Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/308

 

 

 

 

 

 

 

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  П.Золбаяр хөтлөн,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А-д  холбогдох эрүүгийн 0000000000 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ......., урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 441 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзсан,

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, А.

 

Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч Б.А нь 2021 оны 02 дугаар сарын 30-аас 04-нд шилжих шөнө ........ -д маргааны улмаас Ч.Бын нүүр толгой хэсэгт гараар цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний доод хэсэгт хэсэгт шарх, доод уруулын дотор салстад язралт шарх, духанд цус хуралт, зүүн өгзөг хэсэгт хутгаар хатгаж зүүн өгзөгт хатгагдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч Б.А нь 2021 оны 02 дугаар сарын 30-аас 04-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хорооны 50А дугаар байрны 25 тоотод маргааны улмаас Ч.Бын нүүр толгой хэсэгт гараар цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний доод хэсэгт хэсэгт шарх, доод уруулын дотор салстад язралт шарх, духанд цус хуралт, зүүн өгзөг хэсэгт хутгаар хатгаж зүүн өгзөгт хатгагдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Агийн “…гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчоос уучлалт гуйж  байна” гэх мэдүүлэг,

Эрүүгийн 00000000000 дугаартай хэргээс

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Бын 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хохирогчоор өгсөн: “...2021 оны 02 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хорооны 50А дугаар байрны 25 тоотод хамт ажилдаг найз А очсон. Очих үед А найз охин Уийн хамт байсан ба бага зэрэг архи үнэртэж байсан. Тэнд би, А, түүний найз охин Уртнасан, Саран бид 4 архи уусан. Тэгээд байж байтал А найз охинтойгоо 00-ын өрөө ороод хэрэлдээд байсан. Тэндээсээ гарч ирээд мөн хэрэлдээд байхаар нь би салгах гээд дундуур нь ороход миний нүүр тус газарт 2-3 удаа цохиод цус гаргасан. Би У татаж холдуулаад Атай ноцолдож эхэлсэн. Тэгээд байж байгаад буйдан дээр сууж байтал А үлдсэн шилтэй архиа ууж байснаа шилээр нь миний толгой руу цохисон. Би хэсэг зуур ухаан балартаад сэрэхэд Уртнасан, Агийн ээж, Саран нар чи хутгалчихсан байна гээд зогсож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ч.Бын 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хохирогчоор дахин өгсөн “...Асүрэн миний толгой руу архины шилээр цохиж, нүүр нүд руу гараараа цохиод намайг доошоо хараад унасны дараа миний хойноос бөгсний зүүн хэсэгт хутгаар дүрж, би нэлээн их цус алдаж ухаан балартаж эмнэлэгт хүргэгдсэн. Бөгсөндөө хутгалуулсан хэсэг маань эдгэчихсэн байгаа. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-12 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Уийн гэрчээр өгсөн “...Тухайн өдөр орой 20 цагийн үед Болдбаатар, Саран, А 3 гаднаас архи, пиво бариад ороод ирсэн. Тэгээд бид ууж байтал Аръя надад агсам тавиад байсан. Би гэртээ харилаа гэхэд явуулахгүй гээд байсан. Тэгээд намайг боохоор нь би Болдбаатарыг Аг аваарай гэхэд Болдбаатар бид 2-ыг салгасан. Тэр хооронд нь Саран бид 2 зугтаасан. Гэрээс гарахдаа араас гараад ирж магадгүй гэж бодоод хаалгыг нь гаднаас нь түгжчихсэн. Тэгээд 3 давхарт очоод ээж рүү нь залгахад ээж нь 30 минутын дараа ирсэн. Ээжийг нь дагуулаад ороход Болдбаатар газарт хэвтчихсэн, хөх няц болчихсон, цус болчихсон байсан. Ээж нь 103 руу залгасан. Бид 2 үерхээд удаагүй байгаа, 10 хоногийн өмнө намайг бас зодсон. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Д.Баярмаагийн гэрчээр өгсөн “...Тухайн өдөр манай хүүгийн найз охин над руу залгаад Асүрэн архи уучхаад агсам тавиад байна, та хүрээд ирээч гэсэн. Тэр өдөр манай хүү, найз охинтойгоо, бас нэг найзтайгаа, мөн нэг охин 4-лээ архи уусан юм байна лэ. Намайг очиход Уртнасан нэг охинтой хамт орцонд зогсож байсан. Гэрт ороход Асүрэн шал нь дээр ор засаад унтчихсан, харин Болдбаатар хар буйдангийн хажуу талд газар хэвтэж байсан. Шалаар цус болсон байсан. Аг ариа хийж сэрээгээд юу болсон талаар асуухад юм хэлэхгүй байсан. Цус хараад би сандраад 103 руу дуудлага өгсөн. Тэндээсээ Болдбаатарыг гэмтлийн эмнэлэг авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Агийн гэрчээр өгсөн “...Тухайн өдөр би найз Болдбаатартай У ажилд оруулах талаар ярихаар дуудсан. Тэгээд бид архи уусан. Болдбаатар гаднаас орж ирэхдээ нэг эмэгтэй хүнтэй ирсэн. Архи ууж дуусаад би найз охинтойгоо маргасан. Гэтэл манай найз охин явлаа гээд байхаар нь явуулахгүй гэхэд Болдбаатар “наад охиноо явуулаач” гээд бидний дундуур орсон. Тэгээд Уртнасан нөгөө эмэгтэйтэй хамт гараад явчихсан. Гарахдаа хаалга гаднаас нь түгжчихсэн байсан. Манай хаалганы дотор бариул эвдэрчихсэн болохоор дотроосоо онгойдоггүй. Найз охин явууллаа гэж би Болдбаатартай маргаж нүүр нь тус газарт цохисон. Тэгээд бид 2 барьцалдаад харилцан зодолдож эхэлсэн. Түүнээс цааш хэсэг юу болсныг санахгүй байна. Нэг сэрэхэд Болдбаатар бид 2 тамхи татаж байсан. Болдбаатарын нүүр нь хөхөрч хавдсан байдалтай, шал цус болсон байсан. Дахиад нэг сэрэхэд эмнэлэг ирчихсэн, ээж ирчихсэн байсан. 103 ирээд Болдбаатарыг гэмтлийн эмнэлэг руу аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Агийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Би Болдбаатарыг 9 жил гарангын өмнөөс таньдаг болсон. Тухайн өдөр найз охин явууллаа гэж маргаж зодолдож гэмтэл учруулсан. Манай гэрт хар өнгийн 5-6 ширхэг хутгатай ком байдаг. Хутгаа плиткийн доод талын шүүгээнд хийдэг. Би хутга авч хатгасан гэдгээ санахгүй байна. Өмнө нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Агийн 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн “...нэг сэрэхэд Болдбаатар хар буйдангийн тэнд нүүр нь хөхрөөд хавдчихсан, өмд нь цус болчихсон доошоо хараад хэвтэж байсан. Би тэр үед болсон зүйлийг тодорхой сайн санахгүй байгаа. Ямар нэгэн гомдол санал байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/052 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн 1,3,4,6,7 дугаартай нийт 5 ширхэг гарын мөр, харьцуулах загварт ирүүлсэн Бадралын Асүрэн гэх гарын хээний дардас адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Харин 2,5,8 дугаартай нийт 3 ширхэг гарын мөр адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй...Шинжилгээнд тэнцэж буй 6 дугаартай гарын мөр нь харьцуулах загварт илүүлсэн Бадралын Асүрэнгийн баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна. Харин АДИС-Папилон санд бүртгэлтэй эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байгаа хэргийн газруудаас бэхжүүлж авсан гарын мөрүүдтэй тохирохгүй байна. Шинээр нөхцөл байдал илрээгүй...” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 57-75 тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1324 дугаартай “...Б.Агийн биед нүүр толгой хэсэгт гараар цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний доод хэсэгт хэсэгт шарх, доод уруулын дотор салстад язралт шарх, духанд цус хуралт, зүүн өгзөг хэсэгт хутгаар хатгаж зүүн өгзөгт хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо, мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй, хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 38-39 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 578 дугаартай “...Шинжилгээнд ирсэн хутганаас гарын мөр олдоогүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 46-49 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1046 дугаартай “...Хар өнгийн хутга дээр цус илэрсэн. Уг цус O/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 1047 дугаартай “...Бинтэнд бэхжүүлсэн арчдас дээр цус илэрсэн. Уг цус нь O/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэх мэдүүлэг, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 53-54 тал/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 227 дугаартай нэмэлтээр хийсэн “...Ч.Бын зүүн өгзөгний хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой, амь насанд аюулгүй, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл...” гэх дүгнэлт /хх-ийн 41-43 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Агийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 100 тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 87 тал/, цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 88-89 тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 96 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар,

Шүүгдэгч Б.Аг “…Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэж,

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Б.Ад холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүгдэгчийн хохирогч Ч.Быг цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед “нүүр толгой хэсэгт гараар цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний доод хэсэгт хэсэгт шарх, доод уруулын дотор салстад язралт шарх, духанд цус хуралт, зүүн өгзөг хэсэгт хутгаар хатгаж зүүн өгзөгт хатгагдсан шарх” гэмтэл учруулсан болох нь хэргийн 38-39 дахь талд авагдсан шинжээч эмчийн 1324 дугаартай дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох шүүгдэгчийн өөрийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг  зэргээр нотлогдож байна.

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1324 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан  гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 1324 дугаар дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Агийн  “2021 оны 02 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Б дүүргийн 0 хорооны 50А дугаар байрны 25 тоотод маргааны улмаас Ч.Бын нүүр толгой хэсэгт гараар цохиж зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгний доод хэсэгт хэсэгт шарх, доод уруулын дотор салстад язралт шарх, духанд цус хуралт, зүүн өгзөг хэсэгт хутгаар хатгаж зүүн өгзөгт хатгагдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч Б.Агийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Ч.Б гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг баримтаар  нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ад ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл  зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг хар өнгийн иштэй хутга ирсэн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.А урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

                       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аг   500 / таван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүх ялтны нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж 1 ширхэг хар өнгийн иштэй хутга ирсэн  болохыг тус тус дурдаад хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хар өнгийн иштэй хутгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ