Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 2021/ШЦТ/322

 

 

 

 

 

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Нарансолонго  хөтлөн,

Улсын яллагч: Д.Батзаяа,

Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Б дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн яллагдагч Б-д холбогдох эрүүгийн 000000000000 дугаартай хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч О.Б нь “2021 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Б дүүргийн 000 хороо Горькийн 25 дугаар гудамж, 1043 тоотод орших гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Чийн биед халдаж гараараа нүүр нь тус газарт цохиж, хөлөөрөө хамар, нармай хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар      

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “Шүүгдэгч О.Б нь “2021 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Б дүүргийн 000 хороо Горькийн 25 дугаар гудамж, 1043 тоотод орших гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Чийн биед халдаж гараараа нүүр нь тус газарт цохиж, хөлөөрөө хамар, нармай хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 000000000000 дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Чийн гэрчээр өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 22 цагийн үед Б хамт 0,5 литрийн 1 шил “Хараа” нэртэй архи уусан. Унтахын өмнө би гэртээ арц асаахад Б “тэгж утдаггүй юм” гэж хэлээд миний нүүр нь тус газарт гараараа 1 удаа цохисон. Би “яаж байгаа юм бэ” гэхэд “би энэ гэрээс чинь явлаа” гэж хэлээд гутлаа өмсөж байхдаа дахин нүүр нь тус газарт хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Миний дух, хацарт язарч их хэмжээний цус гарсан. Би зугтаж гараад 102 руу залгаж цагдаад дуудлага өгсөн. Бид 2-т гэрлэлтийн баталгаа байхгүй. Намайг 4 дэх удаагаа зодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Н.Чийн хохирогчоор өгсөн: “...Тухайн өдөр бид 2 арц асааж ариулахаас болж муудалцсан. Тэгээд миний нүүр нь тус газар гараараа 1 удаа цохиж, хөлөөрөө өшиглөсөн. Би дүүгийнхээ гэр рүү явлаа гэж хэлээд гарч цагдаа дуудсан. Өмнө нь намайг удаа дараа зодож байсан. Тухай бүрд нь цагдаад дуудлага өгдөг байсан ч 100.000 төгрөгөөр торгуулаад гараад ирсэн. Бид 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хамтран амьдарч байгаа. Надад санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, миний биеийг эмчлүүлж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Бын гэрчээр өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө гэртээ Ч хамт 0,5 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Би нэлээн согтсон байсан. Тэгээд унтах гэж байхад Ч арц асаагаад намайг ариул гэсэн. Би өөрийгөө ариулж байтал тэгж ариулдаггүй юм гээд уурлаад байсан. Тэгээд бид маргалдаж эхэлсэн. Би гараараа Ч нүүр тус газарт 1 цохисон гэтэл цус гарсан. Ч босож ирээд орилоод байхаар нь 2 удаа өшиглөсөн. Гэтэл дүүгийнхээ гэр рүү явлаа гээд хувцсаа өмсөөд гараад явсан. Явснаас нь хойш 10 орчим минутын дараа цагдаа нар ирсэн. Би өмнө нь ингэж гар хүрч байгаагүй. Бид хамтран амьдраад 3 орчим жил болж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3286 дугаартай шинжээчийн: “...Н.Чийн биед хамрын нуруу, духны язарсан шарх, хоёр нүдний доод, дээд зовхины тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн улмаас олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 22-23 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд О.Бын яллагдагчаар өгсөн “...2021 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө гэртээ Ч хамт 0,5 литрийн “Хараа” нэртэй архи 1 шилийг хувааж уусан. Би нэлээн согтсон байсан. Тэгээд унтах гэж байхад Ч арц асаагаад намайг ариул гэсэн. Би өөрийгөө ариулж байтал тэгж ариулдаггүй юм гээд уурлаад байсан. Тэгээд бид маргалдаж эхэлсэн. Би гараараа Ч нүүр тус газарт 1 цохисон гэтэл цус гарсан. Ч босож ирээд орилоод байхаар нь 2 удаа өшиглөсөн. Гэтэл дүүгийнхээ гэр рүү явлаа гээд хувцсаа өмсөөд гараад явсан. Явснаас нь хойш 10 орчим минутын дараа цагдаа нар ирсэн. Би өмнө нь ингэж гар хүрч байгаагүй. Бид хамтран амьдраад 3 орчим жил болж байгаа. Чийг би Булган аймагт амьдардаг байхад нь Улаанбаатар хотод авч ирсэн. Эрүүлдээ намайг үгээр идээд байдаг болохоор нь тухайн өдөр уур хүрээд гар хүрсэн...” гэх мэдүүлэг /хх 48-49 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн О.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29 тал/, “К” ХХК-ийн ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 30 тал/, ажлын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 31 тал/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 32-34 тал/, Улсын бүртгэлийн газрын ирүүлсэн Б садан төрлийн лавлагаа /хх-ийн 36 тал/, Цагдаагийн асап сангийн лавлагаа /хх-ийн 37-41 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

                  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Б нь “2021 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Б дүүргийн 000 хороо Г-дугаар гудамж, 1043 тоотод орших гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Чийн биед халдаж гараараа нүүр нь тус газарт цохиж, хөлөөрөө хамар, нармай хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь: Шүүгдэгчийн  мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүд,

Хохирогч Н.Чийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Б нь гараараа миний нүүр нь тус газарт 1 удаа цохисон. Дараа нь гутлаа өмсөж байхдаа дахин 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 тал/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 3286 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23 тал/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч О.Б нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч О.Быг  2021 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Б дүүргийн 000 хороо Горькийн 25 дугаар гудамж, 1043 тоотод орших гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Чийн биед халдаж гараараа нүүр нь тус газарт цохиж, хөлөөрөө хамар, нармай хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хамрын нуруу, духны язарсан шарх, хоёр нүдний доод, дээд зовхины тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, шүүгдэгч О.Быг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа  өөрийн хамтран амьдрагч Н.Чийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь үйл баримтад тохирсон гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирогч Н.Ч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...О.Б нь хохирол төлбөрөө барагдуулсан одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 51 тал/ гэх хүсэлт, шүүгдэгч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд прокурорт “...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх хүсэлт /хх-ийн 52 тал/-ийг тус тус хэрэгт хавсаргажээ. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед хохирогч хохирол төлбөр баримтаар нэхэмжлээгүй болохыг дурдаж байна.

 

Хохирогч Н.Ч гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг баримтаар  нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийг энэ хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх үед бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 04 дүгээр сарын 09-өөс 10-нд шилжих шөнө Б дүүргийн 000 хороо Горькийн 25 дугаар гудамж, 1043 тоотод орших гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Н.Чийн биед халдаж гараараа нүүр нь тус газарт цохиж, хөлөөрөө хамар, нармай хэсэгт өшиглөж, эрүүл мэндэд нь хамрын нуруу, духны язарсан шарх, хоёр нүдний доод, дээд зовхины тархмал цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүхээс шүүгдэгч О.Бт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч О.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан байна. /хх-ийн 52 тал/,

 

Хохирогч Н.Ч нь мөрдөн шалгах ажиллагаанд “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй, иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” /хх-ийн 51 тал/ гэх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн шатанд гэмтлийн улмаас хохирогчид учирсан хохирлыг баримтаар нэхэмжлээгүй байх тул шүүгдэгчийн хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга /-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч О.Б тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “…Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэр гаргана...” гэж заасны дагуу прокурорын саналын хүрээнд О.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч О.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга /-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, оногдуулсан ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солих болохыг О.Бт тайлбарлав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Быг     450 / дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 / дөрвөн зуун тавин мянга /-н төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч                     О.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.Эрдэнэчимэг