муудалцсан, маргасан зүйл болоогүй. Хоорондоо ажлаа яриад л байж байсан. Намайг дэлгүүр явчхаад ирэхэд л ийм зүйл болчихсон байсан. Би дэлгүүр хайж ойролцоогоор 10 орчим минут л яваад ирсэн юм. Б-ыг ямар шалтгааны улмаас А-ыг юугаар гэмтээсэн талаар мэдэхгүй байна. Тэр хоёроос өөр хүн буудлын өрөөнд байгаагүй. Намайг гаднаас орж ирэхэд Б-ын хоёр гар нь цус болчихсон хоёр гараа эргүүлж тойруулж хараад дуугарахгүй зогсоод байсан юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 65-66/,

Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө цагийг нь хэлж мэдэхгүй байна гэртээ унтаж байхад манай найз Б- над руу залгаад “хорооллын эцэс гэдэг газар А-болон түүний найз бид гурав зочид буудалд байж байгаад, би дэлгүүр яваад ирэх хооронд А-ы хоолойг зүсчихсэн байна. А-ы хоолойноос цус годогдоод гоожоод байна, цагдаа, эмнэлэг дуудсан чинь хаягийг нь асуугаад байна, чи хүрээд ирээч” гэж сандарсан байдалтай ярихаар нь би унааны мөнгөгүй шүү дээ гэсэн чинь Б- би такси бариад очиж авъя гэсэн. Тэгээд би хувцсаа өмсөөд өөдөөс нь гарахад Б- такситай хүрээд ирсэн юм. Тэгээд бид хоёр тэд нарын байсан гэх буудлын гадаа очиход Хан гэдэг нэртэй буудал байсан ба цагдаа нар ирчихсэн, А-ыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 69/,

Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Б- над руу залгаж ярихгүй болохоор нь би 18 цагаас хойш Б-ын утас руу залгасан чинь утсаа авахгүй байсан мөн мессеж бичихээр хариу бичихгүй байж байгаад шөнө 00 цаг өнгөрч байхад хорооллын эцэст байрлах Хан гэдэг нэртэй зочид буудалд байна гэж ярихаар нь би өөрийн эзэмшлийн 96-32 УБЧ улсын дугаартай автомашинтай Хан буудлын гадаа очиход Б- буудлын гадаа зогсож байсан. Тэгээд би Б-оос хэнтэй байгаа юм гэж асуусан чинь дуугарахгүй буудал руу орохоор нь би Б-ыг дагаад орсон. Тэгтэл буудлын хоёрдугаар давхрын тоотыг нь хараагүй Б-ын орсон өрөө рүү дагаад ортол буудлын өрөөний шал нилэнхүүдээ цус болчихсон нэг эрэгтэй хүн ор налаад доошоо харчихсан шалан дээр сууж байсан. Мөн хажууд нь буудлын үйлчлэгч эмэгтэй зогсож байхаар нь түргэн тусламж дуудсан юм уу гэж асуухад нөгөө үйлчлэгч эмэгтэй түргэн дуудсан, түргэн дуудсан чинь цагдаа дууд гэж байна гээд цагдаа руу залгаж дуудлага өгч байсан. Тэгээд би нөгөө эрэгтэйг дээш нь харуулсан чинь хүзүүний зүүн хэсгээс цус гарч байхаар нь гэмтлийн эмнэлэг рүү аваад явъя гэсэн чинь Б- нөгөө залуугийн хүзүүг өөрийнхөө куртикээр боогоод өргөх гэсэн боловч дийлээгүй. Тэгснээ Б- надаас машины түлхүүрээ өгчих гэхээр нь би машины түлхүүрээ өгсөн чинь Б- гараад явчихсан. Тэгээд буцаж орж ирэхгүй болохоор нь би араас нь буудлаас гарч харахад Б- гадаа байхгүй миний машин байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 70-71/,

Шинжээчийн 948 тоот дүгнэлтэд: “...Талийгаач Б.А- нь хүзүүний зүүн талд дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судас гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж улмаар нас баржээ. 2020 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 04 цаг 55 минутын цогцост хийсэн анхны үзлэгээр нас бараад 3-4 цаг орчим болсон байна. Талийгаачийн цогцост хүзүүний зүүн талд дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судас гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх, хүзүүний зүүн дээд хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шархнууд, зулгаралт, духанд няцарсан шарх, зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг, зүүн хацар, баруун бугалга, шуу, бугуй, зүүн мөр, бугалга, тохой, шуу, сарвууны алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх хүзүүнд хатгагдаж зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, бусад гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх хүзүүний зүүн талд дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судас гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт, бусад гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаач нь баруун уушгины дээд дэлбэнгийн ээдмэнцэрт сүрьеэ өвчтэй байсан нь үхэлд хүргээгүй байна. Талийгаачийн цусанд 3.8 промилли, цөсөнд 3.6 промилли, ходоодны шингэнд 4.3 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд 3.8 промилли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолттой байжээ” гэсэн дүгнэлт /хх 1-н 95-99/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 532 тоот дүгнэлтэд: “...Т.Б- сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Т.Б- үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Т.Б- хэрэг хариуцах чадвартай байна. Т.Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан жолоодох чадвартай байсан байна” гэсэн дүгнэлт /хх 2-н 48-49/,

Сэжигтнээр Т.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би босч ирээд А-д нутаг усны хүмүүс байж битгий маргалдаад байж гэж хэлсэн. А-хэнтэй яахаа би өөрөө мэдэж байна гээд надтай маргаж эхэлсэн. Би чи яагаад байгаа юм гээд А-тай маргаж байсан нэг сэргэхэд өрөө нил цус болчихсон миний 2 гар нилэнхүүдээ цус болчихсон. А-орон дээр өөдөөс харсан байдалтай сууж байсан. А-ы толгой болон хүзүүнээс нь цус гарч байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 178-180/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 5/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 1-н 6-18/, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 19-20/ цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 21-26/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 27-30/, “Хан” зочид буудлын бүртгэлийн дэвтэр /хх 1-н 49-50/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 1-н 193-207, 213, 217-242/, хохирлын баримтууд /хх 1-н 244-250, 2-н 1-24/, хохирлын мөнгө шилжүүлсэн баримт /хх 2-н 58-62/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч Т.Б- нь согтуурсан үедээ 2020 оны 4 дүгээр сарын 19-ний шөнө 02 цаг 00 минутад Баянгол дүүргийн 9 дүгээр хороонд байрлах “Хан” зочид буудлын 211 тоот өрөөнд найз болох хохирогч Б.А-ыг хүнд зэргийн согтолттой байх үед буюу биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж хүзүүний зүүн талын дунд хэсэгт гүрээний зүүн тараагуур судсыг шилээр хатгаж алсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаан болон мөрдөн байцаалтын шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн төлөөлөгч Б.З-гийн: “...2020 оны 4 дүгээр сарын 18-ны орой 22 цаг өнгөрч байхад нөхөр А-ы утас руу залгахад өөрөө утсаа авсан ба архи уучихсан согтуу байдалтай байсан. Би найзуудтай буудалд байна гэхээр нь би өөр юм яриагүй. Харин урьд шилжих шөнө 00:19 цагт 88086075 дугаарын утсаар миний утас руу А-залгаад надтай ямар нэгэн юм ярилгүйгээр угаасаа та нарын зөв миний буруу гэж яриад байсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 54-55/, гэрч Н.Д-ын: “...2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 23 цагийн үед согтуу 30 орчим насны 2 нь өндөрдүү, нэг нь намхан гурван залуу орж ирээд буудлын өрөө авах гэсэн юм гэхээр нь би та гурав согтуу байна үйлчлэхгүй гэсэн чинь бид нар хол гэртээ юм, одоо нэмж архи уухгүй орж унтлаа гэхээр нь би Төмөрбаатарын Б- нэрээ хэлсэн хүнийг нь буудлын бүртгэлийн дэвтэр дээрээ бүртгээд хоёр давхрын 211 тоот өрөөнд оруулсан юм. ...211 тоот өрөө рүү орсон чинь шалан дээр архины шил хагараад бутарчихсан, нэг залуугийнх нь хүзүүнээс цус гарчихсан цонхон талын ор налаад доошоо хараад шалан дээр суучихсан, нөгөө залуу нь хоёр гар нь цус болчихсон хажууд нь зогсож байхаар нь би яасан юу болсон бэ гэж асуухад нөгөө залуу дугараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 63-64/, гэрч Б.Б-ын: “...А-, Б- бид гурав такси бариад хорооллын эцэст байх “Хан” нэртэй буудал руу очиж хоёрдугаар давхрын 211 тоот өрөөнд орсон. ...би буцаад буудал руу ортол тэр хоёр хаалгаа дотроосоо цоожилчихсон байхаар нь хаалгыг нь тогшсон чинь Б- хаалга онгойлгож өгсөн ба буудлын өрөөний шал нилэнхүүдээ цус болчихсон, А-ы хүзүүнээс цус гарчихсан, хүзүүгээ майк байсан уу, юу байсан, ямар ч байсан нэг даавуугаар боочихсон сууж байхаар нь би юу болоод байгаа юм бэ гэж асуухад, А-чамд хамаагүй бид хоёрын асуудал, чи гарч бай гэсэн. Тэгж хэлэхэд нь А-ы хүзүүнээс цус олгойдоод цацарч гарч байсан. ...Б-ыг ямар шалтгааны улмаас А-ыг юугаар гэмтээсэн талаар мэдэхгүй байна. Тэр хоёроос өөр хүн буудлын өрөөнд байгаагүй. Намайг гаднаас орж ирэхэд Б-ын хоёр гар нь цус болчихсон хоёр гараа эргүүлж тойруулж хараад дуугарахгүй зогсоод байсан юм” гэсэн мэдүүлэг /хх 1-н 65-66/, гэрч Б.Б-ын: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө цагийг нь хэлж мэдэхгүй байна гэртээ унтаж байхад манай найз Б- над руу залгаад “хорооллын эцэс гэдэг газар А-болон түүний найз бид гурав зочид буудалд байж байгаад, би дэлгүүр яваад ирэх хооронд А-ы хоолойг зүсчихсэн байна. А-ы хоолойноос цус годогдоод гоожоод байна, цагдаа, эмнэлэг дуудсан чинь хаягийг нь асуугаад байна, чи хүрээд ирээч” гэж сандарсан байдалтай ярихаар нь би унааны мөнгөгүй шүү дээ гэсэн чинь Б- би такси бариад очиж авъя гэсэн. ...Тэгээд бид хоёр тэд нарын байсан гэх буудлын гадаа очиход Хан гэдэг нэртэй буудал байсан ба цагдаа нар ирчихсэн, А-ыг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 69/, гэрч Д.Э-ын: “...би Б-оос хэнтэй байгаа юм гэж асуусан чинь дуугарахгүй буудал руу орохоор нь би Б-ыг дагаад орсон. Тэгтэл буудлын хоёрдугаар давхрын тоотыг нь хараагүй Б-ын орсон өрөө рүү дагаад ортол буудлын өрөөний шал нилэнхүүдээ цус болчихсон нэг эрэгтэй хүн ор налаад доошоо харчихсан шалан дээр сууж байсан мөн хажууд нь буудлын үйлчлэгч эмэгтэй зогсож байхаар нь түргэн тусламж дуудсан юм уу гэж асуухад нөгөө үйлчлэгч эмэгтэй түргэн дуудсан, түргэн дуудсан чинь цагдаа дууд гэж байна гээд цагдаа руу залгаж дуудлага өгч байсан. Тэгээд би нөгөө эрэгтэйг дээш нь харуулсан чинь хүзүүний зүүн хэсгээс цус гарч байхаар нь гэмтлийн эмнэлэг рүү аваад явъя гэсэн чинь Б- нөгөө залуугийн хүзүүг өөрийнхөө куртикээр боогоод өргөх гэсэн боловч дийлээгүй. Тэгснээ Б- надаас машины түлхүүрээ өгчих гэхээр нь би машины түлхүүрээ өгсөн чинь Б- гараад явчихсан” гэсэн мэдүүлэг /хх 1-н 70-71/, шинжээчийн 948 тоот дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын 532 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзаннорвын “амь хохирогч нь биеэ хамгаалж чадахгүй байгаа гэдгийг мэдсээр байж алсан нь тогтоогдохгүй байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү”,

Өмгөөлөгч П.Итгэлийн “амь хохирогч нь хүнд гэмтэл аваад гэмтлийн эмнэлэгт очоод нас барсан тул хүнд гэмтэл учруулснаас амь нас хохирсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн хүсэлт тус тус гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч Б.А- нь хэрэг болох үед цусанд 3.8 промилли, цөсөнд 3.6 промилли, ходоодны шингэнд 4.3 промилли спиртийн агууламж илэрсэн байна. Цусанд 3.8 промилли спиртийн агууламж илэрсэн” буюу хүнд зэргийн согтолттой байжээ.

Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдийн үйлдлийн эсрэг идэвхтэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ.

Биеэ хамгаалж чадахгүй хүн гэдэгт “хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй байдлыг ойлгоно.

Амь хохирогч нь тухайн үед согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн буюу тухайн өдрийн өглөөнөөс шүүгдэгч, хохирогч нар нь хамтдаа архи, согтууруулах ундаа хэрэглэсэн, гэрч Б-тай уулзах үедээ согтуу байсан, дахин хамт зочид буудалд архи уусан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Хохирогчийг хэр хэмжээний согтууруулах ундаа уусан, хүнд зэргийн согтолттой байсныг шүүгдэгч нь мэдэж байсан болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Мөн хүнийг алсан гэмт хэргийн хувьд шууд ба шууд бус санаатай алах санаа зорилго агуулахгүй бөгөөд өөрийн үйлдлийн хууль бус болохыг мэдэж түүнийг хүсэж үйлдсэнээр гэмт хэргийн шинж хангагдах ба хохирогч нь шүүгдэгчийн үйлдлийн улмаас буюу шилээр хатгагдаж гүрээний зүүн тараагуур судас гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас барсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Б- нь амь хохирогч Б.А-ыг архины шилээр цохиж улмаар гүрээний зүүн тараагуур судас гэмтээсэн нэвт хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас барсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.

Амь хохирогчид учирсан гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж авч чадаагүй, уг гэмтлийн улмаас амь нь нас нь шууд хохирсон байх тул хүнд гэмтлийн улмаас амь нас нь хохирсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Т.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Т.Б- нь амь хохирогч Б.А-ыг согтуурсан биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж толгойн тус газар нь архины шилээр цохиж, хагарсан шилээр хоолойд нь хатгаж алсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд иргэдийг төлөөлөн оролцсон иргэдийн төлөөлөгч нар нь шүүгдэгч Т.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай боловч санаатай алаагүй байна гэсэн дүгнэлт гаргасан болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэг нь санаатай болон санамсаргүй алсан байх шинжийг заагаагүй ба тухайн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байхыг хууль тогтоогч тогтоосон болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар гаргасан хохирогчийн 7, 49 хоногийн буяны ажилд зарцуулсан мөнгө болох 5.162.120 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн төлөөлөгч Б.З-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Т.Б- нь шүүх хуралдаанд дээрх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 10.000.000 төгрөг төслөн болохыг дурдах нь зүйтэй.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс болон сэтгэл санааны хохирол зэргийг хэлэлцэхгүй орхиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь дээрх хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Т.Б-ыг гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б-од 14 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгч нар ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч Т.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал буюу бага насны хоёр хүүхэдтэй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-од шүүхээс оногдуулсан хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн урьд цагдан хоригдсон 387 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн архины шилний хэлтэрхийнүүдийг устгахаар шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1,  22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч  Т.Б-ыг “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 14 жил хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-од оногдуулсан 14 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ын урьд цагдан хоригдсон 387 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-оос 5.162.120 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.З-д олгосугай.
  6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
  7. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 10.000.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн архины шилний хэлтэрхийнүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устагасугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-од цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Ч.ОТГОНБАЯР

    

        ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ

                                                         

        ШҮҮГЧ                                    Л.ОЮУН