Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 009

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж,

Нэхэмжлэгч: А.Т

Хариуцагч: ҮАГ 

Гуравдагч этгээд: БЗС 

Нэхэмжлэлийн шаардлага: “ҮАГ ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/24 дүгээр актын А.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Ж.Э миний бие ҮАГ ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/24 тоот сургалтын төрийн санд тогтоосон актын А.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар ҮАГ т хандаж гомдол гаргасан. ҮАГ ын 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/1382 дугаар албан бичгээр А.Тд хамаарах хэсэг нь Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 71 дүгээр тогтоолыг зөрчиж байгаа тул амьжиргааны зардлыг хасах боломжгүй гэсэн хариу ирүүлснийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хуулбарлан авсан болно. Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдээс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хууль болон зорилгодоо нийцэж байгаа эсэх талаар хянуулахаар гомдол гаргах эрхтэй.” гэж заасныг үндэслэн А.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна. 

Уг актаар 2014-2015 онд нэр бүхий 14 суралцагчид илүү олгосон 283.1 мянган ам долларыг тэдгээрийн 2016 оны сургалтын төлбөрөөс суутгаж, төсөвт төвлөрүүлэхийг төрийн сангийн захирал Д.Л*******, ерөнхий нягтлан бодогч А.Ө*******, мэргэжилтэн П.О******* нарт хариуцуулсан байна. Энэхүү актын хавсралтад миний хүү А.Тгийн нэр дурдагдаж 2014 онд 13994 долларыг 2016 оны сургалтын төлбөрөөс суутган төлүүлэхээр шийдвэр гаргасан бөгөөд энэхүү шийдвэрийн улмаас суралцагч А.Т нь сургалтын төлбөрийн өртэй, дипломоо одоо хүртэл авч чадаагүй, дипломоо аваагүй тул ажилд орж чадахгүй байдалтай байна. А.Т нь 2013 онд Америкийн нэгдсэн улсын Мичиганы их сургуулийн программист мэргэжлээр элсэхээр урилга авч улмаар 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн суралцсан болно. 

Мичиганы их сургуулиас 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр элсэгч А.Тгээс сургалтын төлбөр 40392 доллар, амьжиргааны зардал 13994 доллар нийт 54386 доллар нэхэмжилжээ. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 271 дүгээр тогтоолын хавсралт “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын 1 дүгээр зүйлийн 4-д “Энэхүү журмын 1.3-т заасан жагсаалтын эхний 20-д багтсан их сургуулийн суралцагч мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр 21-100-д багтсан их сургуульд Засгийн газраас баталсан мэргэжлийн чиглэлээр суралцагч сургалтын зээлд хамрагдах хүсэлт гаргах эрхтэй” гэж заасан тул дэлхийн шилдэг их сургуульд төрийн зээлээ суралцах эрхтэй болсон.

Америкийн нэгдсэн улсын Мичиган их сургуулийн оюутан болсон А.Тд Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны сайдын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 219 дүгээр тушаалаар дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт зээл, тэтгэлгээр суралцах эрх олгогдсон. Мөн 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр сургалтын төрийн санг төлөөлж Б.Мөнхцэцэг, суралцагч А.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А******* нар “Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ” байгуулсан. Сургалтын төлбөрийг 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 140 тоот хөтөлбөрийн даалгавраар 54366 ам доллар Мичиганы их сургуульд шилжүүлсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 271 дүгээр тогтоолын хавсралт “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 3-д “Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна.” гэж Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон. Энэ тогтоолыг 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан байна.

Суралцагч А.Т нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дэлхийн шилдэг их сургуулийн оюутан болсон, төлбөрийн нэхэмжлэл нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ирсэн, сургалтын төрийн сантай 2014 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулсан. Төлбөр 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн байх тул 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн энэхүү тогтоолд сургалтын төлбөр нь сургалтын зээл гэсэн заалтыг зөрчөөгүй байх тул ҮАГ ын шинжээч Б.А*******, Г.Б******* нарын сургалтын төрийн санд “суралцагчийн 2016 оны төлбөрөөс суутгуулах” тогтоосон актын А.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “... ҮАГ  нь Төрийн аудитын тухай хуульд зааснаар Улсын Их хурлын Төсвийн байнгийн хорооноос баталсан төлөвлөгөө болон Монгол Улсын ерөнхий аудиторын баталсан сэдвийн хүрээнд улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит тэдгээрийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргадаг болно. Үүний дагуу Улсын Их хурлын Төсвийн байнгийн хорооны 2016 оны 01 дүгээр тогтоол, Монгол Улсын ерөнхий аудиторын баталсан ҮАГ ын 2016 оны аудитын ажил, үйлчилгээний төлөвлөгөөг үндэслэн 2016 онд “Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлөөр олгосон хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт, үр дүн”-д гүйцэтгэлийн аудитыг хийсэн. Тус аудитаар “Эргэн төлөгдөх нөхцөлөөр олгосон хөрөнгийн зарцуулалт үр дүнтэй эсэх, Зээлийн эргэн төлөлтийг бүрэн төвлөрүүлсөн эсэх, хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлтөд тавих хяналт үр нөлөөтэй байсан эсэх”-д чиглэж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам болон сургалтын төрийн сангийн 2011-2015 оны сургалтын зээл, тэтгэлэг, түүний сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг хамруулж аудит хийсэн байдаг. Аудитын явцад сургалтын төрийн сангаас 2011-2015 он хүртэл сургалтын төрийн сангийн санхүүжилттэй холбоотойгоор Засгийн газраас 5 удаа буюу жил бүр тогтоол гарч хэрэгжсэн байдаг. 2013 онд Монгол Улсын Засгийн газраас 271 дүгээр тогтоолыг баталсан байдаг. Тус тогтоолын 2.3-т “Сургалтын зээлд сургалтын төлбөр болон амьжиргааны зардал багтна.”, 2.6-д “сургалтын төлбөрийг суралцагчийн суралцаж буй их сургуулийн дансанд амьжиргааны зардлыг суралцагчийн дансанд тус тус шилжүүлнэ.” гэж заасан байдаг. 2014 онд Монгол Улсын Засгийн газраас 71 дүгээр тогоолыг баталсан. Тус тогтоолын 2-т “Засгийн газрын 2013 оны 271 дүгээр тогтоолоор баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-д дараах өөрчлөлтийг оруулсугай:” 2.1-д “журмын 2.3 дахь хэсгийг “Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна” гэж өөрчлөх”, 2.2-т “журмын 2.6 дахь хэсгийн “..., амьжиргааны зардлыг суралцагчийн дансанд тус тус” гэснийг хасах, 4-т “энэ тогтоолыг 2014-2015 оны хичээлийн жилийн эхнээс мөрдөж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гт даалгасугай.” гэж заасан байдаг. Гэтэл сургалтын төрийн сангаас 2014-2015 оны хичээлийн жилээс хойших хугацаанд бакалаврын 14 суралцагчид сургалтын төлбөр дээр амьжиргааны зардал болон бусад зардлын нийт 283.1 мянган ам долларыг илүү олгосон байдаг. Энэ нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1-д “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, “Журам чиглэл шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоолын 2.1-д “Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна” гэж заасныг тус тус зөрчсөн. Үүний дагуу ҮАГ аас Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12-д “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих ...”, гэж зааснаар сургалтын төрийн сангийн “Дэлхийн шилдэг их сургуулийн 2014-2015 оны бакалаврын зарим суралцагчид сургалтын төлбөр дээр амьжиргааны зардлыг илүү олгосон” гэх зөрчлийг арилгуулахын тулд 2016 оны 05 дугаар сарын 16-ний өдрийн 1/24 дугаар “Суутган тооцож төсөвт төвлөрүүлэх тухай” актыг хүргүүлсэн байдаг. 

Мөн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 71 дүгээр тушаалаар “Журам, чиглэл шинэчлэн батлах тухай” тогтоол батлагдсан байдаг. Гэтэл сургалтын төрийн сан нь 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр иргэн А.Ттэй “Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-г байгуулсан. Тус гэрээний 1.6-д амьжиргааны зардал 13994 доллар тооцож олгохоор тусгасан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 271 дүгээр зүйлийн тогтоолын хавсралтаар баталсан Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2-т “Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь дэлхийн шилдэг их сургуульд сургалтын зээлээр суралцуулах тухай шийдвэрийг гаргана.” гэж заасан. 

БЗС нь “хуучнаар Сургалтын төрийн сан/ Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны А/219 дүгээр тушаалаар А.Ттэй 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр “Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ” байгуулсан байдаг. 

“Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.3-т “Сургалтын зээлд сургалтын төлбөр болон амьжиргааны зардал багтана.” гэж заасан байдаг. Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Журам чиглэл шинэчлэн батлах тухай” 71 дүгээр тогтоолоор “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын 2.3 дахь хэсгийг “Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна” гэж өөрчилсөн бөгөөд тус тогтоолын 4 дүгээр зүйлд “Энэ тогтоолыг 2014-2015 оны хичээлийн жлийн эхнээс эхлэн мөрдөж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гт даалгасугай.” гэж заасан болно. 

А.Ттэй байгуулсан “Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт суралцах оюутанд зээл олгох, эргэн төлүүлэх гэрээ”-ний 1.6-д сургалтын төрийн сангаас суралцагчдад олгох зээл 2014-2015 оны хичээлийн жил амьжиргааны зардалд 13994 доллар гэж тодорхой заасан байна. 

Мөн 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр А.Тгийн эцэг Д.А******* нь манай байгууллагад гаргасан өргөдөлдөө 13994 долларыг хичээлийн 3 улирал хуваан төлөх хүсэлтэй байгааг тодорхой илэрхийлсэн байдаг. 

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр ҮАГ ын шинжээч Б.А*******, Г.Б******* нарт холбогдуулж гаргасан А.Тгийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнээс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “БЗС нь гуравдагч этгээдийн зүгээс шүүх хуралдаанд байлцах шаардлагагүй хэмээн үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу уг  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзах хүсэлт гаргаж байгаа бөгөөд гуравдагч этгээд Боловсролын зээлийн санг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй болно” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч иргэн А.Тгээс ҮАГ т  холбогдуулан гаргасан “ҮАГ ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/24 дүгээр актын А.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 6676 дугаар захирамжаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Боловсролын зээлийн санг гуравдагч этгээдээр татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан бөгөөд тус сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй талаар хүсэлт гаргажээ. 

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.” зааснаар нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хүсэлтээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э нь ҮАГ ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/24 дүгээр актын холбогдох хэсгийг эс зөвшөөрч ҮАГ т гаргасан гомдлын хариу 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 01/1382 дугаар албан бичгийг  2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөр “хуулбар үнэн” тэмдэг даруулан гардан авч мөн оны 7 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх заалтад заасан хугацаа хэтрүүлээгүй байна.

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Гадаад улсад дээд боловсрол эзэмшихээр суралцаж байгаа Монгол Улсын иргэнд Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчийн тэтгэлэг, сургалтын зээл олгож болно.” гэж зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор “Дэлхийн шилдэг их дээд сургуульд оюутан суралцуулах журам”-ыг баталжээ. 

Нэхэмжлэгч А.Т 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны сайдад хандах зээлд хамрагдах хүсэлт гаргаснаар тус сайдын 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар Дэлхийн шилдэг их сургуульд суралцах сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн жагсаалтыг баталсны дотор нэхэмжлэгч багтсан бөгөөд “Дэлхийн шилдэг их дээд сургуульд оюутан суралцуулах журам”-ын 2.3-д “Сургалтын зээлд сургалтын төлбөр болон амьжиргааны зардал багтана.” гэж заасны дагуу нэхэмжлэгч А.Тгийн 2014-2015 оны сургалтын төлбөр болон амьжиргааны зардал болох 54366 ам долларыг 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 71 дүгээр тогтоолоор  Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын 2.3 дахь заалтыг “Сургалтын зээл нь сургалтын төлбөр байна.”, 2.6 дахь заалтын “...амьжиргааны зардлыг суралцагчийн дансанд тус тус” гэснийг хасаж өөрчилжээ. 

Ийнхүү журамд өөрчлөлт оруулснаар амьжиргааны зардал нь сургалтын зээлд багтахгүй болсныг үндэслэн ҮАГ ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/24 дүгээр актаар  Сургалтын төрийн сангаас 2014-2015 онд иргэн А.Тд илүү олгосон амьжиргааны зардал болох 13994.0 ам.долларыг 2016 оны сургалтын төлбөрөөс суутгаж, төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч “ҮАГ ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/24 дүгээр акт нь журамд орсон өөрчлөлтийг буцаан хэрэглэсэн буюу нэгэнт журамд оруулсан өөрчлөлт хүчин төгөлдөр болохоос өмнө шилжүүлсэн төлбөрийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна” гэж уг актыг холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 71 дүгээр тогтоолын 4 дэх заалтад “Энэ тогтоолыг 2014-2015 оны хичээлийн жилийн эхнээс эхлэн мөрдөж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гт даалгасугай.”, гэж, Дэлхийн шилдэг их дээд сургуульд оюутан суралцуулах журмын 2.3 дахь заалтад “Сургалтын зээл сургалтын төлбөр байна. /ЗГ-ын 2014 оны 71 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон. Энэ тогтоолыг 2014-9-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/” гэж тус тус заажээ. 

Дээрх нөхцөл байдлуудад үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 71 дүгээр тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр суралцагч А.Тгийн амьжиргааны зардлыг шилжүүлсэн Сургалтын төрийн сангийн үйл ажиллагаа хүчин төгөлдөр мөрдөж байсан журмын 2.3 дахь “Сургалтын зээлд сургалтын төлбөр болон амьжиргааны зардал багтана.” гэж заасныг болон Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Төсвийг төлөвлөх, батлах, хэрэгжүүлэх, тайлагнахад дараах зарчмыг баримтална: … 5.1.3.санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх; ...”, 6 дугаар зүйлийн 6.4-д “Энэ хуулийн 5.1.3-т заасан санхүү, төсвийн зохистой удирдлагыг хэрэгжүүлэх зарчмыг дараах байдлаар хэрэгжүүлнэ: 6.4.1.төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах; ...” гэснийг зөрчөөгүй гэж дүгнэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д ”Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.”  гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын шалгалтын үйл ажиллагаатай холбогдуулан маргаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үндэслэл болгож “ганц хуудас хүсэлт өгснөөр сайдын тушаал гарч А.Тг зээлд хамруулсан. Сургалтын төлбөрийг буцаан төлүүлэх үндэслэлтэй байсан ч тийм акт гаргаагүй.” гэх үндэслэлүүдэд дүгнэлт хийж, шийдвэр гаргах боломжгүйг дурдах нь зүйтэй. 

Өөрөөр хэлбэл ҮАГ ын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/24 дүгээр актад хамааралгүй Сургалтын зээлийн сантай холбоотой бусад асуудал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй хамааралгүй юм. 

Харин ҮАГ  нь хуульд заасан журмын дагуу Сургалтын зээлийн сантай холбоотой асуудлаар шийдвэр гаргах эрх нь нээлттэй.

Иймд нэхэмжлэгч А.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Үндэсний газрын 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1/24 дүгээр актын А.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7, Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, 6 дугаар зүйлийн 6.4.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Тгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ҮАГ ын 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 1/24 дүгээр актын А.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн  48.1-д  зааснаар  нэхэмжлэгчээс   улсын  тэмдэгтийн  хураамжид  төлсөн 

70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Тд олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн  дотор  Захиргааны  хэргийн  давж  заалдах  шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.ДАМДИНСҮРЭН