Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2023/0169

 

“Б” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч С.Г

Гомдол гаргагч: “Б” ХХК

Хариуцагч: ШӨХТГУАБС.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002281 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0022 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, Ц.Т, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч С.Г

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2022/0880/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч “Б” ХХК нь ШӨХТГУАБС.Гт холбогдуулан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002281 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0022 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.10, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 1.1, 1.3 дахь заалтыг тус тус баримтлан гомдол гаргагч “Б” ХХК-ийн гомдлын шаардлагыг хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002281 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0022 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

3.1. Анхан шатны шүүх нь “... Дээрх Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтаас үзвэл “эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол ...” гэсэн нөхцөл заасан байх ба энэ төрлийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаанд Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед үнийн хөөргөдөл, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдолыг бий болгосон бол  ... торгох ял шийтгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна” гэж Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасан “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулах” зөрчлийн шинжийг Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй адилтган авч үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Энэ үйлдлийг Эрүүгийн хуульд огт зохицуулаагүй юм. Өөрөөр хэлбэл, Өрсөлдөөний тухай хуультай холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар байна.

Харин Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2 дахь зохицуулалт нь Өрсөлдөөний тухай хуулиас илүүтэйгээр Гамшгаас хамгаалах тухай хууль болон Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулах тухай хуультай холбоотойгоор нэмэлтээр тусгагдсан байдаг.

3.2. Анхан шатны шүүх нь “... Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд бараа бүтээгдэхүүн хомсдолд орсон нөхцөлд үнэ нэмэхгүй байх үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэсэн зохицуулалт байхгүй байх тул хариуцагч зөрчлийг хуульд заасан журмын дагуу зохих ёсоор шалган тогтоосон гэж үзэхгүй” гэж дүгнэжээ.

Хяналт шалгалт хийх хугацаанд Монгол Улсын хэмжээнд “М” ХХК, “М Ц” ХХК нь цементийн үйлдвэрлэл явуулж байсан ба 2022 оны 06 дугаар сарын байдлаар нийт үйлдвэрлэсэн цементийн 20 гаруй хувийг жижиглэн худалдааны зах зээлд буюу УБТЗ ХХН-ийн АБТЭМА-44-т үйл ажиллагаа явуулдаг гэрээт аж ахуй эрхлэгчдэд нийлүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн цаг хугацаанд хэрэглэгч зөвхөн дээрх хоёр аж ахуй эрхлэгчийн үйлдвэрлэсэн цементийг гэрээт аж ахуй эрхлэгчдээр дамжуулах худалдан авахаас бусдаар цемент худалдан авах боломжгүй нөхцөл байдалтай байсан болох нь зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог.

3.3. Мөн “Б” ХХК нь УБТЗ ХХН-ийн АБТЭМА-44-т цементийн хомсдол үүссэн хугацаанд цемент хүлээн авсан бөгөөд өөрийн цементийн нөөцтэй байгаа давуу байдлаа ашиглан жижиглэнгийн зах зээлд үндэслэлгүйгээр өндөр үнэ тогтоож, гэрээт бус бусад аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөнийг хязгаарлаж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлтэй юм Уг зөрчлийн хэрэгт дээрх хугацаанд цемент хүлээн авсан нийт 15 аж ахуй эрхлэгчийг холбогдуулан шалгасан бөгөөд торгууль оногдуулаагүй 9 аж ахуй эрхлэгч нь цементийн үнийг өмнөх үнээс огцом нэмэгдүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс цементийн зах зээлийн нөхцөл байдал, хэрэглэгчийн эрх ашиг хөндөгдөж байгаа болон гэрээт бус бусад цемент худалдан борлуулагч аж ахуй эрхлэгчдийн өрсөлдөөн хязгаарлагдаж байгаа үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөөгүй, бодит зардал өсөөгүй, үнэ нэмэгдүүлэх шалтгаан нөхцөл тогтоогдоогүй байхад хэрэглэгчийн сонголт хийх боломжгүй нөхцөл байдлыг ашиглан, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэсэн зөрчлийг зөвхөн “... Өрсөлдөөний тухай болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд бараа бүтээгдэхүүн хомсдолд орсон нөхцөлд үнэ нэмэхгүй байх үүргийг нэхэмжлэгчид хүлээлгэсэн зохицуулалт байхгүй” гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн нь хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоогоогүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гомдол гаргагчаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан тайлбар гаргасан байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох Өрсөлдөөний тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

3.1. Гомдол гаргагч “Б” ХХК-иас “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002281 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

3.2. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай удирдамжийн дагуу цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэхэд 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэжээ.

3.3. Хариуцагч ШӨХТГУАБС.Г 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр 2202000204 дугаартай зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад “Б” ХХК нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-т заасныг зөрчиж, хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзэн Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7 дахь хэсэгт заасны дагуу 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002281 дугаартай шийтгэлийн хуудсаар хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэл оногдуулсан байна.

4. Хэргийн үйл баримтаас үзвэл цементийн зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг “М” ХХК, “М Ц” ХХК-ийн БНХАУ-аас импортолж ирүүлдэг цементийн уутны нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сард тасалдсан, “М” ХХК-ийн “Улаанбаатар төмөр зам” ХНН-тай байгуулсан цемент вагонд ачих төлөвлөгөөт гэрээний гүйцэтгэл багассанаас шалтгаалан “44” зах дахь цементийн нийлүүлэлт 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс тасалдаж эхэлсэн байна.

4.1. Цементийн нийлүүлэлт багасаж, хомсдол үүссэн хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл “Б” ХХК нь 182 тонн цементийн нөөцтэй байсан, 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 1 тонн тутмыг 330,000 төгрөгөөр худалдан борлуулж байсан цементийн үнийг нэмж, 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 1 тонн тутмыг 450,000 төгрөгөөр худалдаалж эхэлсэн болох нь зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тогтоогдсон, талууд хэн аль нь маргаагүй байна.

4.2. “Б” ХХК-иас “... манайх тухайн хугацаанд “Мон цемент билдинг” ХХК-ийн гэрээт борлуулагч болох “Э” ХХК-иас 50 тонн цементийг 1 тонн тутмыг 390,000 төгрөг, нийт 19,500,000 төгрөгөөр худалдаж авч ... ашгийн төлөөх аж ахуй нэгжийн хувьд 450,000 төгрөгөөр хуралдсан нь хэрэглэгчийг хохироогоогүй” гэж маргасан байна.

5. Анхан шатны шүүх “... Зөрчлийн тухай хуулийн зохицуулалтаас үзвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол гэсэн нөхцөл заасан байх ба энэ төрлийн хууль бус үйлдэл, үйл ажиллагаанд Эрүүгийн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 2, 3-д заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байна ... хариуцагчаас Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10 дахь хэсэгт заасныг “Б” ХХК зөрчсөн болохыг нотолж чадаагүй, Өрсөлдөөний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хуульд зааснаас бусад тохиолдолд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 13.2.4-т “үнийг бууруулахад, эсхүл нэг хэмжээнд барихад чиглэсэн” гэж заасныг хариуцагч хэрэгжүүлж авах ёстой байсан ...” гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

5.1. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

5.2. Хуулийн дээрх зохицуулалтыг үзвэл холбогдогч этгээдийн гаргасан зөрчилд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, нөхцөл бүрдээгүй бол мөн хуульд заасан зөрчлийн арга хэмжээг авахаар заасан байх ба нэгэнт гэмт хэргийн шинжийг агуулаагүй тул улсын байцаагчаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байхад эрүүгийн хуулийг тайлбарлах шаардлагагүй бөгөөд гагцхүү холбогдогч этгээдийн үйлдэл зөрчлийн шинжийг агуулж байгаа эсэхэд дүгнэлт өгөх ёстой.

6. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараас үзвэл цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмж зарсан хугацаа буюу 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар “Б” ХХК нь “М Ц” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу цемент авахдаа 1 тонн тутмыг нь 260,600 төгрөгөөр нийт 182 тонн цементийг авсан байх ба энэ хугацаанд дотоодын цемент үйлдвэрлэгч нараас цементийн үнийг нэмэгдүүлээгүй, тээврийн болон бусад зардал өсөөгүй байхад “Б” ХХК 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн 1 тонн цементийг 450,000 төгрөгөөр худалдан борлуулсан байна.

6.1. Ингэхдээ “Э” ХХК-иас 50 тонн цементийг 1 тонн тутмыг 390,000 төгрөгөөр авч, зардлаа нэмээд 450,000 төгрөгөөр зарсан гэж тайлбарлах боловч өмнөх 1 тонн тутмыг 260,600 төгрөгөөр “М Ц” ХХК-иас авсан 182 тонн цементээс ялгахгүй хамтад нь зарсан гэж харагдаж байх ба энэ нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... цемент гэдэг нь төрлийн шинжээр тодорхойлж болохгүй буюу аль компаниас авсан цементээ хэнд зарж байгаагаа тодорхойлох боломжгүй. Учир нь барааны үлдэгдэл дээрээ нэмж аваад зарж байдаг” гэсэн тайлбараар тогтоогдож байна.

6.2. Өөрөөр хэлбэл, цемент хомстож, нийлүүлэлтийн үнийн дунджаас өндрөөр буюу цементийн 1 тонн тутмыг 390,000 төгрөгөөр авсан нь өмнөх 260,600 төгрөгөөр авсан цементийн үнийг нэмж зарах, ийнхүү зарсан үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй.

7. Өрсөлдөөний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 12 дугаар зүйлийн 12.1-д “Аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 12.1.10-д “хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх” гэж тус тус заасан.

7.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай удирдамжаар “Цементийн үйлдвэрлэл, худалдаа эрхэлж буй аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаа, цементийн үнийн өсөлт нь Өрсөлдөөний тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад хууль тогтоомжийг зөрчсөн эсэхийг шалгахад шалгалтын үндэслэл, зорилго чиглэсэн байх бөгөөд нэгэнт хяналт шалгалтын явцад “Б” ХХК цементийн үнийг үндэслэлгүйгээр нэмж худалдсан нь Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байх тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д зааснаар шийтгэл оногдуулсан хариуцагч улсын байцаагчийн үйл ажиллагааг буруутгах боломжгүй.

7.2. Улсын хил хаагдсан онцгой нөхцөлд хомсдол үүсэж, зах зээл дээр чөлөөтэй нийлүүлэгдэж, худалдах боломжгүй үед үйлдвэрлэгчээс гэрээнд заасны дагуу нэмэгдэлгүй үнээр нийлүүлэгдсэн, өөр бүтээгдэхүүнээр орлуулж болохгүй бүтээгдэхүүн болох цементийг зах зээлд худалдах давуу байдлаа ашиглан үнийг үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн нь хэрэглэгчийг хохироох худалдааны арга хэрэглэсэнд тооцогдохоос гадна ийм нөхцөлд өөрөө үнэ тогтоосныг чөлөөт зах зээлийн зарчмаар тогтоогдсон үнэ гэж үзэхгүй.

Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... чөлөөт эдийн засагт ашгийн төлөөх хуулийн этгээд учраас худалдан борлуулж буй барааны үнээ өөрсдөө тогтооно” гэх тайлбар үндэслэлгүй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2023/0022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.7-д заасныг баримтлан гомдол гаргагч “Б” ХХК-иас ШӨХТГУАБС.Гт холбогдуулан гаргасан “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын ахлах байцаагчийн 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 0002281 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН

 

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ