Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2021/ШЦТ/333

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: П.Золбаяр,

Улсын яллагч: С.Цэрэндорж,

            Шүүгдэгч: У.Э-, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт У.Э-д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1805018350242 дугаартай хэргийг 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, У.Э-, ....... тоот регистртэй,

Шүүгдэгч У.Э- нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 102 дугаар байрны 228 тоотод байрлах 2 өрөө 38 метр квадратыг байрыг худалдалдаж авахаар зарын дагуу үзэж улмаар иргэн Р.О-ын монетан хос эмээг, зүүлт зэрэг 567.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч У.Э- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Р.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 19 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Голден парк хотхоны 102 дугаар байрны 228 тоотод ...гэр рүүгээ орох гээд явж байхад манай гэрийн үүдэнд 45-50 орчим насны эрэгтэй хүн “зарын дагуу байр үзэх гээд явж байна, танайх байр зарна гэсэн үү” гэсэн. Манайх урьд өдөр нь байраа зарах гээд зар тавьчихсан байсан. Би тэр хүнд гэрээ үзүүлээд, манай нөхөр тухайн үед орон нутагт ажлаар явж байгаад над руу залгахаар нь “би нөхөртөө нэг хүн манай байрыг үзээд бараг худалдаж авах гэж байна” гээд би тэр хүнтэй нөхрийгөө яриулаад тэр хүн манай нөхөрт манай байрыг худалдан авна, таныг хөдөөнөөс иртэл танай байрыг үзээд байж байя гэсэн. Тэгээд би тэр хүнд хоол хийж өгөөд бид хоёр ойр зуурын юм ярихад тэр хүн өөрийгөө Эрдэнэт үйлдвэрт ажилладаг. Манай охин Эрдэнэт хотод хаан банкны салбарт ажилладаг. Улаанбаатар хотод шилжин ирж байгаа болохоор охиндоо байр худалдаж авах гэж байсан юм гэсэн. Хоолноос өмнө дэлгүүрээс тамхи аваад ирье гээд гараад явсан. Тэгээд тэр хүн орж ирэхгүй удаад байсан. 1 цаг орчмын дараа манай хүн залгаад нөгөө байр худалдаж авах хүн чинь яасан бэ гэж асуухад нь би тэр хүн дэлгүүр гараад ирье гэж хэлээд гарч яваад орж ирээгүй байна гэхэд манай нөхөр наадах чинь хулгайч юм биш үү, юм хумаа шалгаач ...гэхэд би гэр доторх эд зүйлээ шалгахад зочны өрөөнд байсан эд зүйлс алга болсон байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, миний монетан ээмэг, гинж алга болсон байсан. Нөхөр 2017 онд Мөнгөн завъяа дэлгүүрээс 1.750.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 38-40/,

Хохирогч Н.М-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Зар сонин, Шуурхай мэдээ нэртэй сонинд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 102 дугаар байрны 228 тоотод байх 2 өрөө 38 метр квадрат байраа худалдан борлуулахаар зар тавьсан. Тэгсэн өчигдөр өдөр буюу 3 дугаар сарын 25-ны өдөр 95080863 гэсэн утасны дугаараас өглөөний 11 цаг 45 минутаас оройны 19 цаг хүртэл над руу залгаад сүүлд 19 цаг 45 минутад над руу залгаад би танай гэрт чинь байна байрыг чинь үзлээ, надад таалагдаж байна. Таныг ирэх юм бол хөлсөө тохироод шийдэлд хүрье би хүлээж байя гэж хэлсэн. Тэгэхэд өөрийгөө “би Эрдэнэт Гок үйлдвэрт ажилладаг охиндоо байр авч өгөх гэж байгаа юм, танай байр таалагдлаа” гэж хэлсэн. Тухайн үед би Дундговь аймагт явж байсан ба замд сүлжээ байгаагүй ээ. Улмаар Төв аймагт орж ирээд эхнэр рүүгээ 22 цаг 05 минутад залгаад нөгөө байр авна гэсэн хүн чинь байна уу гэж залгатал манай эхнэр тамхи авах гээд гарсан цаг шахам боллоо. Би бууз жигнэж өгөх гэж байхад тамхи авна гээд гараад явлаа орж ирэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадах чинь авахгүй юм байна, хулгайч юм биш үү гэж хэлтэл эхнэр сэрд хийгээд надад хандан телевизийн урд талд байсан монетан ээмэг алга болчихлоо гэж хэлсэн. Монетан ээмгийг 2017 оны эмэгтэйчүүдийн баяраар эхнэртээ Мөнгөн завъяа дэлгүүрээс 1.750.000 төгрөгөөр худалдаж авч өгч байсан. Цэцгэн хийцтэй улаан шигтгээтэй ээмэг хэдэн грамм эсэхийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,

Яллагдагч У.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн: “...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. ...сууж байгаад ханан дээрх гэрийн тавилга руу хартал бугуйн цаг, монетен ээмэг, гинж байхаар нь би бугуйн цагийг нь үлдээгээд монетен ээмэг, гинж байхаар нь авчхаад гэрээс нь гарахдаа би дэлгүүр орж тамхи авчхаад буцаад ирнэ гээд гэж хэлээд гарсан” гэсэн мэдүүлэг /хх-н 95/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 23-24/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 43-44/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 47-48, 63-70, 111/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 58-60/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч У.Э- нь 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 102 дугаар байрны 228 тоотод байрлах 2 өрөө 38 метр квадратыг байрыг худалдалдаж авахаар зарын дагуу үзэж байгаа мэтээр уг тоотод эзний зөвшөөрлөөр гэрт нь нэвтэрч иргэн Р.О-ын монетан хос эмээг, зүүлт зэрэг 567.600 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Р.О-ын: “...Би тэр хүнд гэрээ үзүүлээд, манай нөхөр тухайн үед орон нутагт ажлаар явж байгаад над руу залгахаар нь “би нөхөртөө нэг хүн манай байрыг үзээд бараг худалдаж авах гэж байна” гээд би тэр хүнтэй нөхрийгөө яриулаад тэр хүн манай нөхөрт манай байрыг худалдан авна, таныг хөдөөнөөс иртэл танай байрыг үзээд байж байя гэсэн. Тэгээд би тэр хүнд хоол хийж өгөөд бид хоёр ойр зуурын юм ярихад тэр хүн өөрийгөө Эрдэнэт үйлдвэрт ажилладаг. Манай охин Эрдэнэт хотод хаан банкны салбарт ажилладаг. Улаанбаатар хотод шилжин ирж байхаар охиндоо байр худалдаж авах гэж байсан юм гэсэн. “Би хоолноос өмнө дэлгүүрээс тамхи аваад ирье” гээд гараад явсан. Тэгээд тэр хүн орж ирэхгүй удаад байсан. 1 цаг орчмын дараа манай хүн залгаад нөгөө байр худалдаж авах хүн чинь яасан бэ гэж асуухад нь би тэр хүн дэлгүүр гараад ирье гэж хэлээд гарч яваад орж ирээгүй байна гэхэд манай нөхөр наадах чинь хулгайч юм биш үү, юм хумаа шалгаач ...гэхэд би гэр доторх эд зүйлээ шалгахад зочны өрөөнд байсан эд зүйлс алаг болсон байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн, миний монетан ээмэг, гинж алга болсон байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 38-40/, хохирогч Н.М-ы: “...би танай гэрт чинь байна байрыг чинь үзлээ надад таалагдаж байна. Таныг ирэх юм бол хөлсөө тохироод шийдэлд хүрье би хүлээж байя гэж хэлсэн. Тэгэхэд өөрийгөө би Эрдэнэт Гок үйлдвэрт ажилладаг би охиндоо байр авч өгөх гэж байгаа юм танай байр таалагдлаа гэж хэлсэн. Тухайн үед би Дундговь аймагт явж байсан ба замд сүлжээ байгаагүй ээ улмаар Төв аймагт орж ирээд эхнэр рүүгээ 22 цаг 5 минутад залгаад нөгөө байр авна гэсэн хүн чинь байна уу гэж залгатал манай эхнэр тамхи авах гээд гарсан цаг шахам боллоо би бууз жигнэж өгөх гэж байхад тамхи авна гээд гараад явлаа орж ирэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би наадах чинь авахгүй юм байна хулгайч юм биш үү гэж хэлтэл эхнэр сэрд хийгээд надад хандан телевизийн урд талд байсан монетан ээмэг алга болчихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 34-35/,  эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч У.Э-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч У.Э- нь хохирогчийн байрыг худалдаж авна гэж худал хэлж тухайн байрны эзний зөвшөөрлөөр уг орон сууцанд нэвтэрч хохирогчийн монетан хос ээмэг, зүүлт зэргийг хулгайлан 467.600 төгрөгийн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй тул шүүгдэгчээс эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон 567.600 төгрөг гаргуулж хохирогч Р.О-ад олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч У.Э-ы үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч У.Э-д ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 02 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч доод хэмжээгээр хорих ял оногдуулах ялын санал гаргасан ба шүүх шүүгдэгчийн хувийн байдал, удаа дараа хулгайн гэмт хэргээр ял шийтгүүлж байсан, гэм буруугийн талаар маргаагүй, хохирол нөхөн төлөөгүй, шүүгдэгчийн дээрх үйлдэл нь урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлэхээс өмнө үйлдэгдсэн үйлдэл ба нэг шийтгэх тогтоолоор шийтгүүлэх боломжтой байсан тул дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар доод хэмжээгээр хорих ял оногдуулсан болно.

Шүүгдэгч У.Э- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 6 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн ба 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 40 дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ялын тооцоогоор 01 жил 18 хоногийн ял эдэлж, 3 жил, 5 сар 22 хоногийн хорих ялыг эдлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан ялын тооцоогоор /хх 96/ тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-ы урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 6 сар 10 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил, 5 сар 22 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-д шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн захирамжаар цагдан хоригдсон боловч ялын тооцоог 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар гаргасан тул цагдан хоригдсон хоногийг 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс тоолсон болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч У.Э-ыгбусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-ыг 06 сар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-д энэ тогтоолоор оногдуулсан 06 сар хорих ял дээр  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 1110 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жил 6 сар 10 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил, 5 сар 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жил 11 сар 22 хоног хорих ялаар тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-д оногдуулсан 3 жил 11 сар 22 хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч У.Э-ы урьд цагдан хоригдсон 61 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-аас 567.600 төгрөг гаргуулж хохирогч Р.О-ад олгосугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ч.ОТГОНБАЯР