Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 131/ШШ2017/00339

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баянхонгор аймаг Бөмбөгөр сум 1 дүгээр багт оршин суух, ВИ65120101 регистрийн дугаартай, Андууд тойни овогт Аюушжавын Бурмаагийн ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Цэрэндулам нар оролцов.                   

                                                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч А.Бурмаа шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие 1965 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн. 50 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл жил дутуу, архиваас шүүлгэсэн баримтанд тулгуурлан шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Бөмбөгөр сумын Гэрэл нэгдэлд 1983 оноос 1985 онуудад туслах үйлдвэрт нормчноор ажилласан жилийн цалин нотлох баримт шүүлгэснээр 1985 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 11 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор буюу туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү?Би 6 хүүхэдтэй тул олон хүүхэдтэй гэдэг нөхцөлөөр тэтгэвэрт гарах гэж байгаа юм. 1983, 1984 онууд нь архиваас гараагүй тул тогтоолгох шаардлагагүй.. гэв.

Шүүх хуралдаанаар А.Бурмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 400 дугаар лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

А.Бурмаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д заасны дагуу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах, шаардах эрхтэй байна.

Хүсэлт гаргагч А.Бурмаа нь 1985 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 11 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор /туслах ажилтан/ ажиллаж байсан болох нь А.Бурмаагийн иргэний үнэмлэхний хуулбар, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2017 оны 04 сарын 06-ны өдрийн 400 дугаар лавлагаа зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Иймд Андууд тойни овогт Аюушжавын Бурмаагийн ажилласан байдлыг тогтоон шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-ийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Андууд тойни овогт Аюушжавын Бурмаагийн 1985 оны 03 сарын 01-ний өдрөөс 1985 оны 11 сарын 31-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Гэрэл нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор /туслах ажилтан/ ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-ийн 7.1.2-д тус тус заасныг баримтлан А.Бурмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ