Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2021/ШЦТ/20

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Далайхүү даргалж,

нарийн бичгийн дарга Т.Будхүү,

улсын яллагч С.Оюунжаргал,

хохирогч Ц.А,

иргэний нэхэмжлэгч Б.Х,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Ц-ийн Б-т холбогдох эрүүгийн 2003004780440 дугаартай хэргийг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Х аймгийн Д суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Б дүүргийн 00 тоотод оршин суух,

- урьд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар тэнссэн хугацаанд ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан, Я овогт Ц-ийн Б /РД: ПП0000000/.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны шөнийн 02 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн урд замд А.Б-ын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 0000 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэсэн заалтыг зөрчин урдаа яваа тээврийн хэрэгсэл хөдөлгөөнөө сааруулахад хөдөлгөөнөө сааруулахгүй гүйцэт түрүүлэх үйлдэл хийсний улмаас явган зорчигч 25 настай Б.Х, 26 настай Ц.А нарыг мөргөж, Б.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн, Ц.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 09 дүгээр сарын 26-ны шөнө 25 дугаар эмийн сангийн урд замд дуудлагын жолоочоор иргэн А.Б-ын автомашиныг бариад явж байсан. Тухайн өдөр бороо орсон зам нойтон байсан тул 30 км цагийн хурдтай явж байхад гэнэт 2 хүн гараад ирсэн. Машиныг зогсоох гэсэн боловч амжаагүй очоод мөргөсөн. Хохирогч нарын хохиролд 1 сая төгрөг төлсөн байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.А мэдүүлэхдээ: “...Энэ гэмт хэргийн улмаас миний биед учирсан гэмтэлтэй холбоотой ирээдүйд хийгдэх эмчилгээ их байгаа тул гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Х мэдүүлэхдээ: “...Энэ гэмт хэргийн улмаас миний бие хөнгөн гэмтэл, манай эхнэр Ц.А хүндэвтэр гэмтэл авсан. Эмчилгээний зардалд нийт 2.500.000 төгрөг нэхэмжилж байгаа. Г.Б-ын зүгээс 1 сая төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 1.500.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:

1.Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн:

“...суурингийн доторх, асфальтан, шулуун, автобус, троллейбусны зогсоол бүхий, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, бороотой, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 6 эгнээтэй, явган хүний замтай гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэмжилтийн бүдүүвч...” гэсэн тэмдэглэл /хх 5-12/,

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 11124 дугаартай:

“...Ц.А-гийн биед баруун нүдний ухархайн дотор, доод, гадна ханын цөмөрсөн, баруун хацар ясны хоёрлосон хугарал, хоншоор ясны цөмөрсөн нийлмэл хугарал, тархи доргилт, баруун зовхинд шарх, нүүрний баруун хэсгийн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-54-56/,

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 11174 дугаартай:

“...Б.Х-гийн биед тархи доргилт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 58-59/,

4. Жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 15/,

5. Хохирогч Ц.А-гийн:

“...2020 оны 09 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө нөхөр Х, хоёр найз З, А нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо 25 дугаар эмийн сангийн урд талын замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч явахад 1, 2 дугаар эгнээний тээврийн хэрэгслүүд зам тавьж өгөхөөр нь алхаж байтал 3 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирээд зүүн талаас манай нөхөр бид хоёрыг мөргөсөн. Ослоос хойш 2 сая төгрөгийн зардал гарсан, нүүр хацар шанааны яснууд хугарч, үүрсэн, баруун нүдний ухархайн яс хугарч гэмтсэнээс болж эмплянт төмөр тавих хагалгаанд орсон. Мөн 4-н газар ялтас тавьсан. Цаашид эрүү, нүдэнд эмчилгээ хийлгэж мэс заслын хагалгаанд орох шаардлагатай байгаа, уг хагалгаанд хэдэн төгрөгийн зардал гарахыг одоогоор хэлж мэдэхгүй байна, нүүрний баруун тал мэдээгүй болсон, мөн баруун хөл, гар бадайрч өвддөг, хоол идэж, зажилж болохгүй юм ярихад хүндрэлтэй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 18-19/,

6. Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Б-ын:

“...би дуудлагын жолоочоор өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодуулан гэртээ харихаар 25 дугаар эмийн сангийн урд талын замаар 2 дугаар эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай явж байтал урд нь явж байсан тээврийн хэрэгсэл хурдаа сааруулахад миний машиныг унаж явсан дуудлагын жолооч 3 дугаар эгнээ рүү ороод явах гэтэл урдуур гэнэт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд араас 2-3 залуу явж байгаа харагдсан ба жолооч тоормос гишгэсэн боловч ойрхон тулаад ирчихсэн учраас эрэгтэйг нь автомашины жолооч талын урд хэсгээр шүргээд эмэгтэйг нь автомашины баруун урд хэсгээр мөргөхөд тухайн эмэгтэй копудан дээр гарч ирээд толгойгоороо машины урд салхины шилийг мөргөөд буцаж гулсаад газар унасан. Автомашины урд салхины шил хагарсан, копудны баруун хэсэгт хонхойсон, баруун талын их гэрэл дотогшоо цөмөрч орсон, үнэлгээний байгууллагаар үнэлгээ хийлгүүлээгүй, жолоочтой ярьж тохироод эвдэрсэн зүйлүүдийг солиулчихвал надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Хуульд эзэмшигчийг хохирлыг төлж барагдуулахаар заасан байдаг би хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх 21-22, 26/,

7. Иргэний хариуцагч “А” ХХК-ийн төлөөлөгч Б.Г-ийн:

‘‘...Манай байгууллагын жолооч нар ажилдаа гарах болгонд хүн тус бүрээр нь ХАБ-ын баталгаа, зөвлөгөөтэй танилцуулан гарын үсэг зуруулж, баталгаажуулан ажилд нь гаргадаг. Хэрэв жолооч нар ажил үүргээ гүйцэтгэх үедээ болгоомжгүй байдлаас гарсан зам тээврийн хэрэг, ослын улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан тохиолдолд даатгалын байгууллагаар шийдвэрлүүлдэг...” гэсэн мэдүүлэг /хх 30/,

8. Иргэний нэхэмжлэгч Б.Х-гийн:

“...тухайн үед бороо орж байсан бөгөөд замын зорчих хэсэг нойтон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн сийрэг, замын гэрэл гэрэлтүүлэгтэй байсан. Рентген зураг авхуулахад зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэсэн, би эм тариа авч хэрэглээгүй, харин эхнэрийн маань эмчилгээний зардал 2 сая гаран төгрөг болсон. Би эхнэрээ эмнэлэгт сахиж байсан учраас өөртөө эмчилгээ хийлгэх боломжгүй байсан. Миний зүгээс Б-аас нэхэмжлэх хохирол байхгүй, харин эхнэр А-ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг жолоочоос гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх 39-40/,

9. Гэрч Б.З-ийн:

“...Бид нар зам хөндлөн гарч байхад зорчих хэсгийн 1 болон 2 дугаар эгнээгээр явж байсан автомашинууд бид нарт зам тавьж өгөөд зогссон, тэгээд бид нар чигээрээ зорчих хэсгийн 3 дугаар эгнээ рүү алхаад орох үед “Тоёота Приус” маркийн автомашин ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явах чиглэлээс ирээд урд явж байсан Аззаяа, Хангай хоёрыг зэрэг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх 43-44/,

10. Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт /хх 62-66/,

11. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадалгаа /хх 67-68/,

12. Жолоодох эрхийн лавлагаа /хх 132/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ц.Б-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

I. Гэм буруугийн талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ц.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Б.Х, Ц.А нарыг мөргөж, Б.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн, Ц.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүх: прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Б-т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны шөнийн 02 цаг 05 минутын орчимд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 25 дугаар эмийн сангийн урд замд А.Б-ын эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 0000 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэсэн заалтыг зөрчин урдаа яваа тээврийн хэрэгсэл хөдөлгөөнөө сааруулахад хөдөлгөөнөө сааруулахгүй гүйцэт түрүүлэх үйлдэл хийсний улмаас явган зорчигч 25 настай Б.Х, 26 настай Ц.А нарыг мөргөж, Б.Х-гийн эрүүл мэндэд хөнгөн, Ц.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь:   

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн “...суурингийн доторх, асфальтан, шулуун, автобус, троллейбусны зогсоол бүхий, үзэгдэх орчин чөлөөтэй, зорчих хэсэг гэрэлтүүлэгтэй, бороотой, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвастай, 6 эгнээтэй, явган хүний замтай гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол, хэмжилтийн бүдүүвч...” гэсэн тэмдэглэл,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн 11124 дугаартай “...Ц.А-гийн биед баруун нүдний ухархайн дотор, доод, гадна ханын цөмөрсөн, баруун хацар ясны хоёрлосон хугарал, хоншоор ясны цөмөрсөн нийлмэл хугарал, тархи доргилт, баруун зовхинд шарх, нүүрний баруун хэсгийн зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун гуянд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 11174 дугаартай дүгнэлт,

- Хохирогч Ц.Агийн “...25 дугаар эмийн сангийн урд талын замаар ертөнцийн зүгээр хойноос урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч явахад 1, 2 дугаар эгнээний тээврийн хэрэгслүүд зам тавьж өгөхөөр нь алхаж байтал 3 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл гэнэт гарч ирээд зүүн талаас манай нөхөр бид хоёрыг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг, 

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Баяржаргалын “...би дуудлагын жолоочоор өөрийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн 0000 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслээ жолоодуулан гэртээ харихаар 25 дугаар эмийн сангийн урд талын замаар 2 дугаар эгнээгээр 40 орчим км цагийн хурдтай явж байтал урд нь явж байсан тээврийн хэрэгсэл хурдаа сааруулахад миний машиныг унаж явсан дуудлагын жолооч 3 дугаар эгнээ рүү ороод явах гэтэл урдуур гэнэт эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд араас 2-3 залуу явж байгаа харагдсан ба жолооч тоормос гишгэсэн боловч ойрхон тулаад ирчихсэн учраас эрэгтэйг нь автомашины жолооч талын урд хэсгээр шүргээд эмэгтэйг нь автомашины баруун урд хэсгээр мөргөхөд тухайн эмэгтэй копудан дээр гарч ирээд толгойгоороо машины урд салхины шилийг мөргөөд буцаж гулсаад газар унасан...” гэсэн мэдүүлэг,

- Иргэний нэхэмжлэгч Б.Х-гийн “...тухайн үед бороо орж байсан бөгөөд замын зорчих хэсэг нойтон, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн сийрэг, замын гэрэл гэрэлтүүлэгтэй байсан. ...эхнэр Аззаяагийн эрүүл мэндэд учирсан хохирлыг жолоочоос гаргуулж авмаар байна...” гэсэн мэдүүлэг, 

- Гэрч Б.Зэвийн “...Бид нар зам хөндлөн гарч байхад зорчих хэсгийн 1 болон 2 дугаар эгнээгээр явж байсан автомашинууд бид нарт зам тавьж өгөөд зогссон, тэгээд бид нар чигээрээ зорчих хэсгийн 3 дугаар эгнээ рүү алхаад орох үед “Тоёота Приус” маркийн автомашин ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явах чиглэлээс ирээд урд явж байсан Аззаяа, Хангай хоёрыг зэрэг мөргөсөн...” гэсэн мэдүүлэг,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадалгаа зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хууль зүйн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба, зам тээврийн осол хэргийн улмаас хохирогч Ц.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ц.Б-ыг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

-Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчийн тогтоолоор “Тоёота Приус” маркийн 00-00 УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч А.Быг иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй, үндэслэлтэй зөв тогтоосон гэж шүүх үзэв. Учир нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан.

Хэргийн үйл баримтаар иргэний хариуцагч А.Б нь “А” ХХК-ний дуудлагын жолоочийн үйлчилгээгээр үйлчлүүлсэн байх бөгөөд тус компанийн жолооч Ц.Б нь А.Б-ын өгсөн дуудлагын дагуу түүний автомашиныг жолоодон явж байхдаа зам тээврийн осол хэрэг гаргасан бөгөөд, тэрээр тээврийн хэрэгслийн эзэмшигч өмчлөгч А.Б нь өөрийн зөвшөөрлийн үндсэн дээр тээврийн хэрэгслийг Ц.Б-т шилжүүлсэн нь дээрх хуульд заасан гэм хорыг хариуцах арилгах үүрэг бүхий этгээд байна.

Мөн дуудлагын жолоочийн үйлчилгээ үзүүлдэг “А” ХХК-/захирал Б.Ганчимэг/-ийг иргэний хариуцагчаар татаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хууль зөрчөөгүй байна. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан бөгөөд Ц.Б нь дээрх байгууллагад хэлцлийн үндсэн дээр дуудлагын жолоочоор ажил үүрэг гүйцэтгэж байсан байх тул Ц.Б-ын ажил үүргээ гүйцэтгэх явцад зам тээврийн осол гаргаж бусдад учруулсан хохирлыг ажил олгогч нь хуульд заасны дагуу хариуцах үүрэг бүхий этгээд байна.

Шүүгдэгч Ц.Б-ын үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас  хохирогч Ц.Агийн биед хүндэвтэр хохирол учирсан байх ба хохирол төлбөрт 2.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Ц.Б нь хохиролд 1.000.000 төгрөг төлсөн байна.

Иймд дээрх хохирогчийн нэхэмжлэлийн үлдэх төлбөр болох 1.500.000 төгрөгийг хуульд заасны дагуу гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдүүдэд буюу шүүгдэгч, иргэний хариуцагч нараас хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй ба, шүүгдэгч Ц.Баас 500.000 төгрөг, иргэний хариуцагч А.Баас 500.000 төгрөг, иргэний хариуцагч “А” ХХК-/захирал Б.Г/-иас 500.000 төгрөг тус тус гаргуулж, хохирогч Ц.А-д нийт 1.500.000 төгрөгийг олгож шийдвэрлэв.

Мөн тус хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Б.Х-гийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд Эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлэх үндэслэлтэй ба, иргэний нэхэмжлэгч Б.Х нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч, иргэний хариуцагч нар түүнд төлөх төлбөргүй байна.

Түүнчлэн иргэний нэхэмжлэгч А.Б өөрийн автомашинд учирсан хохирол буюу “машины копудыг засварлах төлбөрийг нэхэмжилнэ” гэх боловч энэ талаар баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх шийдвэрлэх боломжгүй байна.

Иймээс иргэний нэхэмжлэгч А.Б нь өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нотлох баримтыг бүрдүүлэн, мөн хохирогч Ц.А нь гэмт хэргийн улмаас учирсан болон цаашид гарах бусад хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн,  нөгөө талаас иргэний хариуцагч А.Б, “А” ХХК нь гэм хорын зардлыг гэм буруутай этгээд буюу Ц.Б-аас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй.

II. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ “Ц.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан.   

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл шүүгдэгч Ц.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын санд 1 удаагийн ял шийтгэлтэй байх ба, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл
байдал тогтоогдоогүй.

Иймд шүүхээс шүүгдэгч Ц.Б-т “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба, үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, нөгөө талаас гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 520 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

Харин Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-д зааснаар тэнссэн хугацаанд ашигт малтмалын эрэл, хайгуул, олборлолт явуулахтай холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан байх боловч энэхүү хугацаа дуусгавар болоогүй байхад болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ...ял оногдуулна” гэж заасан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарч байна.

Нөгөө талаас шүүгдэгч Ц.Б нь дээрх шүүхийн шийтгэх тогтоолоор авагдсан албадлагын арга хэмжээг зөрчсөн эсэх тухай баримт хэрэгт авагдаагүй бөгөөд түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж” болох талаар заасан тул шүүгдэгч Ц.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг тусад нь эдлүүлэх боломжтой гэж  шүүх дүгнэлээ.

- Бусад асуудлаар:

Эрүүгийн 2003004780440 хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн В ангиллын 489665 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ц.Бт буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.12, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Яргай овогт Цогоогийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 520 /таван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан 520 /таван зуун хорин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-аас 500.000 төгрөг, иргэний хариуцагч А.Баас 500.000 төгрөг, иргэний хариуцагч “А” ХХК-/захирал Б.Г/-иас 500.000 төгрөг тус тус гаргуулж, нийт 1.500.000 төгрөгийг хохирогч Ц.Ад олгож, хохирогч Ц.А нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролтой холбоотой зардлыг, иргэний нэхэмжлэгч, хариуцагч А.Б нь эд хөрөнгийн, иргэний хариуцагч “А” ХХК нь өөрт учирсан хохирлын зардлыг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн В ангиллын 0000000000 дугаартай үнэмлэхийг шүүгдэгч Ц.Б-т буцаан олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ДАЛАЙХҮҮ