Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 2021/ШЦТ/275

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

Улсын яллагч: Т.Баянмөнх,

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Нарантуяа,

Шүүгдэгч Ц.Г-, түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Г-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005031930172 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.Г-, ...... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.Г- нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.М-ээс “Япон Улсаас автомашин захиалж өгөх урьдчилгаа” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 10.000.000 төгрөгийн шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Г- шүүх хуралдаанд: “...Би анх Найман шарга дээр валют арилжаагаар ажиллаж байсан юм. Тэр үед Т.М-над руу ярьж машин авах гэсэн юм.  Харрейр маркийн автомашин олоод өгөөч гээд над руу ярьсан юм. Дараа нь бид хоёрыг танилцуулсан М- гээд найз над руу залгаад орой гэрт чинь очно, машин олоод өгөөч гэж ярьсан. Тэгээд тэр ярьсан оройдоо манайд М- ирсэн юм. Бид уулзаад ямар машин сонирхож байгааг асуухад улаан өнгийн Харрейр маркийн автомашин сонирхож байна гэж хэлсэн. Би тухайн үед ийм, ийм автомашин авах боломжтой байна гэж хэлээд зураг үзүүлсэн. Тэгээд маргааш надтай чатаар холбогдоод дансаа өгөөч гэж хэлээд миний дансанд 10 сая төгрөг хийсэн. Би тухайн үед машин захиалаад удна гэдгийг хэлээд өөрөө мэдээрэй гэсэн чинь өөрөө зөвшөөрөөд болно гэж хэлсэн. Би машин үзүүлээд саарал өнгөтэй байна гэж хэлсэн.Улаан өнгийг авна гэж байснаа хар өнгийг авна гээд машинаа сонгож, шийдэж чадахгүй бас хэсэг удсан. Би тухайн үед хоёр ч хүнээс гуйгаад машин захиалах гэж хэдэн сар ажил болсон. Үнэ нь болохоор өнгө нь болохгүй, захиалах гэхээр мөнгөнд нь таарах машин тэр болгон олдохгүй байсан юм. Тэгээд машин захиалдаг газар нь манай эхнэртэй төлбөр тооцооны асуудлаас маргаан гараад, миний машин захих эрхийг хаасан. Би эхнэрийн асуудлаас болоод өөрт байсан бүх хөрөнгө, мөнгөө зарцуулсан тул мөнгийг нь өгч чадаагүй. Тэгээд тэрнээс хойш хөл хорио, корона гээд өвчин гараад ажил хойшилсон юм” гэв.

Хохирогч Т.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Г-ээс 28.000.000 төгрөгийн үнэ бүхий тоёота харрейр загварын автомашиныг худалдаж авах зорилгоор 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ц.Г-ийн хаан банкны 5077297825 тоот данс руу эхнэр Э-гийн хаан банкны 5030350317 тоот данснаас Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 52-5 тоот гэртээ байхдаа интернэт банк ашиглаж шилүүлсэн. 10.000.000 төгрөг шилжүүлснээс хойш одоог хүртэл нэг ч төгрөг буцааж аваагүй. Ц.Г-тэй утсаар ярих, уулзах гэхээр утсаа авдаггүй, фэйсбүүк чатаар шээс минь мөнгийг чинь өгчхөөд алнаа гэх мэтээр заналхийлдэг болсон. Тийм учраас маш их гомдолтой байна. 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Г-ийн гэрт эхнэрийнхээ хамт очиж хоол унд идсэн юм. Энэ үедээ Г- нь гэртээ байх компьютер ашиглаж Япон улсаас автомашин захиалчихлаа гээд компьютер дээр суугаад байсан. Маргааш нь буюу мөнгө шилжүүлэх үед надтай Г- нь утсаар яриад ийм загварын автомашин авах уу гээд хар өнгөтэй тоёота харрейр маркийн автомашины зураг явуулсан юм. Гомдолтой байна, 10.000.000 төгрөгийг хамаатан эгчээсээ яралтай зээлж авч өгсөн. Тухайн хүн мөнгөө нэхээд байсан учраас автомашинаа зараад төлбөрийг нь төлж барагдуулсан юм. 10.000.000 төгрөгийг Ц.Г-ээс нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/,

Гэрч Ц.Э-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би нөхөр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 52а-5 тоотод оршин суудаг юм. Нөхөр бид хоёр 2020 оны 7 дугаар сард Тоёота харрейр загварын автомашиныг гэр бүлийн найзууд болох Ц.Г-ээр дамжуулж Япон улсаас худалдаж авахаар тохирч 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 52а-5 тоот гэртээ байж байхдаа өөрийн хаан банкны 5030350317 тоот данснаас Ц.Г-ийн хаан банкны 5077297825 тоот данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм. Үүнээс хойш автомашинаа авъя, мөнгөө авъя гэхээр хэл амаар доромжлоод мөнгөө өгөхгүй байгаа юм. Нөхөр Т.М- бид хоёр хүнээс 10.000.000 төгрөгийг зээлж аваад Ц.Г-т өгсөн. Харин хүнээс авсан зээлээ өгөхийн тулд автомашинаа зарж борлуулж байж бусдын мөнгийг өгсөн. Одоо Ц.Г-ээс 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байгаа. ...автомашин худалдаж авах асуудлаар манайх нөхөр Т.М-, Ц.Г-тэй харилцан тохирсон. Миний хувьд нөхөртэйгээ ярилцаж автомашинтай болох гэсэн санаатай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч Н.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний хаан банкны 5031881713 тоот данс руу 10.000.000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 44 минутад Ц.Г- өөрийнхөө 50777297825 тоот данснаас шилжүүлсэн. Г-ийн 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр над руу явуулсан 10.000.000 төгрөгийг эхэлж аваад нэмж 675.000 төгрөгийг авч, нийтдээ 10.675.000 төгрөгөөр урьд захиалсан автомашины гаалийн татварыг төлүүлсэн. Яагаад миний дансыг ашиглаж төлүүлж байгаа гэхээр зарим харилцагч нарын данснаас гаалийн татварыг төлж болдоггүй юм. Харин миний бие Ц.Г-т тус болж гаалийн татварыг нь өөрийн дансыг ашиглаж төлж өгсөн юм. ...Ц.Г- нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ямар нэгэн автомашиныг Япон Улсаас дуудлага худалдаагаар авахаар захиалга өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 26/,

Хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, хохирогчийн өргөдөл /хх-н 7/, Ц.Э-гийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 30/, Ц.Г-ийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 33-40/, Н.О-ын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 41-42/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 46-63/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгчийн “гэмт хэрэг үйлдэх санаа байгаагүй”, шүүгдэгчийн өмгөөлөгчийн иргэд хоорондын иргэний маргаан байгаа тул шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэсэн санал тус тус гаргасныг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шүүх хуралдаан дээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь хохирогчийн залилсан нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Залилах гэмт хэргийн өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргээс ялгарах гол онцлог нь нэг талаас хохирогч өөрийн өмч хөрөнгө, түүний эрхийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэйгээр, тодорхой болзол нөхцөлтэйгөөр гэмт этгээдэд шилжүүлэн өгдөг, нөгөө талаас гэмт этгээд хуурч мэхлэх, итгэл эвдэх зэрэг хууль бус арга хэрэгслээр хохирогчийн өмч хөрөнгө, түүний эрхийг өөрийн мэдэлд бүрэн шилжүүлэн авдагт оршино.

Гэрч Н.О-ын “Ц.Г- нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хойш ямар нэгэн автомашиныг Япон Улсаас дуудлага худалдаагаар авахаар захиалга өгөөгүй” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлгээр шүүгдэгч Ц.Г- нь хохирогч Т.М-ээс машины урьдчилгаа гэж 10.000.000 төгрөг авсан атлаа тухайн мөнгийг өөрийнхөө урьд захиалсан байсан автомашин татварыг төлөхөд ашигласан.

Өөрийн гэр бүлийн санхүүгийн асуудлаас үүдэн хохирогчид машин захиалах боломжгүй болсон байхад мөнгийг нь буцаан өгөхгүйгээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг нь ашиглан бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан үйл баримт тогтоогдсон нь тул залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогч Т.М-ээс Япон Улсаас автомашин оруулж ирнэ гэж урьдчилгаа 10.000.000 төгрөг авсан атлаа, автомашиныг оруулж ирээгүй, хөл хорио, өвчин гэх шалтгаанаар автомашиныг Япон Улсаас авчирч чадаагүй гэж мэдүүлсэн нь түүнийг залилах гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Ц.Г- нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй болно.

Шүүгдэгч Ц.Г- нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.М-ээс “Япон Улсаас автомашин захиалж өгөх урьдчилгаа” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 10.000.000 төгрөгийн шилжүүлэн авч залилсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,     хохирогч Т.М-ийн: “...Би Г-ээс 28.000.000 төгрөгийн үнэ бүхий тоёота харрейр загварын автомашиныг худалдаж авах зорилгоор 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Ц.Г-ийн хаан банкны 5077297825 тоот данс руу эхнэр Э-гийн хаан банкны 5030350317 тоот данснаас Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 52-5 тоот гэртээ байхдаа интернэт банк ашиглаж шилүүлсэн. ...Г- нь гэртээ байх компьютер ашиглаж Япон улсаас автомашин захиалчихлаа гээд компьютер дээр суугаад байсан маргааш нь буюу мөнгө шилжүүлэх үед надтай Г- нь утсаар яриад ийм загварын автомашин авах уу гээд хөр өнгөтэй тоёота харрейр маркийн автомашины зураг явуулсан юм” гэсэн мэдүүлэг /хх-н 11-12/, гэрч Ц.Э-гийн: “...Нөхөр бид хоёр 2020 оны 7 дугаар сард Тоёота харрейр загварын автомашиныг гэр бүлийн найзууд болох Ц.Г-ээр дамжуулж Япон улсаас худалдаж авахаар тохирч 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны 52а-5 тоот гэртээ байж байхдаа өөрийн хаан банкны 5030350317 тоот данснаас Ц.Г-ийн хаан банкны 5077297825 тоот данс руу 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/, гэрч Н.О-ын: “...Миний хаан банкны 5031881713 тоот данс руу 10.000.000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 14 цаг 44 минутад Ц.Г- өөрийнхөө 50777297825 тоот данснаас шилжүүлсэн. ...миний дансыг ашиглаж төлүүлж байгаа гэхээр зарим харилцагч нарын данснаас гаалийн татварыг төлж болдоггүй юм. Харин миний бие Ц.Г-т тус болж гаалийн татварыг нь өөрийн дансыг ашиглаж төлж өгсөн юм. ...Ц.Г- нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрөөс хой ямар нэгэн автомашиныг Япон Улсаас дуудлага худалдаагаар авахаар захиалга өгөөгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 26/, депозит дансны дэлгэрэнгүй хуулганууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.Г-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Г- нь хохирогч Т.М-д Япон улсаа автомашины оруулж ирж зарна гэж хуурч, урьдчилгаа 10.000.000 төгрөгийг залилан авсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй тул шүүгдэгчээс 10.000.000 төгрөг гаргуулж хохирогч Т.М-д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ц.Г-ийг гэм буруутай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.Г- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 01 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн ялын санал тус тус гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.Г-ийг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ийг 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г- нь 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-ээс 10.000.000 төгрөг гаргуулж хохирогч Т.М-д олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Г-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР