Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 2021/ШЦТ/338

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Б.Солонго,

Хохирогч: М.М-, түүний өмгөөлөгч Д.Мөнх-Очир,

           Шүүгдэгч: Б.Ч- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Ч-ад холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005029690594 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Ч-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.Ч- нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Парис” нэртэй шөнийн цэнгээний газарт 2020 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00:30 минутын орчим хохирогч М.М-тэй үл ялих зүйлээс маргалдан, улмаар түүний биед халдаж “хамрын нурууны хугарал, хоёр зовхи, зүүн ташааны цус хуралт, зүүн зулайд шарх” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ч- шүүх хуралдаанд: “...Хохирогчтойгоо уулзаж эвлэрсэн. 1.200.000 төгрөг төлсөн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч М.М- шүүх хуралдаанд: “...Намайг бүжгийн талбайд ганцаараа бүжиглэж байхад цохиж унагаасан. Би тэр үед ухаан алдсан байсан. Манай найз нар ирж салгасан. Шүүгдэгчээс 1.200.000 төгрөг авсан“ гэв.

Хохирогч М.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2020 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр найз Ү-, Г-, Э-, Э-, М-нарын хамт 25 дугаар эмийн сангийн хажууд нэрийг нь санахгүй байна газар орж 1 шил литрийг санахгүй байна, архи хувааж уугаад тэндээсээ гараад Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Парис нэртэй бааранд ороод архи, пиво уусан. Хэр зэрэг архи, пиво ууснаа сайн санахгүй байна. Тэгээд баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад танихгүй хүнд цохиулж унаад ухаан алдсан. Тэгээд ухаан ороод сэрэхэд миний нүүр цус болсон нүүрнээс доошоо цус гоожиж байсан. ...Надтай цуг явж байсан Г-, Э-, Мөөгий, Ү- нар баарнаас тамхи татах гээд гараад явсан байсан. ...Толгойн МRI зураг 310.000 төгрөгөөр авхуулсан бас толгойн томограф зураг 120.000 төгрөгөөр авхуулсан. Миний хугарсан хамрыг Шүүх эмнэлгийн эмчээр 120.000 төгрөгөөр тэгшлүүлсэн, эмийн сангаас 48.750 төгрөгийн эм авч уусан зардал нийт 598.750 төгрөг болсон. ...32 хоног ажлаа хийж чадаагүй цалин 3.200.000 ...мөн орчуулгын ажил хийх ёстой байсан 1.125.000 төгрөгийн орлогоо алдсан нийт 4.923.750 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 43/,

Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би уг бааранд байх хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Ч-ах, Л- нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. ...Уг зодоонд Ч-болон  Л- нар зодолдоод байсан. Ч-ах бид хоёр анх бүжгийн талбай дээр байхад нэг ах хажуугаар нь гарахдаа нэг юм хэлэх шиг болсон дуу чанга байсан болохоор сонсоогүй. Харин Ч-ах тэр хүнтэй маргалдаад хоорондоо түлхэлцээд бие биеэ цохиод байсан. Ч-ах уг хүний нүүр толгой руу цохиод байсан. Харин уг эрэгтэй газар унасны дараа Ч-дээр нь гарахад уг хүн доороос нь Ч-ахын цээж рүү цохиод байсан. ...Саарал өнгийн юүдэнтэй цамцтай ар хэсэг нь “мерседес бенз W214 CLUB” гэх бичигтэй, биеийн тамирын өмдтэй байсан. Би зодоонд оролцоогүй. Эдгээр хүмүүсийг салгасан. ...бэртэл гэмтэл учруулсан зүйл байхгүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 30/,

Гэрч Э.Л-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд байж байтал гэнэт ард байсан Ч-ах газар уначихсан нэг эрэгтэй хүнтэй зодолдож байсан. Тэгээд би уг 2 хүнийг салгах гэтэл ардаас нэг эрэгтэй футболкноос татаад урчихсан. Эргээд харахад миний нүүр рүү цохиод авсан. Энэ хүнтэй би дахиад маргалдаж зодолдоод газар унаад бие биеэ цохиод нэлээд ноцолдож байгаад би түрүүлээд гараад явсан. ...Би махлаг өндөр ахтай зодолдсон. Харин Ч-ах өөр хүнтэй маргалдаад байсан. ...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад учирсан гэмтэл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 32/,

Шинжээчийн 11059 тоот дүгнэлтэд: “...М.М-д хамрын нурууны хугарал, хоёр зовхи, зүүн ташааны цус хуралт, зүүн зулайд шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 45/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Баарны дотор бүжгийн талбайд М.М- болон Б.Ч- нар хоорондоо маргалдаж байгаа харагдана. М.М- нь Б.Ч-ыг цохиж байгаа байдал харагдана. Б.Ч- нь М.М-ийг цохиж байгаа байдал харагдана. ...М.М-ийг Б.Ч- цохиж байгаа байдал харагдана. М.М- нь Б.Ч-ад цохиулаад газар унаж байгаа байдал харагдана” гэжээ /хх-н 11-18/,

Яллагдагчаар Б.Ч-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Парис” гэх нэртэй бааранд найз Л-, Амгаланбаяр нарын хамт орсон. Бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад Мишээл гэх залуутай маргалдаж хоорондоо зодолдсон. Тухайн зодоонд Л-, Амгаланбаяр нар оролцоогүй. Би өөрийн гаргасан ухамсаргүй алдаагаа ойлгож байгаа дахин ийм төрлийн хэрэг, зөрчил гаргахгүй. ...миний буруу” гэсэн мэдүүлэг /хх-н 61/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 6/, хохирогчийн өргөдөл /хх-н 8-9/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60-81/, хохирлын баримтууд /хх-н 84-89/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 90-91/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Б.Ч- нь Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Парис” нэртэй шөнийн цэнгээний газарт 2020 оны 9 дүгээр сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 00:30 минутын орчим хохирогч М.М-тэй үл ялих зүйлээс маргалдан, улмаар түүний биед халдаж “хамрын нурууны хугарал, хоёр зовхи, зүүн ташааны цус хуралт, зүүн зулайд шарх” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч М.М-ийн: “...баарны бүжгийн талбай дээр бүжиглэж байгаад танихгүй хүнд цохиулж унаад ухаан алдсан. Тэгээд ухаан ороод сэрэхэд миний нүүр цус болсон нүүрнээс доошоо цус гоожиж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 43/, гэрч Д.А-ын: “...Уг зодоонд Ч-болон  Л- нар зодолдоод байсан. Ч-ах бид хоёр анх бүжгийн талбай дээр байхад нэг ах хажуугаар нь гарахдаа нэг юм хэлэх шиг болсон дуу чанга байсан болохоор сонсоогүй. Харин Ч-ах тэр хүнтэй маргалдаад хоорондоо түлхэлцээд бие биеэ цохиод байсан. Ч-ах уг хүний нүүр толгой руу цохиод байсан. Харин уг эрэгтэй газар унасны дараа Ч-дээр нь гарахад уг хүн доороос нь Ч-ахын цээж рүү цохиод байсан. ...Саарал өнгийн юүдэнтэй цамцтай ар хэсэг нь “мерседес бенз W214 CLUB” гэх бичигтэй, биеийн тамирын өмдтэй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 30/, гэрч Э.Л-ы: “...Тэгээд байж байтал гэнэт ард байсан Ч-ах газар уначихсан нэг эрэгтэй хүнтэй зодолдож байсан. Тэгээд би уг 2 хүнийг салгах гэтэл ардаас нэг эрэгтэй футболкноос татаад урчихсан. Эргээд харахад миний нүүр рүү цохиод авсан. Энэ хүнтэй би дахиад маргалдаж зодолдоод газар унаад бие биеэ цохиод нэлээд ноцолдож байгаад би түрүүлээд гараад явсан. ...Би махлаг өндөр ахтай зодолдсон. Харин Ч-ах өөр хүнтэй маргалдаад байсан. ...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад учирсан гэмтэл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 32/, шинжээчийн 11059 тоот дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ч-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Ч- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.М-тэй маргалдаж, улмаар хороондоо зодолдож, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогчийн нь мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд өгсөн хохирлын баримт болох 1.200.000 төгрөгийг шүүгдэгч нь төлсөн бөгөөд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь шүүх хуралдаанд орчуулга хийдэг ажлын хөлс нэхэмжилсэн “Хөлсөөр ажиллах гэрээ” шүүх хуралдаанд гаргаж өгсөн боловч уг гэрээг үндэслэн хохирогчийн нэхэмжилж буй хохирлыг гаргуулах боломжгүй байна.

Хохирогч нь хохирол болон хор уршгийн талаар нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.Ч-ыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Ч-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ыг 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

   4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

   5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   6. Хохирогч нь хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

   7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР