Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 2021/ШЦТ/304

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Нарансолонго,

Улсын яллагч: Г.Эрдэмбаатар,

Шүүгдэгч: Ч.Б- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Б-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005023590400 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Б-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Ч.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын эмнэлгийн автомашины зогсоол дээр Л.О-тай маргалдсаны улмаас түүний нүүрэн тус толгойгоороо мөргөж, гараар цохиж биед зүүн доод үүдэн 2-р шүдний сулрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б- шүүх хуралдаанд: “...2020 оны 6 дугаар сарын 28-ны орой эхнэрийн 2 найз манайд ирсэн. Манайхаас гараад удалгүй 10-15 минутын дараа замын хажууд машинтай залуу бид хоёрыг хоргоогоод суучих гээд хэцүү байна гэж хэлсэн. 10 минутын дараа С- над руу залгаад О- алга болчихлоо хүрээд ир гэсэн. Тэгээд яваад очтол нэг машинтай залуу байсан. Машинд суучих юм бол найз дээр чинь хүргээд өгье, танай найз манай найзтай байгаа гэж ярихаар нь машин дотор байгаа залуугаас О- хаана байна гэж асуухад юу яриад байгаа юм, мэдэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр би мэдэхгүй байж яагаад машинд суучих, найз чинь байгаа гэж хэлсэн юм гээд машины хаалгын хаасан. Тэгээд машинаасаа бууж ирээд чи яах гэж ирсэн юм, хэн юм бэ гээд намайг мөргөсөн. Мөргөхөөр нь би хариу үйлдэл үзүүлж нүүрэн тус газар нь цохисон. Цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа, миний буруу. Миний араас дүү Зоригт ирээд төмөр замын дэлгүүрийн гадаа сандалд суулгаад тамхи татаад байж бай гэж хэлээд машинтай хүмүүс рүү явсан. Тэгээд буцаж ирээд нөгөө хүмүүс явсан байна гэж хэлсэн” гэв.

Хохирогч Л.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төмөр замын эмнэлгийн урд талд би Б-гээд найзынхаа машинд сууж байтал нэг залуу над дээр ирээд надаас нэг хүний нэр асуусан би мэдэхгүй гэтэл машины хаалга чанга хаагдаад цаашаа явсан. Тэгэхээр нь би “чи яагаад хаалга чанга хаагаад байгаа юм бэ” гэтэл эрүүн доороо сахалтай жижигхэн залуу миний шүд рүү мөргөөд баруун нүд рүү цохичхоод зугтаагаад яваад өгсөн. Ийм л асуудал болсон. ...Цохиулснаас болж шүд унасан нүд хөхөрсөн. Шүд хийлгэхэд 2.500.000 төгрөгөөс 3.000.000 төгрөг болдог. Шүдний эмчилгээний 2.500.000 төгрөг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг /хх-н 31-36/,

Гэрч Б.О-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...хүмүүс орилох чимээ гарсан. Тэгэхээр нь буцаад нөгөө надтай хамт байсан залуутай очсон чинь Б-машин дотор байсан эрэгтэйг цохисон гээд байж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31-36/,

Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Хүмүүс орилхоор нь буцаад төмөр замын эмнэлгийн гадна иртэл найз О- маань цохиулчихлаа гээд шүднээс нь цус гарсан байдалтай зогсож байсан. Би найзаасаа яасан талаар асуухад энэ залуу намайг зодчихлоо гээд нэг эрэгтэй хүн рүү заагаад зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 50/,

Шинжээчийн 7720 тоот дүгнэлтэд: “...Б.О-ын биед зүүн доод үүдэн 2-р шүдний сулрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 54-55/,

Яллагдагчаар Ч.Б- мөрдөн байцаалтад өгсөн: “...Сонсгосон ял хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 70-71/,

Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 10/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 73-86, 92-101/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ч.Б- нь 2020 оны 6 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын эмнэлгийн автомашины зогсоол дээр Л.О-тай маргалдсаны улмаас түүний нүүрэн тус толгойгоороо мөргөж, гараар цохиж биед зүүн доод үүдэн 2-р шүдний сулрал, зүүн доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Л.О-ын: “...2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Төмөр замын эмнэлгийн урд талд би Б-гээд найзынхаа машинд сууж байтал нэг залуу над дээр ирээд надаас нэг хүний нэр асуусан би мэдэхгүй гэтэл машины хаалга чанга хаагдаад цаашаа явсан. Тэгэхээр нь би “чи яагаад хаалга чанга хаагаад байгаа юм бэ” гэтэл эрүүн доороо сахалтай жижигхэн залуу миний шүд рүү мөргөөд баруун нүд рүү цохичхоод зугтаагаад яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 31-36/, гэрч Б.О-ы: “...хүмүүс орилох чимээ гарсан. Тэгэхээр нь буцаад нөгөө надтай хамт байсан залуутай очсон чинь Б-машин дотор эрэгтэйг цохисон гээд байж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 31-36/, гэрч Г.Б-ийн: “...Хүмүүс орилдохоор нь буцаад төмөр замын эмнэлгийн гадна иртэл найз О- маань цохиулчихлаа гээд шүднээс нь цус гарсан байдалтай зогсож байсан. Би найзаасаа яасан талаар асуухад энэ залуу намайг зодчихлоо гээд нэг эрэгтэй хүн рүү заагаад зогсож байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 50/, шинжээчийн 7720 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Б- үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Б- нь хохирогч Л.О-тай эхнэрийн найз эмэгтэйг хайж очин маргалдсаны улмаас түүнийг цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.О-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүд хийлгэх шаардлагатай тул шүүгдэгчээс 2.500.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ талаарх нотлох баримт байхгүй, хавтаст хэрэгт авагдаагүй тул хохирогч нь дээрх хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч Ч.Б- үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Б-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг 700 нэгж буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Б-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч нь хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР